Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1245

 

 

 

 

 

 

 

 

    2023            10           18                                          2023/ШЦТ/1245             

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ, хохирогч Т.***, шүүгдэгч А.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Бат-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар А.***д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308 00000 1607 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, карказ угсралтын мужаан мэргэжилтэй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт *** /РД:***/,

 

Холбогдсон хэрэг:

Шүүгдэгч А.*** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч А.***.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.***, хохирогч Т.*** нар гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байх ба 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Баян-Уулын 12 дугаар гудамжны 9 тоот гэртээ шүүгдэгч А.*** нь хамтран амьдрагч болох хохирогч Т.***г гэрээс яв, зайл хэмээн хөөж, улмаар толгой руу нь цохиж, хүзүү, цээж, дух, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацарт цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн учруулсан, тус хэргийг шалгах явцад ба шүүгдэгч А.*** нь согтуугаар 2023 оны 8 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн 2 дугаар гудамжны 90 тоотод хохирогч Т.***гийн хавирга руу нь өшиглөж, баруун 4, 5, 6 дугаар хавирганы хугарал бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж байсан нь хохирогч Т.***гийн мэдүүлэг /хх7-11/, гэрч Т.Дариймаагийн мэдүүлэг /хх13/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх1/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11437 дугаартай дүгнэлт /хх16-17/, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

3. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” нь хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...эхнэр нөхөр, хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгохоор заасан. Улсын яллагчаас шүүгдэгч А.***ий гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хүндрүүлэх шинжгүйгээр буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар, харин сүүлийн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

4. Шүүгдэгч А.*** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

5. Хохирогч Т.*** баримтаар хохирол нэхэмжлээгүй, “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх74/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

6. Улсын яллагчаас шүүгдэгч А.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох, нийт 1.550.000 төгрөгөөр ялыг санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

7. Шүүгдэгч А.***ий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

9. Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч А.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

10. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***ийг 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.***д оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн түүний нийт биелүүлэх торгох ялыг 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР