| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 105/2018/0657/Э |
| Дугаар | 358 |
| Огноо | 2020-03-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 358
2020 3 26 2020/ДШМ/358
Б.Б-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Оюунжаргал,
хохирогч Н.Д-ийн өмгөөлөгч Л.Чинбат,
яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 281 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Оюунжаргалын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 14 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1903012010536 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Бүрд овгийн Б.Б, 19.. оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................... чиглэлээр суралцаж байсан, ам бүл.......... хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .................../;
Б.Б- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг 20 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Улаанбаатар их сургуулийн зүүн замд Тоёота Приус маркийн 44-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч 70 настай Н.Д-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
1. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс ослын шалтгааныг тогтоох техникийн шинжээчийн дүгнэлт нь хэргийн газрын үзлэгээр тогтоосон “А” цэгтэй зөрүүтэй байгаа нь гэрэл зургийн үзүүлэлт, схем зургуудаар харагдаж байгаа тул эргэлзээ бүхий байна гэж мэтгэлцэж байх тул дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гарган ирүүлэх.
2. Хохирогчийн гэмтлийн зэрэг хүнд гарсан нь хохирогчийн урьд авсан гэмтэлтэй холбоотой эсэхийг шалгуулах санал гаргаж байх ба үүнийг тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийх.
3. Яллагдагч Б.Б-ийн хувийн байдлыг тогтоосон ял шийтгэл шалгах хуудас, Цагдаагийн ерөнхий газрын тодорхойлолт зэрэг бичиг баримтуудыг зохих байгууллагаас лавлагааг авч ирүүлэх.
4. Осол болсон газрын ойр орчим байсан хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлтийг хүлээн авч гэрчээр асуух ажиллагааг хийх зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Тээврийн прокурорын газарт буцааж, Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор С.Оюунжаргал бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгчийн захирамжийг дараахь үндэслэлээр хүлээж авах боломжгүй байна. Үүнд:
1. Хавтас хэрэгт авагдсан зам тээврийн ослын хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, ослын бүдүүвч зураг, хохирогч Н.Д-ийн “Улаанбаатар их сургуулийн урд талын туслах замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явж төв зам руу орох гээд ногоон өнгийн суудлын автомашин зогсож байхад би уг автомашины баруун талаар буюу ертөнцийн зүгээр баруун хойшоо чигт алхаж явахад уг автомашины жолооч гэнэт урагшаа хөдлөөд миний баруун хөл рүү автомашины баруун урд гуферийн хэсгээрээ мөргөөд би газар унасан” гэсэн, гэрч Б.Намжилмаагийн “... ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэл зүгт баруун эргэж орох гээд урагшаа жаахан хөдлөхөд машин руу хүн цохих шиг дуу гараад зогссон” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар жолооч Б.Б- нь “Тоёота Приус” маркийн 44-37 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уулзвараар баруун гар тийш эргэх үйлдэл хийх үедээ явган зорчигч Н.Д-д зам тавьж өгөөгүйгээс уг зам тээврийн осол болсон нь тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл, жолооч Б.Б- нь гарцаар баруун тийш эргэж замд нийлэх гэж байхдаа, зүүн гар талаас ирж буй тээврийн хэрэгслийг харж хөдөлгөөн эхлэхдээ уг гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Д-д “зам тавьж өгөх” үйлдлийг зөрчсөнөөс дээрх зам тээврийн осол гарчээ.
2. Хохирогч Н.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр зам тээврийн осолд орсон, 2019 оны 9 дүгээр сарын 27-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвд баруун шилбэний доод булууны ил хугарал оноштой хэвтэн эмийн болон гөлтгөнөн боолт хийлгэсэн. Гэмтлийн эмнэлгийн өвчний түүхэнд баруун шилбэ дунд, доод хэсгээр хугарсан шархтай, онош: баруун шилбэний хоёр ясны ил хугарал. Гэмтлийн эмнэлгийн баруун шилбэ ясны 2 байрлал зургаар баруун тахилзуур яс, дээд болон дунд 1/3 хэсгээр хөндлөн хоёрлосон, шаант яс 1/3 хэсгээр ташуу зөрөө ихтэй хугаралтай харагдана. Дүгнэлт: “Н.Д-ийн биед баруун шаант тахилзуур ясны ил хугарал тогтоогдлоо” гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг ямар үндэслэлээр тодруулах ажиллагаа хийлгэх талаар тодорхой дурьдаагүй.
3. Хавтас хэрэгт яллагдагч Б.Б-ийн иргэний бүртгэлийн болон зөрчлийн лавлагаа мэдээлэл авагдсан болно.
4. Зам тээврийн ослын талаар жолооч Б.Б- дуудлага мэдээлэл өгсөн нь тогтоогдсон ба энэхүү зам тээврийн осол хэргийг үзсэн, харсан гэрч тогтоогдоогүй бөгөөд шүүгчийн энэхүү заалт нь мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Х.Баатарбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс А цэгийг дахин тогтоох талаар прокурорын шатанд ч мөн удаа дараа хүсэлт гаргаж байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт энэхүү хүсэлтээ тавихад шүүх хангаж шийдвэрлэсэн. Үүнийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт хохирогчийн буруутай үйл ажиллагаа байхгүй гэж дүгнэсэн ч схем зураг болон гэрэл зургийн үзүүлэлтээс харахад А цэгийг машин зам дээр тавьсан байсан. Иймээс үүнийг тодруулах шаардлагатай гэж анхан шатны шүүх үзсэн. Мөн гэрэл зургийн үзүүлэлтээс харахад хажууд нь худалдаа хийж байгаа хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс осол болох үед хараад зогсож байсан тул тэдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хүсэлтийг минь хангаж шийдвэрлэсэн. ...” гэв.
Хохирогч Н.Д-ийн өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх хуралдаанд прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. А болон Б цэг хавтас хэрэгт бүрэн тусгагдсан. Мөн хохирогчийн баруун хөлний тахилзуур ясны ил хугарал нь тухайн үед үүссэн байх боломжтой. Үүнийг гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хохирогч 1990 онд мориноос унаад хөлөндөө бэртэл авсан гэж ярьж байсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгч Х.Баатарбилэгийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, “дахин техникийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах, хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохирол нь түүний урьд авсан гэмтэлтэй холбоотой эсэхийг шалгах, яллагдагчийн хувийн байдлыг тогтоох, осол болох үед байсан хүмүүсийг гэрчээр асуулгах” тухай өмгөөлөгчийн хүсэлтүүдийг бүхэлд нь хүлээн авч, Б.Б-т холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Дээрх шийдвэрийг прокурор эс зөвшөөрч “хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх”-ээр эсэргүүцэл бичсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Хэргийн материалд яллагдагчийн хувийн байдлыг тогтоохоор зохих ажиллагаа хийж, шаардлагатай баримтуудыг авч хэрэгт хийжээ. Харин түүний ял шалгах хуудсыг шүүхийн хэлэлцүүлэгт прокуророос шинээр гаргах өгөх боломжтой талаараа давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлав.
Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.
Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/281 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл Б.Батхүлэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ