Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0134

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн   

Давж заалдах гомдол гаргасан:

Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б нар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: С аймгийн Засаг дарга, С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0001 дүгээр шийдвэр

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Б.Б /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Засаг даргын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 159/2025/0080/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Бэс С аймгийн Засаг дарга, С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах”-аар маргасан байна.

2. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12  дугаар сарын 24-ний өдрийн 0001 дүгээр шийдвэрээр:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 52 дугаар зүйлийн 52.1.1, 64 дүгээр зүйлийн 64.2.3, 64.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.  Нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. ...С аймгийн Засаг даргын Б/32 дугаартай захирамжийн үндэслэл болсон С аймгийн Б сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №19 тогтоолоор /Сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах санал уламжлах тухай/ асуудлыг шийдвэрлэсэн нь дор дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй болох нь тогтоогдож байхад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй. Үүнд:

1.1/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж, мөн зүйлийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно”, 65.1.1-д “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх нөхцөлүүдийн нэг хэсэг нь засаг даргад хариуцлага тооцох бодит үндэслэл бүрдсэн байх буюу уг хуулийн 65.1.1 болон 65.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүд бүрдэж бий болсон байх ёстой ба Засаг даргын үйл ажиллагааг дүгнэхийн тулд Иргэдийн хурал нь МУЗЗНДНТУТ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.5-д “Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”; 35.1.6-д “тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх”; мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4-д “Засаг дарга Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн Хуралд тайлагнана” гэж тус тус заасан зохицуулалтын дагуу хэрэгжүүлэхээр хуульчилсан.

Гэвч бодит байдалд тухайн өдрийн болон өмнөх хурлуудаар МУЗЗНДНТУТ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 35.1.6 дахь хэсэгт заасан Засаг даргын тайланг огт хэлэлцээгүй болох нь тухайн хурлын тов тогтоосон баримт, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

3.2. Иргэдийн хурал Засаг даргыг огцруулах асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн тохиолдолд МУЗЗНДНТУТ хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.7-д “хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд хууль, дэгээр тогтоосон журмын дагуу шийдвэрлэнэ. Хуулийн дээрх зохицуулалтад заасан хурлын бүрэн эрхэнд зөвхөн Хуульд заасан үндэслэлээр засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэхээр заасан. Харин хуульд заасан үндэслэлд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй боловсруулсан гэх үндэслэл огт байхгүй.

3.3. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн №19 тогтоолыг гаргахдаа 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн “Сумын Засаг даргын 2025-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүгнэсэн тухай” гэх 15 дугаартай тогтоолыг үндэслэл болгосон байдаг. Сумын хурал нь 15 дугаартай Тогтоолыг гаргахдаа хуралдаанаар хэлэлцэх асуудалд ороогүй асуудлаар шийдвэр гаргасан байх бөгөөд 2025 оны 6 сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэлээр тогтоогдсон. Хурлын энэ үйл ажиллагаа шийдвэр нь МУЗЗНДНТУТ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг мөн сумын хурлын 2024 оны 12 сарын 03-ны өдрийн 8 дугаартай тогтоолоор батлагдсан Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны нийтлэг дэгийг 3.2-т “Тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдаагүй асуудал хэлэлцүүлэхийг хориглоно”, 9.1-д “Хуралдаанаар холбогдох хууль журамд заасан шаардлагыг хангасан, хэлэлцэх асуудлын дараалалд орж батлагдсан асуудлыг хэлэлцэнэ” гэж тус тус заасан зохицуулалтыг шууд зөрчсөн байна.

3.4. Сумын Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлуулж, хууль, иргэдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үүргийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн хуралд тайлагнаснаар тухайн хурал нь Засаг даргын тайланг хэлэлцэж, үйл ажиллагааг нь дүгнэхээр хуульчилсан. Энэ үйл ажиллагаа огт хэрэгжээгүй байхад үйл ажиллагааг дүгнэж буй мэтээр, түүнийг үндэслэн засаг даргыг огцруулах санал уламжлах шийдвэрийг хууль зөрчин гаргасан 15 болон 19 дүгээр тогтоолууд нь МУЗЗНДНТУТ хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 35 дугаар зүйлийн 35.1.7 дахь хэсэгт тус тус заасан хязгаарлалтыг зөрчсөн шинжээрээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарах захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолоор “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлийг тайлбарласан ба уг тайлбарт хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол захиргааны акт илт хууль бус актад хамааруулахаар заасан байхад шүүх уг тайлбарыг анхаараагүйгээс хууль буруу хэрэглэж дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.

3.5. С аймгийн Засаг дарга нь Б/32 дугаартай захирамжийг МУЗЗНДНТУТ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 64.2.3, 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалт, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 19 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн гаргасан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан. Уг үндсэн зарчмыг төрийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг МУЗЗНДНТУТ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан заалтуудаар тус тус үүрэг болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг “Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бөгөөд түүнийг тус тусын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөнө” гэж, МУЗЗНДНТУТ хуулийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан зохицуулалтаар аливаа шатны Засаг даргын шийдвэр нь бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцсэн байхаар хуульчилсан.

С аймгийн Засаг даргын Б/32 дугаартай захирамж нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцээгүй байгаа талаар үндэслэлээ гаргаж мэтгэлцсэн боловч шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Үүнд:

1/Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа этгээдийн эрхийг хөндсөн шийдвэр гаргахаар байгаа тохиолдолд ЗЕХ-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 дугаар зүйлд Захиргааны үйл ажиллагаад хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудыг баримтлан , мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй боловч уг үүрэг хэрэгжээгүй байна.

2/Тухайлбал шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалсан бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар сумын засаг даргад хариуцлага тооцох, огцруулах санал гаргах үндэслэл бүрдээгүй тухай, үндэслэл нь бодит үнэнд болон хуульд нийцээгүй тухай, иргэдийн хурал тухайн асуудлыг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлсэн эсэх тухай асуудлыг оролцогчийн сонсох ажиллагаанд гаргасан тайлбар, 2 удаагийн сумын хурлын тэмдэглэлүүд, түүнд хамаарах бусад нотлох баримтуудаар тогтоох боломжтой байсан. Эдгээр нотлох баримтууд хуулийн дээрх заалтууд хэрэгжээгүй болохыг, мөн хариуцагч аймгийн засаг даргын “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоосон” гэх тайлбар нь үгүйсгэгдэн няцаагдаж байна.

3.6. С аймгийн Засаг даргын Б/32 дугаартай захирамжийн "Захирамжлах н хэсгийн 1 дэх заалтад захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тодорхой заагаагүй байгаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна: 40.2.3. захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;” гэж заасан зохицуулалтын зөрчсөн байдаг.

Хариуцагч С аймгийн засаг дарга нь шийдвэрлэх асуудлаа хуульд нийцүүлэн гаргахын тулд хуульд заасан хугацааны асуудлыг анхаарах ёстой.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т "Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ." гэж, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 64.4-т "Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана гэж тус тус заасан боловч эдгээр тогтоосон хугацааны заалтууд зөрчигдсөн үндэслэлийг огт үнэлээгүй. Тухайлбал:

1/Сумын хурал нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1, 65.1.2-т заалтыг үндэслэн "Сумын засаг даргын 2025-2028 үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүнгэсэн тухай" 15 дугаартай Тогтоолоо 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан. Хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэн бий болсон гэж үзэж Сумын хурлын даргаас "хурлын тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай А/23 дугаартай захирамжаа 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдөр гаргаж, хуралдааны товыг 7 сарын 8-ны өдрөөр тогтоож, хэлэлцэх асуудалд "Сумын Засаг даргыг огцруулах" гэж захирамжилсан. Гэвч энэ хуралдаан болоогүй.

2/Хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэн бий болсон гэж үзэж Хурлын дарга болон нэр бүхий төлөөлөгчид 2025 оны 7 дугаар сарын 22-ны ыдөр 05 дугаартай бичгээр санал гаргасан байдаг. Засаг даргыг огцруулах тухай асуудлаар, үндэслэл нь бий болсон гэх өдрөөс хойш 17 хоногийн дараа буюу 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хэлэлцэж, Сумын засаг даргыг огцруулах санал уламжлах тухай 19 дүгээр Тогтоол гаргасан нь хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэх хугацааг зөрчсөн.

3/Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Сумын засаг даргыг огцруулах санал уламжлах тухай" 19 дүгээр тогтоол албажиж, Засаг даргад 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүргэгдсэн. Хуулийн 65 дугаар зүйлийн 64.4-т хурлын саналын дагуу сумын Засаг даргыг огцруулахаар бол 14 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хугацаа 3 хоногоор хэтэрсэн байсан ч Засаг дарга хууль зөрчин шийдвэр гаргасан.

3.7. Хариуцагч аймгийн засаг дарга нь захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоосон гэх боловч санал гаргагчдын үндэслэлийг бодит үнэн гэж үзсэнээс бус оролцогчийн сонсох ажиллагаанд гаргасан тайлбарын үндэслэлд хамаарах тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь захиргааны актын хувийн хэрэг, шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна. Энэ нь Үндсэн хуулийн тэгш байдлын зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Захиргааны шийдвэр гаргах үйл ажиллагаанд дээрх хуулийн зөрчлүүд буюу тэгш байдал, хууль дээдлэх зарчим зөрчигдсөөр байхад үл хэрэгсэж гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр /Захиргааны акт/ нь хууль дээдлэх зарчим, хуульд нийцсэн байх шаардлагад нийцээгүй хууль бус шийдвэр байхад шүүх "... засаг дарга нь улс төрийн албан тушаалтан учраас түүнийг огцруулах асуудалд Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох үндэслэл хамааралгүй.." гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн нь илтэд үндэслэлгүй буюу ойлгомжгүй байна.

Иймд дээрх үндэслэл, нотлох баримтуудыг анхааран үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Бэс С аймгийн Засаг дарга, С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох, С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын Б/32 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн үндэслэлээ “...2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хэлэлцэх асуудал хэлэлцэхээр батлагдсан. Гэтэл хэлэлцэх асуудалд ороогүй Засаг даргын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт өгөх асуудлаар Сумын Засаг даргын 2025-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг хангалтгүй гэж дүгнэсэн тухай 15 дугаар тогтоолыг хууль зөрчин, хүч түрэн гаргасан нь Засаг даргын хуулиар хүлээсэн үүрэг, бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломж, ажлаа тайлагнах хугацаа олголгүйгээр хурлын шийдвэр, хууль биелүүлээгүй мэтээр үйл ажиллагааг дүгнэсэн нь илтэд хууль бус ажиллагаа болсон. ...Засаг даргыг огцруулах үндэслэл бий болж, огцруулах санал гаргасан өдрөөс хойш Хурал 17 хоногийн дараа хэлэлцэж, Сумын Засаг даргыг огцруулах санал уламжлах тухай 19 дүгээр тогтоолыг гаргасан. ...С аймгийн Засаг дарга нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд, хуулиар тогтоосон журмыг хэрэгжүүлсэн эсэх, тухайн хурлаар сумын Засаг даргад хариуцлага тооцох, огцруулах санал гаргах үндэслэл бүрдсэн эсэх, Засаг даргад хариуцлага тооцох үндэслэл бодит үндэслэлд нийцсэн эсэх талаар бодит нөхцөл байдлыг нарийвчлан тогтоогоогүй, ...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан саналын дагуу сумын Засаг даргыг огцруулахаар бол 14 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан хугацааг 3 хоногоор хэтрүүлсэн...” хэмээн тайлбарлан маргасан.

4. Анхан шатны шүүхээс Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж ...2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Засаг дарга Б.Б-ийг Хурлын шийдвэрийг болон нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр огцруулахаар шийдвэрлэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч, Хурлын дарга нарт олгосон бүрэн эрхийн хүрээнд гарсан саналын дагуу хуралдаж, Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэр гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасантай нийцэж байна. ...19 дүгээр тогтоолыг 15 дугаар тогтоолтой шууд холбох байдлаар илт хууль бус гэж тогтоох хууль зүйн үндэслэлгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.7-д заасан хязгаарлалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасанд хамаарахгүй, ... Хурлын шийдвэрийг үндэслэн С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамжаар сумын Засаг даргыг огцруулсан нь хууль зөрчөөгүй байна...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

5. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; 35.1.6.тухайн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийн талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх; 35.1.7.хуульд заасан үндэслэлээр тухайн шатны Засаг даргыг огцруулах талаар дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайдад санал тавих 46 дугаар зүйлийн 46.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална”, 48.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолд Хурлын дарга, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын тогтоолд Хуралдааны дарга, Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” 48.3-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлаар Хурлын дарга захирамж гаргана”, 65 дугаарын 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно” гээд 65.1.1-д “Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.1.2-т “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн” гэж тус тус заажээ.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, тус сумын Засаг дарга болон Хурлын даргыг огцруулахаар нэр бүхий төлөөлөгчид болон Засаг даргаас бичгээр ирүүлсэн саналын дагуу С аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/27 дугаар захирамжаар “1. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус VIII хуралдааныг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хуралдуулах, 2. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцүүлсүгэй гээд 2.1. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгогдсон албан тушаалтнуудын асуудал” гэж тус хурлаар хэлэлцэх асуудлыг баталж, холбогдох баримтыг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 06-ны өдрүүдэд төлөөлөгчдөд тараасан. 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн ээлжит бус 8 дугаар хуралдаанд нийт 25 төлөөлөгчөөс 24 төлөөлөгч оролцож, Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэснээр тус асуудлыг хэлэлцэж, санал хураалтад оролцсон 23 төлөөлөгчийн 13 төлөөлөгч дэмжиж, 10 төлөөлөгч татгалзсанаар 56,5 хувийн саналаар санал хураалтыг хүчинтэйд тооцож, Сумын Засаг дарга Б.Б-ийг “Хурлын шийдвэрийг болон нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр огцруулах санал уламжлах тухай 19 дүгээр тогтоолыг гаргасан болох нь тус өдрийн хуралдааны тэмдэглэл, ирцийн бүртгэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Дээрх хуулийн зохицуулалт, маргааны үйл баримтуудаас үзэхэд, Засаг даргыг огцруулах талаар санал гаргах эрх нь тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байх тул бүрэн эрхийн хүрээнд гарсан саналын дагуу хуралдаж, Засаг даргыг хуульд заасан хугацаанаас өмнө огцруулах үндэслэл бий болсон гэж үзэж, “Сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах санал уламжлах тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж аймгийн Засаг даргад хүргүүлсэн, энэ Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул уг тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарах захиргааны илт хууль бус акт гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

8. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.3-т “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан, 64.4-т “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” тус тус зааснаас үзэхэд, сумын Засаг дарга Б.Б-ийг огцруулах саналыг үндэслэн сумын Засаг даргыг огцруулж шийдвэрлэсэн С аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан байх тул хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

9. Түүнчлэн, Захиргааны хэргийн шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргах ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохоор маргаж буй 19 дүгээр тогтоолыг гаргах болсон шалтгаан болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь нам, эвслийн бүлгээс Засаг даргыг огцруулах эсэх асуудлаар санал гаргахтай холбоотой буюу “...Засаг дарга нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагааны хөтөлбөрөө иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлуулж, хууль, иргэдийн хурлын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, үүргийн хэрэгжилтийн талаар жил бүр тухайн хуралд тайлагнаснаар тухайн хурал нь Засаг даргын тайланг хэлэлцэж, үйл ажиллагааг нь дүгнэхээр хуульчилсан атал уг үйл ажиллагаа огт хэрэгжээгүй байхад үйл ажиллагааг дүгнэж буй мэтээр, түүнийг үндэслэн засаг даргыг огцруулах санал уламжлах шийдвэрийг хууль зөрчин гаргасан...” гэх гомдолд дурдсан улс төрийн шийдвэр гаргах болсон шалтгаан, нөхцөл бүхий үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй, энэ нь захиргааны хэргийн шүүхийн хяналтад хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БААТАРХҮҮ

      ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

      ШҮҮГЧ                                                          Н.ДОЛГОРСҮРЭН