Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 44

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч, хохирогч Б.Ууганчимэг, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч, хохирогч Б.Элбэгзаяа, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, шинжээч эмч Ц.Бадрал нарыг оролцуулан тус шүүхийн “В“танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт Баасанлхүндэвийн Ууганчимэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Бэгзийн Элбэгзаяа нарт холбогдох эрүүгийн 201625031470 дугаартай, 186/2017/0055/э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1962 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Булган аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, биологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум 4 дүгээр баг, 4-122 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 486 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг өршөөн хасч,үлдсэн 1 жил 1 сарын хорих ялыг 1 жилээр тэнссэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн Бэсүд овогт Баасанлхүндэвийн Ууганчимэг /РД:ХЛ62081906/,

2. Монгол Улсын иргэн, 1966 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эсгүүрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард Аюушийн 9-294 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигин овогт Бэгзийн Элбэгзаяа /РД: ЧО66070760/,

            Холбогдсон хэргийн талаар:

Б.Ууганчимэг нь урьд нь танхайн гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан үйлдлээр, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойд талд хохирогч Б.Элбэгзаяатай тааралдаж  Б.Элбэгзаяа нь зээлүүлсэн мөнгөө нэхсэнээс болж маргалдан улмаар түүнийг зодож түүний биед нь тархи доргилт, 2 шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан, 

Б.Элбэгзаяа нь 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойд талд хохирогч Б.Ууганчимэгтэй тааралдаж   түүнээс зээлсэн мөнгөө нэхсэнээс болж Б.Ууганчимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож түүний биед нь зүүн  нүдний зовхи,  хацар, бугуйнд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт  тус тус  холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас мэдүүлсэн  мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Б.Элбэгзаяа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны  07 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Тэди төвөөс урагшаа зам дагаад хүүтэйгээ хоол идэх гээд явж байхад  Б.Ууганчимэг  таксинд гараа өргөөд зогсож байхаар нь дуудахад харахгүй таксиндаа суух гэхэд гүйж очоод зүүн талынх нь гарнаас баруун гараараа барихад ёо гээд гараа сэгсрээд байсан. Тэгээд бид 2 ярьж явж байгаад Хулдаасан хэвлэлийн үүдэнд очоод мөнгөө нэхэх үед боломжгүй, чи надаас юугаа авдаг юм, чамд юу ч өгч чадахгүй гэхээр нь бид 2 маргалдаад шүүгдэгч Б.Ууганчимэгийг чи мөнгөө өгч чадахгүй бол хоёулаа цагдаа дээр очиж учраа олъё, чиний гэр чинь нүүгээд явсан, би чамайг хагас жил хайгаад олоогүй, тиймээс би чамайг тавьж явуулахгүй, хоёулаа цагдаа дээр очиж учраа олъё гэхэд шүүгдэгч Б.Ууганчимэг гэнэт баруун гараараа миний зүүн шанаа руу хүчтэй цохьсон. Тэгээд хүү маань ирж миний шилийг авч өгөөд намайг босгосон. Тэгээд би хүүгээ цагдаа дууд гээд явуулсан. Миний хажууд утас барьсан охин гарч ирээд хараад зогсож байсан. Тэр охин та хоёр аяархан хэрэлдээч гэхээр нь би миний дүү цагдаа дуудчих гэсэн. Б.Ууганчимэг надаас зугтаагаад намайг дээрэмдэх гээд байна, зодох гээд байна гээд Хулдаасан хэвлэлрүү гүйгээд орсон. Тэр газар нь доошоо урууддаг шаттай газар байсан учир өөрөө тэрэндээ бүдрээд унасан. Тэгээд би араас нь ороход 2 эрэгтэй хүн юм хийж байсан. Тэгээд Б.Ууганчимэг 2 залуугийн ар талруу гүйж орохдоо дэлгээтэй байсан юман дээр нь хальтарч унасан. Унахаар нь би өрөөсөн тал нь тасарсан жижиг хар цүнхийг нь аваад үүдэнд нь зогсож байхад манай хүү гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн гэв.

1.2. Шүүгдэгч Б.Ууганчимэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016  оны  07 дугаар сарын 07-ны өдөр би Сэлэнгэд байж байгаад ирсэн. 10 дугаар хорооллын ломбарданд утсаа тавьсан учир тэр утсаа аваад явж байж байхдаа Тэди орсон. Тэди-гээс гараад Их дэлгүүрийн тэр хавиар уруудаад явж байсан. Би тухайн өдөр богино ханцуйтай майктай, цагаан юпиктэй явж байсан. Би доголж явдаг учир ядраад байсан учир такси барих гээд зогсож байхад Б.Элбэгзаяа хүүтэйгээ гараад ирсэн. Мэндийн зөрүү байхгүй хүү нь ирээд миний зүүн гараас бариад авсан. Би тухайн үед  хоёулаа ингэж муудаад яах вэ, миний амьдрал тун хэцүү байна гэж хэлсэн. Би шүүгдэгч Б.Элбэгзаяагийн 1.500.000 төгрөгийг өсгөж өгөх санаатай авсан. Тэгээд шүүгдэгч Б.Элбэгзаяа цагдаа дээр очъё гэхээр нь би тэгье очъё гэсэн. Б.Элбэгзаяа ширүүлээд байхаар нь би Торгон хэвлэлрүү ороход араас ирээд намайг түлхээд унагаасан. Би уначихаараа босож чаддаггүй учир уйлаад хэвтэхээс өөр арга байгаагүй. Тэгээд Б.Элбэгзаяа миний цүнхэн дэх юмыг авсан. Торгон хэвлэлийг ягаан цамцтай залуу цагдаа дуудсан. Б.Элбэгзаяагийн хүүхэд нь дуудаагүй байх гэж бодож байна. Би хүний юмыг өгөөгүй нь миний буруу байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  гэрч Уянга намайг урт ханцуйтай цамцтай явж байсан гэдэг. Би богино майктай явж байсан. Тухайн үед гэрч Уянга байнга харж зогсож байсан Уянга нь иргэний үүргээ гүйцэтгээд яагаад цагдаа дуудаагүй юм гэж бодож байна гэв.

 

 

1.3. Хохирогч Б.Ууганчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр би Сэлэнгэд байж байгаад ирсэн. 10 дугаар хорооллын ломбарданд утсаа тавьсан учир тэр утсаа аваад явж байж байхдаа Тэди орсон. Тэди-гээс гараад Их дэлгүүрийн тэр хавиар уруудаад явж байсан. Би тухайн өдөр богино ханцуйтай майктай, цагаан юупиктэй явж байсан. Би доголж явдаг учир ядраад байсан учир такси барих гээд зогсож байхад шүүгдэгч Б.Элбэгзаяа хүүтэйгээ гараад ирсэн. Тэгээд мэндийн зөрүү байхгүй хүү нь ирээд миний зүүн гараас бариад авсан. Би тухайн үед ингэж муудаад яах вэ, миний амьдрал тун хэцүү байна гэж хэлсэн. Би Б.Элбэгзаяагийн 1.500.000 төгрөгийг өсгөж өгөх санаатай авсан. Тэгээд Б.Элбэгзаяа цагдаад очъё гэхээр нь тэгье хамт очъё гэсэн.  Б.Элбэгзаяа ширүүлээд байхаар нь би Торгон хэвлэл рүү ороход араас ирээд намайг түлхээд унагаасан. Би уначихаараа босож чаддаггүй учир уйлаад хэвтэхээс өөр арга байгаагүй. Тэгээд Б.Элбэгзаяаг миний цүнхэн дэх юмыг авсан. Торгон хэвлэлийг ягаан цамцтай залуу цагдаа дуудсан. Б.Элбэгзаяагийн хүүхэд нь цагдаа дуудаагүй байх гэж бодож байна. Би хүний юмыг өгөөгүй нь миний буруу байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.  тэнд  байсан гэрч Уянга намайг урт ханцуйтай цамцтай явж байсан гэдэг. Би богино майктай явж байсан. Тухайн үед гэрч Уянга байнга харж зогсож байсан Уянга нь иргэний үүргээ гүйцэтгээд яагаад цагдаа дуудаагүй юм гэж бодож байна гэв.

1.4. Хохирогч Б.Элбэгзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед Тэди төвөөс урагшаа зам дагаад хүүтэйгээ хоол идэх гээд явж байхад Б.Ууганчимэг таксинд гараа өргөөд зогсож байхаар нь дуудахад харахгүй таксиндаа суух гэхэд нь гүйж очоод зүүн талынх нь гарнаас баруун гараараа барихад ёо гээд гараа сэгсрээд байсан. Тэгээд бид 2 ярьж явж байгаад Хулдаасан хэвлэлийн үүдэнд очоод мөнгөө нэхэх үед боломжгүй, чи надаас юугаа авдаг юм, чамд юу ч өгч чадахгүй гэхээр нь бид 2 маргалдаад Б.Ууганчимэгийг чи мөнгөө өгч чадахгүй бол хоёулаа цагдаа дээр очиж учраа олъё, чиний гэр чинь нүүгээд явсан, би чамайг хагас жил хайгаад олоогүй, тиймээс би чамайг тавьж явуулахгүй, хоёулаа цагдаа дээр очиж учраа олъё гэхэд шүүгдэгч Б.Ууганчимэг гэнэт баруун гараараа миний зүүн шанааруу хүчтэй цохьсон. Тэгээд хүү маань ирж миний шилийг авч өгөөд намайг босгосон.Тэгээд би хүүгээ цагдаа дууд гээд явуулсан. Миний хажууд утас барьсан охин гарч ирээд хараад зогсож байсан. Тэр охин та хоёр аяархан хэрэлдээч гэхээр нь би миний дүү цагдаа дуудчих гэсэн. Ингээд Б.Ууганчимэг надаас зугтаагаад намайг дээрэмдэх гээд байна, зодох гээд байна гээд  хулдаасан хэвлэл рүү гүйгээд орсон. Тэр газар нь доошоо урууддаг шаттай газар байсан учир өөрөө тэрэндээ бүдрээд унасан. Тэгээд би араас нь ороход 2 эрэгтэй хүн юм хийж байж байсан. Тэгээд Б.Ууганчимэг хоёр залуугийн ар руу гүйж орохдоо дэлгээтэй байсан юман дээр нь хальтарч унасан. Унахаар нь би өрөөсөн тал нь тасарсан жижиг хар цүнхийг нь аваад үүдэнд нь зогсож байхад манай хүү гаднаас цагдаа дагуулаад ороод ирсэн гэв.

Хоёр: Шүүгдэгч, хохирогч нарыг мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Элбэгзаягийн:...2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд өмнө нь мөнгө зээлж бараа авахаар тохиролцсон байсан. Б.Ууганчимэг гэгчтэй уулзсан, тэгсэн Ууганчимэг надаа өгөх ёстой барааныхаа талаар юу ч ярихгүй, зугтаах гээд таксинд суух гэж байхад нь би гараас нь татаад замаас холдуулсан, тэгсэн намайг толгойн хэсэгт гараараа цохьсон, тэгэхээр нь би барьж явсан цүнхнээс нь зуурч аваад хэсэг зууралдаж байгаад салсан. Ууганчимэг тэр хавийн хүмүүсрүү энэ эмэгтэй хүүхэдтэйгээ нийлж намайг зодох гээд байна цагдаа дуудаад өгөөч гээд болохгүй байхаар нь би гар цүнхнээс нь татсан чинь цүнх нь газар унахаар нь би цүнхийг нь авсан. Тэгсэн манай хүү цагдаатай цуг ирсэн. Ууганчимэг өмнө нь надаас 1.500.000 төгрөг нэг сарын хугацаатай гэрээ хийж аваад, оронд нь бараа өгнө гэж тохирсон байж байгаад надаа бараагаа өгөлгүй алга болсон. Тэрнээс өөр асуудал байхгүй гэх мэдүүлэг. /хх 12-13/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ууганчимэгийн:..Би Элбэгзаяа гэх хүнтэй хуучин Марс төвд ажиллаж байсан бөгөөд бид хоёрын хооронд урдны мөнгө тооцооны асуудал байсан юм. Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 17-18 цагийн орчим Улсын Их дэлгүүрийн зүүн хойд талын уулзварын хойд талд явган хүний зам дээр такси барих гээд зогсож байтал Элбэгзаяа хажуу талаас гарч ирээд хүүгийнхээ хамт хоёр талаас барьж аван сугадаад бугалганаас атгаад намайг чирээд буланд шахаад орилж хашгираад луйварчин, хятад авгай, гэх мэтээр доромжлоод намайг явуулахгүй, Элбэгзаяа нь миний гуя, цавь, өвдөг хянга руу цохиод нүүрнээс хоёр удаа маажсан. Хүүхэд нь намайг түлхээд явуулахгүй байхаар нь би цагдаа дуудчих очоод учраа ольё гэхэд явуулахгүй, утсаар ч яриулахгүй, миний барьж явсан тортой ундааг булааж аваад өөрөө уугаад, надруу цацаад, толгой дээр асгаж бүх зүйлийг норгосон. Ийм байдлаар тэнд 2 цаг гаруй болсон бөгөөд миний цүнхийг булааж авах гээд дайраад чамайг ачаад явна гээд байсан ба хажуугаар явсан хүмүүс цагдаа дуудах гэхээр нь битгий дууд, наадах чинь луйварчин, залилангийн авгай гэх мэтээр хэлж ярьж би Чингэлтэй дүүрэг дээр байдаг таньдаг дүү нараараа чамайг өнөөдөржин дагаж тагнасан, одоо чамайг өөр газар аваачиж алж зодож байгаад ч гэсэн мөнгөө авна гээд байсан. Намайг явах гэхээр нь хүү нь болон өөрөө цээжрүү түлхээд огт явуулахгүй байснаа энэ авгай намайг зодчихлоо гээд орилж хашгираад утсаар яриад янз бүрийн хүн дуудаад байсан ба би нэг завдал гарахаар нь хажууд байсан хулдаасан хэвлэл рүү гүйж ороод тэнд байсан хоёр залууг цагдаа дуудаад өгөөч гэж байхад Элбэгзаяа хойноос хашгираад орж ирэхэд тэр хоёр залуу та нар гарцгаа, юм эвдэх гээд байна, гарч хэрэлд гэж байсан. Элбэгзаяа намайг түлхэж тэр хоёр залуугийн ар тал руу унагаагаад дээрээс дараад миний хүзүүнд зүүсэн байсан цүнхийг татаж аваад тэр газраас гараад явсан. Тэр үед хүүхэд нь ээжээ та болиоч гэж хэлээд хажуу нь байсан, гараад явсны дараа тэнд ажилладаг 2 залуу та гар гэж хэлээд цагдаа дуудахаар нь цагдаа иртэл хүлээж байгаад гарсан. Миний өмсөж явсан хувцас шороо, тоос болж урагдсан, хацар амнаас цус гарсан байдалтай байсан. Цагдаагийн хэлтэс дээр ирээд миний цүнхийг гэрч байлцуулан Элбэгзаяагаас авахад дотор нь байсан 200.000 төгрөг байхгүй болсон байсан гэх мэдүүлэг.          /хх 58-60/,

2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Уянгын:..Тэр өдрийн үдээс хойш дэлгүүртээ байж байтал үүдэнд бөөн орилоон, чарлаан болоод байхаар нь гараад та нар өөр газар очиж маргалдацгаа гэж хэлэхэд нэг том биетэй эгч болон жижиг биетэй эмэгтэй, хүү болон нэг залуугийн хамт хоорондоо хэрэлдэцгээж байсан. жижиг биетэй эмэгтэй нь цагдаа дуудаад өгөөч, энэ эмэгтэй надаас луйвар хийчихээд алга болсныг олсон гээд байсан. Тэгээд би хараад зогсож байхад жижиг биетэй эмэгтэй нь нөгөө эмэгтэйг явуулахгүй гээд цүнхнээс нь зуураад байсан. гарыг нь тавиулаа гээд гарлуу нь цохиод, баруун талын хөлрүү нь өшиглөж байснаа, намайг тавь гээд шанаа руу нь гараараа цохиод авсан. Тэгээд өөрөө ханцуйгаа шамлаад гар нь хөх эрээн болсон байсан ба энэ хоёр намайг ийм болгочихлоо гээд орилоод байсан. Тэгэж байгаад өөрөө газар тэрийж хэвтээд намайг алах гээд байна, дээрэмдэх гээд байна гээд орилоод байсан. Тэр эмэгтэй нэлээд удаан орилж хашгираад байсан ба тэгэж байгаад цагдаа ирээд аваад явцгаасан. Тэр том биетэй эмэгтэй бол худлаа яриад л орилоод, чарлаад байсан. Тэр хүнийг жижиг биетэй эмэгтэй болон хамт явсан хүүхэд нь огт гар хүрээгүй байхад зодчихлоо намайг, та нар харсан биз дээ гээд орилоод байсан.  Ээж нь цохиод авахад хүүхэд нь яаж байгаа юм бэ гээд орилтол ээж нь наад хүндээ гар хүрч огт болохгүй гээд холдуулж байсан.  Хүүхэд нь бол тэр хүнд огт ойртоогүй, нэлээд л зайтай зогсоод байсан гэх мэдүүлэг. /хх 62-64/,

2.4. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Р.Баярмагнайгийн:..нэг нэгнийгээ зодож байсан талаар хараагүй. Тэр хоёр эмэгтэй цуварч орж ирээд цүнхнээсээ булаалцалдаж байхад оосор нь тасраад ганцаараа явсан том биетэй эмэгтэй нь унасан. Тэгэхэд цүнхийг нь нөгөө эмэгтэй нь авчихсан байсан, гараад хүүгийнхээ хамт зогсоод байсан гэх мэдүүлэг. /хх 65-66/,

2.5. Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Арсланбаатарын:.тэр хоёр эмэгтэй биенийгээ цохиж зодоод байсан зүйл харагдаагүй, цүнхийг нь авах гээд зууралдаад чанга чанга орилолдоцгоогоод байсан,  гадаа маргалдаж байх үед зодоон болсныг мэдээгүй. Тэр том биетэй эмэгтэйгийн гар нь хөх эрээн болчихсон нүүрнийх нь хэсэгт бага зэрэг цус болчихсон харагдаж байсан гэх мэдүлэг. /хх 68-69/,

2.6. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.Отгонжаргалын:..Миний хувьд тэр эмэгтэйн биед гар хүрсэн зүйл байхгүй. Манай ээжийг цохихоор нь би урдуур нь ороод хамгаалсан. Тэгээд газар унасан шилийг нь авч өгсөн. Тэр эмэгтэй манай ээжтэй яриад зогсож байхдаа нүүрлүү нь гараараа цохиж авсан.  Өөрөөр зодолдоод байсан зүйл болоогүй. Манай ээж явуулахгүй гээд цүнхнээс нь зуураад цагдаа дууд гээд байсан, манай ээж цүнхнээс нь таталцаад наашаа, цаашаа болоод байсан, зодолдож цохилдоогүй. Тэр эмэгтэй хэвлэлийн газар луу орсон. Манай ээж хойноос нь ороход намайг дээрэмдээд байна гээд орилоод байсан, тэнд ажилладаг  хоёр хүн гар гэхэд гарахгүй, тэнд явж байгаад өөрөө юманд тээглээд унасан. Унах үед нь манай ээж цүнхийг нь татаад булааж авсан. Би үүдэнд зогсоод харж байсан. Тэгээд бид хоёр үүдэнд хүлээгээд зогсож байтал цагдаа надруу залгаад би тосч очоод цагдаа дагуулж ирсэн. Цагдаа ирэхэд тэр эмэгтэй гар хөлөө үзүүлээд энэ хоёр намайг зодчихлоо гээд байсан. Тэр үед хэвлэлийн газарт байсан хүн цагдаад энэ хүн угаасаа манайд орж ирэхдээ хөх эрээн болчихсон байсан шүү гэж хэлж байсан гэх мэдүүлэг. /хх-70/,

2.7. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Сандагийн:…Ууганчимэг гэдэг хүнийг бага зэрэг танина. “Марс” худалдааны төвд хамт ажилладаг, манай эхнэртэй найз гээд байсан.  “Марс” худалдааны төв татан буугдсанаас хойш тэр хоёр  таараад Ууганчимэг нь Орос руу явж наймаа хийе, эхний удаа би байгаа мөнгийг чинь авч яваад 20%-ийн хүүтэй өсгөөд өгье гэхээр нь гэрээ байгууллаад 1.500.000 төгрөг өгсөн байсан. Энэ мөнгөнөөсөө бараа авч ирж өгсөн боловч тэр нь зарагдаагүй. Түүнээс хойш гэрт нь очиход байсан гэрээсээ нүүгээд, алга болчихсон байсан.  Хүүхдийнхэн ажил буюу Иргэний бүртгэлийн газарт очоод уулзахаар манай ээж Орост байгаа, би мэдэхгүй гэж хэлдэг юм.  Тэгтэл 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр манай эхнэрийн төрсөн өдөр болоод хүүтэйгээ хамт хоол идэх гэж явж байгаад Ууганчимэгтэй тааралдаж тэдний хооронд маргаан болсон юм шиг байгаа. Түүнээс болж манай эхнэр бие нь өвдөж, эмнэлгээр үзүүлж харуулж, эмчилгээ хийлгэсэн. Ууганчимэг нь анх манай эхнэр, хүү хоёртой таарахдаа гар, хөл нь хөхөрчихсөн байсан гэсэн.  Түүнийгээ манай, эхнэр хүү хоёрыг зодсон гээд гүтгээд байгаа. Би тэр үед цагдаа дээр ирчихсэн байхад нь очиж уулзсан.  Манай эхнэр хүн зодоод хүний биед халдаад байх хүн биш, хүү бол хүнд гар хүрэх биш, дөлгөөн, ноомой хүүхэд  юм гэх мэдүүлэг. /хх-100/,

2.8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9606 тоот актын:

1. Элбэгзаяагийн биед тархи доргилт, хоёр шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт. /хх-16/,

2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9612 тоот актын:

1. Б.Ууганчимэгийн биед зүүн нүдний зовхи, хацар, бугуйнд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт. /хх-19/,      

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1. Бараа, бүтээгдэхүүн  захиалгаар худалдах, худалдан авах гэрээ /хх-9/,  эд зүйл  түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-10/, Б.Элбэгзаяаг сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 24-26/, Б.Элбэгзаяа, Б.Ууганчимэг нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 27-28/, хохирлын  баримт /хх-41/,  Б.Ууганчимэгийг  сэжигтнээр тооцсон тогтоол, тэмдэглэл /хх 75-79/,  Б.Ууганчимэгийг  яллагдагчаар татсан тогтоол, тэмдэглэл /хх 88-89/, Б.Элбэгзаяа, Б.Ууганчимэг нарын иргэний үнэмлэхний  лавлагаа, хорооны засаг даргын тодорхойлолт /хх 99-100/,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн  анхан  шатны  шүүхийн 486 дугаартай  шийтгэх тогтоолын  хуулбар /хх 107-109/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.            

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Б.Ууганчимэг нь урьд нь танхайн гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа, давтан үйлдлээр, 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойд талд Б.Элбэгзаяатай маргалдан улмаар түүнийг үл ялих зүйлээр шалтаглан зодож  бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж  танхайрсан гэмт хэрэгт холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан  болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан нотлох баримтууд  болон талуудын мэтгэлцээний явцад нотлогдож  тогтоогдсонгүй.

Учир нь: шүүгдэгч Б.Ууганчимэг нь хохирогч Б.Элбэгзаяаг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл тогтоогдож байгаа  боловч тэр ямар нэг шалтгаангүйгээр уг үйлдлийг хийсэн нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

- гэрч С.Уянгын... энэ эмэгтэй надаас луйвар хийчихээд алга болсныг олсон гээд байсан. Тэгээд би хараад зогсож байхад жижиг биетэй эмэгтэй нь нөгөө эмэгтэйг явуулахгүй гээд цүнхнээс нь зуураад байсан. гарыг нь тавиулаа гээд гарлуу нь цохиод, баруун талын хөлрүү нь өшиглөж байснаа, намайг тавь гээд шанаа руу нь гараараа цохиод авсан. Тэгээд өөрөө ханцуйгаа шамлаад гар нь хөх эрээн болсон байсан ба энэ хоёр намайг ийм болгочихлоо гээд орилоод байсан. Тэгэж байгаад өөрөө газар тэрийж хэвтээд намайг алах гээд байна, дээрэмдэх гээд байна гээд орилоод байсан. Тэр эмэгтэй нэлээд удаан орилж хашгираад байсан ба тэгэж байгаад цагдаа ирээд аваад явцгаасан. Тэр том биетэй эмэгтэй бол худлаа яриад л орилоод, чарлаад байсан. Тэр хүнийг жижиг биетэй эмэгтэй болон хамт явсан хүүхэд нь огт гар хүрээгүй байхад зодчихлоо намайг, та нар харсан биз дээ гээд орилоод байсан…./хх 62-64/

- гэрч Р.Баярмагнайгийн:..нэг нэгнийгээ зодож байсан талаар хараагүй. Тэр хоёр эмэгтэй цуварч орж ирээд цүнхнээсээ булаалцалдаж байхад оосор нь тасраад ганцаараа явсан том биетэй эмэгтэй нь унасан. Тэгэхэд цүнхийг нь нөгөө эмэгтэй нь авчихсан байсан, гараад хүүгийнхээ хамт зогсоод байсан гэх мэдүүлэг. /хх 65-66/

- насанд хүрээгүй гэрч С.Отгонжаргалын:..миний хувьд тэр эмэгтэйн биед гар хүрсэн зүйл байхгүй. Манай ээжийг цохихоор нь би урдуур нь ороод хамгаалсан. Тэгээд газар унасан шилийг нь авч өгсөн. Тэр эмэгтэй манай ээжтэй яриад зогсож байхдаа нүүрлүү нь гараараа цохиж авсан…цагдаа ирэхэд тэр эмэгтэй гар хөлөө үзүүлээд энэ хоёр намайг зодчихлоо гээд байсан. Тэр үед хэвлэлийн газарт байсан хүн цагдаад энэ хүн угаасаа манайд орж ирэхдээ хөх эрээн болчихсон байсан шүү гэж хэлж байсан...гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч ямар санаа зорилго, сэдэлттэйгээр бусдыг  зодсон нь тогтоогдож  байна. Өөрөөр  хэлбэл хохирогч Б.Элбэгзаяа, шүүгдэгч Б.Ууганчимэг нарын хоорондын  хувийн таарамжгүй харьцаа буюу бие биедээ мөнгө зээлж, зээлсэн мөнгийг өгөлгүй удааснаас  болж  маргаан гарч улмаар дээрх маргаанаас үүдэн  энэ гэмт хэрэг гарчээ.

Улсын Дээд Шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаар тогтоолд “...тодорхой сэдэлттэй, тухайлбал хувийн таарамжгүй харьцаа, эр эмийн хардлага, хохирогчийн зүй бус ажиллагаа зэргээс үүдэн өөр хоорондоо маргалдсан, зодолдсон, доромжилсон, бие махбодид нь гэмтэл учруулсан нь олон нийтийг илтэд хүндэтгэн  үзээгүй буюу нийгмийн хэв  журмыг бүдүүлгээр зөрчөөгүй  байвал  хүний амь бие, эрүүл мэнд, эрх, эрх чөлөө, алдар хүнд, нэр төрийн эсрэг гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Ууганчимэгийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэл тогтоогдож байна.

Нэгтгэн  дүгнэвэл:  шүүгдэгч Б.Ууганчимэг нь хохирогч Б.Элбэгзаяатай хувийн таарамжгүй харьцааны үндсэн дээр маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр  зүйлд  заасан танхайрах гэмт хэргийн шинжгүй, харин мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр  зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний  бүх шинжийг агуулсан  байх тул шүүгдэгч Б.Ууганчимэгийг  бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Ууганчимэгт  холбогдох хэргийг  Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн  24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх  хууль  зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх  дүгнэлээ.

Харин шүүгдэгчийн  гэм буруутай  үйлдлээс хохирогч Б.Элбэгзаяагийн бие махбодид учирсан  хөнгөн гэмтлийг эмчлүүлэхэд гарсан  зардал 314.000 төгрөг нэхэмжилсэн нь нотлох  баримтын шаардлага  хангаж байх тул  шүүгдэгч Б.Ууганчимэгээс  314.000 / гурван зуун арван дөрвөн мянган/ төгрөгийг  гаргуулж  хохирогч  Б.Элбэгзаяад олгох нь зүйтэй  байна гэж үзлээ.

Прокуророос Б.Элбэгзаяаг 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн хойд талд хохирогч Б.Ууганчимэгтэй тааралдаж түүнээс зээлсэн мөнгөө нэхсэнээс болж Б.Ууганчимэгтэй маргалдан улмаар түүнийг зодож түүний биед нь зүүн  нүдний зовхи,  хацар, бугуйнд зулгаралт, баруун зүүн бугалга, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт  бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан  болон шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан нотлох баримтууд  болон талуудын мэтгэлцээний явцад нотлогдож  тогтоогдсонгүй.

- гэрч С.Уянгын...тэр том биетэй эмэгтэй бол худлаа яриад л орилоод, чарлаад байсан. Тэр хүнийг жижиг биетэй эмэгтэй болон хамт явсан хүүхэд нь огт гар хүрээгүй байхад зодчихлоо намайг, та нар харсан биз дээ гээд орилоод байсан…./хх 62-64/,

- гэрч Р.Баярмагнайгийн:..нэг нэгнийгээ зодож байсан талаар хараагүй. Тэр хоёр эмэгтэй цуварч орж ирээд цүнхнээсээ булаалцалдаж байхад оосор нь тасраад ганцаараа явсан том биетэй эмэгтэй нь унасан. Тэгэхэд цүнхийг нь нөгөө эмэгтэй нь авчихсан байсан, гараад хүүгийнхээ хамт зогсоод байсан гэх мэдүүлэг. /хх 65-66/,

- насанд хүрээгүй гэрч С.Отгонжаргалын:..тэр эмэгтэй манай ээжтэй яриад зогсож байхдаа нүүрлүү нь гараараа цохиж авсан…цагдаа ирэхэд тэр эмэгтэй гар хөлөө үзүүлээд энэ хоёр намайг зодчихлоо гээд байсан. Тэр үед хэвлэлийн газарт байсан хүн цагдаад энэ хүн угаасаа манайд орж ирэхдээ хөх эрээн болчихсон байсан шүү гэж хэлж байсан...гэх мэдүүлгүүдээр  шүүгдэгч Б.Элбэгзаяа нь бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул  Б.Элбэгзаяад  холбогдуулан яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй  болгож  шийдвэрлэх нь  хууль  зүйн үндэслэлтэй  байна гэж шүүх  дүгнэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний оосортой хар цүнх 1 ширхэг, нүдний шил хайрцагтай /улаан рамтай/1 ширхэг, цэнхэр хайрцагтай уруулын будаг 1 ширхэг, Самсунг Галакси маркийн гар утас 1 ширхэг, ТСН гэсэн бичигтэй түлхүүр 1 ширхэг, тооны машин 1 ширхэг, ногоон өнгөтэй жижиг дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн бичиг баримтын гэр 1 ширхэг-үүний дотор нь өмгөөлөгчийн нэрийн хуудас 4 ширхэг,  ТВВ банкны карт 1 ширхэг, Моббикомын үүр 1 ширхэг, номин карт 1 ширхэг, сберийн банкны карт 1 ширхэг, Хас банкны карт 1 ширхэг,  Голомт банкны карт 1 ширхэг, гялгар жижиг уутанд 10 рубль 3 ширхэг, 50 копеек 2 ширхэг, 10 копеек 1 ширхэг, 10 рублей 4 ширхэг, 5 рублей 2 ширхэг, 2 рублей 2 ширхэг, 1 рублей 1 ширхэг, сем үүр гэр 1 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгдэгч Б.Ууганчимэгт буцаан олгох, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

            1. Прокуророос Боржигин овогт Бэгзийн Элбэгзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

            2. Прокуророос Бэсүд овогт Баасанлхүндэвийн Ууганчимэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 181.2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

            3. Шүүгдэгч Бэсүд овогт Баасанлхүндэвийн Ууганчимэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар Б.Ууганчимэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  72 дугаар зүйлийн  72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг  эрүүгийн  хариуцлагаас  чөлөөлсүгэй.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч  Б.Ууганчимэгээс 314.000 / гурван зуун арван  дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Элбэгзаяад олгосугай.

              6. Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  88 дугаар  зүйлийн 88.1.7 дахь хэсэгт  зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эмэгтэй хүний оосортой хар цүнх 1 ширхэг, нүдний шил хайрцагтай /улаан рамтай/1 ширхэг, цэнхэр хайрцагтай уруулын будаг 1 ширхэг, Самсунг Галакси маркийн гар утас 1 ширхэг, ТСН гэсэн бичгтэй түлхүүр 1 ширхэг, тооны машин 1 ширхэг, ногоон өнгөтэй жижиг дэвтэр 1 ширхэг, цагаан өнгийн бичиг баримтын гэр 1 ширхэг-үүний дотор нь өмгөөлөгчийн нэрийн хуудас 4 ширхэг,  ТВВ банкны карт 1 ширхэг, Моббикомын үүр 1 ширхэг, номин карт 1 ширхэг, сберийн банкны карт 1 ширхэг, Хас банкн карт 1 ширхэг,   Голомт  банкны карт 1 ширхэг, гялгар жижиг уутанд 10 рубль 3 ширхэг, 50 копеек 2 ширхэг, 10 копеек 1 ширхэг, 10 рублей 4 ширхэг, 5 рублей 2 ширхэг, 2 рублей 2 ширхэг, 1 рублей 1 ширхэг, сем үүр гэр 1 ширхэг зэрэг эд зүйлийг шүүгдэгч Б.Ууганчимэгт буцаан олгосугай

              7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг   тус тус  дурдсугай.

              8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ууганчимэг, Б.Элбэгзаяа нарын урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

              9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ууганчимэг, Б.Элбэгзаяа нарын бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

        

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТЖАРГАЛ