Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/823

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч С.Бичинхүү,  

шүүгдэгч Н.М**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Монгол овогт Нарангэрэлийн М****од холбогдох эрүүгийн 2305020411860 тоот дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “**** ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Монгол овогт Нарангэрэлийн М**** /РД:МА87082911/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Н.М**** нь 2023 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй баарны гадна замын хажууд Т.Ундралын бөгсөн дээр нь алгадаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.Г****гийн нүүрэн тус газар цохих, хөл рүү өшиглөх, газарт унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун гуя, зүүн бугуй, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Г.Г****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, гэрч Т.Ундралын мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэрч Ц.Агь-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, гэрч М.Сувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6544 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Б.Шаравнямбуугийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.М**** нь 2023 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй баарны гадна замын хажууд Т.Ундралын бөгсөн дээр нь алгадаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.Г****гийн нүүрэн тус газар цохих, хөл рүү өшиглөх, газарт унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун гуя, зүүн бугуй, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Н.М****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Н.М**** нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Н.М**** нь 2023 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй баарны гадна замын хажууд Т.Ундралын бөгсөн дээр нь алгадаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.Г****гийн нүүрэн тус газар цохих, хөл рүү өшиглөх, газарт унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун гуя, зүүн бугуй, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Н.М**** нь 2023 оны 5 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 03 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” нэртэй баарны гадна замын хажууд Т.Ундралын бөгсөн дээр нь алгадаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэж, үүссэн маргааны явцад хохирогч Г.Г****гийн нүүрэн тус газар цохих, хөл рүү өшиглөх, газарт унагаах зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зүүн хөлийн шаант ясны дээд булууны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхи, хүзүү, цээж, баруун гуя, зүүн бугуй, баруун шагайнд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Г****гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/, гэрч Т.Ундралын мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/, гэрч Ц.Агь-Эрдэнийн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/, гэрч М.Сувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6544 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/, гэрч Б.Шаравнямбуугийн мэдүүлэг /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 223 дугаар прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Н.М****од танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Н.М**** нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Н.М****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч Г.Г****гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болохыг тэмдэглэж, шүүгдэгчээс хохирогчид 7,000,000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт /хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, хохирогчийн “Гомдолгүй” болохоо илэрхийлсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хохирогч Г.Г****д 5,670,400 төгрөгийн зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас)-ээр тогтоогдох тул шүүгдэгчээс 5,670,400 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Н.М****од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Н.М**** шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Н.М****од холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Н.М****од 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М****од 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Монгол овогт Нарангэрэлийн М****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М****од 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.М****од оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Н.М****оос 5,670,400 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Д.Гантуяад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.М****од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ