Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/302

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Хохирогч Б.Д*********үү, Я.О*********л, О.Б*********аа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

Шүүгдэгч Х.Э*********х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х*********ын Э*********хад холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Э*********х нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 6 удаагийн үйлдлээр иргэдээс их хэмжээний мөнгө авч “1 сард 30 хувиар өсгөж өгнө” гэж өөрийн эзэмшлийн Хаан банкны ********* дугаарын дансаар, өөрийн төрсөн эх Н.Х*********ын ********* дугаарын дансанд шилжүүлэн авч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч Х.Э*********х нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд “Нарантүрүү” ХХК-ны баримт бичиг, тамга зэргийг зориулалтын бусаар ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 6 иргэнээс их хэмжээний буюу 118,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********* дугаарын дансаар, өөрийн төрсөн эцэг Н.Х*********ын ********* дугаарын дансанд шилжүүлэн авч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ********* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

      Шүүгдэгч Х.Э*********хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн хооронд би иргэдээс “Наран түрүү” XXК нэр дээр Хаан банкны *********, ********* дугаартай дансны нэр дээр 118         сая төгрөг авч 6 хүнтэй гэрээ хийсэн. Би иргэдээс авсан мөнгө 1 сарын 30 хувь өсгөж өгөх гэрээ байгуулсан. Иргэдээс авсан мөнгөнийхөө 45,0 сая төгрөгийг “Рlat coin” руу мөнгө хийсэн. Ер нь би анх “Рlat coin” руу мөнгө авсан иргэддээ эхний сарын хүү гэж хувааж өгсөн. Ер нь би анх “Рlat coin” руу мөнгө хийгээд өсгөөд болох юм байна гэж бодоод иргэдээс өөрийнхөө “Наран түрүү” ХХК нэр дээр мөнгө аваад буцаагаад өгөөд байж болох юм байна гэж бодоод энэ ажлыг хийсэн. “Рlat coin” унаад иргэддээ мөнгө өгч чадахаа байсан. Би ямар ч байсан энэ иргэдээс авсан мөнгөнийхөө хохиролыг заавал барагдуулна...Дахин ийм хэрэг хийхгүй...бүх хохирогч нараасаа уучлал гүсье...” гэх мэдүүлэг,

“Нарантүрүү” ХХК болон иргэн Б.Д*********үү нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 13-16-р хуудас),

Хохирогч Б.Д*********үүгээс 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 17-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Р.Оюунсайхан нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 30-31-р хуудас),

Хохирогч Р.Оюунсайханы 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 29-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Л.П********* нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 32-33-р хуудас),

       “Нарантүрүү” ХХК болон иргэн Т.Сарантуяа нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 35-36-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Я.О*********л нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 42-р хуудас),

Хохирогч Я.О*********лийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 43-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Л.О********* нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 44-р хуудас),

Хохирогч Я.О*********лийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 45-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл,  эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 47-49-р хуудас),

Хохирогч Б.Д*********үүгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр би Мөрөн сумын 7-р багт үйл ажиллагаа явуулдаг “Наран түрүү” ХХК-д очиж уулзаж захирал Х.Э*********х гэх хүний Хаан банкны ********* дугаарын данс руу нийт 30 сая төгрөг хийгээд 1 сард 30 хувь өсгөж өгнө гэж гэрээ байгуулж хийсэн. Тэгээд 1 сарын хугацаа өнгөрсөн чинь үндсэн мөнгийг маань өгч чадахгүй боллоо гээд гэрээ сунгахаар болсон. Гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаагаар сунгасан. 2022 оны 4 дүгээр сарын сүүлээр хийсэн мөнгөний хүү гэж 9 сая төгрөг авсан. Өөр бол ямар нэгэн байдлаар мөнгө аваагүй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн байдалтай байна...Үлдэх 21,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.П*********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7-р багт байрлах Хийморь хорооллын 201-р байрны 01 тоотод байрлах “Наран түрүү” ХХК түүний захирал Х.Э*********х гэх хүний ********* дугаарын данс руу 18 сая төгрөг хийсэн. Одоогоор хүү, үндсэн мөнгө ч аваагүй байгаа. Одоо бол хүү би авахгүй. Харин үндсэн мөнгө авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 60-61-р хуудас),

Хохирогч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“Наран түрүү” ХХК иргэдэд их мөнгө хүүтэй нь олгож байна гэсэн яриа гараад хүмүүс ч гэсэн тэр компанид мөнгөө их хийж 30-40 хувийн хүүтэй өсгөж аваад байхаар нь мөнгө хийхээр шийдээд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Мөрөн суманд ирээд өөрийн төрсөн эх Сарантуяагийн нэр дээр тухайн компанитай хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ байгуулан өөрийнхөө Хаан банкны 5908033235 тоот данснаас “Наран түрүү” ХХК-ны гэж компанийн захирал Х.Э*********х гэсэн хүний эзэмшлийн Хаан банкны ********* тоот дансанд 10,000,000 төгрөгийг “хөрөнгө оруулалт РР86010774” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн...Би залилуулсан мөнгөө буцааж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),

Хохирогч Я.О*********лийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр би өөрийн Хаан банкны ********* дугаарын данснаас 20,0 сая төгрөг ********* дугаарын Н.Х********* гэх хүний данс руу 1 сарын 30 хувь өсгөж өгөх болзолтойгоор хийсэн. Нэг сарын хүү гэж 3 сая төгрөг авсан. Тэрнээс хойш ямар нэгэн байдлаар мөнгө төгрөг аваагүй...Би хохирлоо барагдуулж авмаар байна...Миний хувьд шүүгдэгчээс 6,000,000 төгрөг авсан. Одоо үлдэх 14,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа...” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.О*********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 8-р хороонд байрлах “Наран түрүү” гэх нэртэй компани дээр очиж, захирал нь гэх Х.Э*********х залуутай уулзаж ярилцахад “мөнгөө манай компанид өгөөд сарын дараа тэр мөнгөө 30 хувь нэмэгдүүлж авна, үндсэн мөнгөтэйгөө авсан ч болно, манайх найдвартай” гэх зүйлс ярихаар нь би итгээд 20 сая төгрөгөө нөхөр Н.Нэргүйн ********* тоот данснаас Х.Э*********хын ********* тоот данс руу шилжүүлсэн...2 сар гаруй хугацааны дараа Х.Э*********х надад 6 сая төгрөг өгсөн...Би үлдэгдэл хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 77-р хуудас),

Хохирогч О.Б*********аагийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Х.Э*********х гэх хүнтэй уулзахад “сарын дараа мөнгийг чинь 30 хувиар баараагүй өсгөж өгнө” гэхээр нь би итгээд Наран түрүү ХХК-тай гэрээ байгуулж, өөрийнхөө 20 сая төгрөгийг хийсэн юм. Тэгээд сарын дараа мөнгөө авах гэтэл Х.Э*********х гэх хүн “мөнгө арай орж ирээгүй байна, хэд хоног хүлээгээч" гээд байхаар нь би нэхсээр байгаад 1 сар гаруй хугацааны дараа Х.Э*********х гэх хүнээс 12 сая төгрөгийг авсан юм. Одоо үлдэх 8,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний төрсөн охин Б*********аа миний нэр дээр Наран түрүү гэх компанитай гэрээ байгуулж, Б*********аа өөрийнхөө 20 сая төгрөгийг тухайн компанид хийсэн байсан. Дараа нь мөнгөө нэмэгдүүлж авч чадсангүй гэж ярьж байсан. Би уг асуудлын талаар сайн мэдэх зүйл байхгүй, миний мэдэх зүйл энэ л байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 87-р хуудас),

Н.Х*********ын Хаан банкны ********* тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 109-119-р хуудас),

Х.Э*********хын Хаан банкны ********* тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 120-128-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93, 96, 99-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ********* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Э*********х нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн хооронд “Нарантүрүү” ХХК-ны баримт бичиг, тамга зэргийг зориулалтын бусаар ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож 6 иргэнээс их хэмжээний буюу 118,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны ********* дугаарын дансаар, өөрийн төрсөн эцэг Н.Х*********ын ********* дугаарын дансанд шилжүүлэн авч баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Э*********хын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Д*********үү, хохирогч Я.О*********л, хохирогч О.Б*********аа нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Хохирогч Л.П*********гийн (хх-ийн 60-61-р хуудас), хохирогч Б.Ганзоригийн (хх-ийн 66-67-р хуудас), хохирогч Л.О*********ын (хх-ийн 77-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Гэрч Р.Оюунсайханы (хх-ийн 87-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

“Нарантүрүү” ХХК болон иргэн Б.Д*********үү нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 13-16-р хуудас),

Хохирогч Б.Д*********үүгээс 30,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 17-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Р.Оюунсайхан нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 30-31-р хуудас),

Хохирогч Р.Оюунсайханы 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримтын хуулбар (хх-ийн 29-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Л.П********* нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 32-33-р хуудас),

       “Нарантүрүү” ХХК болон иргэн Т.Сарантуяа нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 35-36-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Я.О*********л нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 42-р хуудас),

Хохирогч Я.О*********лийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 43-р хуудас),

“Нарантүрүү” ХХК болон иргэн Л.О********* нарын хамтран ажиллах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай гэрээ (хх-ийн 44-р хуудас),

Хохирогч Я.О*********лийн 20,000,000 төгрөг шилжүүлсэн тухай 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 45-р хуудас),

Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 47-49-р хуудас),

Н.Х*********ын Хаан банкны ********* тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 109-119-р хуудас),

Х.Э*********хын Хаан банкны ********* тоот дансны 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 120-128-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Э*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс хайхрамжгүй хандсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Залилах гэмт хэргийг шүүгдэгч Х.Э*********х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Х.Э*********х нь хохирогч Б.Д*********үүд 30,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 10,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Л.П*********д 18,000,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Б.Ганзоригт 10,000,000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй, хохирогч Я.О*********лд 20,000,000 төгрөгийн хохирол учруулснаас 7,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Л.О*********т 20,000,000 төгрөгийн  хохирол учруулснаас 6,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч О.Б*********аад 20,000,000 төгрөгийг хохирол учруулснаас 13,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Х.Э*********хаас 20,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д*********үүд, 18,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.П*********д, 10,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганзоригт, 13,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.О*********лд, 14,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.О*********т, 7,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Б*********аад тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Э*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.Э*********х нь урьд ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 93-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Х.Э*********х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Наран түрүү” ХХК-ний гэрчилгээ, тамга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Э*********хад буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн ********* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Х*********ын Э*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Шүүгдэгч Х*********ын Э*********хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*********хад оногдуулсан 2 (хоёр) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э*********хын цагдан хоригдсон 92 (ерэн хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Х.Э*********хаас 18,000,000 (арван найман сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.П*********д, 20,000,000 (хорин сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Д*********үүд, 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ганзоригт, 13,000,000 (арван гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Я.О*********лд, 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч Л.О*********т, 7,000,000 (долоон сая) төгрөгийг гаргуулж хохирогч О.Б*********аад тус тус олгосугай.

     6. Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Наран түрүү” ХХК-ний гэрчилгээ, тамга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Х.Э*********хад буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

      7. Эрүүгийн  ********* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э*********хад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Т.ХҮРЭЛБААТАР