| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 111/2025/0029/З |
| Дугаар | 221/МА2026/0184 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2026/0184
“Ш” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүн: Шүүгч Б.Адъяасүрэн
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэгч: “Ш” ХХК
Хариуцагч: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага:
““Ш” ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн “Ш” ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 111/2025/0029/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Шаргалжуут рашаан сувилал ХХК-иас Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад холбогдуулан ““Ш” ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн “Ш” ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах”-аар маргасан байна.
2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 33 дугаар зүйлийн 33.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн “Ш” ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлж байсан Баянхонгор сумын Засаг даргын захирамжийг Эрдэнэцогт сумын Засаг даргын захирамж болгон өөрчлөн гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжийг хэрэгжүүлэн Шаргалжуут рашаан сувилал ХХК-д 302,584 м.кв газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшүүлэх захирамж гаргахыг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуульд заасан шаардлагыг хангаагүй талаар:
3.1.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх нь хэсэгт “...боломжит хэмжээ буюу 95,802 кв.м газрыг эзэмшүүлэхээр 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр А/121 дүгээр захирамжийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдох бөгөөд нэхэмжлэгчийн хүссэн хэмжээгээр газрыг эзэмшүүлэхээс татгалзсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй...” гэж дүгнэсэн байна.
3.1.2. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/121 дүгээр захирамж нь нэхэмжлэгчийн гаргуулахаар зорьж буй захиргааны акт биш болно. “Ш” ХХК нь өөрийн хүсэлтэд дурдаад байгаа 30,2 га газрыг 2005 оноос хойш эзэмшиж байгаа болно.
3.1.3. Газар эзэмшүүлэх шийдвэр гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлуудыг Газрын тухай хуулийн өөр өөр заалтуудаар зохицуулдаг. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэсэн заалт 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэмэгдсэн хэдий ч энэ заалтын үйлчлэлд хамаарч байгаа газарт газар эзэмшиж байгаа иргэн хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг хэрхэн шийдвэрлэх талаар Газрын тухай хууль болон бусад хууль тогтоомжид тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигчийн эзэмшиж буй газар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д заасан газарт хамаарч байгаа тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох, эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт оруулах агуулга бүхий зохицуулалт хуульчлагдаагүй болно. Дээр дурдсан агуулгаас Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэг нь тус заалтад хамаарч байгаа газарт шинээр газар эзэмших эрх олгохгүй байх агуулгатай байна.
3.1.4. “Ш” ХХК нь тухайн газарт шинээр газар эзэмших хүсэлт гаргаагүй бөгөөд 2005 оноос хойш эзэмшиж буй газрынхаа газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтэй байгаа болно.
3.1.5. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална” гээд 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд хууль тогтоогчоос энэхүү заалтыг “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тайлбарласан.
3.1.7. Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1-д “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан. Гэтэл Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн хорооны шийдвэрээр хувьчлан авсан компанийн эзэмшлийн газрыг сумын нутаг дэвсгэрт өөрчлөлт орсон гэх шалтгаанаар үргэлжлүүлэн эзэмшүүлэхгүй байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Усны тухай хуульд нийцэхгүй байгаа болно.
3.1.8. Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандөрөвдүгээр зүйлийн 1-т “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасан. Гэтэл Шаргалжуут рашаан сувилал” ХХК-аас бусад иргэн хуулийн этгээдүүдийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт ороогүй, тухайн газраа үргэлжлүүлэн эзэмшиж байна.( https://egazar.gov.mn/ сайтаас татаж авсан зургаар харуулав. Зураг-1)
Газраа үргэлжлүүлэн эзэмшиж буй иргэн аж ахуйн нэгжүүд
Зураг-1
Шаргалжуут рашаан сувилал
3.2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлага хангаагүй талаар:
3.2.1. “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт дараах үйл баримтууд цугларсан. “Ш” ХХК нь Баянхонгор сумын Засаг даргын 109 дүгээр захирамжаар 2004 оноос 40 жилийн хугацаатай 270 га газар эзэмшиж байсан, Баянхонгор сумын Засаг даргын 2004 оны 109 дүгээр захирамжаар 2008 оноос 15 жилийн хугацаатай 30.2 га газар эзэмшиж байсан, Баянхонгор сумын Засаг даргын А/263 дугаар захирамжаар 30,2 га газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 40 жилээр сунгасан, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаар захирамжаар Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны А/263 дугаар захирамжийг хүчингүй болгосон, Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжаар “Ш” ХХК-ийн 2008 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосон. Баянхонгор аймгийн Засаг даргын 2023 оны А/260 дугаар захирамжаар Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн мэдээлэл хувийн хэргийг Эрдэнэцогт сумын Засаг даргад хүргүүлж, үргэлжлүүлж газар эзэмшүүлэхийг даалгасан. Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны А/289 дүгээр захирамжаар 2023 оны А/260 дугаар захирамжийн “Ш” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Баянхонгор сумын Засаг даргын 2021 оны А/22 дугаар захирамжийг хүчингүй болгосон, Баянхонгор аймгийн Засаг даргын 2021 оны А/65 дугаар захирамжийг 4 сарын хугацаатай түдгэлзүүлэн энэ хугацаанд аймгийн Засаг дарга шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий акт хүчингүй болохыг мэдэгдэж шийдвэрлэсэн. Баянхонгор аймгын Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр “Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх тухай” А/144 дүгээр захирамж гаргасан. Уг захирамжаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны А/289 дүгээр захирамжийг хүчингүй болгосон.
3.2.2. Өөрөөр хэлбэл, Баянхонгор сумын Засаг даргын “Ш” ХХК-д 30,2 га газар 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн А/263 дугаар захирамж болон Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгжид үргэлжлүүлж газар эзэмшүүлэхийг даалгасан захирамж хүчинтэй үлдсэн.
3.2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж засан.
3.2.4. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлээгүй бөгөөд хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй байна гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанд нийцсэн байх тул дараах үндэслэлээр хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгчээс “...“А” ХХК нь “Ш” ТӨХК-ийг 2005 онд хувьчлан авах гол шалтгаан бол тухайн компанийн эзэмшилд байсан рашааныг ашиглах зорилготой байсан, анх олгосон газрын хэмжээгээр цаашид газраа ашиглах хүсэлтэй” гэж тайлбарлан маргаж байх боловч маргаан бүхий газар нь усны сан бүхий газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан Баянхонгор аймгийн Газар, зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 2023/26 дугаар шинжээчийн дүгнэлт, дүгнэлтийн хавсралт зураг, 2023 оны газрын байршлын тойм зураг, Шаргалжуут голын хамгаалалтын бүсийг давхцуулсан байдлын тойм зургуудаар тус тус тогтоогдож байна.
3. Тодруулбал, маргаан бүхий газрын голоор усан сан бүхий болон онцгой хамгаалалтын бүс байрлаж байгаа, үлдэх газрын зарим хэсэг нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байх тул онцгой хамгаалалтын дэглэмийг зөрчихгүйгээр маргаан бүхий газрыг ашиглах боломжгүй, иймд анхан шатны шүүх “...шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээнд халдах, хариуцагч Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргад хуулиар хориглосон газрыг эзэмшүүлэхийг даалгах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4. Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Усны сан бүхий газарт нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газар хамаарна”, 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;”, 22 дугаар зүйлийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно” гэж, 22.4-т “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно” гэж заасан, нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосон газар нь усны сан бүхий газартай давхцалтай байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
5. Өөрөөр хэлбэл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А-230/127 дугаар тушаалаар баталсан “Усан сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.5-д “Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг болон зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно:”, 2.5.1-д “ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барих, ашиглах;”, 2.5.2-т “гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих;”, 2.5.3-т “эргийн тохижилт хийх;”, 2.5.4-т “нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;”, 2.5.5-д “зөвхөн 2.3.1-2.3.3-д заасан газарт мал бэлчээх;”, 2.5.6-д “хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах” гэж заасан байх тул маргаан бүхий газрыг эмчилгээ хийх үйл ажиллагааны чиглэл, зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд ашиглуулах газар биш байна.
6. Хэдийгээр Баянхонгор сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/263 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн эзэмших эрхийг 40 жилийн хугацаатайгаар сунгасан, Баянхонгор сумын Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн А/260 дугаар захирамжаар Эрдэнэцогт сумын нутагт Баянхонгор сумын Засаг даргын захирамжаар 96 иргэн, 5 хуулийн этгээдэд эзэмшүүлсэн нийт 43.2 га газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, Шаргалжуут багт газар эзэмшиж байсан иргэн, хуулийн этгээдэд үргэлжлүүлэн газар эзэмшүүлэх Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгасан үйл баримт тогтоогдож байх боловч Баянхонгор аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж, Мэргэжлийн байгууллагын хэмжилтийн дагуу холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд “Ш” ХХК-д газар эзэмшүүлэхийг Эрдэнэцогт сумын Засаг даргад даалгасан нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах;” гэж заасантай нийцжээ.
7. Өөрөөр хэлбэл, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дүгээр шийдвэрийг биелүүлж гарсан аймгийн Засаг даргын А/144 дүгээр захирамжид “мэргэжлийн байгууллагын хэмжилтийн дагуу холбогдох хууль тогтоомжийг үндэслэн” гэж заасан. Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын “Эк” ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Ш” ХХК-ийн барилга, обьектийн доорх газрыг хэмжих ажлын 2025/08 дугаар гэрээний дагуу гүйцэтгэсэн тайланд
гэж тус тус хэмжилт тусгасан бөгөөд энэхүү хэмжилтийн дагуу Эрдэнэцогт сумын Засаг даргаас боломжит 10.2 га газрыг “Ш” ХХК-д олгох, харин усан сан бүхий газартай давхцалтай газрыг олгох боломжгүй талаар хариу хүргүүлсэн нь усны дэглэм зөрчигдөхөөс сэргийлэх, байгалийн унаган төрхийг хадгалах, нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгодоо нийцсэн шийдвэр байна.
8. Мөн захиргааны байгууллагын “усан сан бүхий газартай давхцалтай газрыг олгох боломжгүй” тухай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэх ойлголтод хамааралгүй, хариуцагчийг нэхэмжлэгчийн гаргасан өргөдлийг хүлээн авах, эсхүл хүлээн авахгүй байх шийдвэрийн аль нэгийг гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
9. Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт хамааралтай Газрын тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 49 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ