Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0133

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн   

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ца

Нэхэмжлэгч: Ц.Ц

Хариуцагч: Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Боловсролын сайдын тушаалаар байгуулагдсан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэг   

Нэхэмжлэлийн шаардлага: “Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Цд олгохыг даалгах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0951 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ца, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б, хариуцагч Боловсролын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, хариуцагч Боловсролын зээлийн сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч Ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0821/3

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Цгаас Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Цд олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12  дугаар сарын 12-ны өдрийн 0951 дүгээр шийдвэрээр: Боловсролын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, 24.1.1, 24.1.11-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Цгаас Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан гаргасан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Цд олгохыг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цагээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1.1 ...Нэхэмжлэгч Ц.Ц нь 2022 онд Ш э дунд сургуулийг онц дүнтэйгээр төгсөж, гадаадад их дээд сургуульд суралцах хүслийн дагуу сурч байгаад Канадын Т-ийн их сургуульд химичийн мэргэжлээр суралцах урилгыг 2024 онд хүлээн авсан. Ц нь тус сургуулийн тавьсан шаардлага, шалгалтыг бүрэн хангасан учир сургуулиас сургалтын төлбөр болох нийт 61000 канад. доллароос 25000 канад долларын тэтгэлэг авч чадсан. Үлдэх 36000 канад долларын төлбөрийг ар гэр төлсөн. Харин аав Ца нь тэтгэвэрт байдаг, хүнд өвчний учир гадаадад хагалгаанд орж эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон тул цаашид 2025 оны хичээлийн жилд суралцахад хүндрэл учирсан тул Боловсролын тухай хууль, Монгол улсын Засгийн Газрын 2025 оны 4-р сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам"-д тус тус заасаны дагуу 2025 оны 5-р сарын 23-наас 6-р сарын 23-ны өдрүүдэд болсон боловсролын зээлийн сонгон шалгаруулалтанд оролцсон болно.

3.1.2. Дээрхи журмын 3.2-т" Гадаадын сургалтын байгууллагад тэтгэлэг болон зээлээр суралцах хүсэлт гаргагч дараах баримт бичгийг бүрдүүлж, хүргүүлнэ." гэж заасанаар 3.2.1, 3.2.2, 3.2.5, 3.2.7, 3.2.9-д тус тус заасан бүрдүүлбэрийг хангаж 6-р сарын 21-ны өдөр цахимаар хүргүүлсэн. Мөн түүнчлэн журмын 3.2-т зааснаар Цгаас шаардаагүй боловч зарын дагуу голч дүнгийн хуудсыг илгээсэн. Энэ шаардлага нь дотоодын сургалтын байгууллагад суралцах тэтгэмж, хөнгөлөлт, буцалтгүй тусламж, зээлийг зохицуулсан 3.1.4 заалтанд байдагыг нь хожим мэдсэн. Ц.Ц-ийн сурлагын голч дүн нь эхний улиралд 77,0, сүүлчийн улиралд 72,0 хувь гэсэн үнэлгээтэй байсан. Ц нь 7-р сарын 7-ны өдөр бүртгэлийн дугаараараа нэвтрэн орж шалгахад журмын 2 дугаар зүйлийн 2.2.5 дахь заалтыг хангаагүй" гэсэн төлөвтэй байсан. Үүнийг эс зөвшөөрч 3.14-т заасаны дагуу Боловсролын зээлийн сангийн дэргэдэх ОТБЗөвлөлд 7- сарын 8,9-ны өдөр 2 гомдол гаргасан. Гэтэл 7-р сарын 18-ны өдөр түүний шуудангаар “...Сонгон шалгаруулалтанд тэнцсэнд баяр хүргэе... Танд сургалтын амжилт хүсье гэсэн агуулгатай э-майлийг Боловсролын зээлийн сангаас ирүүлсэн атлаа 7-р сарын 21-ний өдөр" ...алдаа гарсан тул уучлалт хүсэж, залруулга хүргэж байна гэсэн..." гэх агуулгатай э-майлыг дахин ирүүлсэн. Мөн 7-р сарын 29-ны өдөр ОТБЗөвлөлөөс " ... та журмын шалгуур хангаж ... шалгаруулалтын процесст оролцох үүрэгтэй" гэсэн э-майл ирүүлсэн. (Энэ бүх баримтууд хэрэгт байгаа)

Үүний дагуу Боловсролын яаманд гомдолоо 9-р сарын 4-ний өдөр гаргасан боловч 2025 оны 9-р сарын 18-ны өдөр 1/4278 тоотоор “...Ажлын хэсгийн дарга бөгөөд Боловсролын зээлийн сангийн даргын үүрэг гүйцэтгэгчээс ажлын хэсгийн дүгнэлт болон ОТБЗөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээх санал, дүгнэлтийг 2025 оны 08 дугаар сарын 08 өдрийн 01/883 тоот албан бичгээр ирүүлээд байна..." гэсэн хариу ирсэн. Мөн Боловсролын зээлийн сангаас 2025 оны 09дүгээр сарын 22-ны өдрийн 01/959 тоот албан бичгээр журмын 3.8, 3.9 болон 3.14 заалтыг тайлбарлаад, сонгон шалгаруулалттай холбоотой баримтуудыг АТГ авч явсан тул баримтуудыг өгөх боломжгүй гэж мэдэгдсэн. Эдгээр хариуг авсанаар манай гомдлыг авч хэлэлцэхгүй, шийдвэрлэх ямарч сонирхолгүй болох нь тодорхой болсон тул хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан болно.

3.1.3. Сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт холбогдуулан тайлангийн Ц.Цд холбогдох хэсэг, Болосролын яам, Боловсролын зээлийн санд холбогдуулан Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлттэй зээлийг Ц.Цд олгохыг хариуцагч нарт даалгах" гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэгч нь журмын 2 дугаар зүйлд заасан" Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг олгох суралцагчид тавих нийтлэг шаардлага"-ын 2.2-т "Гадаадын сургалтын байгууллагын суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна" гэж заасны дагуу 2.2.1, 2.2.2, 2.2.4, 2.2.6-д заасан шаардлагуудыг хангасан, гэтэл Хариуцагч Ажлын хэсэг нь 2.2.5-д заасан "Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, Үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улиралын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх" гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж надад зээл олгох сонгон шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэлгүй зогсоосон юм. Хариуцагч Журмын энэ заалтыг хэрэглэхдээ Цг үргэлжлүүлэн суралцагч гэж үзэж голч дүнг 75 хувиас доошгүй байхыг шаардсан. Гэтэл би үргэлжлүүлэн суралцагч биш болно. Учир нь: Журмын 11.1: Сан нь суралцагчтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулна" гэж зааснаар би урьд нь зээл авч, зээлийн гэрээ байгуулж байгаагүй тул 11.2-т "Суралцагчтай байгуулах гэрээг хичээлийн улирлын үргэлжлэх хугацаагаар байгуулах бөгөөд гэрээнд дараах зүйлийг тусгана" гэж заасанаар надтай хоёрдугаар ангиас буюу 2025 оноос эхлэн зээлийн гэрээ байгуулж болох бөгөөд хэрэв байгуулвал үргэлжлүүлэн биш элсэн суралцагч гэж үзэхээр байна.

3.1.4. Нөгөөтэйгүүр журмын 11.9, 11.9.4-т "Суралцагч сурлагын дүнгийн шаардлага хангаагүй бол санхүүжилтийг зогсоож гэрээг түтгэлзүүлэх"-ээр зааснаас үзвэл өмнө нь зээлийн гэрээ байгуулсан суралцагчийг "үргэлжлүүлэн суралцагч" гэж үзэх үндэслэлтэй байна. Журмаар 75 хувиас доошгүй байх голч дүн шаардаж байгаа нь урьд нь Боловсролын зээлийн сантай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр үүрэг хүлээсэн байх, энэхүү үүргийн биелэлтийг голч дүнг 75 хувиас доошгүй байхыг шаардаж байна, цаашид зээлээр үргэлжлүүлэн суралцуулах эсэхийг шийдвэрлэх асуудал гэж үзэх үндэслэлтэй байна. Харин Ц нь 2024 онд Дэлхийн топ их сургууль болох Т-ийн их сургуульд анх элсэн суралцахдаа журмын 2.2.5-д заасан үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага, урилга авсан байх шаардлага, 3.2.9-т заагдсан " үндсэн ангид нэмэлт нөхцөлгүйгээр суралцах эрхийг авсан байх" шаардлагуудыг бүрэн хангасан, мөн 10.4-т заасан "Гадаадын сургалтын байгууллагад суралцагч тавигдах нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна" гэж заасаны дагуу 10.4.1 ба 10.4.2-т заасныг бүрэн хангасан, 3.2-т заасан гадаадын сургалтын байгууллагад суралцах баримт бичгийн бүрдүүлбэрийг бас бүрэн хангасан, 2.2.5-т заасан " урилга авсан ..." байх тул дээрхи үндэслэлүүдээр 2.2.5-т заасан "Элсэн суралцагч" мөн гэж үзэх үндэслэлтэй.

3.1.5. Мөн гадаадын сургалтын байгууллагад зээлээр суралцахтай холбоотой 10.5-т "Үргэлжлүүлэн зээлээр суралцагчийн өмнөх улиралд авсан голч дүн 75 хувиас доошгүй оноо авсан тохиолдолд зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэн олгоно, 10.12-т "Зээлээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд ...75 хувиас доошгүй байна" гэж тус тус зааснаас үзвэл зөвхөн зээлээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд л голч дүнг 75 хувиас доошгүй байх шаардлага тавигдаж байна гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр МУ ЗГ-ын 2013 оны 271-р тогтоолоор батлагдсан (анхны журам) "Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам"-ын 1.2, 1.3, 1.4, 1.8,1.9, 1.10, 1.11, 2-р зүйл, 3-р зүйлд заасан зарчим, агуулга нь одоог хүртэл буюу 2025 оны шинэ журамд хэвээр хадгалагдаж ирсэн байдаг. Ялангуяа энэ журмын 3.1-т" боловсролын зээлийн сан нь суралцагчтай гэрээ байгуулна", 3.3-т "Сургалтын зээлийн гэрээнд талуудын эрх үүрэг,... суралцагчийн голч дүнд тавих шаардлага, ... нөхцөл зэргийг тодорхой тусгана" гэж зааснаас үзвэл суралцагчийн "голч дүн" гэдэг шаардлагаар бол зээлийн гэрээ байгуулж, гэрээний дагуу тавигдах шаардлага, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхойлсон гээд Иргэний хуулийн гэрээний эрх зүйн үндсэн шаардлага гэж үзэхээр байна. Иймд суралцагчдад зээл олгох, зээл эргэн төлүүлэх" хуучин, шинэ журмуудад зааснаар болон дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэгч нь гадаадын сургалтын байгууллагад элсэн суралцаж, анх удаа зээл авахыг хүссэн байхад урьд нь зээл авсан мэтээр дүгнэн "үргэлжлүүлэн суралцагч" гэж үзэж, голч дүнг 75 хувиас доошгүй байхыг шаардсан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тус журмаар зохицуулагдсан суралцагч нарт олгох зээлээс бусад бүх тэтгэлэг, буцалгүй тусламж, дэмжлэгүүд нь бүгд санхүүгийн буцалтгүй дэмжлэг тул шалгуурууд өөр байх нь тодорхой харагдаж байна. 2025 оны шинэ журмын зарчмын чухал өөрчлөлт бол Иргэний хуулийн дагуу "зээлдэгч, зээлийн хүсэлт гаргагч" гэдэг хууль зүйн субъектын ойлголтыг оруулж, 3-р бүлгийг нэмсэн боловч, ажлын хэсэг нь зээл хүсэгч гэдэг хууль, журмын заалтыг огт хэрэглээгүй байна. Журмын зээл олгох үйл ажиллагааны зарчмыг ойлгомжтой болгох зорилгоор үйл явцын зураглалыг хавсаргав. Иймд анхан шатны шүүх нь хариуцагч ажлын хэсгийн тайланд хүсэлт гаргагч Ц.Ц-ийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, үндэслэлгүй (захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй) баримт бичигт хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр хууль журмыг буруу хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3.1.6. Хоёрдугаарт. Хариуцагч ажлын хэсэг нь үйл ажиллагаандаа баримтлах 2025 оны 6-р сарын 20-ны өдрийн ажлын хэсгийн ахлагч О.С"БЗС-ийн санхүүжилтээр журмын 10.3-т заасан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцагчийг шалгаруулах ажлын зааварчилгаа, дэг" гэсэн баримт бичгийг өөрөө баталж, үүнийгээ сонгон шалгаруулалтандаа хэрэглэсэн гэж тайлбарлах боловч энэ дэгийг баримталсан тухайгаа шүүхэд нэхэмжлэл гаргасан цагаас эхлэн огт яриагүй, шүүхэд нотлох баримтаар урьд нь гаргаж өгөөгүй, харин 12-р сарын 9-ны өдрийн шүүх хуралдаан дээр шалгаруулалтыг ийм дэгийн дагуу явуулсан гэж хэлсэн. Ийм учраас 3 сар гаруй хугацаанд шүүхэд өгсөн тайлбартаа бичээгүй, бичгийн нотлох баримтаар огт гаргаж өгөөгүй тул шүүх хуралдаан даргалагчаас энэ дэгийг шүүхийн үзлэг хийж гаргуулахаар шүүх хуралдааныг 12-р сарын 9-ны өдөр 12 цаг өнгөрч байхад завсарлаад, 3 хоногын дараа буюу 12-р сарын 12-ны өдрийн өглөө 9 цагаас үргэлжлүүлсэн.

Гэтэл шүүх нэн даруй буюу 9, 10-ны өдрүүдэд үзлэгээ хийгээгүй, харин 11-ны өдрийн 11 цагт үзлэгээ хийсэн. Энэ үзлэгээрээ дээрхи дэг"-ийг БЗС-ийн архиваас авахад сонгон шалгаруулалтын материалын хамгийн арын хуудсанд үдсэн байсан, энэ дэгийн бичгийн формат нь өөр өөр байсан, дэгийг ажлын хэсгийн гишүүд хэзээ хуралдаж, хэрхэн хэлэлцэж, хэдэн гишүүний ямар саналаар дэгээ баталсан тухай тэмдэглэл байхгүй, дэгээ олонхийн саналаар батласан болох нь баримтаар нотлогдохгүй байна. Дэгийн 3.1-т "... 11 гишүүд сонгон шалгаруулалтын үнэлгээ өгч шийдвэр гаргана", 3.2, 3.2.3-т ажлын хэсгийн даргын үүрэгт "Гишүүдийн санал, үнэлгээнд үндэслэн эцсийн шийдвэр гаргах" гэж заасан. 3.3-т, "Ажлын хэсгийн гишүүдийн үүрэг", 3.3.1-д "Сонгон шалгаруулалтанд оролцогчдын материалыг хянан үзэж үнэлгээ өгөх", 3.3.3-т "Ажлын хэсгийн хуралд идэвхитэй оролцож, санал, дүгнэлт гаргах", 3.3.5-т "Ажлын хэсгийн даргын удирдлага доор хамтран ажиллах", 3.5.3-т "Үнэлгээний нэгдсэн дүнг хэлэлцэж хуралдаанд ирсэн гишүүдийн (50+1хувь) саналаар шийдвэр гаргаж батална" гэж тус тус заасан атлаа энэ дэгийн дагуу Цгийн материалыг хэрхэн хянаж, яаж хэлэлцсэн, ямар санал хураалтаар, хэдэн гишүүний хэдэн хувийн саналаар татгалзаж шийдвэрлэсэн нь тайланд тодорхойгүй буюу уг дэгийг хэрэгжүүлж ажилласан болох нь нотлогдохгүй байна.

3.1.7. Мөн энэ дэгийг ажлын хэсгийн дарга О.С өөрөө баталсан, гишүүдийн олонхийн санал авч, хамтын шийдвэр гаргаагүй, өөрөө өөртөө эрх хэмжээ өгч, ганцаараа шийдвэр гаргасан нь шударга бус байна.
Хариуцагч С нь шүүх хуралдаан дээр тэтгэлэг, зээл, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд бид нэгдсэн нэг дэг баримталдаг гэж тайлбарласан атлаа шүүхийн үзлэгээр гаргуулсан дээрхи "... зааварчилгаа, дэг" нь журмын 10.3-т заасан зөвхөн зээл олгоход зориулагдсан байна.

Эдгээрээс үзвэл шүүхийн үзлэг хийх хүртлэх 2 хоногт энэхүү дэгийг нөхөн бичиж архивын материалд хавсаргасан гэж үзэхээр байна. Мөн шүүх үзлэгийг 2 хоногын дараа хийснээс хариуцагчид хууль бус үйлдэл хийх боломж олгосон байна. Мөн Цд зээл олгохоос татгалзсан ажлын хэсгийн тайлан гэх баримтыг захиргааны акт гэж үзэх боломжгүй, захиргааны акт гэж үзвэл ЗХШХШ тухай хуульд заасан захиргааны актын шинжийг агуулаагүй, мөн ЗЕХуульд заасан сонгон шалгаруулалтад оролцогч надад сонсгох ажиллагааг явуулаагүй, миний эрхээ хамгаалах боломжийг олгоогүй зэргээр хууль зөрчсөн байна.

Иймд Ц.Цг Боловсролын сангийн зээлд хамрагдах болзол шаардлагыг хангасан байхад өөрөөр хэлбэл хууль журамд зааснаар дэлхийн топ сургуульд урилгаар орсон, сургуулиас 25000 канад долларын тэтгэлэгт хамруулсан, Монгол улсад хамгийн эрэлттэй мэргэжлээр суралцаж байгаа, нэгдүгээр ангидаа Монголоос зээл тэтгэлэг аваагүй, өөрийн зардлаар сурсан, голч оноогоор 2024 ондоо 72-77 хувийн үнэлгээтэй суралцсан, цаашид химийн тусгай мэргэжлээрээ Монгол улсдаа ирж ажиллах гэсэн чин хүсэлтэй зэрэг олон давуу талыг нь бодитойгоор шударга дүгнээгүй, эдгээр давуу талуудыг нь Цгийн буруу болгож, эрх зүйн байдлыг нь дордуулсан, хууль ёсны эрх ашиг, сонирхолыг хариуцагч нар ноцтой хөндсөн байхад анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийд   вэрлэсэн байдаг. Иймд дээрхи бүх нөхцөл байдлуудыг хянан үзэж анхан шатны шүүхийн 2025 оны 12-р сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ц.Ц-ийн нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б-ээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.2.1. ...Нэг. Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг Сонгон шалгаруулах 2025 оны Ажлын хэсгийн баримтлах дагаж мөрдөх үндсэн эрх зүйн баримт бичиг бол Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралт "Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам", Боловсролын сайдын 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 02 дугаар "Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад 2025-2026 оны хичээлийн жилээс суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай" удирдамж юм.

Гэтэл Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/272 дугаар тушаалын хавсралтаар байгуулагдсан сонгон шалгаруулалтыг зохион байгуулах Ажлын хэсгийн дарга О.Снь "БЗС-ийн санхүүжилтээр журмын 10.3-т заасан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцагчийг шалгаруулах ажлын зааварчилгаа, дэг" гэх эрх зүйн баримт бичгийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр өөрөө батлан гаргаж, сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд ашигласан ба ажлын хэсгийн гишүүдэд дагаж мөрдүүлсэн байдаг. Ажлын хэсгийн дарга нь энэхүү баримт бичгийн 3.2.3.-д "гишүүдийн санал, үнэлгээнд үндэслэн эцсийн шийдвэрийг гаргах", 3.2.6.-д "оролцогчдын 10-30 хувьд аудит хийж, хянаж баталгаажуулна" зэргээр өөртөө эрх олгосон байдаг.

3.2.2. Ийм эрх зүйн баримт бичиг батлан гаргах, сонгон шалгаруулалттай холбоотой Эцсийн шийдвэрийг ажлын хэсгийн дарга гаргах, оролцогчдын 10-30 хувьд нь ажлын хэсгийн дарга аудит хийж, хянаж баталгаажуулах талаар дээрх журам болон удирдамжид заагаагүй. Мөн холбогдох хууль тогтоомжоор ийм эрх олгоогүй. Гэвч "Зааварчилгаа, дэг" гэх энэхүү эрх зүйн баримт бичгийг үндэслэн ажлын хэсгийн дарга нь ажлын хэсгийн гишүүдийн гаргасан шийдвэрийг өөрийн үзэмжээр өөрчлөх, хүсэлт гаргасан иргэдийг тэнцүүлэх, тэнцүүлэхгүй байх эрхийг өөртөө олгож, түүнийгээ хэрэгжүүлсэн.

Үүний улмаас нэхэмжлэгч Ц.Ц нь ажлын хэсгийн хоёр ч шатны гишүүдийн баримт бичгийн шалгалтаар сонгон шалгаруулалт явагдсан 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр "шаардлага хангасан" гэж дүгнэгдсэн боловч ажлын хэсгийн даргын шийдвэрээр сонгон шалгаруулалт дууссан, Боловсролын сайдад урьдчилсан дүнг хүргүүлсэн, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Ажлын хэсгийн тайлан гарсны дараагаар буюу 2025 оны 07 дугаар сарын 05-ны өдөр "журмын шаардлага хангаагүй" гэж дүгнэгдсэн болно.    Ажлын хэсгийн дарга О.Снь хууль тогтоомжид заагаагүй эрхийг хэрэгжүүлж бусдын эрх ашгийг хохироосон. Гэвч энэхүү үйлдлийг анхан шүүх шийдвэрийн 17 дахь хэсэгт дүгнэхдээ "...ажлын хэсгийн дарга дахин хяналт тавьж шаардлага хангахгүй гэж тайланд тусгасныг буруутгах боломжгүй, ажлын хэсгийн дарга эрх, хэмжээгээ хэтрүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй" гэжээ. Ийнхүү дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эцсийн шийдвэр ямар гарахаас үл хамаарч ажлын хэсгийн дарга, гишүүд шийдвэр гаргахдаа дагаж мөрдөх ёстой журам, удирдамжаа баримтлах үүрэгтэй. Хэрэв тухайн шийдвэрийг гаргахдаа журам, удирдамжид заагаагүй эрхийг эдэлж, бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргаж байгаа бол тухайн шийдвэр эхнээсээ хүчингүй юм. Үр дүн ямар байхаас үл хамаарч арга нь зөв байх ёстой.

3.3.3. Хоёр.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх хэсэг болон нэгдүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудаст "нэхэмжлэгч Ц.Ц-ийн материалыг ажлын хэсэг хянасан талаарх өөрчлөлтийн түүхийг" харуулсан байгаа. Үүнд:

О.Сийлэгмаа

Хяналт

2025.06.25 10:22

Ажлын хэсгийн гишүүдэд автоматаар хуваарилав.

З.З

Баталгаажуулалт

2025.06.25 22:19

Шаардлага хангасан

Б.Б

Баталсан

2025.06.25 23:10

Шаардлага хангасан

О.С

Дахин хянав

2025.06.26 20:46

Шилжүүлэв

О.С

Журмын шаардлага хангаагүй

 

2025.07.05 12:09

Журмын 2.2.5, 3.2.9-д заасныг хангаагүй, 2024 онд элссэн, голч дүн 75%-д хүрээгүй.

Дээрх байдлаар сонгон шалгаруулалтыг таван үе шаттай явуулж, нэхэмжлэгчийг журмын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн. Боловсролын сайдын 02 дугаар удирдамжийн дагуу санамсаргүй түүврийн аргаар хүсэлт гаргасан иргэдийн материалыг ажлын хэсгийн гишүүдэд хуваарилж, ажлын хэсгийн гишүүд журамд заасны дагуу тухайн иргэний баримт бичгийг нь үнэлж үзээд шийдвэр гаргах зохицуулалттай. Гэтэл "Зааварчилгаа, дэг" гэх эрх зүйн баримт бичгийг үндэслэж, ажлын хэсгийн дарга эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй гэж ажлын хэсгийн гишүүдийн шийдвэрийг верийн үзэмжээр өөрчилж байгаа нь сонгон шалгаруулалт явуулах удирдамжийн үндсэн зорилгыг алдагдуулсан.

3.3.4. Ажлын хэсгийн гишүүд нь хараат бусаар ажиллах, сонгон шалгаруулалтад оролцогч иргэдийн баримт бичигт хувийн сонирхлоор хандах боломжийг олгохгүй байх үүднээс автоматаар хуваарилалт хийгдэж байгаа. Гэвч энэхүү ажлын хэсгийн гишүүдийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд ажлын хэсгийн дарга нь эцсийн шийдвэрийг гаргах эрхтэй гэж өөртөө эрх олгоод, өөрийн үзэмжээр сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцсон байна. Иймд энэхүү ноцтой зөрчлийг шүүх зөвтгөж үзэж болохгүй. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд үндэслэх ёстой. Хэрэв сонгон шалгаруулалт явагдсан хоёр хоногийн хугацаанд хүсэлт гаргасан иргэний баримт бичгийг шаардлага хангасан гэж ажлын хэсгийн гишүүд дүгнэж, баталгаажуулсан бол удирдамжийн дагуу тухайн шийдвэр эцсийнх байна. Тиймээс нэгэнт 2025 оны 06 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч Ц.Ц нь "шаардлага хангасан" дүгнэгдсэн бол 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын хэсгийн ажлын тайланд тэнцсэн суралцагчийн нэрсийн жагсаалтад багтах ёстой байсан гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0951 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Цгаас Боловсролын яам, Боловсролын зээлийн сан, Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсэгт тус тус холбогдуулан “Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгож, гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл Ц.Цд олгохыг даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Боловсролын яамны Боловсролын зээлийн сангийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 01/485 тоот албан бичгээр “Боловсролын сайдын 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/272 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсэг сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр гадаадын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн суралцах суралцагчдын сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлан болон шалгарсан иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсролын сайд П.Наранбаярт хүргүүлжээ. Тус албан бичгийн хавсралт “Гадаадын сургалтын байгууллагад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын жагсаалт”-ын 162 дугаарт нэхэмжлэгч Ц.Цг “журмын 2.2.5-д заасныг хангаагүй” гэх шалтгаанаар Боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй зээл олгохоос татгалзсан талаар тусгажээ.

4. Боловсролын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Монгол Улсын Засгийн газар /цаашид Засгийн газар гэх/ боловсролыг хөгжүүлэх, дэмжих талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 24.1.1-д “энэ хуулийн 11.3, 11.4, 11.5-д заасан тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, дэмжлэг үзүүлэх журмыг баталж, хэмжээг тогтоох”, 24.1.11-д “энэ хуулийн 38.8-д заасан дэмжлэг үзүүлэх, буцалтгүй тусламж олгох журам батлах” гэж, 11 дүгээр зүйлд “суралцагчийн нийгмийн баталгааг хангах талаар зохицуулсан байх бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэг, зээл олгоно” гэж,

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 215 дугаар тогтоолын хавсралтаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээл эргэн төлүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан байх ба тус журмын 1 дүгээр зүйлийн 1.4-д “Суралцагчид тэтгэлэг, сургалтын зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлт олгох, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуулийн 5.1-д заасан зарчмыг баримтална” гэж, 2 дугаар зүйлийн 2.2.5-д “Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх”, 3 дугаар зүйлийн 3.8-д “Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид Ажлын хэсэг гэх)-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон сан, их, дээд сургууль, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүний 50-иас доошгүй хувь нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл байна”, 3.9-д “Ажлын хэсгийн ажиллах удирдамжийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Ажлын хэсгийн удирдамжаар ажлын хэсгийн дотоод зохион байгуулалт болон шалгаруулалттай холбоотой санал, хүсэлтийг зохицуулна”, 3.14-т “Суралцагч сонгон шалгаруулалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд сангийн дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно” гэж тус тус зохицуулжээ.

5. Анхан шатны шүүхээс дээрх хууль болон журмын холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж “...элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 2.8 хувь буюу 75 хувиас доошгүй байх гэж заасан гадаадын сургалтын байгууллагын суралцагчийн хангах нийтлэг шаардлагыг нэгэнт хангахгүй улирлын хичээлийн голч дүн нь 2.50 байгаа болох нь тогтоогдож байх тул Гадаадын сургалтын байгууллагад суралцах суралцагчийг сонгон шалгаруулсан Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлангийн Ц.Цд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй ..., хөнгөлөлттэй зээлээр суралцахаар Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон суралцагчийн хувьд Гадаадын сургалтын байгууллагын суралцагч бүрд тавигдах журмын нийтлэг шаардлагыг дээрх байдлаар хангахгүй байгаа тохиолдолд Ажлын хэсгийн гишүүдийн шаардлага хангасан гэснийг тус ажлын хэсгийн дарга дахин хяналт тавьж шаардлага хангахгүй гэж тайланд тусгасныг буруутгах боломжгүй...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/272 дугаар тушаалаар “Гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн хөнгөлөлттэй зээлээр суралцах иргэдийг сонгон шалгаруулах үүрэг бүхий” ажлын хэсэг байгуулагдаж, сонгон шалгаруулалтыг Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдөр баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж, 06 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд сонгон шалгаруулалт хийж, нэхэмжлэгч Ц.Ц-ийн материалыг Засгийн газрын Журам шинэчлэн батлах тухай 2025 оны 215 дугаар тогтоолоор баталсан Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам-ын 2 дугаар зүйлийн 2.2.5-д “Элсэн суралцагч бол үндсэн хөтөлбөрөөр суралцах шаардлага хангаж, урилга авсан, үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх” гэж заасныг хангаагүй үндэслэлээр татгалзсан хариуцагчийн шийдвэр нь холбогдох журамд нийцсэн, нэхэмжлэгч Ц.Ц нь 2024 онд тус сургуульд анх элсэн суралцсан бөгөөд түүний өмнөх улирлын голч дүн 2.8 хувь буюу 75 хувиас доошгүй байх журмын шаардлагыг хангаагүй болох нь Канад улсын Т-ийн Их Сургуулийн М салбар сургуулийн Англи хэлнээс Монгол хэл рүү орчуулсан элсэлтийн батламж, дүнгийн хуулга /өмнөх улирлын голч дүн нь 72.0 хувь/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

7.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...зөвхөн зээлээр үргэлжлүүлэн суралцах тохиолдолд л голч дүнг 75 хувиас доошгүй байх шаардлага тавигдаж байна”,  мөн “... журмын 3.2-т зааснаар Цгаас шаардаагүй боловч зарын дагуу голч дүнгийн хуудсыг илгээсэн. Энэ шаардлага нь дотоодын сургалтын байгууллагад суралцах тэтгэмж, хөнгөлөлт, буцалтгүй тусламж, зээлийг зохицуулсан 3.1.4 дэх заалтад байдгыг нь хожим мэдсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.  Учир нь хэдийгээр журмын 3.1.4-т зааснаар дотоодын сургалтын байгууллагад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, хөнгөлөлтөөр суралцахаар хүсэлт гаргагч нь үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн хуудсыг бүрдүүлж өгөхөөр заасан боловч тус журмын 2.2-т гадаадын сургалтын байгууллагын суралцагчийн хангасан байх ёстой нийтлэг шаардлагыг заасан бөгөөд журмын 2.2.5-д “үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүнгийн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх” гэж тусгайлан заасан. Түүнчлэн журмын 5.6. Энэ журмын 5.3.2-т заасан гадаадын сургалтын байгууллагад суралцагч энэ журмын 2.2-т заасан нийтлэг шаардлагаас гадна  дараах тусгай шаардлага хангасан байна: 5.6.2. үргэлжлүүлэн суралцагч бол өмнөх улирлын голч дүн авбал зохих үнэлгээний 75 хувиас доошгүй байх гэж тус тус заасан байна.            

8. Ажлын хэсгийн даргын баталсан 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “БЗС-ийн санхүүжилтээр журмын 10.3-т заасан эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр бакалаврын түвшинд суралцагчийг шалгаруулах ажлын зааварчилгаа, дэг”-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т Ажлын хэсгийн дарга нь дараах үүргийг гүйцэтгэнэ, 3.2.6-д Удирдамжийн дагуу оролцогчдын 10-30 хувьд аудит хийж, хянаж баталгаажуулна гэж заасны дагуу ажлын хэсгийн дарга нь нэхэмжлэгч Ц.Ц-ийн бүрдүүлсэн материалыг ажлын хэсгийн бусад гишүүд хянасны дараагаар дахин хянан шалгахад журмын шаардлага хангаагүй болох нь тогтоогдсоныг хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбар зэргээр үгүйсгэх боломжгүй байх тул Ажлын хэсгийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайланд тэнцсэн суралцагчийн нэрсийн жагсаалтад Ц.Ц-ийн нэрийг оруулаагүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж хариуцагчийг буруутгах боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн “...хүсэлт гаргасан иргэний баримт бичгийг шаардлага хангасан гэж ажлын хэсгийн гишүүд дүгнэж, баталгаажуулсан бол удирдамжийн дагуу тухайн шийдвэр эцсийнх байна. Тиймээс нэгэнт 2025 оны 06 дугаар сарын 25-нд нэхэмжлэгч Ц.Ц нь "шаардлага хангасан" гэж дүгнэгдсэн бол 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Ажлын хэсгийн тайланд тэнцсэн суралцагчийн нэрсийн жагсаалтад багтах ёстой байсан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

9. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 0951 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ШҮҮГЧ                                             С.МӨНХЖАРГАЛ

      ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН

      ШҮҮГЧ                                             Н.ДОЛГОРСҮРЭН