| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 128/2025/0746/З |
| Дугаар | 221/МА2026/0143 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0143
Л.У-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн: шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэгч: Л.У-
Хариуцагч: Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0959 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч Л.У-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, Ц.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 128/2025/0746/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.У-ээс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт холбогдуулан “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-аар маргасан.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0959 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.У-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцож олгохыг, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч Л.У- нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 55 нас хүрч, өөрийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгон авч эхэлсэн.
Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02017 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас нэхэмжлэгч Л.У-т төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжтай тэнцэх нийт 47,471,736.00 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.
Нэхэмжлэгчийг дээрх байдлаар өндөр насны тэтгэврээ тогтоолгосны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 5/109 дүгээр тушаалаар 2016 оны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хамгааллын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилжээ.
Хариуцагчаас дээрх тушаалыг мэдсэн даруйдаа Төрийн албаны төв байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилон ажиллуулах боломжтой эсэх талаарх зөвлөмжийг авахад "Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүнийг Төрийн жинхэнэ албан тушаалд томилох асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй тул боломжгүй" гэсэн хариуг бидэнд өгсөн болно. Түүнчлэн төрийн албаны хүний нөөцийн бодлогын зохистой хэрэгжилт, төрийн албанд ажиллаж буй өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн албан хаагчдын хөдөлмөрийн харилцааны талаар зохицуулалтад хууль тогтоомжийн оновчтой хэрэглээг хэвшүүлэх зорилгоор холбогдох хуулиудын зохицуулалтыг хэрхэн уялдуулан хэрэгжүүлэх талаарх Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай 07 дугаар зөвлөмжийг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан байдаг. Маргаан бүхий тушаал гарах тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан болно/
Тус зөвлөмжийн 4-т "Өндөр насны тэтгэвэр олгох" хэсэгт төрийн албан хаагчид хамааралтай асуудалд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 1-д “Даатгуулаач нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй, харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж заасныг Төрийн албаны тухай хуульд "тэтгэвэр тогтоолгох нас". "төрийн алба хаах насны дээд хязгаарт, мөн Хөдөлмөрийн тухай хуульд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн тухай ойлголттой уялдуулан хэрэгжүүлнэ" гээд "Тэтгэвэр тогтоолгох нас 60, төрийн алба хаах насны дээд хязгаар 65 нас байх тухай заалтуудын хувьд эдгээр хуулиудын зохицуулалтын хооронд зарчмын зөрөө үүсэхгүй. Тухайлбал, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацаа гүйцээгүй байх нь албан хаагчийг "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" эсхүл "төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхийг хойшлуулах үндэслэл болохгүй" гэж тус тус зөвлөжээ.
Эндээс үзвэл, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэх хэдий ч 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацаа гүйцээгүй буюу 60 нас хүрээгүй байх нь тухайн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхийг хойшлуулах үндэслэл болохгүй байхаар тодорхой заажээ.
Мөн зөвлөмжийн 2-т "Тэтгэвэр тогтоолгох нас" хэсэгт зааснаас үзвэл, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхдөө мөн хуулийн 46.3 дахь хэсгийг баримтлах ба төрийн жинхэнэ албан хаагч "тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц" түүнийг төрийн албанаас чөлөөлөх эрх тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд шууд үүсэхээр заажээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, нэхэмжлэгч нь 2021 онд 55 нас хүрч, улмаар өөрийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02017 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Л.У-ийг төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон болохыг тогтоож, төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгож шийдвэрлэсэн бөгөөд үүгээр нэхэмжлэгч нь төрийн албанаас чөлөөлөгдөх үр дагавар бий болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь аль хэдийн өндөр насны тэтгэврээ тогтоолгосон байх тул төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасантай ижил үр дагавар үүссэн тул нэхэмжлэгчийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэр тогтоолгосноор төрийн албанаас чөлөөлсөн болно.
Гэтэл анхан шатны шүүхээс "Үндэслэх" хэсгийн 7.3 дахь хэсэгт "...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон нэхэмжлэгчийн үйлдэлд дүгнэлт өгч, "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэх Төрийн албаны тухай хуулийн заалтыг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй ба," гэж, 7.5-д "..., 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх хуулийн материаллаг хэм хэмжээ бөгөөд хамгийн гол нь өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх агуулгатай хуулийн зохицуулалт юм" гэх дүгнэлтийг хийсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл болж чадаагүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг зохицуулсан ба хуулийн 46.2.2-т "тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд төрийн албанаас чөлөөлөхөөр зохицуулсан бөгөөд 46.3-т "... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэж тус тус заасан.
Эндээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээр төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бий болох буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц өөрөө тэтгэврээ тогтоолгосон нь төрийн албанаас чөлөөлөгдөх үр дагавартай болохыг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй тэтгэвэр тогтоолгох нь хуулиар үүсэх эрх мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй юм.
3.2. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй тухайд:
Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг зохицуулсан ба 22.1-т "Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд дараах нийтлэг шаардлагыг хангасан иргэнийг томилно" гээд 22.1.6-д энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх гэж, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т "Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө гэсний 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" гэж 46.3-т "... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй" гэж гэж тус тус заасан.
Дээрхээс үзвэл, төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нөхцөлд төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэл бий болох хэдий ч хууль тогтоогчоос төрийн албан хаагчид боломж олгосон зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг болно. Тодруулбал, төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд (1) тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгцээ тэтгэврээ тогтоолгох буюу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах, (2) тэтгэврээ тогтоолгохгүйгээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргах эрхтэй байна. Ийнхүү төрийн албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгцээ тэтгэврээ тогтоолгох нь төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригийг илэрхийлэх бөгөөд эл хүсэлтээ гаргаагүй нь хожим төрийн байгууллагаас түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй бөгөөд ийнхүү чөлөөлөгдсөнөөр дахин төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох боломжгүй үр дагаврыг бий болгож байгаа юм.
Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр 2022 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь дээрх хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох тухайн цаг үед ажилгүй байсан хэдий ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг байсан бол тэтгэврээ тогтоолгохгүйгээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлснээр зохих журмын дагуу ажиллах нь хууль зүйн хувьд боломжтой байсан байна.
Түүнчлэн тушаал гаргахад хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Өндөр насны тэтгэвэртэй холбогдох зарим асуудлын тухай" 07 дугаар зөвлөмжийн 8-д "Төрийн албанаас чөлөөлсний дараа" хэсэгт: "Тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн" эсхүл "төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн" үндэслэлээр чөлөөлөгдсөн хүнийг төрийн албаны сонгогддогоос бусад үндсэн албан тушаалд томилон ажиллуулж болохгүй. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнийг төрийн байгууллага зөвхөн гэрээний үндсэн дээр, төрийн албан хаагчийн эрх зүйн байдалгүйгээр тодорхой хугацаанд ажил үүрэг гүйцэтгүүлж болно. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-д “Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй" гэж заасныг баримтална" гэж тодорхой заасан байх бөгөөд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээ төрийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг төрийн жинхэнэ албан тушаалд үндсэн ажилтнаар ажиллуулах боломжгүй байна.
Захиргааны хэргийн шүүхийн зорилт нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалахад чиглэгддэг ба нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөнөөр дахин төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох боломжгүй үр дагавартай буюу нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан тушаалд эгүүлэн ажиллах боломжгүй ба нэхэмжлэгчид сэргээгдэх эрх ашиг сонирхол байхгүй болохыг анхаарах нь зүйтэй юм.
Гэтэл анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтыг огт хэрэглээгүй нь тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6 болон 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь заалтын зорилго, хэрэглээг үгүйсгэж буй нь шүүх хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан гэж үзэж байна.
Тодруулбал, шийдвэрийн "Үндэслэх хэсгийн 7.5 дахь хэсэгт 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэх хуулийн материаллаг хэм хэмжээ бөгөөд хамгийн гол нь өөрөө хүсвэл ажлаас чөлөөлөгдөх агуулгатай хуулийн зохицуулалт юм" гэж, 9 дэх хэсэгт "... нэхэмжлэгчийг төрийн албанд анх орох иргэний нэгэн адил үзэж Төрийн албаны тухай хуулийн 22.1.6-д заасан нийтлэг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь учир дутагдалтай" гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй юм.
Мөн манай газарт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/2626 дугаар албан бичгээр "Хүүхэд, гэр бүлийн 833 ажилтны орон тоо хасагдаагүй боловч 2025 оны төсвийн тодотголоор салбарын нийт цалингийн санг 10 хувиар бууруулсан тул тус яамны зүгээс Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд 833 нийгмийн ажилтны цалингийн санг бууруулахгүй байх саналыг Сангийн яаманд хүргүүлэн ажиллаж байна. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон аймаг, дүүрэгт ажиллаж байгаа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын албан хаагчдын 1,112 орон тоог 101-ээр бууруулахдаа дараах зарчмыг баримтална уу" гэсний 2-т "Аймаг, дүүрэгт ажиллаж байгаа албан хаагчдаас тэтгэврийн насанд хүрсэн эсхүл 6 сараас дээш хугацаагаар хүн ажиллуулаагүй сул орон тоог эхний ээлжид хасах гэсэн чиглэлийг ирүүлсэн байгаа болно.
Түүнчлэн нэхэмжлэгчээс "Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн "Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд энэхүү хэрэг нь маргаан бүхий 2025 оны Б/50 дугаар тушаал гарсантай холбоотойгоор үүссэн буюу тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх ёстой.
Гэтэл анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 3, 4 болон 9 дэх хэсгүүдэд талуудын маргаагүй захиргааны акт болох 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаал гарах болсон шалтгаан, түүний хэрэгжилтийн талаарх дүгнэлтүүдийг тус тус хийж, улмаар тус тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй талаарх хуулийн шаардлагыг зөрчсөн байна.
Мөн Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасан байх ба Л.У-т өндөр насны тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албан тушаалд ажиллуулах шийдвэр нь дээрх зарчмыг үгүйсгэж байна.
Ийнхүү талуудын хооронд үүссэн маргааны гол зүйл болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн зорилгод нийцсэн хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.У-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалаас халсан байна.
3.2. Уг тушаалыг эс зөвшөөрч маргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 221/МА2016/0594 дугаар магадлалаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б/70 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.У-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 11,926,116 /арван нэгэн сая есөн зуун хорин зургаан мянга нэг зуун арван зургаа/ төгрөг олгож, зохих нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
3.3. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр “Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар” байхаар зохион байгуулжээ.
3.4. Түүнчлэн аймгийн Засаг дарга хүүхдийн төлөө байгууллагын даргыг томилох чөлөөлөхөөр зохицуулсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болж, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр үйлчилж эхэлсэн бөгөөд уг хуулиудад Аймгийн Засаг дарга Гэр бүл, хүүхэд,залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох, чөлөөлөх эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй, харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийн 4-т зааснаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргыг томилох чөлөөлөх эрх зүйн зохицуулалт үйлчилж эхэлсэн байна.
3.5. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч Л.У-ийг ажилд эгүүлэн томилохтой холбоотой шүүхийн шийдвэрийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга биелүүлэх боломжгүй болжээ.
3.6. Энэ хугацаанд нэхэмжлэгч Л.У- нь Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Говьсүмбэр аймаг дахь төслийн зохицуулагчаар 2017 оноос хойш 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 134/ШШ2017/000217 дугаар шийдвэрээр 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 10,551,415 төгрөг гаргаж нэхэмжлэгч Л.У-т олгохоор,
Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 134/ШШ2021/00087 дугаар шийдвэрээр 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 26,408,334 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,399,696 төгрөг гаргуулахаар
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/02017 дугаар шийдвэрээр түүний ажилгүй байсан 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 51,378,257 төгрөг, төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжтай тэнцэх 47,471,736 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэж, шийдвэр хүчин төгөлдөр болжээ.
3.7. Түүнчлэн нэхэмжлэгч Л.У- нь 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 55 нас хүрч, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” /1994 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “...Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж зааснаар өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон байна.
4. Хариуцагчаас нэхэмжлэгч Л.У-ийг өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон, түүнд тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах шүүхийн шийдвэр гарсан болохыг мэдэлгүйгээр Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/109 дүгээр тушаалаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 594 дүгээр магадлалыг биелүүлж, нэхэмжлэгч Л.У-ийг Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн эгүүлэн томилсон байна.
5. Ингээд 6 сарын дараа хариуцагч нэхэмжлэгчийг өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгосон болохыг мэдсэн бөгөөд мэдсэн даруйдаа нэхэмжлэгчид төрийн албанаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдсэн талаар танилцуулахад “...5 жил ажилласан урамшууллаа аваад хүсэлтээ өгч чөлөөлөгдөнө...” гэх хариуг өгчээ.
6. Улмаар маргаан бүхий Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-д заасныг үндэслэн, Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Лувсанцэрэнгийн У-ийг 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс дуусгавар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
7. Уг тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Л.У-ээс “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах”-аар маргасан.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/50 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.У-ийг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Говьсүмбэр аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч Л.У-т 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2026 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцож олгохыг, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
9. Учир нь хэрэгт авагдсан баримт болон хэргийн оролцогчдын гаргасан тайлбараар нэхэмжлэгч Л.У- нь 2017 оноос 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй, “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Говьсүмбэр аймаг дахь төслийн зохицуулагчаар ажиллаж цалин хөлс авч байсан төдийгүй ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нийт 104,737,702 төгрөг гаргуулсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож одоо хүртэл тэтгэврээ авч байгаа, тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шүүхийн шийдвэр гарсан болох нь тогтоогдож байна.
Мөн нэхэмжлэгч Л.У- нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эгүүлэн томилогдож, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртэл 6 сарын хугацаанд цалин болон тэтгэврээ зэрэг авч байжээ.
10. Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.2-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” 46.2.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг тухайн байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл түүний үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, туршлага, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана. Төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц болон төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллуулахаар тогтоосон хугацаа дуусмагц төрийн албанаас чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй” гэж тус тус заасан.
11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэл болох бөгөөд тухайн этгээд өөрөө төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ холбогдох албан тушаалтанд гаргах эрхтэй, тухайн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх, эсхүл ... үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргах эрхийг томилох эрх бүхий этгээдэд олгосон байна.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн бол өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл тэтгэврээ тогтоолгохгүйгээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ гаргах эрхтэй байна.
12. Харин нэхэмжлэгч өөрөө хүсэлт гаргаж өндөр насны тэтгэврээ тогтоолгосон, тэтгэвэрт гаргахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж олгох шүүхийн шийдвэр гарсан энэ тохиолдолд түүнийг төрийн албанаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн байх бөгөөд нэхэмжлэгчийг ажилд томилохыг даалгах нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, энэ талаарх “...нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр 2022 онд өндөр насны тэтгэврээ тогтоолгосон нь дээрх хуулийн дагуу төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх бөгөөд цаашид төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврээ тогтоолгох тухайн цаг үед ажилгүй байсан хэдий ч төрийн албанд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зориг байсан бол тэтгэврээ тогтоолгохгүйгээр төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэл хугацаанд үргэлжлүүлэн ажиллах хүсэл зоригоо илэрхийлснээр зохих журмын дагуу ажиллах нь хууль зүйн хувьд боломжтой байсан байна” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй.
13. Мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна гэж, Ахмад настны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох” гэж тус тус зааснаас үзэхэд Төрийн албаны тухай хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хүнийг төрийн жинхэнэ албанд томилох боломжгүй бөгөөд тэтгэвэр авахын зэрэгцээ төрийн жинхэнэ албанд ажиллах нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” гэж заасантай нийцэхгүй.
14. Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нэгэнт өөрийн хүсэлтээр тэтгэвэр тогтоолгож, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасан “энэ хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй байх” нийтлэг шаардлагыг хангахгүй болсон энэ тохиолдолд түүнийг төрийн жинхэнэ албанд үргэлжлүүлэн ажиллуулах үндэслэлгүй бөгөөд “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн” үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй юм.
15. Тодруулбал, Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар “...захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх...”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ...-г хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн;”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” шийдвэр гаргадаг. Гэтэл энэ тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх боломжгүй.
16. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж гаргуулах шүүхийн шийдвэр гарсан, төрийн албаны тухай хуулийн нийтлэг шаардлагыг хангахгүй байгаа зэргийг анхаарч үзэлгүйгээр “...нэхэмжлэгчээс хариуцагчид хандан өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах хүсэлт гаргаагүй, ...нэхэмжлэгч нь ...тэтгэвэр авч буй нь ...тэтгэвэр тогтоолтын хуудсаар тогтоогдож байх авч энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өмнө үүссэн, ажилд эгүүлэн томилоогүй, ажилгүй байсан тэр цаг хугацааны үед Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу өндөр насны тэтгэврийг тогтоолгох эрхийн хүрээнд шийдвэрлүүлсэн нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, хариуцагчийн 2024 оны Б/109 дүгээр тушаал гарснаар нэхэмжлэгчийн өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн...” гэх дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн буруу байна.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0959 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.У-ийн “Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Л.У-ийг ажлаас чөлөөлөх тухай” Б/50 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, өмнө нь эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН