Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

улсын яллагч  С.Солонго,

шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:11-54,

шүүгдэгч О.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Увс аймгийн Тэс суманд 1980 оны 08 дугаар сарын  11-нд төрсөн, 37 настай, эрэгтэй, баяд , бүрэн бус боловсролтой, мужааны  мэргэжилтэй, хэрэг үйлдэх  үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл-5, эхнэр, 3-н хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27-р хороо, Сэлбийн 8-р гудамжны 191 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлийн хувьд: Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 834 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж  уг ялыг  тэнсэж  1 жилийн хугацаагаар  хянан харгалзаж байсан, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Оюуны Ганбатад /РД:ХП80081117/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эрүүгийн 2016 2501 4289 дугаар 105/2017/0105/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын орчим хохирогч Х.Баясгалангийн гээгдүүлсэн виза картнаас 303.000 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ганбат мэдүүлэхдээ: Би 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэст” нэртэй хүнсний дэлгүүрт танил Оогийгийн хамт орсон. Тэгтэл Оогий энэ картыг уншуулчих гэхээр нь би картыг уншуулах гэтэл худалдагч эгч нууц дугаарыг нь асуусан тэгэхээр нь би худалдагч эгчийг та кодгүй уншуулаад өгөөч гэж гуйсан. Тэгтэл худалдагч эгч таньдаг юм байна гэж хэлээд хүнсний бүтээгдэхүүн өгөөд картыг уншуулсан. Тэр картаар 4 удаа  уншуулсан, мөн  тэр дэлгүүрт өртэй байсан өр зээлээ дарсан. Оогий  гэх залуу Солонгос улс  руу явчихсан гэсэн. Миний буруу хохиролыг барагдуулна гэв.

Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Баясгалангийн: … 2016 оны 11 дүгээр  сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дарь-Эхийн хуучин эцсийн орчим найзтайгаа уулзах гэж ирээд найзыгаа хүлээх зуураа ХААН банкны АТМ орж 10.000 төгрөг аваад таксинд 5000 төгрөг өгөөд бор хантаазны халаасанд жолооны үнэмлэхний хавтасны хамт хийсэн. Тэгээд байж байтал үл таних эрэгтэй хүн ирээд надтай юм яриад ахыгаа таньж байна уу гээд асуугаад байсан тэгэхээр би танихгүй байна гэж хэлтэл тэр ах надаас нэг шил архи аваад өгөөч гээд гуйхаад байсан би онцын юм ярихгүй байж байгаад цааш яваад найз Золзаяатай уулзаад цаг орчим автобусны буудал дээр зогсож байгаад автобусанд суугаад ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байх хугацаанд хантаазны халаасанд байсан жолооны үнэмлэхний хавтасаа үзсэн чинь “ХААН” банкны виза карт,  жолооны үнэмлэх алга болчихсон байсан. Тэгэхээр нь би “ХААН” банк руу утасдаж  хаалгаад маргааш өглөө найзруугаа утсаар залгаад мөнгө байгаа эсэхийг асуухад байхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө “ХААН” банк орж дансны хуулгаа авсан чинь “Бэст” гэх нэртэй хүнсний дэлгүүрээс таны виза картыг ашиглаж 303.000 төгрөгний бараа авсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр дэлгүүр дээр очоод найзынхаа картыг уншуулаад хэрчсэн гурил авсан, тэгтэл худалдагч нь надаас пин код асуусан тэгэхээр нь би танайх пин код асуухгүй уншуулдаг биз дээ гэж асуусан чинь өөрийнхөө нэр ус нь таарч байгаа пин кодоо мартсан үед кодгүй уншуулдаггүй түүнээс хүмүүс карт олоод уншуулдаг бараа авдаг болохоор код нэхдэг юм гэж хэлсэн. гэх мэдүүлэг/хх-н 10-р тал /

Мөрдөн байцаалтад гэрч Л.Сандагдоржийн:...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бэст” нэртэй хүнсний дэлгүүрт ажлаа хийж байтал зүс таних Ганбаа гэх нэртэй залуу орж ирээд виза карт уншуулан хүнсний бүтээгдэхүүн авсан. Би картныхаа дугаарыг хэл гэж хэлтэл уншуул уншуул гэхээр нь урьд өмнө орж гараад байдаг болохоор нь нууц дугаарыг нь дахин асуухгүйгээр картнаас 7600 төгрөг уншуулсан. Тэгтэл тун удахгүй дахиж 100 гаруй мянган төгрөг уншуулсан тэгээд таньд өөрөө төлье гэж хэлээд 60 гаруй мянган төгрөг өгөөд дараа нь дахин уншуулсан нийт 4 удаа 300 гаруй мянган төгрөг болсон байх. Сайн мэдэхгүй байна ямар ч байсан ойр ойрхон карт уншуулж хүнсний бүтээгдэхүүн авсан…Нэг танихгүй хүн дагуулж орж ирээд манай найз Солонгос улс явах гэж байгаа гэж хэлээд карт уншуулаад хүнсний бүтээгдэхүүн аваад байсан. Би тэр найзыг нь чи найзыгаа яасан их шатаадаг юм одоо болих юм биш үү гэж хэлж байсан. Би тухайн үед хүний картыг ашиглаж байгааг мэдээгүй. гэх мэдүүлэг  /хх-ийн 11-р тал/

 Хэрэгт цугларсан  бичгийн   нотлох баримтууд  болон  шүүгдэгч, хохирогчийн  мэдүүлэгээс  дүгнэхэд: О.Ганбат нь санамсаргүй гээгдүүлсэн  виза  картыг  ашиглан  дэлгүүрээс 303.000 төгрөгийн эд зүйлийг авч  завшсан байна.  

            Иймд шүүгдэгч О.Ганбат нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт Дарь-Эхийн хуучин эцсийн буудлын орчим хохирогч Х.Баясгалангийн гээгдүүлсэн виза картнаас 303.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  ял шийтгэл  оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч О.Ганбат нь Баянзүрх дүүргийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 834 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар  хорих ялыг  оногдуулж  уг ялыг  тэнсэж 1 жилийн хугацаагаар  хянан харгалзаж болох  нь  шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдов./ хх-н 22, 33-34-р тал/

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  78 дугаар зүйлийн 78.2.1-т … тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг үйлдээгүй бол  ялгүйд тооцохоор хуульчилсан ба  О.Ганбат нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 834 дүгээртэй  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хорих ялыг оногдуулж  уг ялыг тэнсэж  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийтгүүлсэн байх ба шүүхээс  уг ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй тул ялгүй  болсон байна.

 Шүүгдэгч О.Ганбат нь бусдад  учруулсан  хохирлоо  төлөөгүй тул  хохирлыг  гаргуулж  шийдвэрлэх үндэстэй байна.

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 295, 296, 297, 298  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

       

           1. Шарнууд овогт Оюуны Ганбатыг гээгдэл буюу санамсаргүй олсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1-т зааснаар Оюуны Ганбатыг 1 /нэг/ сарын/ хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч О.Ганбатад оногдуулсан 1 /нэг/ сарын  баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар О.Ганбатаас 303.000 /гурван зуун гурван мянган/ төгрөгийг хохирогч Хүрэлсумын Баясгаланд /РД:ФБ90123072/ гаргуулан олгосугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, О.Ганбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн  цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч,түүний  өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Ганбатад цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛТАНЦЭЦЭГ