Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/781

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Г.Түвшинбаяр,

өсвөр насны шүүгдэгч М.Б****, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Норжмаа, өмгөөлөгч А.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар:

                       

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бүргэд овогт Мөнхзоригийн Б****т холбогдох эрүүгийн 2305000001658 тоот дугаартай, хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 2006 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт тоотод оршин суудаг боловч оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бүргэд овогт Мөнхзоригийн Б**** /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар

 

 Өсвөр насны шүүгдэгч М.Б**** нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ****тоотод байхдаа гэрийн эзэн Д.Ц****ийг түр дэлгүүр гарсан хойгуур ганцаараа гэрт нь үлдсэн байхдаа зурагтын тавиур дээр байсан шүрэн толгойтой, алтан нуухтай, ясан халбагатай, ногоон хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч хохирогч Д.Ц****д 2,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч М.Б**** мэдүүлэг өгөхгүй гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Ц****ийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгийн Зүүн хараагаас найз болох Б****ийн хамт 12 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд хамт байж байгаад би Б****т нэгж авахаар дэлгүүр гараад ирсэн. Тэгээд байж байгаад Б**** манайд байж байгаад явсан. Найз охиныхоо хувцсыг бэлдэх гээд байж байхад хөөрөг байхгүйг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Т.Золзаяагийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай найз залуу Ц**** над руу 12 цагийн үед залгаад гэрийн түлхүүр байхгүй байна гэсэн. Тэгээд байж байгаад хөөрөг байхгүй байна гэсэн.

Улаан өнгийн шүрэн толгойтой ногоон өнгийн хаш хөөрөг нь манай өвөө тувааны хөөрөг юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/,

 

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,

- эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/,

- “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ. 

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч М.Б**** нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ****тоотод байхдаа гэрийн эзэн Д.Ц****ийг түр дэлгүүр гарсан хойгуур ганцаараа гэрт нь үлдсэн байхдаа зурагтын тавиур дээр байсан шүрэн толгойтой, алтан нугатай, ясан халбагатай, ногоон хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч хохирогч Д.Ц****д 2,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...өсвөр насны шүүгдэгч М.Б****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

         өсвөр насны шүүгдэгч М.Б****ийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

өсвөр насны шүүгдэгч М.Б**** нь 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ****тоотод байхдаа гэрийн эзэн Д.Ц****ийг түр дэлгүүр гарсан хойгуур ганцаараа гэрт нь үлдсэн байхдаа зурагтын тавиур дээр байсан шүрэн толгойтой, алтан нугатай, ясан халбагатай, ногоон хаш хөөргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч хохирогч Д.Ц****д 2,500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Ц****ийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгийн Зүүн хараагаас найз болох Б****ийн хамт 12 цагийн үед гэрт ирсэн. Тэгээд хамт байж байгаад би Б****т нэгж авахаар дэлгүүр гараад ирсэн. Тэгээд байж байгаад Б**** манайд байж байгаад явсан. Найз охиныхоо хувцсыг бэлдэх гээд байж байхад хөөрөг байхгүйг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад гэрч Т.Золзаяагийн өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр манай найз залуу Ц**** над руу 12 цагийн үед залгаад гэрийн түлхүүр байхгүй байна гэсэн. Тэгээд байж байгаад хөөрөг байхгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 44 дүгээр хуудас/, “Ашид билгүүн” ХХК хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 50-53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

         Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч М.Б****т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч М.Б****ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

 

Хавтаст хэргийн 85 дугаар талд авагдсан хохирогч Д.Ц****ийн “...алдсан хөөргөө буцааж авсан учир гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн талаас гаргаж өгсөн эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн 30,000 төгрөгийг хохирогчид төлсөн гэх баримт гаргаж өгсөн зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

            Шүүхээс өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан өсвөр насны шүүгдэгч М.Б****т 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 дахин багасгаж 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх...” гэх санал,

 

Өсвөр насны шүүгдэгч М.Б****ийн өмгөөлөгч: “...ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдъя. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Бүргэд овогт Мөнхзоригийн Б****ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай. 

 

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч М.Б****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ