Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2020/00933

 

 

 

 

 

 

 

          2020       04          09  

                              181/ШШ2020/00933

          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч:Д.З/-ын

хариуцагч: Э ХХК/ /-д холбогдох

гэрээний үүрэгт 24,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сандаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Иргэн Д.Э миний бие ЭХХК-д 15,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлдүүлсэн бөгөөд хүүгийн төлбөр болох 500,000 төгрөгийг хамтад нь 10 дугаар сарын 22-ны өдөр баримт үйлдсэн.

Тус компаний гүйцэтгэх захирал Б.Мтэй 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээний нэмэлт тодотголоор үндсэн төлбөр 15,000,000 төгрөг, хүү 500,000 төгрөг нэмэлт хүү 8,850,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөг болсныг талууд баталгаажуулсан.

Гэвч Э ХХК нь тохирсон хугацаандаа үүргээ биелүүлж төлбөрөө төлөлгүй өдийг хүрлээ.

Иймд Э ХХК-иас нийт 24,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд нэхэмжлэлийг дэмжиж гаргасан тайлбартаа: Иргэн Д.Э нь “Э” ХХК-д 15,000,000 төгрөгийг зээлдүүлж 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр компанийн гүйцэтгэх захирал Б.Мийн дансанд шилжүүлсэн. Гэрээг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бичгээр үйлдсэн. Өнөөдрийн байдлаар бид үндсэн зээлийн төлбөр 15,000,000 төгрөг, гэрээгээр тохирсон 500,000 төгрөгийн хүү, алданги 8,850,000 төгрөг, нийт 24,500,000 төгрөгийг “Э” ХХК-иас гаргаж өгнө үү. Мөн хариуцагч талаас бичгээр гаргасан тайлбарыг харахад иргэд хооронд хийгдсэн гэрээ байна. Хуулийн этгээдтэй гэрээ хийгээгүй байна гэсэн тайлбар өгдөг. Энэ тайлбар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэнэ. Гэрээн дээр тухайн үед тус компанийн гүйцэтгэх захирал байсан Б.М нь гарын үсэг зураад гүйцэтгэх захирал Б.М гэж гарын үсэг зурж, тамгаа дарсан байдаг. Мөн тухайн компанийн гүйцэтгэх захирлын дансанд мөнгө шилжүүлсэн. Тийм учраас өнөөдөр бид “Э” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаснаа дэмжинэ.

Засгийн Газрын 2001 оны 41 дүгээр тогтоолоор батласан Тамга тэмдэг, баталгааны хэвлэмэл хуудас хэрэглэх заавар нь Монгол Улсын бүх иргэн, хуулийн этгээдэд хамаарна. Энэ зааврын 4.37 дээр тамга, тэмдгийг түших болон хэвлэмэл хуудсыг хариуцах хүнийг тухайн байгууллагын удирдлага томилно гэсэн. Тухайн байгууллагын гүйцэтгэх захирал компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулдаг тул тамга тэмдгийг хариуцдаг. Бусадтай гэрээ, хэлцэл хийхдээ албан ёсоор баталгаажуулж, дардаг. Энэ Засгийн газрын тогтоолын дагуу компанийн захирал тамга тэмдгийг хэрэглэх бүрэн эрхтэй байна. Мөн Компанийн тухай хуулиар гүйцэтгэх удирдлага бол компанийн өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах үүргийг хуулиар болон дүрмээр хүлээдэг. Нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болох байх. Иргэн Д.Эаас “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.М мөнгө зээлээд өөрийн данс руу шилжүүлсэн нь дансны хуулгаараа нотлогдож байгаа. 15,000,000 төгрөгийг зээлээд буцаагаад өмнөх гүйцэтгэх захирлаар ажилладаг байсан Оч гэдэг хүн рүү шилжүүлсэн. Б.М анх Д.Эаас зээл авахдаа манай компани олон тэрбумын хувьцаа гаргаж байгаа. Тийм учраас мөнгөн хөрөнгө хэрэгтэй байна гэж хэлээд анх зээл авсан байдаг.

Зээлийн гэрээний хэлбэрийг харахаар компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан байдаг. Агуулгыг нь уншихаар Монгол Улсын иргэн Б.М, иргэн Д.Э хоорондоо зээлийн гэрээ байгуулсан юм шиг харагддаг. Бидний зүгээс нэхэмжлэлээ яагаад хуулийн этгээдэд холбогдуулж гаргасан гэхээр нэгдүгээрт хэлбэрийн шаардлага буюу тэмдэг дарсан нь Засгийн Газрын тамга тэмдэг хэрэглэх заавар, журам яагаад дарагдаж байгаа энэ нь эрх зүйн үр дагаврыг тодорхой үүсгэж байгаа гэж үзээд компанид холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Чулуунбаатарын Оч гэдэг хүнээс буцаад “Э” ХХК руу мөнгөн дүн орсон. Гэхдээ 15,000,000 төгрөгөөс бага үнийн дүнтэй мөнгө орсон. Мөнгөн хөрөнгө шилжүүлэх хөдөлгөөн нь гүйцэтгэх захирлын хувийн данснаас болон “Э” ХХК гэсэн дансны харьцаагаар гүйцэтгэх захирал нь өөрийн хувийн дансыг аж ахуйн болон хувийн зорилгоор ашигладаг гүйлгээ хийгдсэн мөнгөн хөрөнгүүд байгаа учраас гүйцэтгэх захирлаас гаргуулах буюу “Э”ХХК-иас нэхэмжилж байгаа. Хэрэгт авагдсан баримтаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ байгуулах үед Б.М компанийн гүйцэтгэх захирал байсан. Бидний хувьд Б.М компанийн гүйцэтгэх захирал учраас бусадтай гэрээ хэлцэл байгуулах эрхтэй байсан. Дараа дараагийн энэ компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа хүмүүс өмнө нь байгуулсан гүйцэтгэх захирлынхаа гэрээний үүргийг хариуцах үндэслэлтэй гэж үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн хүсэл зоригийн тайлбартай холбоотойгоор гэрээний хэлбэрийг харахад компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан юм шиг, агуулгыг уншихаар иргэнтэй байгуулсан юм шиг нөхцөл байдлыг манай зүгээс тайлбарлахдаа дансны хуулгыг нь аваад үзэхээр компанидаа хөрөнгө оруулалт татах зорилготой өөрийн данс руу хийгээд буцаад өөрийн компани руу шилжүүлсэн нөхцөл байдлууд Б.М, “Э” ХХК-ийн дансны хуулгуудаар тогтоогдож байгаа гэв.

 

Хариуцагч Э ХХК нэхэмжлэлд ирүүлсэн хариу тайлбартаа:Д.Эын нэхэмжлэлтэй тус компанид холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хувиар дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь бид иргэн Д.Эаас ямар нэг зээл авсан зүйл байхгүй.

Манай компани нэг үүсгэн байгуулагчтай бөгөөд Б.Э миний 100 хувь зэмшилд байдаг. Нэхэмжлэлд дурьдсан Зээлийн гэрээ гэх баримтад манай байгууллагын тамга дарагдсан байх боловч чухам яагаад ийнхүү дарагдсан болохыг хуулийн этгээдийн зүгээс тайлбарлах боломжгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээнд манай байгууллагын тамгыг дарахдаа биднээс зөвшөөрөл аваагүй бөгөөд гэрээг иргэн Б.М гэж хүн байгуулсан, зээлсэн мөнгийг тухайн иргэн авсан болохоос манай байгууллага авч хэрэглээгүй байх тул энэхүү асуудал бидэнд огт хамааралгүй зүйл юм.

Бидний ойлгож байгаагаар Б.М нь зээлийн гэрээнд тамга дарах үедээ зөвхөн өөрийн ажил байдлыг тодорхойлсон байгаа бөгөөд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс буюу манай байгууллагын нэрийн өмнөөс зээл аваагүй байна.

Иймд бид манай байгууллагад ажилладаг байсан хувь иргэний өмнөөс хариуцлага хүлээх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Э” ХХК-ийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э”ХХК нь иргэн Д.Эаас 15,000,000 төгрөг зээлсэн асуудал байхгүй. Манай компанид ажилладаг байсан Б.М гэдэг хүн Д.Э нарын хооронд үүссэн зээлийн гэрээний харилцааг компани ямар нэгэн байдлаар хүлээхгүй гэдэг тайлбар өгсөн. Энэ тайлбараа дэмжиж байна. Б.М, Д.Э нарын хооронд байгуулсан гэрээнд компанийн тамгыг дарсан байна гэдэг асуудлыг нэхэмжлэгч тал ярьдаг. Тамга дарснаар компани зээл авсан юм гэдэг зүйл тогтоох боломжгүй. Зээлийн гэрээнд “Э”ХХК-д ажилладаг Б.М гэж хувь хүн зээл авсан. Энэ нь хэрэгт авагдсан материалаар тогтоогдоно. Мөн Д.Эаас зээлсэн 15,000,000 төгрөг нь “Э”ХХК-ийн дансанд биш, Б.М гэж хүний хувийн дансанд орж тухайн этгээд хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоно. Хувь хүний зээлсэн төлбөрт “Э” ХХК ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй гэдгээ хариу тайлбартаа хэлсэн байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, эрх зүйн үндэслэлийг тайлбарлая.

Нэгдүгээрт нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойгүй байна гэж үзэж байна. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 15,000,000 төгрөг Д.Эаас Б.Мийн данс руу шилжүүлсэн гэдэгт манай компани маргахгүй. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Э” ХХК биш Б.Мийн дансанд Д.Эаас 15,000,000 төгрөг зээлдүүлсэн гэдэг дээр маргахгүй. “Э” ХХК зээлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч яагаад хариуцагчаар “Э” ХХК-г татсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарлахдаа 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ гэх баримт дээр дарагдсан тамгыг үндэслэл болгож байна. Энэ тамга бол тухайн Б.М гэдэг хүн өөрөө компанийн тамга, тэмдгийг дарснаар компани зээл авсан агуулга болохгүй. Хуульд заасан хэлбэрийн шаардлага гэдэгт хэлцлийг амаар, бичгээр эсвэл харилцан тохиролцож байгуулагдсан уу? гэдэг талаар хэлбэрийн шаардлага яригдана. Засгийн газрын тогтоол дээр дурдаад байгаа Б.М “Э” ХХК-ийн тамга тэмдгийг ашиглах ёстой юу гэвэл ашиглах ёстой. Эрх нь байгаа юу гэвэл байгаа. Компанийн тухай хуульд зааснаар гүйцэтгэх удирдлага өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах эрх нь байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ яг энэ 15,000,000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлж аваад дараа нь “Э” ХХК руу шилжүүлсэн гэж тайлбарлаад байдаг. Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтаар энэ үнийн дүн болон хугацаа хоорондоо тохирдоггүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Зээлийн гэрээ гэсэн баримт нь өнөөдөр гэрээний түвшинд авч үнэлэгдэх нотлох баримт мөн үү гэдгийг шүүх анхаарч үзээсэй. Зээлийн гэрээ гэх баримт дотор байгаа агуулгыг харахаар 15,000,000 төгрөг зээлсэн юм байна, 500,000 төгрөгийн хүүг Б.М төлөх ёстой гэдэг нь харагдаж байна. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нөхцөл байдлаар харахаар 18,650,000 төгрөгийн баримтын талаар яригддаг. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 24,500,000 төгрөгийн баримт тус тус хэрэгт авагдсан. Зөвхөн Д.Э гэсэн иргэнээр хийгээд байдаг. Өнөөдөр нэхэмжлэлийн шаардлага 24,500,000 төгрөг нэхэмжилж байна. Үнийн дүнг яаж тодорхойлсон гэдэг дээр эргэлзээтэй асуудал үүсч байна. Алдангийг 1 хувь гэж тооцсон. Алдангийг 1 хувиар тооцсон ч гэсэн 8,850,000 төгрөг гарахгүй байна. Үүнийг нэхэмжлэгч тал өөрөө тайлбарлаж хэлэх ёстой байх. Иргэний хуульд заасны дагуу алдангийн хэмжээ хоног тутам 0.5 хувиас хэтрэхгүй байх ёстой. Алданги анзын төрөлд ордог учраас анзын гэрээг бичгээр хийх ёстой гэсэн хуулийн шаардлагуудыг зээлийн гэрээ гэх баримт дээр хангасан эсэхийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Манай компани жинхэнэ хариуцагч биш төлөх үндэслэлгүй, иргэн Б.М гэдэг хүний бусдаас зээлсэн мөнгийг хариуцан төлөх ямар нэгэн хууль зүйн үндэслэл байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч “Э”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24,500,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд оролцлоо.

Хариуцагч “Э” ХХК нь иргэн Д.Этай эрх зүйн харилцаанд оролцоогүй, манай компани жинхэнэ хариуцагч биш төлөх үндэслэлгүй гэж маргана.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Д.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Э нь “Э”ХХК-д холбогдуулсан шаардлагын үндэслэл болгож, зээлийн гэрээ, 2019 оны 12 сарын 13 гэсэн огноо тавигдсан гар бичвэр бүхий  төлбөрийн хуваарийг тус тус бичмэл баримтын шаардлага хангаж ирүүлсэн.

2019 оны 10-р сарын 22-ны өдрийн “Зээлийн гэрээ”/хэргийн 5дахь тал/ нь, талуудаа тодорхойлсноор, иргэн Д.Э иргэн Б.Мт 15,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр зээлдүүлж, хүүгийн төлбөр 500 000 төгрөгийг үндсэн зээлийн 15,000,000 төгрөгийн хамт 10 сарын 1-ий өдөр буцаан төлөх, хугацаа хэтэрсэн хоног дутамд үндсэн зээлийн төлөгдөөгүй мөнгөн дүнгийн 1 хувийн алданги тооцож, нөхөж шилжүүлэхээр тохиролцсон, 2019 оны 10-р сарын 22-ны өдрийн байдлаар иргэн Д.Эт төлбөл зохих мөнгөн дүн нь үндсэн төлбөр 15 000 000 төгрөг, хүүгийн төлбөр 500 000 төгрөг, алданги 3 150 000 төгрөг болно гээд хэлцэл үйлдсэн этгээдийн нэр гарын үсэг зурах хэсэгт зээлдүүлэгч Д.Э, зээлдэгч Б.М гэж гарын үсгийн бичвэрүүд зурагдсан байх ба Б.М гэсэн гарын үсгийн бичвэр дээр “Э” ХХК-ийн тамга дарсан, “ЭХХК-д гүйцэтгэх захирал”гэж гар бичвэрээр тодруулжээ.

Төлбөрийн хуваарь баримт/хэргийн 4 дөх тал/-ад иргэн Б.М иргэн Д.Эаас зээлсэн 15 500 000 төгрөгийг хүү нь сарын 1 хувь болно, нийт 2019 оны 12 сарын 30-д 8 сая,  2019 оны 01 сарын 30-д 8 сая, 2019 оны 02 сарын 21-д 8,5 сая төгрөгийг төлснөөр зээл төлсөнд тооцно, зээлдэгч Б.М зээлдүүлэгч Д.Э гэжээ.

Энэ 2 баримтаар хэлцлийн талууд нь зээлдүүлэгч иргэн Д.Э зээлдэгч иргэн Б.М нар, гол нөхцөл нь иргэн Д.Э иргэн Б.Мт 15,000,000 төгрөгийг хүү алданги тохиролцон зээлдүүлсэн агуулгатай байна.

Байгуулагдсан хэлцлийн талуудын нэр гарын үсгийн бичвэр хэсэгт зээлдэгч Б.М гэсэн гарын үсгийн бичвэрийн доод хэсэгт “Э” ХХК-ийн тамга дарагдсан, “ЭХХК-д гүйцэтгэх захирал”гэж гар бичвэрээр тодруулж бичсэн нь тус компанид ажил эрхэлдэг тухай зээлдэгчийн хувийн мэдээлэл харагдаж байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.Бичгээр хийх хэлцлийг 43.2.1.-д заасан, талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” тохиолдолд хийсэн гэж үзэхээр зохицуулсны дагуу иргэн Д.Э иргэн Б.М нарын хооронд хийгдсэн хэлцэл байна.

Иргэн Б.Мийн Голомт банк дахь 00000000 тоот төгрөгийн данс дахь 2019 оны 9 сарын 27-ны өдрийн орлогын гүйлгээгээр “Золбаяраас зээлдүүлэв” утгатай 15 000 000 төгрөг орж ирсэн/хэргийн 29-35дахь тал/ тухай дансны хуулгаар нэхэмжлэгч зээлийн мөнгийг иргэн Б.Мийн өмчлөлд шилжүүлсэн болох нь нотлогдоно.

Энэ үйл баримтын дараа 2019 оны 12 сарын 13-ны өдөр төлбөрийн хуваарь баримтыг зээлдэгч Б.М зээлдүүлэгч Д.Э нарын хооронд үйлдэж, зээлдэгч төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэх, хэлцлийн хариуцлага хүү анзын тохиролцоо хийгдсэн нь зээлдэгч Б.М зээлдүүлэгч Д.Э нарын хоорондын зээлийн хэлцлийн хүсэл зориг тохиролцоо хийгдсэн гэж үзэх үндэстэй, харин хариуцагч “Э” ХХК-ийн ямар нэг хүсэл зориг илэрхийлэгдсэн гэх үндэслэл байхгүй байна.   

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн өмчлөлд ямар нэг мөнгө шилжүүлсэн үйл баримт бий болоогүй байна.

“Зээлийн гэрээ”-г байгуулах үед иргэн Б.М нь “Э”ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба одоо ч тус компанийн санхүү эрхэлсэн захирал ажилтай болох талаар талууд маргахгүй байгаа, шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийг гардан авсан, “Э”ХХК мэтгэлцээнд оролцон уг нэхэмжлэлийн тайлбар нотлох баримтыг ирүүлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллаганд оролцож байгаа нь хариуцагч “Э”ХХК -ийн эрх ашиг зөрчигдсөн байдал байхгүй байна.

Иймд хариуцагчаар “Э”ХХК-ийг татаж шаардсан нэхэмжлэлийн шаардлага үндэсгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар нэхэмжлэгчид хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эын хариуцагч “Э”ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 24,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.УРАНЧИМЭГ