| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2020/01096/И |
| Дугаар | 184/ШШ2020/01516 |
| Огноо | 2020-05-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/01516
2020 05 05 184/ШШ2020/01516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Нямсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, Толгойт ... дугаар гудамж, ... тоотод оршин суух, Б овогт П-н Э /рд/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, Хилчин .. дугаар байр, .. тоотод оршин суух, Т овогт Б-н М /рд/-д холбогдох,
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Э, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Э миний бие нь 2010 онд танилцаж, 2013 оны 5 дугаар сарын 09-нөөс эхлэн уулзаж эхэлсэн. Яг нэг гэрт хамтран амьдарч байгаагүй. Бидний хүүхэдтэй болсон хугацаанд буюу 2016 оны 02 дугаар сарын 15-нд охин Цэцэглэн төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан болно. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2015 оны 10 дугаар сараас эхлэн салсан. Эхнээсээ бид хоёр нэг гэрт цуг амьдраагүй. Тэр үеэс хойш бидний охин миний асрамжинд амьдарч өсч торниж байгаа болно. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул Б-н М-г охин Э-н Ц-н эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Анхнаасаа бид хоёр хамт амьдарч байгаагүй. 2009 оноос танилцаад хааяа л уулздаг байсан ба 2015 оны сүүлээс ямар ч харилцаа холбоогүй болсон. М анхнаасаа хүүхдээ миний хүүхэд биш гээд огт хүлээн зөвшөөрдөггүй байсан учир харж хандаж байгаагүй. Анх би жирэмсэн болсноо мэдээд эм ууж байсан, тэгээд эмнэлэгт очиж үзүүлэхэд 4 сартай болсон одоо авах боломжгүй болсон байна гэсэн. Би хүүхдээ бараг 9 сартай болчихсон хойно эмчийн хяналтад орж байсан. Гэнэтийн зүйл болсон учир би энэ талаар сүүлд нь чиний хүүхэд гээд М-дхэлсэн ч зөвшөөрөхгүй байсан. Одоо хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр П.Э-гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэхийн дараах тайлбарыг хүргүүлж байна. Б овогтой М /рд:УП/ миний бие нэхэмжлэгч П.Э-тай 2013 онд танилцаж, 2015 оныг хүртэл зөвхөн найз нөхдийн холбоотой байсан. Найзалж байх ямар нэгэн дотно харилцаа байгаагүй учраас П.Э-гийн шүүхэд өгсөн нэхэмжлэх дээрхи мэдээллийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа тул үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.
Би Э-тай анхнаасаа гэр бүл болох ямар ч бодолгүй байсан. Би жирэмсэн байхад нь наад хүүхдийн чинь эцэг нь хэн юм гэж асуухад хэлдэггүй байсан. Тухайн үед өөр хүнтэй нэр холбогдож байсан учир би анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан. Бид нар хамт очиж шинжилгээ өгсөн миний хүүхэд мөн гэж гарсан учир би одоо зөвшөөрч байна. Харин хүүхдийн тэтгэлэг төлөх чадвар байхгүй. Би ажил эрхэлдэггүй, өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон. Бид анхнаасаа гэр бүл болж амьдраагүй, найз нөхдийн холбоотой л байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Б.М-д холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
П.Э, Б.М нар нь 2010 онд танилцаж, тэдний дундаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр охин Э.Ц төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, охин Э.Ц-гийн ... дугаартай төрсний гэрчилгээний лавлагаа /хх-7/,Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 2149 дугаар ДНХ-ийн шинжээчийн дүгнэлт /хх-18-19/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Б.М нь “...Э.Цг өөрийн хүүхэд мөн эсэх талаар эргэлзэж байгаа учир эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэнэ...” гэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2020/04522 дугаар захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж шийдвэрлэсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 20-ны 2149 дугаартай Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс “...Б.М нь Э.Цгийн биологийн эцэг байх боломжтой байна. 2.Б.М нь Э.Цгийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,97%-ийн магадлалтай байна.” гэсэн шинжээчийн 2149 тоот дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Ц-гийн биологийн эцэг нь хариуцагч Б.М мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 2149 дугаартай шинжээчийн дүгнэлт, тайлбар мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдлэж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч П.Э нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар хариуцагч Б.Мгаас шаардах эрхтэй, хариуцагч Б.М нь охин Э.Цг асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38.3-д эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлэгийг шүүх тогтооно гэж заасан байх тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Б.Мгаас 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Цг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Б.М, эх П.Э нар нь хүүхдүүдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх тул хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.Мд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх П.Эд тус тус даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 106,068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 38 дугаар зүйлийн 38.1 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар Т овогт Б-н М /рд/-г 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин Э.Ц /рд:/-ийн биологийн эцэг мөн болохыг тогтоож, түүнээс охин Э.Цг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,068 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгаас 106,068 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Эд олгосугай.
3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.НЯМСҮРЭН