Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/14

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор А.О

Хохирогч Г.Н, түүний өмгөөлөгч М.Э

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Д, Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.А болон түүний өмгөөлөгч Ж.Д, Д.Б нарын давж заалдах гомдлоор Д.А холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн, Дэлгэр сум, Баянхонгор багт оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 308 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 256 цаг албадан ажил хийлгэх ял, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 253 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ял, Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЕ89030619 регистрийн дугаартай, Ц овогтой Д. А.

 Шүүгдэгч Д.А нь “... 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Н тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлий хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овгийн Д. А-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.А 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иржгэр иштэй хутгыг устгаж, Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Г.Н хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн цахим үнэмлэх шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учируулах гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хэт яллах талыг барьж, бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсэн.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу авагдсан эсэх дээр хуулийг буруу тайлбарлаж, дүгнэлт гаргасан. Хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хоёр удаагийн мэдүүлгийг яллах талын гэм буруутайд тооцсон нотлох баримтаа болгосон. Тус мэдүүлгүүдийг авахдаа хохирогч Г.Н Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг сануулж мэдүүлэг авсан байдаг. Г.Н болон Д.А нар нь гэр бүлийн гишүүд байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсгийг ноцтой зөрчиж мэдүүлэг авсан.

Шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа шинжээч томилсон тогтоолоо дүгнэлт гаргасаны дараа танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1.4 дэх хэсэг, 27.2 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Хохирогч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ би болсон явдалыг санахгүй байна би их согтуу байсан, миний буруутай үйлдэл байсан гэсэн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зөрүүтэй эргэлзээтэй байхад шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн, мөн хавтаст хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгийг яллах талын нотлох баримт болгож, болсон байдлыг гуйвуулж, гүтгэж гэм буруутайд тооцсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдал нотлогдоогүй байхад дүгнэлт хийж гэм буруутайд тооцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул хүчингүй болгож, Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүгдэгч Д.А өмгөөлөгч Д.Б шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо:Миний үйлчлүүлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Н тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байна.

Өмгөөлөгч миний бие нь дээрх шийтгэх тогтоолтой танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шийтгэх тогтоолд: “...тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Д.А гэм буруутай болох нь хэсэгт хохирогч Г.Н мэдүүлэг, гэрч Г.Д мэдүүлэг, гэрч Э.М мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож  байна гэж дүгнэжээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Г.Н мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтэй зөрүүтэй мөн өөрийн мэдүүлэгт өгсөн хутгалуулсныг гэрч Э.М харсан гэх боловч гэрч Э.М мэдүүлэгт өгсөн үйл баримтууд зөрдөг зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болж болохгүй гэж заасны дагуу нотлох баримтаар үнэлж болохгүй нөхцөл байдал байгааг шүүх анхаараагүй.

Мөн миний үйлчлүүлэгч нь дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас хойш гэрчээр болон яллагдагчаар хэргийн үйл баримтыг тогтвортойгоор мэдүүлдэг мэдүүлэг нь гэрч Э.М мэдүүлэгтэй үйл баримтын хувьд тохирдог энэхүү мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т заасны дагуу гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байгаа нь нотлох баримтаар үнэлэх боломжтой байсан.

Гэтэл шүүх дээрх мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй байхад нийцсэн гэж дүгнээд шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд:

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд энэхүү яллагдагчаар татсан тогтоол нь 1-р хавтаст хэргийн 108 дугаар талд нотлох баримтаар авагдсан байх бөгөөд тогтоолын он, сар, өдөр бичигдсэн тогтоолын дугаар бичигдээгүй төдийгүй тогтоолын ТОГТООХ хэсгийн 1-т мөн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 133 дугаартай яллах дүгнэлтэд /хх-207/ .....Г.Н тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж..... үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай.....гэж хуульд байхгүй үндэслэлийг заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг нь зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэх зүйлчлэл байх бөгөөд хутга бол зэвсэгт орохоос эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоолд дурдсанчлан тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга гэдэг утгыг илэрхийлэхгүй юм. Энэхүү прокурорын тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17-т заасан хуулийн шаардлага хангаагүй хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байгаа нь хүчин төгөлдөр бус байх юм.

Мөн яллах дүгнэлтэд заасан дээрх алдааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.4-т заасан нөхцөл байдал илэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.1.3-т тус тус заасны дагуу хэргийг прокурорт буцаах байтал хэргийг шүүхэд шилжүүлэн гэм буруугийн хурлаар хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-т заасны дагуу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна.

Иймээс дээрх үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.    

 

Шүүгдэгч Д.А шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолдоо: Д.А миний биеийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн хэлтсээс “...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Н тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэсийг нэвтэлсэн шарх, хэвлий хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт” холбогдуулан шалгаж Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 6 жилийн хорих ялаар шийтгэсэн болно. Энэхүү шийтгэх тогтоолыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд намайг гэм буруутайд тооцож хорих ял өгсөнд гомдолтой байна.

Учир нь миний бие тухайн өдөр архи согтууруулах төрлийн ундаа хэрэглээгүй эрүүл байсан учир болсон бүхий л үйл явдлыг маш сайн санаж байснаа маш тодорхой мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгийн явцад үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн. Миний мэдүүлэг нь гэрчийн мэдүүлгээр давхар нотлогдож байхад шүүх анхаарч үзэлгүй хорих ял өгсөн гэж үзэж байна.

Миний тухайн өдрийн болсон үйл явдлыг тогтвортойгоор үнэнээр мэдүүлж байгаа нь миний өөрийн тогтвортой мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлэг мөн хохирогчийн шүүх хурлын хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүд зэргээр нотлогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч Г.Н давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шийтгэх тогтоолд Д.А түүний өмгөөлөгч Ж.Д гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Г.Н би 2019 оны 08 дугаар сарын 10-нд өөрийн хүргэн ах болох Д.А гэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ очиж хувийн харилцааны улмаас зүй бус авирлаж, цээжин хэсэгт нь цохиж улмаар үргэлжлүүлэн зодох гэж араас нь хөөсөн нь миний буруу байгаа.

Би Цагдаагийн газарт өөрөө гомдол гаргаагүй, тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн зарим зүйлийг сайн санахгүй байгаа.

Би одоо хүргэн ах Д.А 3-6 насны 2 хүүхдийг харж асарч байна. Миний төрсөн эгч Г.Д гадаад улс руу явах гээд Улаанбаатар хотод байгаа.

2019 оны 08 дугаар сард сумын хэсгийн төлөөлөгч А эмнэлэг дээр ирж надаас мэдүүлэг авахдаа хүргэн ахынхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж хууль сануулаагүй, шууд тулгаж хөтлөж мэдүүлэг авч байсан.

Анхан шатны шүүхийн тогтоолд шүүх хуралдаан дээр ярьсан зүйл бүрэн тусгагдаагүй байгаа нь бас ойлгомжгүй байна.

Иймд дээр дурьдсан нөхцөл байдлыг харгалзан уг хэргийг тал бүрээс нь харж үнэн зөвөөр шийдвэрлэж, Д.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурорын дүгнэлт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.А нь “... 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан баг Сэрх 2-5 тоотод байх гэртээ хохирогч Г.Н  хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлий хөндий дэх шингэн хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулжээ.

 

Энэ үйл баримт нь хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13-р хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17-р хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Н өгсөн: “...А хандаж чи урьд миний эгчийг олон удаа зодож цохиж байсан. Одоо амьдарвал зүгээр амьдар, эсвэл сал гэсэн чинь Д.А чи миний амьдралыг заах юм уу? пизда минь гэхээр нь миний уур хүрээд цээжин хэсэг рүү нь цохисон чинь А уурлаад би чамайг хутгалаад алчихья гээд гартаа хутгатай босоод ирсэн. Э.М ах бид 2-н дундуур орж салгахаар нь би А чи миний эгчийг ингэж зовоож байхаар намайг чаддаг юм бол алчих гэсэн чинь Д.А гэрийн зүүн талд гартаа барьж байсан хар иштэй хутгаараа шууд миний зүүн доод хэвлийн хэсэг рүү дүрсэн чинь Г.Д миний дүүг алчихлаа гэж орилоод 2 хүүхдээ авч гэрээс гарч зугтаасан” гэсэн мэдүүлэг /1хх23/, “...би хутгалуулаад газар унасан. Тэгсэн хажууд ямарч хүнгүй би ганцаараа үлдсэн байсан. Би босоод тэдний хоолны шкаф, хаалганы дотор талд гараараа дарж түшээд гарсан. Тэр үед миний гарын цусны мөр гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх26/,

 Гэрч Г.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...тухайн өдөр би эхлээд 2 хүүхдээ аваад гэрээс гарсан бөгөөд намайг гарсаны дараа гэрт бөөн юм болж байгаад миний араас хэсэг хугацааны дараа Э.М гарч ирээд А Г.Н хутгалчихлаа. Д цагдаагийн дугаар хэд вэ гэж асуусан. А, Н хоёр зууралдаж гэрээс гарч ирээгүй. Би гадаа байсан болохоор сайн мэдэж байна...” гэсэн мэдүүлэг /1хх28-рт/ ,

Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нэг харсан чинь Д.А гэртээ мах эвдэж байсан хутгаа гартаа барьсан байхаар нь би гар руу нь цохиж хутгыг нь унагаасан. Тэгсэн Г.Н, Д.А цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би Г.Н цааш нь түлхчихээд эргээд харсан чинь Д.А нөгөө хутгаа гартаа барьчихсан байсан. ...Тэгээд дахиад ноцолдоод нэг мэдэхэд Д.А Г.Н хутгалсан байсан... Тэгээд би Д.А хутгалчихлаа гэдгийг мэдээд дуудлага өгсөн... ” гэсэн мэдүүлэг /1хх33-34рт/

Гэрч М.М өгсөн: “...2019 оны 08 сарын 10-ны өдөр 16 цагийн үед сумын төв дээр Д.А, Г, бид гурав А машин дотор хөзөр тоглоод байж байсан чинь Б, Г.Н, Э нар ирээд Н, Б хоёр жоохон халамцуу намайг хамт архи уух уу? гэхээр нь би тоглож байна архи уухгүй гэсэн чинь хажуугаас Г Н чи согтуу байна одоо явж амар гэхэд Н Г маргалдаад машин руу нь өшиглөөд байхаар нь А бид хоёр болиулаад Г яваад Б, Д.А, Г.Н бид дөрөв Б хашаанд гурван шил архи уусан. Гэхдээ Д.А тэр архинаас уугаагүй. Тэр өдөр би архи их уусан болохоор нэлээн согтоод тасарсан. Нэг ухаан орсон чинь гадаа нэлээн харанхуй болсон А хашаанд сэргэсэн бөгөөд Д хоёр хүүхэдтэйгээ хашааны дотор талд уйлаад сууж байхаар нь очоод юу болсон талаар асуухад хүн алчихлаа гэхээр нь А гэр лүү орсон чинь Г.Н гэрийн зүүн хэсэгт гэдсэнээс нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.А 2019 оны 08 сарын 14-ний өдрийн 242 дугаартай “...1. Г.Н биед хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдсийг нэвтэлсэн шарх, хэвлийн хөндий дэхь шингэн хуралдалт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-61-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн практикт ахуйн хэрэглээний хутгийг зэвсэг гэж дүгнэн хэрэг маргааныг шийдвэрлэж ирсэн жишиг байна. “Зэвсэг” гэдэгт иж бүрдэл бүтцийн хувьд амьд болон бусад биетийг устгах, гэмтээх мөн бие хамгаалах болон дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгслийг хамааруулан ойлгож, галт болон хүйтэн, хийн, үйлдвэрийн гар хийцийн гэж зааглан үзэж тайлбарлаж иржээ. Нэр томъёоны  тухайд зэвсэг эсхүл зэвсгийн чанартай зүйлийн алин болохоос хамаарч Д.А холбогдох хэргийн зүйлчилэлд нөлөөлөхөөргүй байх тул энэ үндэслэлээр хэргийг прокурорт буцаах боломжгүй байна.  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар  мэдүүлэг өгөгч “...өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх...”  эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирогч Г.Н, шүүгдэгч Д.А нар хадам ах, хүр дүүгийн хамааралтай боловч Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Гэр бүлийн гишүүн гэж “ гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд  болон төрөл садангийн хүнийг “ хэлнэ гэх тодорхойлолтод хамааралгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг яллагдагчаар татсан прокурорын тогтоолд дугаар тавигдаагүй байдал нь хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарахгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.А үйлдэл нь зэвсэг хэрэглэж хохирогч Г.Н эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

  Шүүхээс шүүгдэгч Д.А Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял нь гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирчээ.

Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ж.Д, Д.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/15 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ж.Д, Д.Б нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А цагдан хоригдсон 57 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.Э

                  ШҮҮГЧИД                               Т.Ж

                                                                   Ш.Б