| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
| Хэргийн индекс | 123/2018/0010/З |
| Дугаар | 123/ШШ2018/0016 |
| Огноо | 2018-06-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 123/ШШ2018/0016
| 2018 оны 06 сарын 16 өдөр | Дугаар 123/ШШ2018/0016 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Иргэн Б.Цгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Ц ЗДд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ц, хариуцагч Төв аймгийн Цээл сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат, Б.Уянга, гэрч Л.Мөнхжаргал, шүүх хуралдааныг нарийн бичгий дарга Г.Шаравдорж нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Баатарцэнд овогтой Ц, 2003-2009 оны хооронд Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний Их сургуульд суралцан, их эмч мэргэжлээр суралцан төгсөж, 2011 он хүртэл Төв аймгийн Лүн сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилласан. Дараа нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны үед Цээл сумын Засаг даргын албыг хашиж байсан М.Ганбат нь Цээл сумын Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллах саналыг тавьж, улмаар уг саналыг миний бие хүлээн авч, 2011-2014 он хүртэлх хугацаанд 3 жил тогтвор суурьшилтай ажиллах гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Уг гэрээнд 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан тохиолдолд тариалангийн газар, байшин барих, хашаа барихад дэмжлэг үзүүлэх нөхцлийг тусгасан бөгөөд 2011 оны 08 сараас гэрээ байгуулж, гэрээний хугацаанд миний зүгээс төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргалгүй, өөрийн хариуцсан ажлыг зохих ёсоор гүйцэтгэж ирсэн. Ингээд Засаг дарга М.Ганбаттай байгуулсан 3 жилийн гэрээ нь 2014 оны 08 сард дууссан бөгөөд миний бие уг гэрээний хугацаа дууслаа гэх шалтгаанаар гэрээг цуцлалгүй, үргэлжлүүлэн 2017 оны 10 cap хүртэл ажилласан.
Тус сумын Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбат нь албан ажлаа хүлээлгэн өгч, 2016 оны 11 дүгээр сард С.Цагаанбаатар нь тус сумын Засаг даргаар томилогдон ажиллаж эхэлсэн цагаас миний бие С.Цагаанбаатартай хамтран ажиллах боломжгүй болсон. Учир нь Засаг даргаар томилогдсон С.Цагаанбаатар нь 2017 оны 01 дүгээр сараас эхлэн миний бие Эрүүл мэндийн байранд амьдарч байхад уг байрыг чөлөөлж өгөх талаар удаа дараа хууль бус шаардлага тавьж, улмаар бид хоёрын албаны болон хувийн харилцаанд үл ойлголцох асуудал үүсч, улмаар 2017 оны 10 cap хүртэл "чамайг ажиллуулахгүй, зайл" гэж албан тушаалын дарамт, шахалт үзүүлсээр байсан тул миний бие Цээл сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн.
Миний бие тус сумын Эрүүл мэндийн төвийн даргаар 2011-2017 оны 10 cap хүртэл нийт 6 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллахад Засаг даргаар ажиллаж байсан М.Ганбат надтай байгуулсан гэрээний дагуу 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 117 дугаартай захирамжаар 93 га газрыг газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарган, улмаар миний бие 93 га газрыг 0375753 дугаартай газар ба 2011-2017 он хүртэлх хугацаанд жил бүр газар эзэмших гэрээний дагуу Газрын тухай хуульд зааснаар тухайн эзэмшиж байгаа газрын нөхөн төлбөрийг төлж байсан, мөн гэрээний зориулалтаар ашиглаж ирсэн.
Гэвч одоо Ц ЗДар ажиллаж байгаа С.Цагаанбаатар нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр А/444 тоот захирамж гарган, миний 0375753 дугаартай газар эзэмших эрхийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр хүчингүй болгосон хууль бус захирамж гаргасныг миний бие 2017 оны 04 дүгээр сард бусдаас мэдэж, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Цээл сумын Засаг даргын тамгын газрын архиваас хуулбарлан авч, албан ёсоор газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар мэдсэн.
Уг захирамжинд дурьдсан үндэслэлийг харахад 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 117 дугаар захирамжаар надад газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгох, гэрээний заалтыг зөрчсөн, тогтвор суурьшилтай ажиллаагүй гэх зэргээр хууль бус үндэслэлгүй заалтыг баримтлан хүчингүй болгож байгаа нь төрийн албаны ашиг сонирхлыг уландаа гишгэж, хувийн ашиг сонирхлыг илүүд үзэж байгаа нь илт байна гэж үзэж байна.
Миний бие 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 117 дугаартай Засаг даргын захирамжаар ямар нэгэн газар эзэмших эрх аваагүй, газар эзэмших гэрээний дагуу жил бүр хураамжаа төлж, улмаар 2011-2016 оныг хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласаар ирсэн байхаад үндэслэлгүй зүйл бичсэн байгаад гомдолтой байна. Энэ газраа буцааж авах хүсэлтэй байна. Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажлыг хийдэг учраас сумын Засаг даргын Тамгын газраар байнга л орж гардаг байсан. Намайг Засаг даргын Тамгын газар орох болгонд Уянга, Атраа нар хэдэн га газар хэр их ашиг авсан гэж асуудаг байсан. Ингэж мэдээ өгдөг юм байна гэдгийг нарийн сайн мэддэггүй байсан. Цээл сумын иргэд өөрийнхөө газар дээр тариа тарих боломжгүй нь хүмүүст зөндөө л түрээсэлдэг. Ганбат Засаг даргатай утсаар ярихад миний мэдэхийн 2, 3 хүн л гэрээ байгуулсан гэж хэлсэн, яг нарийн нэгэндээ түрээслээд албан ёсоор гэрээ байгуулдаг хүн маш цөөхөн байдаг гэж хэлж байсан. Нараа эгчийн хүүтэй найз болохоор түрээсэлсэн. Албан ёсны гэрээ байгуулаад түрээсэлсэн зүйл байхгүй ч гэсэн Нараа эгчийн хүүтэй үе тэнгийн, байнга нэгнийгээ гуйдаг болохоор 800.000 төгрөг л авсан. Ханш нь бол 1 500 000- 2 000 000 төгрөг байдаг юм байна лээ. Сумын эмнэлэг 2, 3 жил эмчгүй байсан. Сумын ард иргэдийн эрүүл мэндийн байдал онц ноцтой, хүмүүс өвчтэй байсан ийм үед надтай гэрээ байгуулахдаа л надад давуу эрхээр газар олгож байна гэж ойлгосон. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар "Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 дугаартай захирамжийг хууль бус" гэж үзэж байгаа тул тус шүүхэд хандаж байгаа ба уг хууль бус захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Ц ЗД С.Цагаанбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай сумын Эрүүл мэндийн төв нь их эмч, сувилагч зэрэг тусгай мэргэжлийн боловсон хүчнээр байнга дутмаг байдаг бөгөөд гэр бүлийн хамтаар тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтээ Баатарцэнд овогтой Ц нь 2011 онд гаргасан тул хүсэлтийг хүлээн авч, эхнэр Д.Анхмандахын хамт 2011 оны 06 дугаар сараас эхлэн Эрүүл мэндийн төвдөө эрхлэгч болон багийн эмчээр томилж ажиллуулсан. Сумын Засаг даргын зүгээс Б.Цд итгэл хүлээлгэж аль болох удаан хугацаанд ажиллах нөхцөлийг бүрдүүлж, нийгмийн баталгааг нь ханган, гэр бүлийн хэрэгцээний 0,07 га газар, хашаагаа барих модны зөвшөөрлийг хөнгөлөлттэйгээр олгож, хамт олны хүчээр хашааг нь бариулсан. Мөн өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь анхаарч, ажиллаж байх хугацаандаа ашиглах 18536384389591 нэгж талбарын дугаар бүхий тариалангийн 93 га газрыг анх "Буман тариа" ХХК-с хураан авч, Б.Цд 2011 оноос эхэлж эзэмшүүлсэн. Б.Цгийн ажил үүрэг, ёс зүй, хувийн харьцаатай нь холбогдуулан иргэдээс 2017 оны 09 дүгээр сард ирүүлсэн өргөдөл гомдлыг өөрт нь танилцуулахад эсэргүүцэн уурлаж, ажлаа хаяад ор сураггүй олон сараар алга болсон. Эхнэртээ удаан хугацаагаар чөлөө олгон, Солонгос улс руу явуулсан. Мөн тариалангийн газар эзэмших хугацаандаа гэрээнд заасан нөхцөл болзолыг биелүүлээгүй дараах зөрчлийг гаргасан байна. Үүнд: 1. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших гэрээнд эзэмшил газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулах бол Засаг даргаас зөвшөөрөл авч, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, бусдад газрыг дур мэдэн түрээсээр удаа дараа ашиглуулсан. Түрээсэлж байсан этгээдүүд нь ээлжлэн тариалалтын агротехнологийн горимыг байнга зөрчиж, тосны ургамал буюу рапсыг жил дараалан тариалж, газрын төлөв байдал, чанар, үржил шимийг доройтолд оруулж байсан. Газар ашигласан хугацааны мэдээ тайланг газрын даамал, хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэнд гаргаж өгөөгүй байна. Тухайн үед Засаг даргаас нийт иргэддээ төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэхэд анхаарч Газрын тухай хуулийн 29.3 дахь заалтын дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлэх, нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэсэн хуулийн заалтыг зөрчин Б.Цд дээрх газрыг ашиглуулахаар олгосон байна. Б.Ц нь ажлаа хаяж, цаашид ажиллахгүй болсон. Мөн Газрын тухай хуулийг удаа дараа зөрчиж байсан тул газар эзэмших эрхийг цуцалж, хуулийн дагуу хураан авсан. Манай сум нь Төв аймгийн үр тарианы 25%-ийг дангаараа үйлдвэрлэдэг Залуучууд сангийн аж ахуйгаас үүссэн тул иргэдийн дийлэнх олонх нь газар тариалангийн салбарт олон жил ажилласан, энэ давуу эрхээрээ газар эзэмшиж амжаагүй иргэд олон байгаа юм. Сумын Засаг даргаас дээрх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж хуулийн үндэслэлтэйгээр хураан авсан тул эмч Б.Цгийн нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат, Б.Уянга нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цгийн хувьд газар эзэмших гэрээгээ зөрчсөн. Энэ нь 2012 оноос хойших агро тайлангийн мэдээгээр нь нотлогдож байгаа. Би тариалалтын мэдээ өгдөг байсан талаар мэддэггүй байсан гэж хэлж болохгүй, жил болгон мэдээ өгдөг, мэдээгээ өгөөгүй хүмүүстэй хариуцлага тооцож, жил болгон газар эзэмших гэрээг дүгнэдэг. Б.Ц нь Засаг даргын Тамгын газраар орж ирдэг байсан ч гэсэн бид нартай уулздаггүй би өөрөө дуудаж тариалалтын талаар нь асуудаг байсан. Засаг даргын зөвшөөрөлгүйгээр газраа бусдад түрээсэлсэн гэсэн шалтгаанаар газар эзэмших гэрээг нь цуцалсан. Газар эзэмших гэрээг 2012 оны 02 сарын 08-ны өдөр нэг л удаа байгуулсан. Түүнээс хойш газар эзэмшүүлэх гэрээг дүгнэж байгаагүй. Газар эзэмшүүлэх гэрээний 3.7, 4.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Газар эзэмших гэрээг 1, 2 дугаар улиралдаа дүгнэдэг. Энэ хугацаанд Б.Ц ирж газар эзэмшүүлэх гэрээгээ дүгнүүлж байгаагүй. Утсаар яриад миний газрын төлбөр хэд байна гэж залгадаг. Чиний газрын төлбөр чинь тэд байна шүү ирж уулзахгүй юм уу гэхэд завгүй байна гэдэг байсан гэжээ.
Гэрч Л.Мөнхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Засаг дарга М.Ганбат, Б.Ц бид гурав гэрээ байгуулж байсан. Хавтас хэрэгт байгаа гэрээ бид гурвын байгуулсан гэрээ мөн байна. Энэ гэрээний эх хувь нь сумын Засаг даргын Тамгын газрын архивт байх ёстой. Б.Ц надад гэрээ байгаа юу гэж хэлж байсан. Би гэрээг сумын Засаг даргын Тамгын газрын архивт хайсан боловч олдоогүй. Б.Цтой байгуулсан гэрээний дагуу сумын төвд А зэрэглэлийн байрлалд газар өгч хашаа барьж, хашааг нь будаж янзалсан. 50 га газрыг өөрт нь 50 га газрыг гэр бүлийн хүнд нь өгсөн. Газрыг нь эзэмшүүлэхдээ Б.Цгийн эхнэрт тусад нь газар эзэмшүүлээгүй. Б.Цогцолбоогийн нэр дээр бүгдийг эзэмшүүлэхээр гаргаж байсан шиг санагдаж байна. Гэрээний дагуу өвлийн идшинд зориулж хонь өгч байсан. Гэрээний дор гараар бичсэн хэсгийг би өөрөө бичсэн. Анхлан гэрээ байгуулахдаа 3 жилээр байгуулсан. Түүнээс хойш гэрээг дүгнэх, сунгах тал дээр дахиж яригдаагүй. Би Засаг даргын Тамгын газрын даргаар ажлахаа больсон учраас гэрээг сунгах талаар дахиж яригдаагүй байх гэж бодож байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчээс Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 тоот захирамжийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрх хүчингүй болгох тухай А/444 дугаар захирамж[1][1]-аар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн захирамжлах нь гээд нэг дэх хэсэгт сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Баатарцэнд овогтой Ц нь сумын Эрүүл мэндийн төвд тогтвор суурьшилтай ажиллах талаар Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, өөр орон нутаг руу ажлаа хаяж явсан тул 93 га газрыг эзэмшүүлсэн 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамжийн Б.Цд хамаарах хэсэг, 0323262 дугааратай газар эзэмших эрхийн гэрчилгээг ... газрыг төрийн мэдэлд эргүүлэн авсугай гэсэн шийдвэрийг гаргажээ.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрээний нөхцөл, болзлыг зөрчилсөн зүйл байхгүй. Цээл суманд 2011 оноос 2017 оныг хүртэл 6 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилласан. Мөн хугацаанд жил болгон Газрын тухай хуулинд зааснаар газраа эзэмшиж, нөхөн төлбөрийг төлж байсан. С.Цагаанбаатарыг Засаг даргаар томилогдсон өдрөөс эхлэн хамтарч ажиллах боломгүй болсон учир өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай Засаг даргын захирамжаар ямар нэгэн газар эзэмших эрх аваагүй, газар эзэмших гэрээний дагуу жил бүр хураамжаа төлж, улмаар 2011-2016 оныг хүртэлх хугацаанд газрыг зориулалтын дагуу ашигласаар ирсэн байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж маргасан.
Харин хариуцагч тал нь Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Цгийн ажил үүрэг, ёс зүй, хувийн харилцаа холбоотой иргэдээс ирсэн гомдлыг өөрт нь танилцуулахад эсэргүүцэн ажлаа хаяад ор сураггүй олон сараар алга болсон. Өөрийн эхнэртээ удаан хугацаагаар чөлөө олгож Солонгос улс руу явуулсан. Тариалангийн газар эзэмших хугацаандаа гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлээгүй. Сумын Засаг даргаас зөвшөөрөл авалгүй дур мэдэн түрээсээр газраа удаа дараа бусдад ашиглуулсан. Газрыг нь түрээслэсэн хүмүүс нь тариалангийн агротехнологийн горимыг байнга зөрчиж тосны ургамал рапсыг тариалдаг. Газар ашигласан хугацааны тайлан мэдээг газрын даамал, хүнс хөдөө аж ахуйн мэргэжилтэнд өгөөгүй гэж маргажээ.
Маргааны үндэслэлд холбогдуулан үзвэл нэхэмжлэгч Б.Ц 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Цээл сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамал Б.Уянгатай газар эзэмшүүлэх гэрээ[2][2] байгуулжээ. Тус гэрээний 6.2-т зааснаар газар эзэмшүүлэх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд үүнээс хойш гэрээ сунгаагүй буюу ямар нэгэн гэрээ байгуулаагүй болохоо нэхэмжлэгч шүүх хуралдаанд анх энэ гэрээг байгуулсан санагдаж байна, түүнээс хойш ямар нэгэн гэрээ байгуулаагүй гэж тайлбарласнаар дээрх газар эзэмших гэрээний хугацаа 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс дууссан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д ... газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болохоор хуульчилсан тул нэхэмжлэгч Б.Цгийн газар эзэмших эрх нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс дуусгавар болсон байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.Цд газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 117 дугаартай захирамж[3][3] нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3 дахь заалтыг үндэслэж Цээл сумын Зөөхий гэх газарт нэгж талбарын 18537387442210 дугаар бүхий 93 га газрыг эзэмшүүлэхдээ, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйл 29.3-т Багийн иргэдийн Нийтийн Хурлын санал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн, тариалангийн газрыг газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан Засгийн газраас тогтоосон журмын дагуу давуу эрхээр эзэмшүүлж болно. Нэг иргэнд давуу эрхээр эзэмшүүлэх тариалангийн газрын хэмжээ нь үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэл байна гэж заасан болон Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дахь хавсралтын Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай журам-ын 2 дахь заалтад Газар тариалангийн салбарт гурваас доошгүй жил ажиллаж түүний ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олж байгаа, түүнчлэн энэ салбарт өмнө нь гурваас доошгүй жил ажиллаж ургацын борлуулалтаас үндсэн орлогоо олдог байсан иргэн хүсэлт гаргасан бол түүнд тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлнэ гэж заасан байхад нэхэмжлэгч Б.Цд 93 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн нь хууль болон холбогдох журманд нийцээгүй байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Цд газар эзэмших эрх нь хууль ёсоор үүсээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд миний үндсэн орлого Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн цалин байсан гэсэн тайлбар, мөн ... сумын Засаг даргатай Хамтран ажиллах гэрээг 2011 оноос 2014 оныг хүртэл 3 жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажиллахаар байгуулсны дагуу надад энэ 93 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн, багийн нийтийн хуралд хүсэлт гаргаж байгаагүй ... гэсэн тайлбар зэргээр Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан шаардлага, болзлыг хангаагүй нэхэмжлэгчид энэ хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан ... газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... тухайн шатны Засаг дарга гаргана гэж заасныг зөрчин газар эзэмшүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагчаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ... өөрчлөх буюу хүчингүй болгоно гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд маргаан бүхий актыг гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд уг сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 дугаартай захирамжийг гаргасны улмаас холбогдох хууль болон журамд заасан болзол, шаардлагыг хангаагүй байсан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрхээс нэхэмжлэгч Б.Цд үр тарианы зориулалт бүхий 93 га газрыг эзэмшүүлсэн Засаг даргын 2011 оны захирамж нь хуульд нийцэж гараагүй нь нэхэмжлэгчийн хариуцах асуудал биш мэт боловч нэхэмжлэгч өөрөө холбогдох хууль, журамд заасан болзол шаардлагыг хангаагүй байж үр тарианы зориулалтаар газар эзэмшсэн болох нь нотлогдсон, мөн тухайн газар эзэмших эрх нь 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс дуусгавар болсон, хариуцагч Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 дугаартай актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй болох нь тогтоодож байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Маргаан бүхий актад газрын нэгж талбарын дугаарыг болон уг газрыг эзэмшүүлсэн захирамжийн огноог буруу бичсэн талаар шүүх хуралдаанд хариуцагч талаас залруулж тайлбар хийсэн бөгөөд нэхэмжлэгчээс энэхүү бичилтийн алдааг хүлээн зөвшөөрч надад өөр 93 га газар эзэмшил байхгүй учир энэ талаар маргахгүй гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.3, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч иргэн Б.Цгоос Төв аймгийн Ц ЗДд холбогдуулан гаргасан Төв аймгийн Цээл сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/444 тоот захирамжийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цгоос улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР