Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 1338

 

 

 

 

 

 

   2023         10         30                                  2023/ШЦТ/1338

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

Улсын яллагч Н.Өнөрбаяр,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан эрүүгийн 2302 00534 0294 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1998 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон нийтийн харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ээж, аав, дүү нарын хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 306 байрны 82 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, (РД:),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 306 байрны 82 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,4927 грамм метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 10,5 грамм тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би ээж аавынхаа өмнө маш их гэмшиж байна, би үнэхээр их ичиж байна. Одоо ахиж энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

- Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан, би өөрийн гэртээ хууль бус мансууруулах төрлийн зүйлийг гэртээ хадгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Урьд өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгөх үедээ Дархан-Уул аймаг явах замдаа машинтай явж өвс гэх нэршилтэй ургамлыг түүсэн гэх мэдүүлгээ худал зохиож хэлсэн. Тухайн үедээ сандраад өөрийн мэдэлгүй худал мэдүүлэг өгсөн. Яагаад гэвэл тухайн өдөр миний шээснээс 2 төрлийн марсууруулах бодис илэрсэн бөгөөд бага зэргээр хэрэглэсэн байсан болохоор өөрийн ярьж байгаа зүйлийг болон хийж байгаа үйлдлийг удирдах чадвар багассан байсан. Энэ талаараа сэжигтнээр дахин мэдүүлэг өгөхдөө залруулж хэлсэн байгаа, худал ярьсанд уучлалт гуйж байна. Миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сараас 6 дугаар сарын хооронд нэг танихгүй залуу гялгар ууттай зүйл өгч байсан. Тухайн үедээ гэртээ орж ирээд харахад өвс гэх нэршилтэй ургамал байсан. Тэгэхээр нь би гялгар уутнаас нь гаргаад төмөр саванд хийсэн. Сүүлд бодоод байхад өвс гэх нэршилтэй ургамлыг гялгар уутнаас гаргаж байх үед дотор нь жижиг ууттай цагаан өнгийн давс шиг зүйл байсан, яг юу гэдгийг нь мэдэхгүй байсан болохоор өвс хийсэн гэх төмөр хайрцаганд хийгээгүй, тусад нь гаргаж тавиад мартсан. Надад тухайн гялгар ууттай өвс гэх ургамал өгсөн залууг би огт танихгүй, урьд өмнө нь уулзаж байгаагүй хүн байсан. Тухайн үед миний сэтгэл санаа тавгүй, гутралтай байсан болохоор ганцаараа гадуур явж байгаад гэрийнхээ ойролцоо нэрийг нь мэдэхгүй пабад ороод бага зэргийн бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал нэг залуу ирээд танилцъя гээд хоргоогоод байсан. Би тэр үедээ бол нээх их тоогоогүй. Тэгээд сууж байсан газраасаа гарч ирээд тамхи татаад зогсож байтал над дээр ирсэн гэх залуу хүрч ирээд надад санаа чинь хэцүү гутралтай байгаа юм бол энийг нэг хэрэглээд үзээрэй гэж хэлээд надад гялгар ууттай зүйл өгсөн. Би тэгэхээр нь аваад гэр рүүгээ орсон. Надад ууттай өвс гэх ургамал өгсөн залуутай би танилцаагүй, утасны дугаар, нэрийг нь мэдэхгүй байгаа. Тэр залуу надад хэлэхдээ чиний сэтгэл санаа зүгээр болохоор танай гэр энэ хавьд байдаг юм чинь дараа нь таарах байх гэж хэлж байсан. 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр би шинжээчийн дүгнэлттэй танилцах үед миний шээснээс 2 төрлийн бодис илэрсэн байсан. Тухайн үед тест нь дээр бага зэргийн алдаа гарсан юм шиг байсан. Би LSD гэж ямар бодис, яаж хэрэглэдэг талаар нь мэдэхгүй байна. Би өвс гэх нэршилтэй бодисыг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн үеэр өөрийнхөө гэртээ ганцаараа байх үедээ бага зэргийг хэрэглэсэн байсан. Харин 2023 оны 7 дугаар сарын дундуур цагдаа нарт баригдахаасаа өмнө нь Чука гэх хүнтэй уулзаад бага зэргийн мансууруулах бодис хэрэглэсэн, тэр мансууруулах төрлийн бодис нь мөс гэх бодис байсан. Тэр үеэс хойш би Чука гэх хүнтэй дахиж уулзаагүй, холбогдож яриагүй...би ямар нэгэн байдлаар худалдаж аваагүй, хэн нэгэн хүнд ч зарж борлуулж байгаагүй. Өөрөө сонирхоод өвс гэх мансууруулах бодисыг хэрэглэж үзсэн, хэн нэгэн хүнд бол хэрэглүүлээгүй, цагдаа нарт баригдсанаасаа хойш дахин мансууруулах төрлийн бодис хэрэглээгүй хэрэглэхээс татгалзаж байгаа. Би өөрийн гэртээ өвс гэх нэршилтэй мансууруулах төрлийн бодис хадгалсан гэх үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Буруу зүйл хийж байсан гэдгээ ойлгож маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн №3317 дугаартай дүгнэлт:

                 1. Шинжилгээнд “1" гэж дугаарласан зиплок гялгар ууттай төмөр савтай ургамал мэт зүйл, хуйлсан АN4352771 гэсэн дугаартай 10 төгрөгтийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, "2" гэж дугаарласан зиплок гялгар ууттай "АМSТЕRDАМ" гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл, “3” гэж дугаарласан зиплок гялгар уутанд хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, “4” гэж дугаарласан зиплок гялгар ууттай улаан, цагаан өнгийн капсул мэт зүйл, цагаан өнгийн эм мэт зүйл 5 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав, зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мес мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

                 2. Шинжилгээнд ирүүлсэн "1" гэж дугаарласан төмөр савтай ургамал мэт зүйл, хуйлсан А4352771 гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, "3" гэж дугаарласан хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. “4” гэж дугаарласан бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав, зиплок гялгар ууттай цагаан өнгийн нунтаг мес мэт зүйл тус бүрээс метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. "2" гэж дугаарласан зиплок гялгар ууттай " АМSТЕRDАМ " гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл, цагаан өнгийн эм мэт зүйл 5 ширхэг, улаан, цагаан өнгийн капсул мэт зүйл тус бүрээс мансууруулах болон сэтгэцэт нөлөөт бодис илрээгүй.

Шинжилгээнд илэрсэн /Делта-9 тетрагидроканнабинол tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.

                 3. “1” гэж дугаарласан ургамал мэт зүйлийн төмөр савтай жин нь 29,6 грамм, цэвэр жин нь 10,5 грамм болов. “4” гэж дугаарласан цагаан өнгийн нунтаг “мөс" мэт зүйлийн гялгар ууттай жин нь 4,9037 грамм, цэвэр жин нь 0,4927 грамм болов...” гэх 3317 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 47-51/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шинжээчийн №3318 дугаартай:

1. Шинжилгээнд “******* 20. 2023.07.20” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “******* 20. 2023.07.20” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ илрэв. Тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. гэх дүгнэлт /хх-ийн 41-43/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №602 дугаартай дүгнэлт:

1. ******* нь Олон төрлийн сэтгэцэд нөлөөт ба донтолт үүсгэх бодисын хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна.

2. ******* нь одоо Олон төрлийн сэтгэцэд нөлөөт ба донтолт үүсгэх бодисын хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна. 2. ******* нь Олон төрлийн сэтгэцэд нөлөөт ба донтолт үүсгэх бодисын хослуулан хэрэглэсний улмаас үүсэх сэтгэц болон зан төрхийн эмгэг. Хэтрүүлэн хэрэглээ сэтгэцийн эмгэгтэй байна.

3. ******* нь болсон явдлыг зөв тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. ******* нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 70-72/,

 

  • 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 2-5/,
  • Иргэн *******ы эзэмшлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 306 байрны 82 тоотод 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9-17/
  • *******ы биеэс биологийн дээж буюу шээс авч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн “...6, 9, 10 дугаар багананд ЭЕРЭГ гэж заасан болохыг тэмдэглэлд тусгаж...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-23/,
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 03–ны өдрийн 3318 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-43/,
  •  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15–ны өдрийн 3317 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 41-51/,
  • Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 602 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 70-72/,
  • Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27/,
  • Гэрч Г.Чулуут мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 33/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 113/,
  • Хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 117-127/
  • Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 116/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Гэм буруугийн дүгнэлт:

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь өөрийн биедээ болон бусад агуулах сав, орон байранд хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, оногдуулахаар үндэслэлтэй байна гэж үзэж. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, мөн шүүгдэгчээс уг бодисын эх сурвалжийг асуухад хэлдэггүй тухайн бодисыг хаанаас авсан тухайгаа мэдүүлээгүй болохыг давхар дурдах нь зүйтэй гэж үзлээ.” гэх дүгнэлт

Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Миний үйлчлүүлэгч нь уг бодисыг хадгалсан гэх үйлдэл дээрээ мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхлээд гэм буруугаа хүлээж, гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох саналыг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргав.

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 0.4927 грамм цэвэр жин бүхий “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байна. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцид заасан.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ыг “мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан”  гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч  хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болохыг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч *******ыг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 306 байрны 82 тоот өөрийн гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй цэвэр жин нь 0,4927 грамм метамфетамины агууламжтай сэтгэцэд нөлөөт бодис, “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь 10,5 грамм тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: Шүүгдэгч *******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгчийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа үеэс авхуулж үнэн зөв мэдүүлэг өгч тухайн бодисыг хаана хадгалж байгаа талаар илэрхийлдэг. Эрүүгийн хариуцлагын хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг нь тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэснээрээ хувь хүн өөрөө хохирогч болдог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан 1-5 жил хорих ялын тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ял оногдуулж, оногдуулсан ялын хугацаагаар тэнсэх харгалзахаар мөн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бусдад төлөх төлбөргүй бол гэм буруутайд тооцож яг оногдуулахгүйгээр тэнсэнэ гэж заасан байдаг. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд аюулын шинж чанар ихтэй тийм боловч шинэчлэгдсэн найруулагдсан 2017 оны Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг хэрэглэх бүрэн боломжтой гэж харж байна. Иймд миний үйлчлүүлэгчийг зорчих эрхийн хязгаарлах ялаар шийтгүүлж өгөхийг хүсэж байна гэв.” гэсэн тайлбар бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

 

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, олон нийтийн аюулгүй байдалд нөхөн төлөх боломжгүй хохирол, хор уршиг учруулах аюултай.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн хоёр төрлийн ялаас гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын болон хор уршгийн шинж чанарыг харгалзан хорих ялыг сонгож, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулав.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж. *******д зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон гэж шүүхээс үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа AN4352771 гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж. Мөн Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0.4927 грамм мөс мэт зүйл, цэвэр жин нь 10.5 грамм төмөр савтай ургамал мэт зүйл хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, “АМSТЕRDАМ” гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, улаан, цагаан өнгийн капсул, цагаан өнгийн эм 5 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг даалгах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д эрх бүхий байгууллагын хяналтад 1 /нэг/ жилийн хугацаагаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч *******д зорчих эрх хязгаарлах ял эдэлж байх хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа AN4352771 гэсэн дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэгийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Монгол банкинд шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтанд зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа 0.4927 грамм мөс мэт зүйл, цэвэр жин нь 10.5 грамм төмөр савтай ургамал мэт зүйл хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас 2 ширхэг, “АМSТЕRDАМ” гэсэн бичиглэлтэй шилтэй шингэн зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, улаан, цагаан өнгийн капсул, цагаан өнгийн эм 5 ширхэг, бор шаргал өнгийн зүйлээр бохирлогдсон хажуу хэсэгтээ гуурс мэт зүйлтэй хуванцар сав зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, устгасан талаарх баримтыг тус шүүхэд ирүүлэхийг мэдэгдсүгэй.

             8. Уг хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэрэгт хадгалах, ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   А.БАТМАНДАХ