| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/03949/и |
| Дугаар | 184/ШШ2020/01215 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2020/01215
2020 04 13 184/ШШ2020/01215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Б.Хишигбаатар, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 26 хороо, Олимп хотхон, ******* байр, ******* тоотод оршин суух ******* овгийн ******* ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг, 17 хороо, өнөр хороолол, 33 байр, ******* тоотод оршин суугч овгийн /РД:/
ажил хэргийн болон хувийн нэр төрийг сэргээж, 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, иргэдийн төлөөлөгч Н.Энхнаран, нарийн бичгийн дарга Т.Тунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Д. гэдэг хүнийг танихгүй, уулзаж байгаагүй. Д. нь 2018 оны 11 сарын 01-ний өдрийн Үндэсний шуудан сонинд Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа гэсэн ярилцлагыг сэтгүүлч М. өгснийг тус сонин нийтэлсэн байдаг. Энэ нийтлэлд 5 прокурор, 7 шүүгч, 4 мөрдөгч болон миний талаар үндэслэлгүйгээр гүтгэж бичсэн байсан. Сонинд нийтлэгдсний маргааш үндэслэлгүйгээр миний бие болон ажил төрлийн нэр хүндэд халдсан учраас ажлын газрын харьяа /Тэр үед би УЕП-ын Тамгын газрын орлогч даргын албан тушаал хашиж байсан/ Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт үндэслэлгүйгээр гүтгэгдлээ гэсэн үндэслэлээр гомдол гаргасан юм. Мөн би Үндэсний шуудан сонинг, сэтгүүлч М.Мөнхтунгалаг нарыг дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүйгээр гүтгэсэн материал нийтлэсэн гэж нэр төрд халдсан гэж гомдол гаргасан ба одоо тус шүүх дээр хянагдаж байна. Миний цагдаагийн байгууллагад гаргасан гомдлыг шалгаж явцад Чингэлтэй дүүргээс харьяаллын дагуу дүүргийн цагдаад шилжүүлж шалгах явцад олон прокурор хохирогчоор тогтоосон гэж харьяаллыг ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны зөрчил шалгах мэргэжил арга зүйн газарт шилжиж шалгасан юм. Цагдаагийн байгууллагаас шалгаад цугларсан нотлох баримтын хүрээнд гүтгэсэн байна гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.ыг 2 000 000 төгрөгөөр тогтох шийтгэл оногдуулсан юм.
Уг шийдвэрийг Д. түүний өмгөөлөгч эс зөвшөөрч, шүүхэд давж заалдсаны дагуу дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн тоот шийдвэрээр өмнө Цагдаагийн байгууллагаас оногдуулсан тоот шийтгэвэрийг хэвээр үлдээсэн юм.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдсаны дагуу Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд зөрчилд холбогдогч Д., өмгөөлөгч Г.Баасан нарын гаргасан Зөрчлийн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэх гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 сарын 18-ны өдрийн 2019/дшт 3/53 тоот магадлалаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 01-ны өдрийн дугаартай шийдвэрийг хүчингүй болгож Д.д холбогдох зөрчлийн хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан юм.
дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч 2019 оны 06 сарын 10-ны өдөр шийдвэр гаргахдаа Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан Зөрчлийн хэргийн маргаан болж байгаа эх сурвалж болох тухайн сонинг эх хувиар нь боломжгүй бол хуульд нийцүүлэн бэхжүүлж, шүүх шинжлэн судалх боломжтойгоор хэрэгт хавсаргах хэрэгтэй. Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.13 дугаар зүйлд зааснаар зөрчлийн талаар тэмдэглэл үйлдээгүй нөхөн үйлдэх замаар хуулийг нэг мөр, зөв хэрэглэх шаардлагатай гэсэн заалтыг хангалгүйгээр цагдаагийн ахмад Ц. 2019 оны 01 сарын 04-ний өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.ад 2019 оны 07 сарын 02-ны өдөр 01 дугаартай эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 08 сарын 27-ны өдөр хянан хэлэлцэж, 124 тоот магадлалаар Эрх бүхий албан тушаалтан Ц.Анхбаяр нь 2019 оны 01 сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсанд зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах үндэслэлээ тодорхой тусгаагүйгээс гадна Ш.*******, Ш., Ш. нарын 3 хүн тус тусдаа гомдол гаргасан, тэднийг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авсан атлаа шийтгэлийн хуудсан иргэн Ш.*******ыг гүтгэсэн зөрчил үйлдсэн гэж шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй болжээ. Иймд дээрх нөхцөл байдлуудыг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд нэмэлт ажиллагаа ийх шаардлагагүй гэж үзэж дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 2019/шз/466 шийтгэврийг хэвээр үлдээж прокурор Д.ын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Ингээд цагдаагийн байгууллагын ажлын хариуцлагагүй албан тушаалтнаас болж процессийн алдаа гаргаснаар би хохирч хүн гүтгэсэн нөхдүүд ямар ч шийтгэлгүй өнгөрч хүн гүтгээгүй, бидний зөв байсан гээд яриад явж байна.
Иргэн Д. нь дээрх сонинд ярилцлага өгч, хүн гүтгэснээс гадна миний ажил төрөл, албан тушаалтай холбогдуулан миний талаар Улсын Ерөнхий Прокурорын газар 10 удаа гомдол гаргаж, УЕП-ын газраас Хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан, прокурорын ёс зүй зөрсөн эсэхийг шалгахад дээр үндэслэл тогтоогдоогүй байна гэсэн агуулга бүхий хариуг Д.д 10 удаа өгсөн. Улсын Прокурорт гомдол гаргахаас гадна Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хууль зүйн дотоод хэргийн яаманд удаа дараа гаргаж миний нэр төрд халдсан. Улсын Ерөнхий Прокурорын газарт олон удаа гомдол гаргаснаас болж миний ажил албан тушаал буурсан гэж би үздэг. Намайг шалгасан дарга нар та энэ асуудлаа учрыг ол төрийн байгууллагын ажлыг энэ хүн хийлгэхгүй байна гэж байсан удаа бий. Би Улсын Ерөнхий Прокурорын газрын тамгын газрын орлогч даргын алба хашиж байгаад албан тушаал буурч, Нийслэлийн Прокурорын газрын тамгын дарга болсон нь Д.ын хүнийг үндэслэлгүйгээр гүтгэсэн үйлдэлтэй шууд холбоотой гэж үздэг. Д. нь зөвхөн намайг гүтгээд зогсохгүй өөртөө ойртсон холбогдсон хүнийг гүтгэж бичиж шалгуулдаг. Тухайлбал Д.ыг намайг гүтгэсэн асуудлыг шалгасан цагдаагийн ажилтан Анхбаярыг Цагдаагийн Ерөнхий газрын ёс зүй хэлтэст 2-3 удаа шалгуулсан гэж би дуулсан. Мөн зөрчлийн хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор ыг хүртэл УЕП-ын газарт шалгуулсан. Мөн иргэний хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн зарим шүүгч нарыг хүртэл шалгуулсан гэж сонссон. Хүн зодоод танхайн хэргээр ял аваад явахдаа хэрэгт нь хяналт тавьж байсан прокурорыг /одоо нийслэлийн ерөнхий прокурор/ *******ын захиалгаар хилс хэргээр шийтгэж шоронд явууллаа гэж олон удаа УЕП-ын газар шалгуулсан мөн Зүүн хараа дахь хорих ангид ял эдлэж байхдаа биедээ мөнгө авч явсан үндэслэлээр 2 удаа зөрчил гаргаж магадлан оруулаагүй асуудлын талаар хяналтын прокурор Баярсайхан болон Улсын Ерөнхий Прокурорын газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас 10 000 000 төгрөг нэхэмжилж одоо уг иргэний хэрэг дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр шалгагдаж байх жишээтэй.
Д. нь миний талаар гомдол гарах бүрдээ худлаа үндэслэлгүй зүйлийн талаар өөр өөр юм зохиож худлаа бичнэ. Тухайлбал манай гэрт ирсэн гэж бичнэ гэхдээ гэрийн хаяг буруу бичнэ. Надад манай гэр бүлд мөнгө өгсөн гэнэ, Надад хатгамал зураг бэлэглэсэн гэнэ энэ бүгдийг УЕП-ын дотоод хяналт шалгалтын хэлтсээс шалгаж тогтоосон байдаг. Энэ хүнийг гүтгэх худлаа юм зохиож бичих талаар мэдрэл муу, өвчтэй, хүн шиг санагддаг. Би энэ хүнийг энэ байдлаа, үйлдэлээ ойлгоод болих байх гэж их тэвчээртэй хүлээсэн, юм ойлгодог хүн бол уйчлалт гуйх байх гэж бодсон. Би Д.аас 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь миний нэр төрд халдсаны төлбөр биш, би 100 000 000 төгрөг ч нэхэж чадна. Би ядарсандаа, мөнгө олох гэж ч нэхэмжлээгүй. Энэ мөнгө нь миний болон гэр бүлийн нэр хүнд, ажил төрлийн л нэр хүндийг сэргээж, түүнийг төлж чадахгүй. Би хүний болон албаны нэр хүнд ямар үнэ цэнэтэй байдаг гэдгийг ойлгуулах гэж нэхэмжилж байгаа юм.
Иймд иргэн Ш.******* миний иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа үндэслэлгүйгээр халдаж байгаад гомдол гаргаж нэр төрөө сэргээлгэж, түүнээс 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:. Иргэн Д. нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн Үндэсний шуудан сонинд Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа гэсэн ярилцлагыг сэтгүүлч М. өгснийг тус сонинд нийтэлсэн. Энэ сонинд 5 прокурор, 7 шүүгч, 4 мөрдөгч, мөн Ш.*******ын талаар үндэслэлгүйгээр бичсэн. Энэ талаар Ш.******* Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж шалгасан. Зөрчлийн хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаад Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.21.1-т зааснаар иргэн Д.ыг торгох шийтгэл ногдуулсан. Д.ын өмгөөлөгч нар нь гомдол гаргаад дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хэлэлцэгдээд тоот шийдвэрээр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 0010023 тоот шийтгэвэрийг хэвээр үлдээсэн. Үүнийг эс зөвшөөрч Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Д. болон түүний өмгөөлөгч нар гомдол гаргасан байдаг. Энэ гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдахь шатны шүүх 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хэлэлцээд магадлалаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тоот шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүний дараа 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр маргааныг зөрчлийн хэргийн маргаан болж буй эх сурвалж болох тухайн сонинг эх хувиар нь оруулах боломжгүй нийцүүлэн бэхжүүлж, шүүх шинжлэн судлах боломжтойгоор хэрэгт хавсаргах хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.13-т зааснаар тэмдэглэл үйлдээгүй асуудал нь хуулийг нэг мөр хэрэглэх нь зүйтэй гэсэн заалтаар шийтгэвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт прокурор эсэргүүцэл бичсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Д. нь Улсын Ерөнхий прокурорт Ш.*******ад холбогдуулж 10 удаа гомдол гаргасан. Үүнд Улсын Ерөнхий прокуророос хууль зөрчсөн, Прокурорын ёс зүй зөрчсөн асуудал тогтоогдохгүй байна гэсэн хариу удаа дараа өгч байсан. Ийнхүү удаа дараа гаргасан гомдлоос Улсын Ерөнхий прокуророос Ш.*******ын албан тушаалыг бууруулж, Нийслэлийн прокурорын газрын тамгын даргаар томилсон гэж Ш.******* үзэж байгаа. Сонинд үндэслэлгүйгээр ярилцлага өгч, нийтлэл хэвлүүлж, нэр төрд халдсан гэж үзэж байгаа тул нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Мөн ажил, албан тушаал буурч, нэр төр үндэслэлгүйгээр гутаасан асуудал дээр 10,000,000 төгрөг нэхэмжилж байна.
Хариуцагч тал нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж яриад байна. Үндэсний шуудан сонинд нийтэлсэн асуудал нь нэр төрд халдсан, үүнийгээ ойлгохгүй байна. Дүү, бэр зодоон, нүдээн яриад байна, тэр тусдаа асуудал. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Яагаад гэвэл Ш.*******ад халдаж яриагүй гээд байна гэтэл тэр хүний нэр байгаа, тэр хүнийг тодотгож яриад Ш.*******ын нэр төрд халдаад байна. Үүнээс харахад сонин дээр нийтлэгдсэнээр нэр төрд халдсан асуудал тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7 гэж яриад байна. Хоёр төлөөлөгч нь хэргийн материалаа харсан уу, дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүх дээр Ш.*******тай холбоогүй, Батсүх гэж хүний нэхэмжлэл хэрэгт байгаа, үүнийг анхаарна биз. Сонинд гүтгэсэн асуудал нь өмнө дурдсанаар нэр бүхий шүүгч, прокурор бүх хүмүүст хандаж гомдол гаргасан, шалгуулсан. Энэ асуудлыг зохих ёсны хүмүүс, байгууллага шалгаад Д. гэдэг хүнтэй холбоотой асуудал байхгүй байна гэдэг тогтоогдсон. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангах үндэслэлтэй байна.
Зөрчлийн хэрэг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд яагаад унасан гэхээр цагдаагийн алба хаагч хэрэг бүртгэлийн процессын алдаа гаргасан учраас шийдвэр хүчингүй болсныг хэлье. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд Ш.******* нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч миний бие доорхи хариу тайлбар гаргаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.1-д зааснаар шүүхэд үнэн зөв, тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй гэж зааж өгсөн байх бөгөөд намайг огт танихгүй, уулзаж байгаагүй гэж гөрджээ.
Огт танихгүй хүний гэрт очиж дайлуулж, дүү нарт нь мөнгө зээлээд, уулзаж учраад явдаг ёс байна уу. Ш.*******ын авгайн дүү нар намайг гэрт нь очиж байсан болохыг нотлоно. Төрийн албан хаагч өндөр ёс зүйтэй, нэр төрөө хир тоос хүргэмгүй хэмжээнд авч явах учиртай. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ. Би нэр төрөө 10 000 000 гэж үнэлж байна, 100 000 000 төгрөгөөр ч үнэлж чадна ч гэх шиг ойлгомжгүй нэхэмжлэл гаргажээ. Нотлох баримт энд ч бий, тэнд ч бий гэх шиг ойлгомжгүй зүйл нэхэмжлэлдээ дурьджээ. Иймд 100 000 000 төгрөгөө багасгаад 10 000 000 болгож байгаа нь ямар хохирол учирсан болохоо нотлож чадаагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэр төртэй холбоотой олон хэрэгт орсон. Мундаг том прокурорын бичсэн нэхэмжлэлийг уншаад ойлгосонгүй, юугаар, яагаад хохирсон асуудал байгааг ойлгохгүй байгаа. Хохирсон асуудал Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар албан тушаал бууруулсан асуудал Д.тай холбоотой гэсэн гомдол гаргаад байх шиг байна. Албан тушаал буурсан шалтгаан нь Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-ийн дагуу буурсан гэх боловч яг буурсан гэх баримтыг үзээгүй, тэр баримт ямар баримт байдгийг мэдэхгүй байна. Шүүхээс удаа дараа Улсын ерөнхий прокурорын газраас Ш.*******ын албан тушаал буурсантай холбоотой баримт шаардсан. Улсын ерөнхий прокурорын газар албан тушаал чөлөөлсөн баримт өгөхөөс татгалзсан. Яг албан тушаал буурсан шалтгааныг тодруулахаар Улсын ерөнхий прокурорын газарт бид нар олон удаа хандахад бидэнд баримт гаргаж өгөх боломжгүй, шүүхэд гаргаж өгнө, хувь хүний нууцтай холбоотой гэсэн ба энэ тухайгаа шүүхэд хандаж хүсэлт тавьж, шүүх хүсэлтийг хангасан боловч мөн Улсын ерөнхий прокурорын газар шүүхэд баримт өгөхөөс татгалзсан. Өөрийн албан тушаалыг 10 000 000 төгрөг гэж үнэлээд байгаа бол буурсан шалтгаан юу талаар тодруулах гэтэл Улсын ерөнхий прокурорын газар шүүхэд баримт өгөхөөс татгалзсан. Яагаад татгалзсан бэ гэхээр албан хүсэлтэд хариу өгдөг хүн, эрх бүхий этгээд Тамгын газар байдаг. Нэхэмжлэгч өөрөө тамгын газрын хүн. Ш.*******ын нэхэмжлэл дээр гүтгэсэн гэж юуг хэлээд байгааг ойлгох гээд хайлаа, сонин дээр гүтгэсэн зүйл байхгүй, надад мөн манай гэр бүл мөнгө зээлсэн гэнэ гэж Д. ярьсан гээд байгаа, тэр хэзээ ч Ш.*******ад мөнгө зээлсэн гэж хэлээгүй нь Д.ыг гүтгэсэн байна. Ш.*******ын эхнэрийнх нь дүү, бэр гэсэн хүмүүс мөнгө зээлсэн, Ш.*******тай хамаарал бүхий хүмүүс юм. Яг яаж гүтгээд, юугаараа хохирсон бэ, сонин дээр бүхэл бүтэн нэг нүүр нийтлэл байгаа. Нийтлэлээс нэхэмжлэгч өөрөө гүтгэсэн эсэхээ нотлох ёстой. Нэхэмжлэлийн эхний хуудас дээр Д.ыг огт танихгүй гэж бичсэн байна. Д. өөрийнх нь өрөөнд ороод хаана суудгийг нь хэлж чадна, дараа нь хоёр удаа уулзсан түүхтэй. Прокурор хүн хүнийг гүтгэж болдог, өөр хүн үнэнийг хэлж болдоггүй юм уу, ийм асуудал гарч байна. Д. Израиль улсад хортой нөхцөлд 8 жил хүнд ажил хийж байгааад 100 000 000 гаруй төгрөгтэй ирсэн. Тэр мөнгөний 50 000 000, 60 000 000 төгрөгийг нь Ш.*******ын эхнэрийн дүү болон хамаарал бүхий хүмүүс зээлж аваад, буцааж төлөөгүй асуудал үүссэн. Мөнгөний асуудлаас болоод Д.ыг нэг хүн хүрзээр 2 удаа цохисон, дахиад цохих гэхээр нь Д. буцаагаад түлхтэл нөгөө хүн нь барьж байсан хүрзээрээ өөрийгөө цохиод хөнгөн гэмтсэн асуудал гардаг. Д., тэр хүнтэйгээ цагдаа дээр очоод, шүүх эмнэлэгт үзүүлэхэд Д. болон өөрийгөө хүрзээр цохисон хүний хуруу бяцарсан, хөнгөн гэмтэлтэй гэж тогтоосон. Энэ дээр Д.д эрүүгийн хэрэг үүсгээд шууд танхай болгосон. Мөнгө зээлсэн хоёр иргэд хоорондын маргааныг танхай болгосон.
Ингээд нөгөө хүн нь гомдолгүй гэж бичиж өгсөөр байтал прокурор Д.д 7 жилийн ял өгнө гэсээр байгаад чанга дэглэмтэй шоронд 5 жилийн ял өгөөд Д.ыг цохисон хүнийг чөлөөлсөн. Шүүгч нь Д.аас 20 000 000 төгрөг авсан гэх мэт ойлгомжгүй асуудлууд байдаг. Ингээд Д. инээдмийн гэмээр хэргээр шоронд орсон. Тэгээд 2 удаа магадланд орох гэхэд прокурор нь магадланд оруулдаггүй. Сүүлд нь хүн алсан, хүчин хийсэн хүмүүс магадланд ороод байхад өөрөө хөнгөн гэмтэл авсан, өөрийгөө хамгаалсан намайг яагаад магадланд оруулдаггүй юм бэ гээд уулзахад дээрээс ийм даалгавар ирсэн гэж прокурор Баярсайхан нь хэлсэн байдаг. Дээрээс гэдгийг хайгаад олох гэхээр Израйльд олон жил болсон хүн Монголд таних прокурор байхгүй, ганц таньдаг прокурор нь Ш.******* байсан. Энэ хүн хилсээр гүтгэгдсэн хүн учраас хардах эрх бий. Ингээд шоронгоос гарч ирээд шүүхэд нэхэмжлэл гаргахаар хөөн хэлэлцэх хугацаа дуусссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Чанга дэглэмтэй шоронд байсан хүн учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэхэд Улсын Ерөнхий прокурорын хэлтсийн дарга байсан хүний эхнэр нь болох шүүгч нь боломжтой асуудал, шоронгоосоо хэн нэгэнд итгэмжлэл өгөх ёстой байсан гэж хэлдэг. Иймэрхүү асуудал дээр хариуцагч хэнд гомдох вэ. Төрд гомдох уу, шүүхэд гомдох уу. Энэ хүн амьдралдаа архи ууж үзээгүй, тамхи татдаггүй. Ямар ч хэрэг зөрчилд холбогдож байгаагүй хүнийг 5 жилийн амьдралаар нь хохироосон. Ингээд хариуцагч өөрийнхөө бодож байгаа зүйлс, болсон бүх процессоо сонинд ярьсан. Яриандаа хэн нэгэн хүнийг санаатай доромжилсон зүйл байхгүй, болсон процессоо л ярьсан. Тэр бүү хэл хамгийн инээдтэй нь зээлсэн мөнгөө авах гээд очиход Ш.*******ын эхнэрийнх нь дүү тросоор Д.ыг ороолгоод биед гэмтэл учруулсан. Энэ үйлдэлд нь цагдаад гомдол гаргаад шүүхээр ороход гэм буруутай байна гэхдээ хариуцлага хүлээлгэхгүй гэсэн. Бас нэг сонин зүйл нь Миний мөнгийг яагаад өгдөггүй юм бэ гээд чангахан дуугарсан, биед нь ч хүрээгүй, энэ нь камерын бичлэгт нь байдаг. Тэгэхэд прокурор чамайг заавал яллана гээд явсан байдаг. Биед нь огт хүрээгүй байхад гэмтлийн зэрэг тогтоолгоод ял сонсгоод явж байдаг. Үүнд прокурор хамаарал байна уу. Ийм байдалд орсон хүн болсон бүх процессоо ярьсан. Хэн нэгний нэр төр гутааж, доромжилсон зүйл байхгүй. Мөн шүүх, шүүгчийг муулдаг гэж байна. Д.Лувсандорж шүүгчийн хэрэг шийтгэгдэх гээд явж байна. Гэтэл хуульд заасны дагуу гэм буруутай үгүйг өөрөө нотлох ёстой бид, нотлох гэхэд иргэн хүнд олдодгүй баримт их байдаг юм байна. Нийслэлийн Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр бүх асуудлаа маш сайн ярьсан. Арай ч дээ ийм асуудал байгаад байхдаа яадаг юм гэх байдал дээр хүрсэн. Өөрөөр хэлбэр албан тушаалаа ашигласан гэж прокурорыг буруутгасан. Яагаад буруутгасан гэхээр олон зүйл ярих шаардлагагүй, давж заалдах шатны шүүхийн бичлэг үзсэн бол Д.д ямар ч буруу байхгүй хэн нэгнийг гүтгэсэн зүйл байхгүй гэдэг нь асуулт хариултын хэлбэрээр харилцаж байгаа процесс дээр тодорхой байсан. Гэтэл заалт ашиглахдаа сонинг эх хувиар өгөөгүй гэсэн асуудлаар магадлал гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн бүх зүйлийг мэдэж байгаа. Хэрвээ Эрүүгийн давж заалдах шатны шүүхийн бичлэг сонссон бол нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар тодорхой ярьсан нь байсан. Нөгөө талаар Д. сонинд ярилцлага өгсөн, прокурорт өргөдөл өгсөн нь Үндсэн хуульд заагдсан гомдол гаргах эрх байдаг, эрхээ эдэлсний төлөө хариуцлага хүлээлгэдэг систем хуульд байхгүй. Д.ын бичсэн өргөдөл тогтоогдоод Прокурорын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4 дэх заалтаар энэ хүн тушаал буурсан. Сая нэхэмжлэл уншихад бүтэц зохион байгуулалтын асуудлаар зэрэг дэв буулгаж, шилжүүлдэг, албан тушаал бууруулдаг гэж Ш.******* ч, төлөөлөгч нь ч яриад байна. Тэгвэл хууль дээр нь байна, Прокурорын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт хуульд зааснаас бусад тохиолдолд прокурорыг чөлөөлөх, халах, өөр албан тушаалд шилжүүлэхийг хориглоно гэж заасан байдаг. Албан тушаал буулгах, өөр ажилд шилжүүлэхийн тулд заавал өөрөөс нь бичгийн зөвшөөрөл авдаг. Албан тушаал буулгахын тулд заавал ёс зүйн зөрчил байх ёстой. Бүтцийн өөрчлөлтөөр асуудал шийддэг зохицуулалт хуульд байхгүй. Ийм учраас бид баримт шаардаад, шүүхээс шаардахад прокурорын байгууллага гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой, нотолсон баримтаа гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл гүтгэсэн гэдэг үгний цаад утгыг нотлох ёстой. Ш.*******ад мөнгө зээлсэн гэж хэзээ хаана Д. хэлснийг нотлох ёстой, мөнгө өгсөн үгүйг мөн нотлох ёстой. Нотлох баримтын шаардлага хангахгүй, сонин өгч байгаа бол тухайн сонины газрыг татах ёстой байдаг гэтэл сонины асуудал өөр шүүхэд хэлэлцэгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65 дугаар зүйлийн 65.1.7-д заагдсан зохигчдын маргаж байгаа зүйл, түүний үндэслэлийн талаар өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай. Үндэслэлийн талаар гэхээр дүүргийн иргэний шүүх дээр сонин дээр бичигдсэн зүйл үнэн худал эсэх талаар маргаан хянагдаж байгаа. Шүүх энэ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой, яагаад хүлээн авахаас татгалзах ёстой байсан бэ гэхээр Зөрчлийн хуулиар хэрэг нь шийдэгдсэн. Ойлгохгүй олон зүйл байгаа учраас шаардлагатай бол бид олон хүсэлт гаргаж чадна. Нэхэмжлэгч нотолж чадаагүй зүйлийг бид нотлох гээд яахав. Тийм учраас нэгдүгээрт гүтгэсэн гэдэг нь нотлогдохгүй байна, хоёрдугаарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг буцааж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
дүүргийн иргэний хэргийн шүүх дээр Улсын ерөнхий прокурорын тамгын газрын орлогч дарга ажилтай Ш.******* гэсэн нэхэмжлэл байдаг. Өөрөөр хэлбэл албан тушаалыг дурдаж нэхэмжлэл гаргасан. Тэнд 20 000 000 төгрөг нэхэмжилсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн төлөөлөгч өөрөөр хэлээд байгааг ойлгосонгүй. Мөн Иргэний хуулийн заалт яриад байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно гэж бий. Энэ хүнд яг ямар хохирол, яаж учраад байгааг ойлгохгүй байна. Ш.******* нь дүүргийн шүүх дээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтаар нэхэмжлэл гаргаад явж байгаа, хэрвээ Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь заалтыг барьж байгаа бол дүүргийн шүүх дээр л хэргээ шийдүүл. Сонин хэвлэлийн асуудал хамаагүй, ганцхан албан тушаалын асуудал байна. Иймд гэм буруу хийсэн зүйл нотлогдохгүй байна. Д.ын буруутай асуудал байхгүй. Албан тушаал буурсан тухай асуудал дээр хариуцах этгээд Д. биш Улсын ерөнхий прокурор байх ёстой. Хуульд Улсын ерөнхий прокурорын шийдэх асуудлыг Д. хэрэгжүүлсэн учраас Д.д гомдол гаргаж байна гэж би ойлголоо.
Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтыг яриад байдаг. Тус заалтуудад хамтран хариуцагчаар заавал Үндэсний шуудан сонингийн газар татагдах зохицуулалттай. Яагаад сонингийн газар татагдаж байна гэхээр тухайн арга хэрэгслээр няцаалт өгөхийн тулд сонингийн газар няцаалт хийхээс бус иргэн Д. няцаалт хийж өгөөч гэж бичиж өгөөд сонин гаргаж өгөхгүй, мөнгө л өгөхгүй бол. Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь заалтад огт хамааралгүй нэхэмжлэл болох нь тодорхой харагдаж байна. Сонины нийтлэл гарахаас өмнө Д.ын нэхэмжлэл хүлээн авахаас татгалзаж байсан бол мэдээ гарсны дараа нэхэмжлэл хуульд заасны дагуу шийдэгдэж байсан. Түүнээс гадна энэ маргаан эрүүгийн журмаар буюу өөрөөр хэлбэл прокурорын хатуу хяналт дор хэрэг бүртгэлийн ажиллагаа явагдсан, ингээд хэрэг хэрэгсэхгүй болгосон, тэр материал хэрэгт ирсэн. Энэ бүх маргаан бүрэн бүтнээрээ зөрчлийн хэрэг дээр хэлэлцэгдсэн асуудал учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 эсхүл ийм маргаан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр хянагдаж байгааг харгалзаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7 дахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Батсүх гэж хүн дүүргийн иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж яриад байна. Ш.******* гэдэг хүн Үндэсний шуудан сонинд холбогдуулаад нэр төр сэргээлгэх, албан ёсны уучлал гуйлгуулах, худал мэдээлэлд няцаалт хийлгэх, эдийн бус хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байдаг. Шүүгчийн дугаар захирамжаар хэрэг үүсгээд хянагдаж байгаа, Батсүх гээд бичсэн нь шүүхийн алдаа, Ш.******* гэхийг Батсүх гээд бичсэн, үүнийг шүүх анхаарч үзээсэй. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух бэ гэдэг үг байдаг. Прокурор, шүүгч, мөрдөгч нар нэр төрөө ариун цэвэр авч явах үүрэгтэй. Ш.******* гэдэг хүн дүүргийн шүүхэд Д.ыг танихгүй гэдэг. Ш.*******ын эхнэрийнх дүү нарт 50 000 000, 60 000 000 төгрөг зээлсэн асуудал байгаа. Одоо болтол өгөхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байгаа. Ш.*******ын бэр Болорчулуунд холбогдох 30 000 000 төгрөгийн маргаан байгаа. Болорчулуун шүүхэд мэдүүлэг өгөхдөө би Д.ыг дагуулаад ах Ш.*******ынд очиж байсан гэдэг. Прокурорын ёс зүйн дүрэм дээр Прокурор хүн прокурорын байгууллагын нэр төрийг цэвэр ариун байлгах, өөрийн ажил, албан тушаалдаа хүндэтгэлтэй хандах гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ хүнтэй зууралдах ёстой байсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Тэр үед мөнгө төгрөгийг нь авах гээд ах, дүү найз нөхөд болоод сайн сайхан байсан дараа нь дүү нар нь мөнгө төгрөгийг нь өгөхгүй, хэрэг зөрчилд холбогдоод, 3 жил гаран суугаад, хөнгөн гэмт хэрэгтэн, шоронд удаан суух ёсгүй гэж үзээд хорих ангид байхдаа хоёр удаа магадланд оруулсныг нь Баярсайхан прокурор татгалзсан ба татгалзсан шалтгаанаа дээрээс өгсөн чиглэл гэж хэлсэн. Ингээд иргэн хүн төрийн байгууллага албан тушаалтан хэн ч байсан эрхээ зөрчигдсөн гэж үзвэл гомдол гаргах эрхийнхээ хүрээнд Д. өргөдөл гомдлоо маш тодорхой бичсэн. Шүүх хуралдааны тэмдэглэл, видео дүрс бичлэг дээр Д.ыг ахындаа дагуулж очсон асуудлаа маш тодорхой ярьдаг. Өнөөдөр нэхэмжлэгч нэр төр сэргээлгэж 10 000 000 төгрөг нэхэмжилж байгаа. Прокурорын албан тушаал 10 000 000 төгрөгийн үнэтэй байдаг юм уу, 100 000 000 төгрөг нэхнэ, яахав ядарсан юм гээд 10 000 000 төгрөг нэхэмжилж байна гэсэн нэхэмжлэл гаргасан. Прокурорын албан тушаал ийм үнэ цэнэтэй байдаг юм уу. Эсвэл энэ албан тушаалд очихдоо ийм хэмжээний зардал гаргасан, гаргасан зардлынхаа хувийг нэхэмжилж байгаа хэлбэр юм уу гэж би харж байна. Иргэн хүн өргөдөл гомдол гаргах эрхтэй. Эрүүгийн журмаар шалгагдаад энэ асуудал эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэг зөрчилд 2 удаа хариуцлага хүлээлгэдэг тогтолцоо байдаг эсэхийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй. Цагдаагийн Анхбаяр байцаагч хэлж байсан Ш.******* гуай торгуулийн хуудсаа барьж ирээд намайг ёс зүйн хороогоор хэлэлцэнэ шүү, гялс торгочих гээд, би торгохоос өөр арга алга, та гомдлоо гаргаад яваарай гэсэн асуудал ярьсан байдаг.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдэх байх гэж ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлага нь иргэн Ш.******* миний иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд удаа дараа үндэслэлгүйгээр халдсан тул гэж байгаа шүү. Сонинд нийтэлсэн талаас нэхэмжлэл гаргаагүй гэж ойлголоо. Өөрөөр хэлбэл удаа дараа үндэслэлгүйгээр манай прокурорын газарт 10 удаа гомдол гаргасан гэдэг нь сонин дахь шаардлагаар биш 10 удаа прокурорын газарт гомдол гаргасан учраас ажил хэргийн нэр хүнд сэргээлэх нэхэмжлэл гэж ойлгож байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлага хангавал бид прокурорт шүүхийн шийдвэрийн дагуу прокурорт уучлаарай, бид 10 удаа гомдол гаргасан гэж хэлэх юм шиг байна. Иймэрхүү утгатай нэхэмжлэл байна. 10 000 000 төгрөг гэдэг тогтоогдохгүй, хангагдах үндэсгүй гэж үзэж байна. Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5-д прокурорыг томилох, чөлөөлөх, урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах бүх эрх нь ерөнхий прокурорт байдаг юм байна. Сэлгэн ажиллуулах 46 тоот журам одоо хэрэгжиж байна. Энэ журмаар сэлгэсэн асуудал болохоос биш албан тушаал бууруулсан асуудал байхгүй. Харин ч Нийслэлийн прокурорын тамгын газрын ажил үүргийг сайн гүйцэтгэнэ гээд даргаар нь томилсон эсэхийг бид мэдэхгүй. Өөрсдөө л албан тушаал буурсан гээд байгаа. Иймд ажил хэргийн нэр хүнд буурсан асуудал тогтоогдохгүй байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12-д зааснаар төрийн байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. Энэ эрхээ эдэлснийхээ төлөө 10 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Эцэст нь Прокурорын байгууллагад удаа дараа гомдол гаргаснаас шалтгаалж нэр төр хугарлаа гэж үзэж байгаа юм байна, тэгэхээр нэр төр сэргээхэд бид шүүхийн заавраар прокурорт албан бичиг бичих юм уу, яахыг мэдэхгүй. Яг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр зөрчлийн хэрэг үүсээд шийтгэх тогтоол оногдуулаад үнэн шударга шүүх байдаг учраас түүнийг нарийн авч хэлэлцээд нэр төр сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна гэх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үйл баримт тогтоогдсон, иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.******* ажил хэргийн болон хувийн нэр төрийг сэргээж, 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг мэдээллийг тараасан арга, хэлбэр, хэрэгслээр няцаалт өгөхийг хариуцагчид даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсныг хариуцагч Д. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ... Д. нь Үндэсний шуудан сонинд Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа гэсэн ярилцлага өгөхдөө ... миний талаар ... гүтгэж бичсэн ... прокурорт удаа дараа үндэслэлгүй гомдол гаргаж ... миний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан ... гэж,
Хариуцагч татгалзлаа дэмжиж ... Ш.******* нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нь ямар хохирол учирсан болохоо нотлож чадаагүй, ... энэ хэрэгтэй холбоотой маргаан өөр шүүхэд шийдвэрлэгдэх гэж байгаа, ... мөн ... холбогдох ... хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн, ... тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй ... гэж тайлбар гаргажээ.
Хүний нэр төр гэдэг нь тухайн хүний ёс зүй, хувийн болон ажил хэргийн чадварын талаар нийгмийн зүгээс өгч буй үнэлгээг, алдар хүнд гэж бусдаас өөрийнх нь талаар өгсөн үнэлгээд тулгуурлсан хувийн үнэлэмжийг, ажил хэргийн нэр хүнд гэдэгт нийгмийн харилцаанд оролцогч тухайн этгээд нь бусдын өмнө хүлээсэн ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ хэрхэн биелүүлж байгааг тус тус ойлгох бөгөөд хоорондоо нягт уялдаатай байна.
Монгол улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т ... иргэн нь хүний нэр төр, алдар хүнд, хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэхээр заасан байх ба Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-д бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутааж, түүнийхээ үнэн зөв болохыг нотолж чадаагүй, санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцахаар зохицуулжээ.
Хэрэгт авагдсан өдөр тутмын Үндэсний шуудан сонины 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №216 (3170) дугаарт Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд төрийн нэрийн өмнөөс хүн яллахыг харлаа гэх гарчиг бүхий ярилцлага /хх-104/ нийтлэгджээ. Нийтлэлд ... прокурор Ш.******* Налайх дүүргийн прокурор Ш.ид Манай дүү энэ хүнээс их хэмжээний мөнгө зээлчихсэн юм. Энэ хүнийг яллаад явуулчихвал би чамайг хот руу татна гэсэн ... чиглэл өгчихсөн ... УЕПГ-ын хяналтын прокурор Ш.*******, ... нарын ... хүмүүс албан тушаалаа ашиглаж ... аалзны тор шиг сүлжээ үүсгэж болдгийг харууллаа. ... Ш.*******ын бүлэглэл, ... гэж дурдсан байх бөгөөд эдгээр мэдээллийг тараасан тухай зохигчид маргахгүй байна.
Хариуцагч Д.ын Үндэсний шуудан сонинд өгсөн дээрх ярилцлага нь агуулгын хувьд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан шинжтэй байх ба тэрээр энэхүү ярилцлага буюу мэдээллийн үнэн зөв, бодит байдалд нийцэж байгаа эсэхийг лавлан тогтоогоогүй, баримтаар нотолж чадаагүй байна. Тодруулбал хариуцагч нь өөрийг нь яллах чиглэл өгсөн, сүлжээ үүсгэсэн, бүлэглэл байгаа болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч мэдээний үнэн зөвийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан татгалзал, няцаалтаа үгүйсгэж нотлоогүй байх тул түүнийг Ш.*******ын нэр төрийг гутаасан гэж үзэх үндэстэй байна.
Иймд Ш.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээллийг тараасан арга, хэрэгслээр няцаалт хийхийг Д.д даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотлож чадахгүй бол ... эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгаж, 511.2-т зааснаар эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мөнгөөр тооцож тогтоохдоо мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзах ёстой юм. Хариуцагчийн тараасан мэдээний агуулга, мөн нэхэмжлэгчийн нийгэмд эзлэх байр суурь, эрхэлж буй ажил, мэргэжлийн онцлогийг харгалзан үзэж, мөнгөөр тооцон барагдуулахуйц хэмжээний үр дагавар нэхэмжлэгчийн сэтгэл санаанд учирсан гэж үзэх боломжгүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг хэрхэн тооцсон буюу дээрх мөнгөн дүнг ямар нөхцөл байдал, тооцооллыг үндэслэл болгож тогтоосон тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаарпдагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох агуулга бүхий тайлбар гаргаж, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгжээ. Үүнд:
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн дугаар шийтгэвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд холбогдогч Д.ыг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018.11.01-ний өдрийн 216/31701 дугаартай Үндэсний шуудан сонинд Хуулийн нэр барьсан зальт этгээдүүд гэх гарчигтай иргэн Ш.*******ыг гүтгэсэн гэх үндэслэлээр 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэлийг хэвээр үлдээсэн /хх-7-11/,
-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 4 сарын 18-ны өдрийн 2019/ДШМЗ/53 дугаар магадлалаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй үндэслээр шийтгэврийг хүчингүй болгосон /хх-18-22/,
- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 сарын 10-ны өдрийн 2019/ЗШ/466 дугаар шийтгэвэрээр Д.д Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон /хх-12-17/,
-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 сарын 27-ны өдрийн 124 дугаар магадлалаар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019/ЗШ466 дугаар шийтгэвэрийг хэвээр үлдээсэн /хх-23-25/,
- дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 181/ШЗ2018/ дугаар шүүгчийн захирамжаар Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй Үндэсний шуудан сонинд холбогдох нэр төр, ажил хүндийн нэр төр сэргээлгэх, албан ёсоор уучлалт гуйлгах, худал мэдээлэлд няцаалт хийлгэх, эдийн бус хохиролд 20 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн /хх-163/ баримтууд авагджээ.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас үзэхэд Д.д холбогдох зөрчлийн хэргийг Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд /гүтгэх/ зааснаар шийтгэл оногдуулсаныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулиар зохицуулсан Гэм хор учруулснаас үүсэх үүрэг /497-514/-т хамаарахгүй байна. дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Ш.*******ын бус Ш.Батсүхийн нэхэмжлэлтэй Үндэсний шуудан сонинд холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ. Өөрөөр хэлбэл хэргийн хэрэгсэхгүй болгох тайлбар, баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.7-д заасан үндэслэлд хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Д.д үүрэг болгож, нэхэмжлэлийн шаардлагаас эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******ын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагч Д.д үүрэг болгож, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн нэхэмжлэлд ногдох 70 200 төгрөгийг хариуцагч Д.аас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Б.ХИШИГБААТАР
Ж.ЛХАГВАСҮРЭН