Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0137

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай         

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн: 

Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн  

Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа   

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Э, хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д   

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Ц

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга

                   Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал  

Гуравдагч этгээд А.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолын "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай       

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0816 дугаар шийдвэр            

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:    

Нэхэмжлэгч Ц.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, Б.Э

Гуравдагч этгээд А.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр    

Хэргийн индекс: 128/2024/0843/3  

ТОДОРХОЙЛОХ нь:       

1. Нэхэмжлэгч Ц.Ц нь нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолын "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.                   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0816 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн "Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай" 52 дугаар тогтоолын "Т" ХХК-д холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай" А/543 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.                

3. Давж заалдах гомдлын агуулга:  

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, Б.Э нар давж заалдах гомдолдоо:

 “...Анхан шатны шүүх хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эхэлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/895 дугаартай тогтоолоор энэхүү хэргийг шийдвэрлээд байна. Улмаар Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ДШМ/1240 дугаартай магадлалаар хянан шийдвэрлэгдээд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр магадлалыг гардан аваад байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ." гэж заасан байна. 

... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр тов зарлагдах хүртэл буюу эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтад буцаах боломж хязгаарлагдах 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл иргэн Ц.Ц  мөрдөн байцаалт, прокурор шүүхийн шатанд гомдол гаргаагүй байсныг дурдаж байна. Энэ нь 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 52 дугаар тогтоол, 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дараа эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал тов гарсан билээ. Тус захиргааны хэргийн шүүгчийн шийдвэрийн улмаас улс, нийслэлийн төсөвт 26 тэрбум төгрөгийн хохирол төлөгдөөгүй нөхцөл байдал үүсэж хэвийн үйл ажиллагaa явагдаж буй зорчигч тээвэр 5 ОНӨААТҮГ-ын үйл ажиллагаа, нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөх хууль зүйн үр дагаврыг бий болгож байна.

... Т ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай шийдвэрт: “Нэг.Т" ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж байгаатай холбоотойгоор доорх "Т" ХХК-ий нэр дээр бүртгэлтэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа хөрөнгөнд бүртгүүлэхийг зөвшөөрч байна... Хоёр.Дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг компанийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э-д зөвшөөрөв." гэжээ. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0816 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т "Учир нь 2023 онд хэрэгжих Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангахын тулд дээрх хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 01/23 дугаар шийдвэрээр тус компанийн хөрөнгийг Голомт банкны барьцааны гэрээний барьцаа хөрөнгөд бүртгүүлэхийг зөвшөөрсөн байх ба уг гүйцэтгэлийн баталгааны дагуу баталгаа гаргагч Голомт банк нь захиргааны байгууллагын өмнө тодорхой үүрэг хүлээхээр байх тул уг гүйцэтгэлийн баталгаа энэ маргаанд хамааралгүй.

Мөн нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ нийлүүлэгчийг шалгаруулах тендер шалгаруулалттай холбоотойгоор Голомт банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргасан байх ба тендер шалгаруулалт зохион байгуулагдаж дууссан, уг банкны гүйцэтгэлийн баталгаа нь “Т” ХХК хөрөнгийг нийслэлийн өмчид шилжүүлэн авах харилцаанд хамааралгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн дээр тайлбар үндэслэлгүй." гэсэн нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг судлаагүй, гүйцэтгэлийн баталгааны хууль зүйн үгүйсгэж дүгнэсэн байна. Түүнчлэн “Т” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаартай шийдвэрийн "Нэг. Т" ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул гэсэн агуулга байсаар атал тендерт оролцох материалын бүрдэл хэсэг гэж өрөөсгөлөөр дүгнэсэн байна. “Т” ХХК-ийн дүрмийн 10.6.1-д "Ерөнхий захирлыг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл хийх, төлбөрийн баримтад гарын үсэг, төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу баталгаа, даалт гаргах, хөрөнгө захиран зарцуулах эрхтэй" гэж заасан байна.

...Т ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх хэлцэл хийгдэхтэй холбогдуулан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01/01/900 зөвшөөрлөөр "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийг нотариатчаар гэрчлүүлэн байгуулсан.

2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Нийтийн тээврийн газрын даргатай байгуулсан Төлбөр барагдуулах хэлцлийн 5.1-д "Энэхүү хэлцэлд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж, нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно" хэмээн тусгасан байна. Тус нотариатчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон мэдэгдэл гаргасан. Иймд нотариатчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон мэдэгдэл нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна.  

...Өөрөөр хэлбэл улсын төсөвт онц их хэмжээний хохирол учруулсан нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал төдийгүй Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/895 дугаартай тогтоолын үндэслэх хэсэг гэрч Ж.С, н.М, А.Г, н.Ж нарын мэдүүлгээр нийтийн эрх ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдал ялангуяа үүссэн нөхцөл байдал, энэхүү эрүүгийн хэргийн хохирлыг зайлшгүй барагдуулах хэрэгцээ, шаардлагыг дүгнэснийг огт харгалзан үзээгүй байна.   

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтын дагуу "нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.   

Хариуцагч нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч давж заалдах гомдолдоо:

“Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ оролцогчийг сонсоогүй буюу нэхэмжлэгчийн зохих зөвшөөрөлгүйгээр хөрөнгийг нь нийслэлийн өмчид шилжүүлэн бүртгэн авсан гэж дүгнэсэн. “Т” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаар шийдвэрээр гүйцэтгэлийг баталгаа гаргах, тус харилцаанд компанийг төлөөлөх эрхийг А.Г-т олгосон байдаг. Банкны гүйцэтгэлийн баталгаа нь Иргэний хуулиар зохицуулагдах бөгөөд тус хуулийн 153, 234, 457 дугаар зүйлд заасан барьцаа, баталгаа гаргах, түүнтэй холбогдон үүсэх эрх, үүргийн харилцааг зохицуулсан заалтууд нэгэн адил хамаарна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэлийн баталгаа гаргаснаараа тухайн гаргасан баталгааны хүрээнд үүсэх үүргийг давхар хүлээх буюу үүргийн гүйцэтгэлийг хангах зохицуулалттай юм. Нэхэмжлэгчийн зүгээс гүйцэтгэлийн баталгаа гаргасан нь эд хөрөнгөөрөө хохирол барагдуулах харилцаа үүснэ гэдгийг мэдээгүй буюу анх үүнийг зөвшөөрч гарын үсэг зураагүй гэж маргадаг. Гэвч энэхүү үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д Хуулийг, мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх, хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэх иргэний хуулийг хэрэглэх хүрээ хязгаарт хамаарч байна.

Нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хэлцэл хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтад заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг. Гэвч Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотой асуудлыг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдэх маргаан бөгөөд энэ хэлцлийн хүчин төгөлдөр эсэх асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн зүгээс хариу тайлбартаа дурдаж байсан бөгөөд нэхэмжлэгч нь тус хэлцлийн хүчин төгөлдөр эсэх асуудлаар мөн тус хэлцлээс үүдэн учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх нь зүйтэй. Гэвч анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчин дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь “Т” ХХК-ийн хувьцаа эзэмшилтэй холбоотой маргаантай байгаа бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн тойргийн шүүхэд иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заасан. Гэтэл урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэргийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хувьцаа эзэмшлийн хэмжээ маргаантай, тус асуудлыг шүүхээр эцэслэж шийдээгүй байхад “Т” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дараагийн маргаантай асуудлыг үүсгэж байна. Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 52 дугаар тогтоолын “Т” ХХК-д холбогдох хэсгийн 50 хувь (А.Г маргаангүй)-д хамаарах хөрөнгө нь нийслэлийн өмчид бүртгэсэнтэй холбоотой ямар нэгэн маргаангүй байхад бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг мөн зөрчиж байна. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эхэлж шийдэгдсэний дараа тус захиргааны хэргийг шийдвэрлэх нөхцөл бүрдэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж өгнө үү.” гэв.  

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Д давж заалдах гомдолдоо:

“...Т ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаар шийдвэр нь"... 1 дүгээрт "Т" ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж, байгаатай холбоотойгоор доорх "Т" ХХК-ны нэр дээр бүртгэлтэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа хөрөнгөнд бүртгүүлэхийг зөвшөөрч байна. 2 дугаарт дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг компанийн ерөнхий захирал А.Г, гүйцэтгэх захирал Ж.Э-д зөвшөөрөв..." гэж тов тодорхой заасан зохицуулсан байхад нэхэмжлэгч нь мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, зөвшөөрөл аваагүй, оролцуулаагүй гэж дүгнэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь анхнаасаа компанийн хөрөнгүүдээр баталгаа гарган зөвшөөрч үүнтэй холбоотой бүхий л бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг гуравдагч этгээдэд олгосон мөртлөө мэдээгүй байсан, оролцуулаагүй, эрх ашиг нь зөрчигдсөн гэж шаардлага гаргасан нь үндэслэлгүй. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:   

          1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

          2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          2.1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолоор “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.11 дэх заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйл, 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгө түүнтэй холбогдох харилцааг зохицуулах журам"-ыг тус тус үндэслэн Эрүүгийн 2302006440349 тоот хэрэгт гаргасан нэхэмжлэл, "Т" ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийн дагуу нийт 75,377,504,176.00 (далан таван тэрбум гурван зуун далан долоон сая таван зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаа) төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, зохих журмын дагуу бүртгэн авахыг Нийслэлийн Засаг даргад зөвшөөрчээ.    

          2.2. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжаар “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэг, 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 66 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн хөдөлгөөн, түүнтэй холбогдох бусад харилцааг зохицуулах журам"-ын 3 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүгийн 2302006440349 тоот хэрэгт гаргасан нэхэмжлэл, "Т" ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газрын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийн дагуу нийт 75,377,504,176.00 (далан таван тэрбум гурван зуун далан долоон сая таван зуун дөрвөн мянга нэг зуун далан зургаа) төгрөгийн өртөг бүхий хавсралтад заасан 83 хөрөнгийг нийслэлийн өмчид хүлээн авч, зохих журмын дагуу нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн.

          2.3. Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч, “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж, хөндөгдөж буй иргэн намайг огт оролцуулахгүйгээр, мэдэгдэхгүйгээр, тайлбар, саналыг авахгүйгээр миний 50 хувийн хувьцааг нь эзэмшдэг компанийн эд хөрөнгийг Нийслэлийн өмчид бүртгэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийг илтэд зөрчсөн үйл ажиллагаа...” гэх агуулгаар нэхэмжлэл гарган маргажээ.

          2.4. Маргаан бүхий актуудын үндэслэл болох "Т" ХХК, “Т” ХХК болон Нийслэлийн Нийтийн тээврийн газар нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан "Төлбөр барагдуулах хэлцэл"-ээр “Авлигатай тэмцэх газрын шийдвэрээр томилогдсон “А” ХХК, “А” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр “Т” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээний 49 объект барилга байгууламж, газрыг 65,074,818,690 (жаран таван тэрбум далан дөрвөн сая найман зуун арван найман мянга зургаан зуун ер) төгрөгөөр, нийслэлийн Засаг даргын тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/264 дугаартай шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгээс сонгогдсон “Х” ХХК-иас “А” ХХК, “Аш” ХХК-иар үнэлэгдээгүй хөрөнгийг 10,302,685,485 (арван тэрбум гурван зуун хоёр сая зургаан зуун наян таван мянга дөрвөн зуун зуун наян тав) төгрөгөөр тус тус үнэлснийг буюу нийт 75,377,504,180 (далан таван тэрбум гурван зуун далан долоон сая таван зуун дөрвөн мянга нэг зуун ная) төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөөр эрүүгийн 2302006440349 тоот хэргийн иргэний нэхэмжлэлийг хангаж, хөрөнгө шилжүүлэхээр харилцан тохиролцсон. [1]

          2.5. “Т” ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлийн 10.6-д “Ерөнхий захирал нь дараах эрхтэй байна”, 10.6.1-д “Компанийг итгэмжлэхгүйгээр төлөөлөх, өөрийн эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл хийх, төлбөрийн баримтад гарын үсэг зурах, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу баталгаа, батлан даалт гаргах, хөрөнгө захиран зарцуулах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төлбөр төлөгч талыг төлөөлж ерөнхий захирал А.Ганхуяг гарын үсэг зурж, дээрх  "Төлбөр барагдуулах хэлцэл"-ийг хийсэн байна.[2]   

          2.6. Мөн “Т” ХХК-ийн  хувь нийлүүлэгчдийн хурлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/23 дугаар шийдвэрээр “Нэг. "Т" ХХК Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт оролцож ялагч болсон тул тухайн тендерийн 2023 оны төсөвт суугдсан дүнгийн 3 хувьтай тэнцэх гүйцэтгэлийн баталгааг Голомт банкаар гаргуулж байгаатай холбоотойгоор “Т" ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй доорх үл хөдлөх хөрөнгүүд болон газрыг барьцаа хөрөнгөнд бүртгүүлэхийг зөвшөөрч байна, Хоёр. Дээрх гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг компанийн ерөнхий захирал А.Г, Гүйцэтгэх захирал Ж.Э-д зөвшөөрөв” гээд хувьцаа эзэмшигч Ц.Ц , хувьцаа эзэмшигч буюу ерөнхий захирал А.Г нар тус шийдвэрт гарын үсэг зурж,[3] Голомт банктай 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр банкны баталгааны гэрээ байгуулан,[4] үүний дагуу тус банкнаас гүйцэтгэлийн баталгаа гаргажээ[5].

          2.7. Маргаан бүхий актуудын үндэслэл болох “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийг хийх бүрэн эрхийг “Т” ХХК-ийн дүрэмд заасны дагуу  Ерөнхий захирал А.Г-т олгосон, тус хэлцлийг хүчингүйд тооцсон аливаа  хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т” ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ (ННТГ23001), 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээнд өөрчлөлт оруулах нэмэлт гэрээ (ННТГ23001-01)-ний гүйцэтгэлийн баталгаа гаргуулахтай холбогдон компанийг төлөөлөн бичиг баримтад гарын үсэг зурах баталгаажуулах ажлыг ерөнхий захирал А.Г-т олгосон зэргээс дүгнэвэл Ц.Ц-д мэдэгдэж, санал, тайлбар, зөвшөөрлийг нь аваагүй гэх үндэслэлээр маргаан бүхий актуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.   

          2.8. Өөрөөр хэлбэл “Нийтийн тээврийн автобус нийлүүлэх” тендерт “Т” ХХК оролцож шалгаран, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон “Т” ХХК-ийн хооронд 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Нийтийн тээврийн автобус худалдан авах гэрээ” (ННТГ23001) байгуулсан[6], улмаар шаардлага хангаагүй нийтийн тээвэр буюу автобус нийлүүлсэн болох нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/895 дугаар шийтгэх тогтоолоор “...Шүүгдэгч А.Г-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн" гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон... ” гэж үзэж ..."Т" ХХК-ийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах" гэмт хэрэгт хатгагчаар оролцсон, "залилах" гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгын хүрээнд, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр 1, 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж[7]” шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү маргаан бүхий актуудаар “Т” ХХК-ийн 50 хувийн хувьцааг эзэмшигч Ц.Ц-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.     

          2.9.  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 35.1.11-д “орон нутгийн өмчийн зүйлсийн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 63.1.2-т “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4-т “хуульд заасан бусад үндэслэлээр бий болсон эд хөрөнгө”, 77 дугаар зүйлийн 77.3-д “Орон нутгийн өмчид хамаарах үндсэн хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, барьцаалах, шинээр олж авах асуудлыг гагцхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний хуралдааны чөлөөт цагт Хурлын дарга шийдвэрлэнэ.”, 78 дугаар зүйлийн 78.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 78.2.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах” гэж тус тус заасны дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоол болон нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжаар “Төлбөр барагдуулах хэлцэл”-ийн дагуу нийслэлийн өмчид 83 хөрөнгийг хүлээн авч, бүртгэхээр гаргасан шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн байна.  

          Нэхэмжлэгч Ц.Ц  болон гуравдагч этгээд А.Г нарын хоорондын “Т” ХХК-ийн хувьцааны талаарх маргаан болон хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой хохирол нэхэмжлэхэд энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.11, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.4, 77 дугаар зүйлийн 77.3, 78 дугаар зүйлийн 78.2, 78.2.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-аас нийслэлийн Засаг дарга, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан гаргасан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолын "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нийслэлийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/543 дугаар захирамжийн "Т" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.      

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ   

 

                      ШҮҮГЧ                                             Э.ЛХАГВАСҮРЭН  

 

ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

 

 

 

 

 

[1] 2 хавтаст хэргийн 237-239 хуудас

[2] 3 хавтаст хэргийн 147-155 хуудас

[3] 2 хавтаст хэргийн 93 хуудас

[4] 2 хавтаст хэргийн 95-96 хуудас

[6] 2 хавтаст хэргийн 108-117 хуудас

[7] 8 хавтаст хэргийн 155-157 хуудас