| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2017/0047/э |
| Дугаар | 12 |
| Огноо | 2017-02-15 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Амар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 12
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж, шүүгч С.Насанбуян, Х.Санжидмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг
Улсын яллагч Д.Энх-Амар
Иргэдийн төлөөлөгч Ш.Баасансүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар
Хохирогч Н.Баярсайхан
Шүүгдэгч Ө.Найрамдал нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Найрамдалд холбогдох 201617000335 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3 дугаар баг, Хадын гол гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Хавхчин овогт Өлзий-Оршихын Найрамдал / РД: ЛМ 88010616/
Холбогдох хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Ө.Найрамдал нь 2016 оны 11 сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг “Бага дөрвөлж”-ийн 11-04 тоотод оршин суух иргэн Г.Чулуунбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж эрх чөлөөнд нь халдан хоолойг боох үед тухайн үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Н.Баярсайханыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж сандалыг зэвсгийн чанартай хэрэглэж нүүрэн тус газарт цохиж бие махбодид хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж, танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ө.Найрамдал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Чулуунбаатар ахын гэрт очоод мотоцикль дээрээс болж маргалдсан. Тэгээд Баярсайхан салгасан. Би түүнийг баруун гараараа цохисон. Харин сандлаар цохиогүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.Баярсайханд эмчилгээний зардалд 180 000 төгрөг өгч бид эвлэрсэн гэв.
-Хохирогч Н.Баярсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзындаа сууж байхад Найрамдал гаднаас орж ирээд Чулуунбаатар ахтай маргалдаж, хоолойг нь шахсан. Хүний хоолой боож алах гэлээ гээд би баруун орон дээрээс босч араас нь татаад түлхэж болиулах үед намайг сандлаар цохисон.Тэр үед миний баруун зовхиноос цус гарч, 1 шүд хугарсан.Баярсайхан надад эмчилгээний зардалд 180 000 төгрөг төлж бид 2 эвлэрсэн. Одоо ямар нэгэн санал гомдол байхгүй гэв.
-Гэрч Г.Чулуунбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 10 дугаар сарын сүүлээр Ө.Найрамдал нь надад өөрийнхөө мотоциклийг 50000 төгрөгөнд тавиад удахгүй авна гэсэн юм. Хэд хоногийн дараа Найрамдлын үлдээсэн мотоциклийн араа гинж хоёр алга болсон юм. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Ө.Найрамдал нь манайд орж ирээд мотоциклийн эд анги дутуу байна гээд надтай маргалдаж байгаад миний дээр гарч хоолой боосон. Тухайн үед манай гэрт байсан Н.Баярсайхан намайг өмөөрч Ө.Найрамдалыг миний дээрээс босгосон юм. Гэтэл Найрамдал уурандаа Н.Баярсайханыг сандалаар толгой руу нь цохисон. Өөр болсон асуудал байхгүй. Тухайн үед Баярсайханы нүдний хажуу талаас цус гараад, мөн нэг шүд нь ойчсон гээд байсан. Баярсайханыг Найрамдал сандалаар нэг удаа цохисон. Хөлийг нь төмрөөр хийсэн, тавцан нь мөн төмөр 20-30 см өндөр намхан сандал байсан. Найрамдал манай гэрт орж ирэхдээ халамцуу байсан. Найрамдал миний хоолойг боож байсан болохоор Баярсайхан Найрамдалыг эхлээд цохисон талаар хараагүй. Надад учирсан гэмтэл байхгүй”.. гэх мэдүүлэг / хх-ийн 11-12/
- Гэрч С.Эрдэнэтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Гэртээ байж байтал Баярсайхан согтуу орж ирсэн. Дараа нь Найрамдал согтуу орж ирсэн. Гэтэл Найрамдал манай нөхөртэй миний мотоциклийн эд анги дутуу байна. гэж маргалдсан. Тухайн үед маргалдахдаа уг эд ангиа төлүүлнэ гээд байсан. Манай нөхөр халамцуу байсан болохоор төлөхгүй гэж маргалдсан. Гэтэл Найрамдал манай нөхрийн хоолойг шахаад дээр нь гартал Баярсайхан Найрамдалыг түлхээд холдуулсан юм. Тэгэхэд Найрамдал Баярсайханыг манай гэрт байдаг төмөр сандалаар толгой руу нь нэг удаа цохисон. Тэгээд бүгдээрээ салцгаасан. Баруун хөмсөгнөөс нь их цус гараад мөн нэг шүд нь хугарсан гэж байсан. Найрамдал нь Баярсайханыг сандалаар цохих үед хажууд нь би байсан болохоор харсан юм. Баярсайхан нь Найрамдалыг цохиогүй манай нөхрийн дээр гарсан болохоор түлхэж буулгасан..гэх мэдүүлэг.../ хх-ийн 13-14/
-Гэрч Ч.Амартүвшин мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Би найз Ганболдтойгоо хамт хөдөө явах гэж байсан чинь Ганболд руу Найрамдал гээд байгаа залуу залгаад хүрээд ир гэхээр нь Ганболд бид 2 Найрамдал дээр хаягийг нь заалгаж байгаад очсон. Найрамдал 1 шил 0.75 граммын архи гаргаж ирээд бид 3 хамт тэр архийг уусан. Ингээд архиа ууж дуусаад Ганболд бид 2 явах гэсэн чинь Найрамдал айлд хүргүүлнэ гэхээр нь хамт аваад гарсан. Би Ганболдтой цаашаа хөдөө Шаргын хоолой гэх газар руу явсан. Чулуунбаатар гэж ямар хүн байдгийг мэдэхгүй. Найрамдал нь Ариунболд бид хоёртой байхдаа маргалдаж муудалцаагүй. Бага дөрвөлжийн тэнд буугаад үлдсэн. Найрамдал нэлээн согтсон байсан. ... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29/
-Гэрч Ц.Болорчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ...Манайх Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 17-06 тоотод байдаг бөгөөд би өглөө гадуур явж байгаад гэртээ 14 цагийн үед ирэхэд Найрамдал манай гэрт ерөөл нэртэй архи барьчихсан уугаад дуусгаж байсан. Удалгүй би загнаад явуулсан. Найрамдал тухайн үедээ согтолт гайгүй байсан. Манай гэрээс гараад мотоциклио жолоодоод явсан. Манай гэрээс гарсаны дараа зодоон хийсэн гэж сонссон. Миний хувьд зодооны талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-4/
-Шинжээч эмчийн 2016 оны 11-р сарын 09-ний өдрийн 466 дугаартай дүгнэлт
1. Н.Баярсайханы биед 1 шүдний булгарал, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд улайлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд 5 хувь нөлөөлнө гэх дүгнэлт
- Эд мөрийн баримтыг хэрэгт хавсаргах тогтоол / хх-ийн 6/
- Эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл
-Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 3-р багийн Засаг даргын Ө.Найрамдалын ам бүлийн талаарх тодорхойлолт /хх-ийн 69/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтууд болно.
Тус аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Найрамдалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчлэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Учир нь: шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ө.Найрамдалын “ Баярсайханыг миний араас цохих шиг болохоор нь би эргэж хараад л цохисон” гэх, хохирогч Н.Баярсайханы “ Найрамдал Чулуунбаатарын хоолойг боохоор нь би хүн аллаа шүү дээ гээд араас нь татаад түлхсэн, яг энэ үед миний ард байсан сандалаар намайг нэг удаа цохисон “ гэх мэдүүлгүүд болон хэргийн байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ө.Найрамдал нь Чулуунбаатартай муудалцах явцдаа хохирогч Н.Баярсайханы араас нь татаж, түлхсэн үйлдэлд дургуйцан сандлаар цохьсон нь тодорхой сэдэлттэй хийгээд тэрээр хохирогч Н.Баярсайханыг сандалаар нэг удаа цохьсоноос өөрөөр түүнтэй маргалдаж муудалцаагүй, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчөөгүй байна.
Өөрөөр хэлбэл, танхайрах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл хүндэтгэсэн танхайн сэдэлттэй байдаг бөгөөд шүүгдэгч Ө.Найрамдалын үйлдэлд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний дээрх шинж үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ө.Найрамдал нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн 19.00 цагийн орчимд согтурсан үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн “Бага дөрвөлж ”-ийн 11-04 тоотод оршин суух иргэн Г.Чулуунбаатарын гэрт түүнтэй өөрийн барьцаанд тавьсан мотоциклийн асуудлаас маргалдаж, хоолойг боох явцдаа уг үйлдлийг таслан зогсоох гэсэн иргэн Н.Баярсайханы толгойд сандлаар цохиж бие махбодид нь “ 1 шүдний булгарал, баруун дээд зовхинд цус хуралт, зүүн гуянд улайлт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ө.Найрамдал, хохирогч Н.Баярсайхан нарын шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, гэрч Г.Чулуунбаатар, С.Эрдэнэтуяа, Ч.Амартүвшин нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлгүүд, шинжээч эмчийн 2016 оны 11-р сарын 09-ний өдрийн 466 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ө.Найрамдалд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ө.Найрамдал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-24/ нотлогдож байгаа бөгөөд, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид эмчилгээний зардалд 180.000 төгрөг төлсөн, хохирогч Н.Баярсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 3 хөлтэй төмөр металлаар хийгдсэн бөөрөнхий сандалыг өмчлөгч Баруун-Урт сумын 5 дугаар багийн иргэн Г.Чулуунбаатарт буцаан олгохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч Н.Баярсайхан шүүгдэгч Ө.Найрамдалтай сайн дураараа эвлэрсэн нь түүний шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг мөн нотариатаар баталгаажуулсан хүсэлтэндээ: “2016 оны 11 сард Ө.Найрамдал нь надад хөнгөн гэмтэл учруулсан, би эмчилгээний зардалд 180.000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол тэмцэлгүй, сайн дураараа эвлэрсэн“ гэх хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдох бөгөөд Ө.Найрамдал нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Найрамдалд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Хавхчин овогт Өлзий-Оршихын Найрамдалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт заасныг журамлан Ө.Найрамдалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 хөлтэй төмөр металлаар хийгдсэн бөөрөнхий сандалыг Г.Чулуунбаатарт буцаан олгосугай.
5. Шүүгдэгч Ө.Найрамдал нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид эмчилгээний зардалд 180.000 төгрөг төлсөн, хохирогч Н.Баярсайхан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ө.Найрамдалд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.СУГАР
ШҮҮГЧИД С.НАСАНБУЯН
Х.САНЖИДМАА