| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2019/02804/И |
| Дугаар | 184/ШШ2020/01629 |
| Огноо | 2020-05-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2020/01629
2020 05 13 184/ШШ2020/01629
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 21 дүгээр хороо, ******* 23 гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо, ******* овоо ******* гудамж, 4 тоот хаягт оршин суух овогт /РД:/
Гэм хорын хохирол 2 768 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган, хариуцагч Э., хариуцагчийн өмгөөлөгч П.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.******* би 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн үед Toyota Prius 11 маркийн 2392 УНК дугаартай суудлын автомашинаар Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүүргийн буудлын ойролцоо 2 дугаар эгнээгээр явж байх үед Toyota Corolla маркийн 6470 УНЧ дугаартай суудлын автомашины жолооч Э. нь туслах замаас орж ирэн миний машины урдуур мөргөсөн. Түүний буруутай үйлдлийн улмаас миний эзэмшлийн автомашинд ихээхэн хэмжээний хохирол учирсан. Э.гийн буруутай үйлдэл нь Замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн акт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа. Хохирлын хэмжээ бага тул зөрчлийн хэрэг үүсгэж, миний машинд Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 2 630 000 төгрөгний хохирол учирсан. Энэ талаар бид ярьж тохиролцох гэхээр Э. нь хүлээн зөвшөөрдөггүй, учруулсан хохирлоо төлж барагдуулахаар ямар ч арга хэмжээ авахгүй байна. Мөн үнэлгээний төлбөр 138 000 төгрөг өөрийн зүгээс гаргасан. Иймд хариуцагч Э.гаас машинд учруулсан хохирол 2 630 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 138 000 төгрөг нийт 2 768 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Т.******* нь 16 цагийн үед Сонгинохайрхан дүүрэг, ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт дүүргийн буудлын ойролцоо хоёрдугаар эгнээгээр явж байх үед Тоёота королла маркийн 6470УНЧ улсын дугаартай суудлын автомашины жолооч Э. нь туслах замаас орж ирээд нэхэмжлэгчийн автомашины урдуур орж ирж мөргөсөн. Уг үйлдлийн улмаас Т.*******ын эзэмшлийн 2392 УНК улсын дугаартай Тоёота приус маркийн автомашинд 2 630 000 төгрөгийн хохирол учирсан.
Хариуцагч нь хэрэгт авагдсан нотлох баримтаар огт тогтоогдоогүй зүйл ярьж байна. Хавтаст хэргийн 13 дугаар тал дахь хэргийн үзлэгээр тогтоосон байдлаар Тоёота приус маркийн автомашиний тормозны мөрний хэмжээ зүүн талд 1 метр баруун талд 1 метр гэсэн байдаг бөгөөд нэхэмжлэгч нь тормос гишгэж арга хэмжээ авсан. Харин Тоёота королла маркийн автомашин мөргүй гэж бичсэн байдаг. Э.г туслах замаас орж ирэхэд нь нэгдүгээр эгнээгээр явж байсан автобус зам тавьж өгсөн байдаг. Харин 2 дугаар эгнээгээр Т.******* явж байсан. Э.д автобус зам тавьж өгснөөр хариуцагч нь уулзвар нэвтрэх эрх эдлэхгүй. Сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлт дээр төв зам гэж юу вэ, замын тэмдэг гэж юу талаар тодорхой дурдсан байсан. Туслах замаас орж ирж байгаа зорчигч төв замын тэмдэглэгээг харах ёстой талаар мөн дурдсан байна.
Хариуцагч тал хэлэхдээ тухайн үед үзлэг хийсэн цагдаагийн алба хаагч Хатанбаатар нь чи буруугүй гэж хариуцагчид хэлсэн хэрнээ тэмдэглэл дээрээ буруутай болгож бичнэ гэж байхгүй. Хариуцагч тал ямар ч нотолгоогүй зүйл яриад байна. Мөн хавтаст хэргийн 14, 15 дугаар талд байгаа шинжээчийн дүгнэлтээр Э.гийн буруутай үйлдлээс болж осол гарсан гэж дүгнэсэн байдаг ба үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна Э.д шийтгэврийн хуудсаар 100 000 төгрөгийн торгуул ногдуулсан боловч торгуулиа төлөөгүй байгаа. ШУТИС-ийн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Э.г буруугүй тухай бичсэн байдаг. Харин бусад хэрэгт авагдсан баримтаар Э.г буруугүй гэдгийг нотолсон зүйл байхгүй. Энэ хэрэг яагаад Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс унасан бэ гэвэл нотлох баримттай холбоотой асуудлаас болсон. Харин гэм буруу нь тогтоогдчихсон асуудал юм.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг самбаачлага гаргах ёстой байсан гээд байна. Самбаачлага гаргаж тормос гишгэсэн нь хэргийн 13 дугаар хуудас дахь хэргийн газрын үзлэгт тодорхой бичсэн. Мөн өмнөх шинжээчийн дүгнэлт нь хэтэрхий нэг талыг барьсан гээд байна. Харин ч ШУТИС-ийн гаргасан дүгнэлт нь хэтэрхий нэг талыг баримталсан байсан. Энэ дүгнэлтээр зөвхөн замын цагдаагийн үзлэгийн зураг, хэмжилтийн бүдүүвч, автомашинд хийгдсэн акт зэргээс л дүгнэлт гаргасан. Харин сүүлд гаргасан Хууль сахиулахын их сургуулийн Замын цагдаагийн тэнхимийн шинжээчийн дүгнэлт нь гол замын тэмдэг гэж юу вэ, уулзвар эзлэхдээ ямар дараалал эзлэх вэ зэрэг чухал асуудлуудыг тодорхой тайлбарласан дүгнэлт гэж үзэж байна. Удаа дараагийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдээр Э. нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, зам тавьж өгөх үүргийг гүйцэтгээгүй гэдэг нь харагддаг. Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.16-д давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх гэж заасан байдаг. Тиймээс хариуцагч нь хөдөлгөөнөө үргэлжлүүлэхгүйгээр зогсоох боломжтой байсан. Хариуцагч нь автобусны цаанаас гэнэт гарч ирж байгаа нь нэхэмжлэгчийн хөдөлгөөний чигийг өөрчлөхөд нөлөөлснөөс осол гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед СХД-ийн МТ колонкийн уулзвараас 21 дүгээр хороолол тал руу 6470 УНЧ улсын дугаартай Тоёота Королла маркийн машинтай нөхөр Ж.Сүхбатын хамт зүүн гар тийш дүрмийн дагуу дохиогоо өгөөд төв зам руу шилжин орж эгнээ байраа эзэлсэн байхад 2392 УНК улсын дугаартай Тоёота Приус 11 маркийн машинтай Т.******* хурд хэтрүүлэн эсрэг урсгалаас орж ирэн зүүн гар талаас мөргөсөн. Тухайн үед би туслах замаас орсон боловч шулуун замын хөдөлгөөнд саад учруулалгүй цагаан шугамаа давж эгнээ байраа эзэлсэн байсан. Хэрэг болсон газарт ЗЦАлбанаас цагдаагийн байцаагч Хатанбаатар гэх хүн ирэн хэмжилт хийж зураг аваад миний зөв, *******ын буруу болохыг тогтоосон болно.
Гэтэл оройн 20 цагийн үед ЗЦГ-аас СХД-ийн 5 шар дахь постон дээр хүрээд ир гэхэд нь очсон. Тухайн үед Т.*******ын эгч гэх хүүхэн ахмад Хатанбаатарын ослын дүгнэлтийг эсэргүүцэн хэл ам хийж маргалдаж байсан уг маргалдаж байх явцад Т.*******ын эгч гэх эмэгтэй рүү ахмад Хатанбаатар дээгүүр доогуур хичнээн хүнээр яриулах юм бэ хэмээн хэлсэнийг миний бие болон ээж Нэргүй хамт сонссон. Ахмад Хатанбаатар би хууль дүрмийнхээ дагуу ажиллана гэж хэлж байсан. Ингээд өглөө СХД-ийн Замын цагдаагийн хэлтэст оч гээд явуулсан. Хэргийг ахмад Соронзонболд хүлээн авсан байсан. Гэтэл ахмад Соронзонболд надад эрх, үүргийг минь танилцуулалгүй тайлбар, мэдүүлэг авалгүйгээр намайг буруутгасан. Яагаад урьд өдрийн цагдаагийн ахмад Хатанбаатарын дүгнэлт дээр миний зөв байсан хэрэг маргааш өглөө нь ахмад Соронзонболд дээр шилжиж очоод миний буруу болж хувирсаныг би ойлгохгүй байна. Хэрэг болсоны дараа үнэлгээнд оруулах гэтэл оношилгооны газар хаасан байсан. Тухайн үед ахмад Хатанбаатар нь 2 машиныг журмын хашаанд хийхийг шаардаж ослын дүгнэлтээр Т.*******ын буруу байсан учир ачлага болон оношлогоо үнэлгээний мөнгийг гаргахын хэлсэний дагуу ачилтын мөнгө болох 60 000 төгрөгийг надад өгсөн.
Цагдаагийн шаардлагын дагуу миний бие машинаа журмын хашаанд хийсэн. Харин Т.******* нь цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй машинаа хийгээгүй байсан. Улмаар 17 хоногийн дараа журмын хашааны төлбөр болох 85 000 төгрөгийг төлж машинаа авсан. Т.*******д мөргүүлсний улмаас машинд гарсан гэмтлээс дурьдвал багана гулзайсан, хаалга гажсан, шил дохио гэрэл хагарсан, радиотор задарсан, кропноос тос гоожон доод эд анги гэмтсэн гэх мэдчилэн эвдрэлүүд байсан. Үүнээс болж сэтгэл санаа болон эд хөрөнгийн хохирол амссан, ингээд ослын газрын дүгнэлтээр миний зөв, Т.*******ын буруу болхыг тогтоосон байсан хэрэг маргааш нь яагаад өөрчлөгдснийг, хоёр машинаа хоёуланг нь журмын хашаанд хийхийг шаардсан байхад Т.******* хийгээгүйг, өмнө нь нэхэмжлэх шүүхэд гаргаад эргэж нэхэмжлэхээ татсан, одоо яагаад ахиад нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Иймээс энэ хэргийг үнэн зөвөөр шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тус өдөр 6470УНЧ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашинтай МТ колонкийн уулзвар буюу туслах замаас авто сургууль руу чиглээд явж байсан. Гэхдээ би туслах замаас орсон боловч нэхэмжлэгчийн автомашинтай адилхан төв зам руу орчихсон байрлалаа эзэлчихсэн явж байсан. Гэтэл приус маркийн автомашин нь урсгал сөрж дарж орж ирээд миний автомашиныг мөргөсөн. Би нэхэмжлэгчийн автомашины урдуур нь орж ирж мөргөөгүй. Харин нэхэмжлэгчийн автомашин урсгал сөрж орж ирээд мөргөсөн юм. Тухайн үед ирсэн цагдаа нь хэмжилт хийж дүгнэлтээ гаргахдаа миний буруу биш гэж байсан хэрнээ маргааш нь дүгнэлт өөрчилсөн байсан. Осол гарах үед ирсэн цагдаа бүрэлдэхүүн дуудая гэхэд нь би зөвшөөрсөн боловч Т.*******ын эгч нь нүд амаа хачин болгоод байсан болохоор нь дуудахаа больсон. Би ч гэсэн автомашинаа эвдэж хохирсон. Тэр өдрөөс хойш би маш их сэтгэлийн дарамттай явж байна.
Би замыг нь чөлөөлж өгсөөр байхад зам чөлөөлөөгүй гээд байгааг ойлгохгүй байна, би өөр яаж зам тавьж өгөх юм бэ. Шулуун тасархай шугамын наана мөргөлдсөн бол би буруугаа хүлээнэ. Гэтэл бүүр цаана нь орж замыг нь чөлөөлж өгчихөөд байхад мөргөлдсөн. Надад ч нэхэмжлэгчид ч үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан. Гэхдээ би эгнээгээ эзлээд харахад приус автомашин автобусны бөгсөн талаас ирж байсан, тиймээс нэхэмжлэгчид хангалттай самбаачлага гаргах боломж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч нь өөрөө нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг, гэтэл тээврийн хэрэгслийн гэрчилгээ Т.*******ын нэр дээр биш байхад нэхэмжлэл гаргасан. Хэрэгт автомашиныг Т.*******ын нэр дээр шилжсэн гэх баримт байхгүй. Гомдолтой тул үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* машинд учруулсан гэм хорын хохирол 2 630 000 төгрөг, үнэлгээний төлбөр 138 000 төгрөг нийт 2 768 000 төгрөг гаргуулах-аар нэхэмжилснийг хариуцагч Э. хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвчээр /хх-11/ 2019 оны 01 сарын 02-ны өдрийн 16.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар хороо, Их нарангийн зам, МТ шатахуун түгээх цэгийн уулзвар орчим Т.*******ын жолоодож явсан Toyota Prius-11 загварын 2392 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Э.Золзаягийн жолоодож явсан Toyota Corolla загварын 6470 УНЧ тээврийн хэрэгсэл мөргөлдсөн зам, тээврийн осол гарсан байна.
Зам тээврийн ослын улмаас Т.*******ын жолоодож явсан Toyota Prius-11 загварын 2392 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Тэнцвэр эстимэйт ХХК-ийн 2019 оны 01 сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээгээр 2 630 000 төгрөгийн хохирол учирсан /хх-9/, компанийн бэлэн мөнгөний орлогын баримтаар /хх-8/ үнэлгээний төлбөрт 138 000 төгрөг төлжээ. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэргслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах тухай хэргийг шийдвэрлэхэд осол, хэрэг гарахад зохигчдийн хэн буруутай нь тогтоогдсон байх нь чухал ач холбогдолтой. Гэм бурууг тогтооход цагдаагийн байгууллага хэргийн ул мөр болон ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор үзлэг хийдэг. Үзлэгээр /хх-10, 13/ осол гарсан цэгт хэмжилт /хх-11/ хийсэн бөгөөд хариуцагч Э.гийн цагдаагийн байцаагч Хатанбаатар хэмжилт хийж зураг аваад миний зөв, Т.*******ын буруу болохыг тогтоосон гэх тайлбар няцаагдаж байна.
Хариуцагч Э. нь гэм буруугийн тухай маргадаг тул эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр зам тээврийн ослын дүгнэлт гаргах шинжээчдийг томилсон бөгөөд 2019 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-14/, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-15/, 2019 оны 11 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-73-74/, 2020 оны 04 сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд /хх-125-128/ зөрүүтэй гарсан тул шүүх шинжээчдийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад баримт, талуудын тайлбартай бодитойгоор харьцуулан дотоод итгэлээр үнэллээ. Хэдийгээр 2019 оны 01 сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2019 оны 01 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020 оны 04 сарын *******-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүдээр хариуцагч Э.гийн Toyota Corolla загварын 6470 УНЧ тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, осол гаргасан гэж дүгнэсэн боловч 2019 оны 11 сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Тоёота Приус маркийн 2392УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Т.******* эсрэг урсгалд орж Тоёота Королла маркийн 6470УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ... гол хэсгийг мөргөсөн ... гэж дүгнэжээ.
Нэхэмжлэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд ослын улмаас хохирол учирсан нь /хх-8-9/ тогтоогдсон баримт бөгөөд хохирол нь нэхэмжлэгч, хариуцагч нарын санаатай бус болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзлээ. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байна.
Тодруулбал хариуцагч Э.Золжаргал туслах замаас төв зам руу орохдоо төв замаар явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх атал автобус зогссоноор төв зам руу орж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн боловч эгнээ, байраа эзэлсэн байх үед нь нэхэмжлэгч замын эсрэг урсгалаас орж ирсэн хэтэрхий болгоомжгүй үйлдлээс осол гарсан байх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэм буруутай тул 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан гэж тайлбарладаг боловч шийтгэлийн хуудас нь /хх-62/ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Хариуцагч Э. нь нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн эзэмшигч бус тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж маргажээ. Хавтаст хэргийн 18 дугаар тал дахь баримтаар Toyota Corolla загварын 6470 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Тайгын булаг авто ХХК, 19 дүгээр тал дахь баримтаар Toyota Prius-11 загварын 2392 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Тайгын булаг авто ХХК, 25 дугаар тал дахь баримтаар өмчлөгчөөр Д.Түмэндаваа нар тус тус бүртгэгджээ.
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчийг тогтоох гол баримт боловч гэм хор хүлээх этгээдийг шууд тодорхойлох үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй, бүрэн эрх олгосон этгээд нь эзэмшигч байна, 89 дүгээр зүйлийн 89.3-т өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байхаар тус тус заажээ. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг байнга буюу түр хугацаагаар өөрийн эзэмшилдээ байлгаж, замын хөдөлгөөнд оролцуулж, ашиглаж байгаа Т.*******ыг эзэмшигч гэж ойлгох ба тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр бүртгүүлээгүй нь нэхэмжлэгчийг эзэмшигч бус гэх үндэслэлгүй юм.
Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Э.гаас гэм хорын хохирол 1 384 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 1 384 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч Т.******* 2 768 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлдээ 59 238 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхөөс 61 530 төгрөг буюу 2 292 төгрөг илүү төлснийг улсын төсвөөс, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 1 384 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37 094 төгрөгийг хариуцагч Э.гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгох үндэслэлтэй байна.
Иргэдийн төлөөлөгч Б.Чамбасүрэн хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба зохигчид иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдаан явуулахыг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хариуцагч Э.гаас гэм хорын хохирол 1 384 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгож, үлдэх 1 384 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 530 төгрөгийн 59 238 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 2 292 төгрөгийг улсын төвөөс, 1 384 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 37 094 төгрөгийг хариуцагч Э.гаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ Ж.ЛХАГВАСҮРЭН