Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/13

 

М.Ж холбогдох эрүүгийн

                                             хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, шүүгч Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.О

Шүүгдэгч М.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нарыг оролцуулан,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д гаргасан давж заалдах гомдлоор М.Ж холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: 1993 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-Алтай аймгийн Бигэр сумын 1-р багт оршин суудаг, ДВ93122530 регистрийн дугаартай, З овогт М. Ж нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Нүхт гэх газраас хохирогч А.Г хээр халтар зүсмийн, баруун талын гуян дээрээ зөв эргэсэн хас тамгатай нас гүйцсэн гүү болох 1 тооны адууг хулгайлан хохирогч А.Г 900.000 төгрөгний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Анхан шатны шүүх: Шүүгдэгч З овгийн М. Ж-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Ж-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Ж-с 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч А. Г олгож, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйл, 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Ж гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун 150 маркийн улсын дугааргүй 1.387.000 төгрөгийн үнэ бүхий мотоциклийг хурааж, мотоциклийн үнийн 1.387.000 төгрөгнөөс Иргэний хуульд зааснаар гаргуулах 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч А. Г олгож, үлдэх 487.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, М. Ж-г цагдан хорьж, ял эдлэх хугацааг тухайн өдрөөс эхлэн тоолж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М. Ж өмгөөлөгч Ж. Д шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдол, тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Шүүхээс М.Ж анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6 сарын хорих ял оногдуулсан гэж дүгнэсэн.

Миний үйлчлүүлэгч М.Ж нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хийсэн хэрэгтэй чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирлыг төлж хор уршгийг арилгасан, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар баталгаажуулсан хүсэлт гаргасаныг давж заалдах гомдолд хавсаргасан. Шүүгдэгч бусдад тусархуу, төлөв даруу зантай, бага насны 3 хүүхэдтэй, эхнэр нь зүрхний цусан хангамжийн архаг хомсдол, зүрхний хэм алдагдал оношоор гэр бүлийн хүний болон сумын эмнэлгийн хараа хяналтанд байдаг. Мөн орон нутгийн удирдлагын зүгээс энэ хүнийг засарч хүмүүжиж, нийгэмдээ төлөвшихөд анхаарч, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх талаар арга хэмжээ авч хамтарч ажиллана гэсэн хүсэлт гаргасан байгаа.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь хорих эсхүл албадан ажил хийлгэх ялын төрөлтэй. Тиймээс М.Ж биечлэн хорихгүйгээр нийгэмдээ төлөвшиж хүмүүжих боломжийг олгож хорих ялыг хуульд зааснаар тэнсэх эсхүл албадан ажил хийлгэхээр сольж, ял шийтгэлийг хөнгөрүүлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. Шүүгдэгчийн ар гэрийн байдал, эхнэрийнх нь эрүүл мэндийн байдал хүнд байна. Байнга хяналтад байдаг зүрхний архаг өвчтэй хүн юм. Иймд эхнэр, хүүхдээ асрах боломжоор хангаж, заавал хорихгүйгээр тухайн зүйл, ангид зааснаар албадан ажил хийлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эсхүл 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тэнсэх эрх зүйн зохицуулалт байгаа. Иймд энэ боломжийг олгож өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирол, хор уршгийг арилгасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болохоо мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлууд болон хувийн нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж анхан шатны шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 6 сараас 5 жил хүртэлх хугацаанд хорих болон нийтэд тустай ажил хийлгэх ялтай. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолд ял хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг дурдаж өгсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хуулийн зорилгод нийцэж байна гэж үзэж 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулсан. Анхан шатны шүүхийн 12 дугаартай шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж прокурорын зүгээс үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. М.Ж нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хохирогчид хохирлыг төлсөн тухай баримт хавсаргаж ирүүлсэн, хохирлыг бүрэн төлсөн байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтанд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнээс 900.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор заасныг өөрчилж, мотоциклийн үнийг бүхэлд нь улсын орлого болгох саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгч М.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хорих ял аваад сар болж байна. Хоригдож байх үедээ өөрийгөө засан хүмүүжүүлэх, хүний эрх, үүрэг ямар байдгийг мэдэж авсан. Хүний эд хөрөнгөд хохирол учруулсандаа гэмшиж байна. Ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Бага насны 3 хүүхэдтэй. Эхнэр маань өвчтэй учраас байнгын асаргаанд байдаг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Албадан ажил хийлгэх юмуу тэнсэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч М.Ж нь 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд Говь-Алтай аймгийн Бигэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг Нүхт гэдэг газраас хохирогч А.Г хээр халтар зүсмийн, баруун талын гуян дээрээ зөв эргэсэн хас тамгатай нас гүйцсэн гүүг хулгайлж хохирогч А.Г 900.000 төгрөгний хохирлыг учруулжээ.

Энэ үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Г өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 20-ны үед адуугаа харахад бүрэн байсан боловч 2019 оны 11 дүгээр сарын 01-нд адуугаа харахад нь буруу талын ташаан дээрээ зөв эргэсэн хас тамгатай, хээр халтар зүсмийн нас гүйцсэн бүдүүн гүү нь алга болсон бөгөөд алга болсон гүүгээ хайгаад Нүхтийн хашаан дээр очиход адуу хашсан бололтой шинэхэн мөр, бас машины мөр байсан.” тухай мэдүүлэг,  

   Гэрч Т.Д: “2019 оны 10 дугаар сарын сүүлээр гэртээ байж байхад нь М.Ж утсаар яриад “Өвөлжөөн дээрээс нэг гүү авч ирж хүнд өгөх гэсэн юм. Хөтлөөд ирэх гэсэн чинь оройтчихоод болдоггүй. Та яваад өгөөч, таниас өөр гуйх хүн байдаггүй” гээд гуйгаад байхаар нь хадам ах Г пронтер маркийн машинаар М.Ж Нүхт гэдэг нэртэй өвөлжөөн дээр нь очиж хашаатай адуунаас зөв талдаа тамгагүй, хээр зүсмийн нэг гүү барьж авч машинд ачаад сумын төвд М.Ж гадаа буулгаж үлдээсэн. М.Ж хүнээс мотоцикль авсан. Тэрний өртгөнд аймаг ачуулна” гэж хэлж байсан тухай мэдүүлэг,

Гэрч Ч.Б: “Гэрийнхээ түлхүүрийг авахаар М.Ж очиход “Хөдөө яваад адуу ачаад ирье” гэж хэлсний дагуу хамт явж Мянгайн дээд тал Нүхт гэдэг газарт хашсан байсан 10 гаран адуунаас нэг хээр зүсмийн адуу ачиж ирсэн” тухай мэдүүлэг,

Гэрч Ё.Б: “2019 оны 10 дугаар сард Даюун 150 маркийн, цэнхэр өнгөтэй мотоциклийг нь М.Ж 1.700.000 төгрөгөөр худалдан авч 800.000 төгрөгийг түүний 5323008768 дугаарын дансаар шилжүүлж, үлдсэн мөнгөнд нь бүдүүн морь өгнө гэж хэлсний дагуу хээр зүсмийн, буруу талын ташаан дээрээ эр хас тамгатай нэг тооны адууг “Миний гүү байгаа юм” гэж хэлж 800.000 төгрөгөөр тооцож өгснийг идшэнд хэрэглэсэн. М.Ж тооцоо дууссан, нэхэмжлэх зүйл байхгүй” тухай мэдүүлэг,

Гэрч С.А: “2019 оны 10 дугаар сард Ё.Б нь “М.Ж мотоциклийнхоо өрөнд авч байгаа юм” гэж хэлээд хээр зүсмийн, ташаан дээрээ хас тамгатай байсан хээр гүү ачуулсан” тухай мэдүүлэг,

“АБ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний: “нас гүйцсэн гүүний өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг 900.000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт,

“АБ” ХХК-ий хөрөнгийн үнэлгээний: “Хэрэглэж байсан Даюун 150 маркийн мотоциклийн үнэ цэнийг 1.387.000 төгрөгөөр тогтоов” гэсэн дүгнэлт,

М.Ж: “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нүхт гэх газарт А.Г адуу бэлчиж байсан. Би мотоцикльтой тууж яваад Нүхтийн хашаанд адууг хашчихаад сумын төвд оройн 19 цагийн үед очсон. Би Д ахтай уулзаад “та надад өвөлжөөн дээрээс адуу ачаад өгөөч” гэж хэлсэн. Д “хөдөөнөөс хүний машинтай ирсэн байгаа түлшийг нь хийгээд өгвөл яваад өгье” гэхээр нь би 50.000 төгрөгөнд түлш хийж өгөөд Нүхтийн өвөлжөө рүү явсан. Очиж хээр гүүг ачаад буцаад сумын төв рүү орж ирсэн. Маргааш өглөө нь би Б ачуулсан. Миний ачсан хээр зүсмийн гүү нь буруу талын ташаан дээрээ хас тамгатай, бүдүүн гүү байсан. Би тухайн мотоциклийг Б 1.700.000 төгрөгөөр худалдаж авсан, миний мотоцикль цэнхэр өнгийн, Даюун 150 маркийн, улсын дугаар аваагүй. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Ж үйлдэл нь бусдын малыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд шүүгдэгч М.Ж нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс хорих ялыг сонгож, хуульд заасан хамгийн бага хэмжээгээр буюу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

            Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуульд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сараас 5 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 5 жил хүртэл хорих ял шийтгэхээр заасан бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын төрлөөс хассан, уг гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр тус тус өөрчлөлт оруулсан байна.

            Шүүгдэгч М.Ж холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн шаардлага үүсээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг хэрэглэх нь шүүгдэгчид ашигтайгаас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх эрүүгийн хуулийн зарчимд нийцнэ.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөрүүлэх тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин анхан шатны шүүх хуралдаанаас хойш шүүгдэгч нь хохирогч А.Г гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулсан болох нь хохирогчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “М.Ж нь хохирлоо бүрэн төлсөн тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэнээс хохирлыг төлж барагдуулах тухай анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт уг мотоциклийг улсын орлого болгохоор өөрчлөлт оруулж шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/12 дугаар шийтгэх тогтоолыг 4 дэх заалтыг:

“Шүүгдэгч М.Ж нь хохирогч А.Г гэм хэргийн улмаас учруулсан 900.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай” гэж,

5 дахь заалтыг: “Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Даюун 150 маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

             2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Ж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 46 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.Б

                  ШҮҮГЧИД                            Т.Ж

                                                              Ч.Э