Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1387

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг, бүрэлдэхүүнд шүүгч А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2018/01373 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “М т” ХХК-д холбогдох

Б дүүрэг, .. дугаар хороо, ... хотхоны 65-ын Б байрны 58 тоот хаягт байрлах орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б, түүний төлөөлөгч Н.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн .... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт “М т” ХХК-ийн барьж байсан Орон сууцны Да хүрээ хотхоны 65Б байрнаас байр сонгож орон сууцныхаа үнийн дүнгийн 10% болох 3.315.000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тус компаны Голомт банкан дахь харилцах дансанд нь тушааж, үлдэгдэл 90%-ийн төлбөр болох 29.800.000 төгрөгийг нь 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Орон сууц санхүүжилтийн корпорацаас зээлийн гэрээгээр “М т” ХХК-д шилжүүлснээр миний орон сууцны төлбөр бүрэн төлөгдөж дууссан юм. Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг одоо хүртэл гаргуулж өгөхгүй байгаа билээ. Иймд “М т” ХХК-иас ... дүүргийн ..-р хороо..... хотхоны 65Б байрны 58 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “М т” ХХК-д холбогдуулж гаргасан Д.Б-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч М т ХХК-д холбогдох ......... дүүрэг, ... дугаар хороо, ........... 65-ын Б байрны 58 тоот хаягт байрлах 40,7 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч яг юуг нь, ямар үндэслэлээр татгалзаж байгаагаа тодорхой тайлбарлаагүй. Энэ талаархи үгүйсгэсэн нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх зохигчдыг шүүх хуралд бүрэн оролцуулаагүй. /Хх-8/ "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 2.1.1-д "нийт төлөлтийн 10% болох 3.315.000 төгрөг", 2.1.2-д "төлж гэрээг байгуулав", 2.1.3-д нийт төлбөрийн 90% болох 29.814.000 төгрөгийг Орон сууц санхүүжилтийн корпораци, 2.1.4-д зээлээр төлөх үүрэгтэй гэж заасан нотлох баримтаар Д.Б нь урьдчилгаа 10% болох 3.315.000 төгрөгийг орон сууцны үнэнд төлсөн болохыг нотлож байна. "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний ард Голомт банкны 1601003481,1102685796 гэсэн хоёр данс бичигджээ. Төлбөрийг уг хоёр дансны алинд нь ч хийж болхоор заасан байна. /хх-7/ "Орон сууцаа сонгох маягт"-д: Урьдчилгаанд 3.315.000 төгрөг, хүсч буй зээлийн хэмжээ 29.814.000 гэж бичиж 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж, гэрээ байгуулан 2 тал баталгаажуулан гарын үсэг зурсан баримт тус тус хэрэгт авагдсан байхад шүүх нотлох баримтуудыг тал бүрээс нь шударгаар үнэлж үзсэнгүй. Орон сууц санхүүжилтийн корпораци, “М т” ХХК хоёрын хооронд хийгдсэн "Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний дагуу Орон сууц санхүүжилтийн корпорацаас-иас 1.008.649.000 төгрөгийг компанид шилжүүлсэн тухай Орон сууц санхүүжилтийн корпорацаас-иас “М т” ХХК-нд хүргүүлсэн шаардлагад дурьдсан байдаг. Хариуцагч тал 14.000 төгрөг төлөөгүй талаар маргаагүй байхад шүүх 14.000 төгрөг төлөөгүй байна гэж өөрөө гарган ирж энэ талаар баримт ирүүлээгүй гэх мэтээр үгүйсгэж үүнд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарыг буруутгаж байгаа нь хэт нэг талыг баримталсан гэж үзэж болохоор байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлхээр хэргийг буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээр дурдсан нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М т” ХХК-д холбогдуулж .......... дүүрэг, .. дугаар хороо, ...... хотхоны 65Б байрны 58 тоот хаягт байрлах, 2 өрөө  орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж, нэхэмжлэгчид олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь .......... дүүрэг, .. дугаар хороо, ...... хотхоны 65Б байрны 58 тоот хаягт байрлах 40,7 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх, нэхэмжэгч нь орон сууцны нийт үнэ 33 129 000 төгрөгийг төлөхдөө урьдчилгаанд 3 315 000 төгрөг төлж, үлдэх 29 814 000 төгрөгийг ОССК-ийн зээлээр төлөхөөр тус тус тохиролцсон гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “М т” ХХК-ийн захирал М.Золбоотын дансанд 3 315 000 төгрөгийг 2011 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн, уг төлөлт Орон сууц захиалан бариулах гэрээний хавсралт төлбөр төлөх графикт гүйлгээ хийгдсэнээр тэмдэглэгдсэн, ОССК-тай 2011 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 29 800 000 төгрөгийн Орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, зээл олголт 2011 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төрийн банкин дахь Д.Б-ийн 340004047754 тоот төгрөгийн дансанд хийгдсэн зэрэг үйл баримтыг нотолсон бичмэл нотлох баримтууд хэрэгт авагдсан. /хх-ийн 6, 10-11, 41-42, 45/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэж тайлбар гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар тайлбар, татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй, Орон  сууцны зээлийн гэрээний дагуу олгосон 29 800 000 төгрөгийг аваагүй гэх тайлбар нотлох баримтыг гаргаагүй тул захиалагч тал буюу нэхэмжлэгч Д.Б Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасан болон Орон сууц захиалан бариулах гэрээний 2.1, 3.1-д заасан  хөлс төлөх үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Гэтэл  шүүх “хариуцагч М т ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь М.З байх боловч М.З-ын дансанд шилжүүлсэн мөнгийг хариуцагч М т ХХК-д гэрээний дагуу төлсөн төлбөр гэж үзэхгүй,... нэхэмжлэгчид олгосон  29 800 000 төгрөг орон сууцны төлбөрт төлөгдсөн гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байна”  гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэсэн байна. Хариуцагч тал ийм тайлбар гаргаагүй болно.

            Мөн үлдэгдэл 14 000 төгрөгийг төлсөн эсэх талаар болон байр ашиглалтанд орсон эсэх, байрыг нэхэмжлэгч хүлээн авсан эсэх талаар хариуцагч тайлбар гаргаагүй тул нэхэмжлэгчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нотлогдсон гэж үзнэ.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлсэн, харин нөгөө тал эсрэгээрээ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хийсэн шүүхийн дүгнэлт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчимд огтхон ч нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч нь Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу ажлын хөлсийг төлсөн гэдгээ хэрэгт байгаа баримтаар нотолсон, төлбөр төлсөн  гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэгчээс ажлын үр дүн буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

Харин нэхэмжлэгч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар шаардсан нь агуулгаар нөгөө талын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг шаардсан агуулгатай тул нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т зааснаар тодорхойлж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилах нь зүйтэй.