Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 06

 

                                                                        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                             хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би ОАПГ-ын ХП Л.О-ийн ОАОБГ-ын ГХУХАБ Б.Э-т холбогдуулан гаргасан “ОАОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагч Б.Э-ын гаргасан тайлбарыг 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

ОАПГ-ын ХП Л.О шүүхэд гаргасан дүгнэлтдээ: “ОАПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу ОАОБГ-ын ГХХУАБ Б.Э нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр зөрчлийн холбогдогч Д.С-г төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан үндэслэлээр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын газрын дарга Д.С нь төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулсан гэх үйлдэлд ОБГ-ын ГХХУАБ Б.Э нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэр нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль зөрчсөн байх үндэслэлтэй байна.

1. Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл:

1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор:

1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан;

1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн;

1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж хуульчилсан ба эрх бүхий албан тушаалтны 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалтыг бүрэн бичээгүй зөрчлийн холбогдогч Д.С-д шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...шийтгэлийн хуудаст шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт...” тусгана гэж заасныг зөрчсөн байна.

2. Эрх бүхий албан тушаалтан Б.Э нь зөрчлийн холбогдогч Д.С-д 2021 оны 02 сарын 24-ний өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд зааснаар тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан атлаа зөрчлийн холбогдогч Д.С-гаас 2021 оны 02 сарын 26-ны өдөр мэдүүлэг авсан нь нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлд заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэснийг зөрчиж нотлох баримт цуглуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

З.Эрх бүхий албан тушаалтан Б.Э нь Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн гэж үзэж үндэслэлтэй байна. Зөрчлийн холбогдогч Д.С нь Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын үед тогтоосон хорио цээрийн дэглэм зөрчиж амны хаалт хэрэглээгүй зөрчил үйлдсэн буюу Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” зөрчил үйлдсэн байхад Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” үндэслэлээр шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ОАОБ-ын ГХХУАБ Б.Э-ын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.  

Хариуцагч ОБГ-ын ГХУХАБ Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа: “ОАОБГ-ын ГХУХАБ, хошууч Б.Э би дэлхий дахинд болон улс орны хэмжээнд тархан дэлгэрч байгаа Ковид-19 цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр гаргасан Засгийн газрын бодлого, хөтөлбөр, Улсын Онцгой комиссын шийдвэрүүд, Орхон аймгийн Засаг даргын захирамжуудыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.С-тэй хамтран төр захиргааны байгууллагуудад хяналт шалгалтыг 2021 оны 02 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулан ажилласан.

Ажиллах хугацаанд Аймгийн Засаг даргын захиргааны 2, 3, 4 дүгээр байранд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчдын ажлын цаг ашиглалт, QR кодны хэрэглээ, бүртгэл хөтлөлт, амны хаалт зүүж байгаад хяналт тавьж ажиллахад Орхон аймгийн Санхүүгийн хяналт, Аудитын газрын дарга Д.С нь байгууллагын QR код уншуулаагүй, ажилчдын амны хаалтны хэрэглээ хангалтгүй, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаагүй гэдэг үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасан “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд саад учруулах” үндэслэлээр шийтгэл оногдуулсныг аймгийн Прокурорын газрын ХП-т хянуулахад Цар тахал өвчний үед хорио цээр тогтоосон дэглэм зөрчсөн үед Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх байсныг буруу шийдвэрлэсэн гэж дүгнэсэн.

ОАОБГ-ын ГХУХАБ, хошууч Б.Э би аймгийн Прокурорын газрын ХП Л.О-ийн 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаар дүгнэлттэй танилцаад Цар тахал өвчний үед хорио цээр тогтоосон дэглэм зөрчсөн үед Зөрчлийн тухай хуулийн 5.13.4 дэх заалт “Гамшгаас хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн заалтын дагуу шийдвэрлэх байсныг №0131422 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.2 дэх заалтаар шийдвэрлэсэн нь үнэн болно.

Иймд №0131421 тоот шийтгэлийн хуудсаар шийдвэрлэсэн шийтгэлийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй.” гэжээ.

Гуравдагч этгээд Д.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021
оны 03 сарын 16-ны өдрийн 53 дугаартай захирамж, ОАПГ-ын ХП, хууль цаазын ахлах зөвлөх Л.О-ийн дүгнэлттэй
танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтэд Аймгийн онцгой байдлын
газрын Гамшгаас хамгаалах хяналтын улсын байцаагч Б.Э
2021 оны 02 сарын 24-ний өглөө 08 цагт хяналт шалгалтаар явахад миний
бие эзгүй байсан ба ажил тарахын үед ирж бичиг хэргийн ажилтан
Д.Э-ыг маск зүүгээгүй гэсэн үндэслэлээр байгууллагын даргыг
нь торгоно гэж хэлээд шийтгэлийн хуудас /0131421 дугаартай/ бичээд
явсан.

Хэргийн материалд авагдсан хариуцагчийн тайлбарт: Д.С намайг QR код уншуулаагүй, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулаагүй, ажилчдын амны хаалтын хэрэглээ хангалтгүй гэж бичсэн байна. Тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тайлбар хийж байна.

Захиргааны 3-р байранд байрлах манай албан хаагчид жижүүрийн хажууд
байрлах
QR кодыг уншуулж нэвтрэн ордог талаар Зөрчлийн холбогдогчоос
авсан мэдүүлэгт тодорхой хэлсэн байгаа.

Эрүүл мэндийн байгууллага болон холбогдох байгууллагаас өгч байгаа
зөвлөгөө зөвлөмжийг хэрэгжүүлэн тусгаарлах өрөө, гадны иргэдэд
үйлчлэхдээ
QR код уншуулах эсхүл бүртгэл хөтлөлт хийж хэвшээд байна.
Өрөө тасалгааны үүдэнд гар ариутгагч аппаратыг байршуулан халдвар
хамгааллын дэглэмийг сахин ажиллах тал дээр анхааран бүх боломжоо
дайчлан урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

Албаны бичиг хэргийн ажилтан Д.Э-ыг маск зүүгээгүй байсан
талаар шуурхай хурал дээр тодруулахад гаднаас орж ирээд хувцсаа
тайлахдаа маскаа авсан байсан гэсэн тайлбар хийсэн ба бусад албан
хаагчид ажлын байран дээр масктай байсан байна.

Цаашид тогтмол маск зүүж хэвшихийг, эрүүл мэндийн байгууллагаас өгч
байгаа зөвөлгөө зөвлөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн
ажиллахыг нийт албан хаагчдад үүрэгжүүлэн ажиллаж байна.

Аймгийн ОБГ-ын Гамшгаас хамгаалах хяналтын улсын
байцаагч Б.Э-ын шийтгэлийн хуудсаар ногдуулсан шийтгэлийг хууль зүйн
үндэслэлийг үндэслэлгүй, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

ОАПГ-ын ХП, хууль цаазын ахлах
зөвлөх Л.О-ийн Шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг дэмжиж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

ОАПГ-ын ХП Л.О нь ОБГ-ын ГХУХАБ Б.Э-т холбогдуулан гаргасан дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх заалтыг баримтлан ОАПГ-ын ХП Л.О-ийн ОБГ-ын ГХУХАБ-, хошууч Б.Э-т холбогдуулан гаргасан “ОАОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудсаар торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ОАОБГ-ын ГХУХАБ-ийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 0131421 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүйд тооцсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ