Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

  2020           3             26                                2020/ДШМ/357

 

 

Ч.Б-ид холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Намуун,

шүүгдэгч Ч.Б-, түүний өмгөөлөгч Д.Ганбат,

хохирогч М.Б-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр,      

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 1903012530551 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Цагаан гэлэн овгийн Ч.Б, 19.. оны 10 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..........., ам бүл ........... хамт .................. оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /......................../;

Ч.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хөгжил” караокены замд “Ниссан вингрөүд” маркийн 54-73 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас  бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ч.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Ч.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Б-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ч.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Ч.Б-оос эмчилгээний зардалд 2.450.000 төгрөгийг хохирогч М.Б-ад төлсөн болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч М.Б- нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гаргах зардлууд, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Ч.Б-оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлийн дүнгээс хэрэгт хамааралгүй 280.075 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ч.Б-ийн ВС ангиллын 550578 дугаартай жолоочийн 2 ширхэг үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд тогтоолын хамт хүргүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг сидиг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Ч.Б-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зүйлчлэл болон гэм буруугийн талаар миний үйлчлүүлэгч ямар нэгэн маргаангүй. Харин өөрийн үйлдлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Өнөөдрийн байдлаар хохирогчид төлөх төлбөргүй. Уг осол гарахад хохирогч зохицуулалтгүй явган хүний гарцаар зам хөндлөн гарахдаа эргэж буцан хэнд хүчийг үзүүлж сүрийг бадруулах гээд байгаа нь мэдэгдэхгүй дэвж шаван гуяа алгадаж хагас суусан байдалтай байх агшинд хэдийгээр гэрэлтүүлэгтэй боловч үзэгдэх орчин муу, харанхуй шөнө өөдөөс нь ирж яваа тээврийн хэрэгслийн гэрэлд /холын гэрлээ шилжүүлээгүй/ цохигдсоноос хохирогчийг харах боломж маш муу болж энэ осол гарах үндсэн шалтгаан болсон. Гэсэн ч гэм буруугийн асуудал дээр маргаагүй. Энэ нөхцөл байдлыг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үнэлэх боломжтой байсан. Ч.Б- нь 64 настай бөгөөд насаараа жолоо барьж Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч зэрэг цол зэрэгтэй мэргэшсэн жолооч. Анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээс хөнгөн гэмт хэрэгт холбогдсон. Цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд ямар нэгэн саад учруулаагүй зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх бүхий л нөхцөл байдлыг хангасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэм буруутайд тооцохдоо нэмэгдэл ялын хугацааг хамгийн ихээр буюу 3 жилийн хугацаагаар хассан. Энэ нь хөл муу, нас өндөр Ч.Б-ийн хувьд ял хүндэдсэн, нөгөө талаар хорих ял оногдуулсан ч тэнсэж хянан харгалзах хангалттай нөхцөл байдал тогтоогдсон байхад шүүх хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Шүүхийн практикт хохирогч нар шүүгдэгчдийг гэм буруугаар хүлээн зөвшөөрч, хохирлыг өөрийн чадал боломжийн хирээр төлөх тусам ял шийтгэл оногдуулах талаар нь айлган сүрдүүлж, ямар ч баримт нотолгоогүйгээр улам их мөнгө нэхэмжлэх болсон. Хохирогч тал Ч.Б-ийн ар гэрээс “40.000.000 төгрөг өгвөл гомдол саналгүй гэж хэлнэ” гэсэн. Өмнө нь группт, сонсголын бэрхшээлтэй, аппарат зүүдэг байснаа мартаж уг ослоос болж сонсгол муудсан гэж худал мэдүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг байнга дордуулдаг. Заавал хохирогч талын аманд багтаж тэдний санал болгосон мөнгийг төлж, санал гомдолгүй болгосон тохиолдолд гэм хор арилсан, арилаагүй хэмээн ял шийтгэлийг хүндрүүлж, хөнгөрүүлэх талыг барихгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны шударга байх үндсэн зарчимд нийцэхгүй болдог. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан тэнсэж өгнө үү. ...” гэв.        

Шүүгдэгч Ч.Б- тус шүүх хуралдаанд “... Хэлэх тайлбаргүй.” гэв.

Хохирогч М.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний эрүүл мэнд муу байна. Намайг 40.000.000 төгрөг нэхэмжилсэн гэж өмгөөлөгч Ганбат худлаа хэлсэн. Миний бие маш их өвдөж байна. Намайг гарцан дээр зогсож байхад Ч.Б- “хүн” гэж бодоод тормозоо гишгэхгүй яасан юм бэ. Нохой шиг харагдсан гэж хүн доромжилсон. Би эрүүл болж, хүний асрамжаас гармаар байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүнийг үндэс, угсаа, шашин шүтлэг хамаарахгүйгээр хүн гэж үзээрэй. ...” гэв.

Хохирогч М.Б-ын өмгөөлөгч А.Буяндэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат давж заалдах гомдол гаргахдаа миний үйлчлүүлэгч М.Б-ыг “40.000.000 төгрөг өгвөл гомдол саналгүй гэж хэлнэ” гэж гүтгэсэн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү камерын бичлэгийг олон нийтийн цахим сүлжээгээр “бусдад гай болсон амьтан” гэж тарааж байсан. Энэ мэтээр өмгөөлөгч Д.Ганбат нь хохирогч М.Б-ын нэр төрд халдаад байгаад өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байна. Хохирогч М.Б-ын анхан шатны шүүхэд гаргаж өгсөн 280.580 төгрөгийн баримтыг хэрэгт хамааралгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Уг баримт нь тухайн үед эмнэлэгт хэвтэж байхдаа авч байсан эд зүйл болон ашиглаж байсан тээврийн хэрэгслийн түлшний зардал зэрэг байгаа. Шүүгдэгч Ч.Б- нь тухайн үед тоормос гишгэлгүй маш хурдтай явж байсан нь камерын бичлэгээс харагдаж байгаа. Үүний улмаас хохирогч М.Б- нь маш хол шидэгдсэн. Шүүгдэгчийн ар гэрийн байдал муу учир М.Б-ын хийлгэсэн MRI шинжилгээний төлбөрийг төлж чадаагүй. Гэтэл өнөөдөр 40.000.000 төгрөг нэхэмжилсэн гэж гүтгэж байгаад гомдолтой байна. Эрүүгийн хариуцлагын тухайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хохирол, хор уршгийг арилгасан бол” гэж заасан. Гэтэл М.Б- эрүүл болчихсон, ажлаа хийгээд явж байгаа нөхцөл байдал тогтоогдохгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийн зөрчигдсөн эрх сэргээгдээгүй байгаа тул хорих ялыг тэнсэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Э.Намуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэрэг гарах үед хэдийгээр хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн хэдий ч жолооч гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасах ёстой байсан. Гэтэл Ч.Б- нь хурдаа хасалгүй явсаар хохирогчийг мөргөж байгаа нь камерын бичлэгээс харагдаж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэрлийн гялбаанд орсон гэж байна. Хэрэв гэрлийн гялбаанд орсон бол жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах ёстой байсан. Гэтэл маш хурдтай явж байгаад хохирогчийг мөргөж байгаа нөхцөл байдал тогтоогдож байгаа тул хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Ч.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо “Хөгжил” караокены замд “Ниссан вингрөүд” маркийн 54-73 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэж, мөн дүрмийн 11.3-т “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас  бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэж тус тус заасныг зөрчсөний улмаас явган зорчигч М.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч М.Б-ын “... хэнтэй хамт яаж зам хөндлөн гарсан эсэхээ мэдэхгүй байна. Ухаан ороход Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. ...” /хх 22-23/,

шүүгдэгч Ч.Б-ийн “... эсрэг урсгалд явж байсан машин гэрлээ холын гэрэл дээр тавьсан явж байхаар нь би өөдөөс нь “гэрлээ шилжүүл” гэж өөрийнхөө гэрлээр дохио өгсөн. Гэтэл зам дээр нохой шиг хар юм харагдахаар нь тормоз гишгээд, очоод мөргөсөн. Би машинаас буугаад нөгөө хүн дээр явж очоод “сэрээрэй, сэрээрэй” гээд толгойноос нь татсан. ... Мөргүүлсэн хүн ертөнцийн зүгээр урд талд буюу замын нэгдүгээр эгнээн дээр явж байхад мөргөсөн. Би тэр хүнийг хараагүй. ...” /хх 96/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 13213 дугаартай “... М.Б-ын биед баруун зулай чамархай ясны суурь руу орсон хугарал, тархины хатуу бүрхүүл доорхи цусан хураа, тархины эдийн няцрал, нүүрэнд зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт орно. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.” /хх 38/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 077858 дугаартай “... Nissan Wingroad загварын 54-73 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Баруун урд талаасаа мөргөж их гэрэл хагарсан, гупер ханзарсан, зүүн талын гэрлийн хүч, тусгал стандартын шаардлага хангахгүй байна. Зам тээврийн осолд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлох боломжгүй байна. ... стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байна. Зам тээврийн осолд хэрэв нөлөөлөх бол зүүн их гэрлийн хүч, тусгал стандартын шаардлага хангахгүй байгаа нь гэрэлтүүлэггүй замд жолоочийн үзэгдэх орчныг хязгаарлах байдлаар нөлөөлж болзошгүй. ...” /хх 48-51/,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 531 дугаартай “... Nissan Wingroad маркийн 54-73 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Мөн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” ... гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээ болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна...” /хх 54/ гэх мэдүүлгүүд,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-7, 9-13/,

ослын талаарх бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 18-19/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн дүүрэн нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ч.Б- нь явган зорчигч зам хөндлөн гарч буйг харах, тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох боломжит зай, хугацаа байсаар байтал ямар нэгэн арга хэмжээ авалгүйгээр явган хүний гарц дээр хохирогч М.Б-ыг мөргөж гэмтээсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-ид оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбат “... Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнийг тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Хэдийгээр Ч.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгыг арилгах арга хэмжээ аваагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан зэргээс үзэхэд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалт нь шүүхийг заавал хэрэглэхийг үүрэг болгосон бус харин хуульд заасан шаардлага хангасан тодорхой тохиолдолд хэрэглэх эсэх талаар эрх олгосон хэм хэмжээ юм.

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ийн өмгөөлөгч Д.Ганбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                                Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                                    Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                                Б.ЗОРИГ