Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0136

 

 

 

 

 

 

 

 

С.Л-ийн  нэхэмжлэлтэй  

захиргааны хэргийн тухай           

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:    

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа  

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал    

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа         

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Б.Э  

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч  С.Л      

Хариуцагч Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н

Үндэсний аудитын газрын аудитын менежер С.Н

“Ю” ХХК-ийн захирал М.Э   

Нэхэмжлэлийн шаардлага: “Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/ΑΟ150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах” тухай               

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0887 дугаар шийдвэр          

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:   

Нэхэмжлэгч С.Л  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр   

Хэргийн индекс: 128/2025/0505/3        

ТОДОРХОЙЛОХ нь:        

1. Нэхэмжлэгч С.Л-оос Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, тус газрын аудитын менежер С.Н, гэрээгээр гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн захирал М.Э нарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/ΑΟ150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                  

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0887 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3.4, 2.3.5, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.3, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасныг баримтлан иргэн С.Л-ийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 146/AO150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.              

3. Давж заалдах гомдлын агуулга:    

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Б.Э нар давж заалдах гомдолдоо:    

“...”Ш” ХК-ийн 2024 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитаар "Ш” ХК-ийн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр “Ш” ХК-ийн үндсэн орон тооны ажилтан бус, харин хуулийн этгээдээрээ тусдаа бүртгэлтэй ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны сонгуульт ажилтанд урамшуулал олгосон. Учир нь нэхэмжлэгч "Ш" ХК-ийн үндсэн орон тооны ажилтан бус, харин ажлаас чөлөөлөгдсөн, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт албан тушаалтан, Үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ "хамаарна" гэсэн зохицуулалт нь ажил олгогчийн төсвөөс урамшуулал, шагнал олгох шууд санхүүгийн эрх олгож буй зохицуулалтад хамаарахгүй.

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажилтан гэдэг ойлголт нь ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж буй этгээдийг ойлгохоор тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаал нь компанийн бүтэц, орон тоонд хамаарахгүй, компанийн үндсэн үйл ажиллагааны хүрээнд гүйцэтгэх чиг үүрэггүй, компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтоор зохицуулагдахгүй бие даасан сонгуульт албан тушаалтан учир “Шивээ-Овоо” ХК-ийн төсвөөс урамшуулал авах үндэслэлгүй юм.

Тиймээс нэхэмжлэгчийг компанийн үндсэн ажилтантай адилтган үзэж, “Ш” ХК-ийн төсвийн хөрөнгөөс үр дүнгийн урамшуулал олгох нь хуульд нийцэхгүй.

Шүүхээс хамтын гэрээ, салбарын хамтын хэлэлцээрийн заалтыг баримтлан нэхэмжлэгчийг шагнал авах эрхтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т эрэмбэ тогтоосон боловч хамтын гэрээ, хамтын хэлэлцээр нь хууль тогтоомжид нийцсэн байх шаардлагатай.

Гэтэл хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбийн зохицуулалтаар тайлбарласан боловч тэдгээр нь заавал хууль тогтоомжид нийцсэн байх суурь зарчмыг орхигдуулсан. Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн заалтууд нь Төрийн хэмнэлтийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох хуулиудад нийцэхгүй байх тул хэрэгжих боломжгүй, хууль зүйн хүчин чадалгүй гэж үзэж байна.

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т заасан "хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгохыг хориглоно" гэсэн хуулийн хориглосон зохицуулалтыг хамтын гэрээнд зааснаар шагнал урамшуулал олгож болох байдлаар тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0887 дугаар шийдвэрийг хянаж бүхэлд нь хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай” 146/А0150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаар актыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.       

ХЯНАВАЛ:     

          1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч С.Л-оос гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.                 

2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.      

 

2.1. Нэхэмжлэгч С.Л-оос Үндэсний аудитын газрын Санхүү нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Ц.Н, тус газрын аудитын менежер С.Н, гэрээгээр гүйцэтгэгч “Ю” ХХК-ийн захирал М.Э нарт холбогдуулан “Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/ΑΟ150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаартай төлбөрийн актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.2. “Ш” ХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор нийт 415 гишүүн оролцсоноос 100 хувийн саналаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар С.Л-ийг томилжээ[1].  

2.3. “Ш” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/148 дугаар тушаалаар “Компанийн 2024 оны үйл ажиллагааны жилийн эцсийн үр дүнгийн үнэлгээнд үндэслэн жилийн үр дүнгийн шагналын болзол хангасан ажилтнуудын нэрсийн жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар баталж, нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний үр дүнгийн шагнал цалинг” олгохоор шийдвэрлэсний дагуу С.Л ид 2,357,201.00 төгрөгийн цалин бодогдож, 1,898,726.00 төгрөгийг гарт авсан байна[2].

2.4. Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн дагуу “Ш” ХК-ийн 2024 оны санхүүгийн тайланд аудит хийж, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 146/ΑΟ150458 СНАГ-2025/НА-СТА-ТӨҮГ дугаар актаар “Компанийн ажилтан бус, үйлдвэрчний эвлэлийн хорооны даргад 2,357,201.00 төгрөгийн үр дүнгийн шагналт цалин олгосон байна. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4. үнэн зөв байх; 20 дугаар зүйлийн 20.1.4 хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх гэж заасантай нийцээгүй байна.” гэж үзэж, 2,357,201.00 төгрөгийг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ. 

2.5. Тус маргаан бүхий акт шууд С.Л-д чиглэн гараагүй боловч “...Шивээ овоо” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Э” ХХК-ийн зүгээс дээрх мөнгийг С.Л-ийн  цалин хөлснөөс суутгана гэсэн” гэх нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үнэлж, уг акт шууд бус байдлаар нэхэмжлэгчид чиглэж, түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй байна гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

2.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэм хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалтай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог”, 4.1.8-д "хамтын хэлэлцээр" гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ”, 5.1.6-д “эвлэлдэн нэгдэх, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах, ажилтан, ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчдийн хоорондын харилцааг зохицуулах эрхийг хангах”, 32 дугаар зүйлийн 32.2-т “Бүртгэх эрх бүхий байгууллага хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг ажлын таван өдрийн дотор хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, нийцэж байвал тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг бүртгэж, мэдээллийн санд оруулна. Ийнхүү бүртгэснээр уг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр хүчин төгөлдөр болно.” 33 дугаар зүйлийн 33.3-т “Аливаа этгээд хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөндлөнгөөс оролцох, саад учруулахыг хориглоно.” гэж тус тус заасан.  

2.7. 2023 онд бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон[3] Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 2023-2024 оны хамтын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Үйлдвэрчний эвлэлийн орон тооны сонгуульт ажилтныг байгууллагын үндсэн ажилтны адил хамтын гэрээнд хамруулж, гарах зардлыг ажил олгогч бүрэн хариуцна.”,[4] 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон[5] “Ш” ХК-ийн захиргаа, ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан хамтын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2-т “Ажилчдын үйлдвэрчний эвлэлийн орон тооны даргыг өөрийн байгууллагын ажилтны нэгэн адил хамтын гэрээ, сургалтад хамруулж, шагнал, урамшуулал, удаан жилийн нэмэгдэл, жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин, хоолны болон бусад хөнгөлөлтүүдийг олгоно.” гэж заажээ.[6]

2.8. Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай БНМАУ-ын хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Үйлдвэрчний эвлэл, түүний сонгуульт ажилтныг үйл ажиллагаагаа явуулах нөхцөл, бололцоогоор хангах асуудлыг хамтын гэрээнд тусгаж хэрэгжүүлнэ. Үндсэн ажлаасаа чөлөөлөгдсөн үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтанд хамтын гэрээ нийт ажилтны нэг адил хамаарна.” гэж заасан.  

2.9. Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдсоны улмаас 2004 оноос “Ш” ХК-д ажиллаж байгаад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн ХАБ ээлжийн инженерийн албан тушаалаас чөлөөлөгдсөн[7] нэхэмжлэгч С.Л нь дээрх хууль тогтоомж, хамтын хэлэлцээр, хамтын гэрээнд заасны дагуу “Ш” ХК-ийн ажилтны нэгэн адил жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалинг авах эрхтэй байна.

2.10. Хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамтран хамгаалах зорилгоор сайн дураараа чөлөөтэй эвлэлдэн нэгдсэн “Ш” ХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргыг хариуцагч байгууллага “үндсэн орон тооны ажилтан бус харин хуулийн этгээдээрээ тусдаа бүртгэлтэй ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны орон тооны сонгуульт ажилтанд үр дүнгийн шагналт цалинг олгох ёсгүй байсан” гэж үзэж акт тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.     

2.11. Учир нь эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаад, нийцсэн гэж үзэн бүртгэж, мэдээллийн санд оруулсан дээр дурдсан хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг хууль тогтоомж зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үзэх боломжгүй бөгөөд хүчин төгөлдөр болсон хамтын гэрээ, хэлэлцээрт заасны дагуу үйлдвэрчний эвлэлийн орон тооны даргыг өөрийн байгууллагын ажилтны нэгэн адил үзэж жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалин олгосон үйлдлийг үндэслэлгүй гэж үзэх нь хууль бус байна.  

2.12. Тодруулбал, “Ш” ХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар томилогдсоны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн С.Л  нь холбогдох хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тус тус заасны дагуу “Ш” ХК-ийн ажилтны нэгэн адил жилийн болон сарын үр дүнгийн шагналт цалинг авах эрхтэй, жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нэхэмжлэгчид олгосон үйлдэл нь хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт нийцсэн байх төдийгүй Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-т “хууль тогтоомжид зааснаас өөр хэлбэрээр тэтгэмж, шагнал, урамшуулал, дэмжлэг олгох”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т “үнэн зөв байх”, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх”, Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.    

 

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2025/0887 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О, Б.Э нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.        

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.      

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                 ШҮҮГЧ                                              Д.ОЮУМАА   

 

                      ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ   

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

[1] 1 хавтаст хэргийн 237 дахь тал

[2] 1 хавтаст хэргийн 212-234 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 4 дэх тал

[4] 2 хавтаст хэргийн 5-13 хуудас

[5] 2 хавтаст хэргийн 14-16 хуудас

[6] 1 хавтаст хэргийн 201-211 хуудас

[7] 1 хавтаст хэргийн 235-236 хуудас