Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 1343

 

 

 

 

 

 

   2023         10         31                                   2023/ШЦТ/1343

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Батмандах даргалж,

шүүгдэгч *******,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,

улсын яллагч Ж.Бүрэнжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2306 00000 2424 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1986 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Бэхч” ХХК-д барилгын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Сайхан хотхоны 76-19 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Тэнгэр худалдааны төвийн орчим иргэн Э.Галсанжамцтай маргалдан гараараа нүүр хэсэгт нь цохиж хамар таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, "Тэнгэр11 худалдааны төвийн орчим иргэн Э.Галсанжамцтай маргалдан гараараа нүүр хэсэгт нь цохиж хамар таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч ******* нь хохирогч Э.Галсанжамцын нүүр хэсэгт нь цохиж хамар таславчийн хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэсэн үйл баримт нь:

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.” гэв.

- Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 2306 00000 2424 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/,

Хохирогч Э.Галсанжамц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний урд машин явахгүй түгжрэлтэй байхад ардаас ирсэн жижиг цэнхэр машин дотроос согтуу эрэгтэй хүн бууж ирээд шууд. машины хаалга руу гараараа цохиод "пизда минь яваачээ" гэж хэлэхээр нь би машинаасаа буугаад уг эрэгтэй хүнтэй ..."чи юу яриад байгаа юм бэ, урд машин явахгүй байна" гэж хэлээд хэсэг маргалдсан ба бид хоёрын маргаан дуусаад би машиндаа буцаж суугаад урагшаа яваад, Хэнтий явах машин хайгаад, зогсож байтал нөгөө согтуу эрэгтэй хүн араас хүрч ирээд надтай бас адил хэрүүл хийж байгаад шууд миний нүүрний хамар хэсэгт нэг удаа гараараа цохисон...Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Эс М” гэдэг нэртэй эмнэлэгт хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон зардалд 1.650.000 төгрөг, үүнээс 210.000 төгрөгийг ******* өгсөн.Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15, 85/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №03 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Э.Галсанжамцын биед хамар хамар, таславчийн хугарал таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлтээр /хх-ийн 29-30/ тогтоогдсон гэж тус тус шүүх дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч *******ыг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Э.Галсанжамц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид 1.949.000 төлсөн бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

 Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна ...” гэх,

шүүгдэгч: “...Тусгайлан гаргах саналгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1  дэх заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    А.БАТМАНДАХ