Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1154

 

 

  

 

 

 

 

 

     2023            09            27                                          2023/ШЦТ/1154

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Э.Намуун

шүүгдэгч ***, өмгөөлөгч М.Билгүтэй,

хохирогч ***, өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308017600354 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 6 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр, гурван хүүхдийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа Одонтын 14 дүгээр гудамжны замд Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7а, 12.3-т заасан заалтуудыг зөрчин Daihatsu Hijet Truck маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ***н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүх хуралдаанд оролцогчид мэдүүлэхдээ:

- шүүгдэгч ***“нэмж мэдүүлэг өгөхгүй”,  

- хохирогч *** “...Би хувийн компанид ажилладаг. Тухайн үед хуулийн талын мэдлэг байхгүй болохоор акт тогтоолгоогүй. Энэ хүн намайг ийм болгоогүй бол би шүүхээр орж хүнээс мөнгө гуйж царай алдах шаардлага байхгүй, ажлаа хийгээд амьдралаа болгоод явах байсан. Энэ хүнээс болоод гурван сар ажлаа хийгээгүй, унаж байсан машин, амьдарч байсан гэрээ зараад зээлээ төлж дуусгасан. Дахиад өөр газар өртэй, хоёр сарын зээлээ төл гэдэг нэхэмжлэл ирсэн. Үүнийг бодолцож үзмээр байна” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 372 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан”,

- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “хохирогч ***н мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42, 72 дугаар хуудас)”,

- Хохирогчийн өмгөөлөгчөөс “шинээр гаргаж өгсөн баримтууд”,

- Шүүгдэгч, хохирогч нар “байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч ***нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салаа Одонтын 14 дүгээр гудамжны замд Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчин Daihatsu Hijet Truck маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч ***н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 2-8 дугаар хуудас ),

            - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр “жолооч ***ыг драйгер багаж ашиглан шалгахад 1.46 хувь тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн байна”, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас ),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн хохирогч ***н “...2023 оны 5-р сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Улаан дэлгүүр гэх газрын орчимд нүүрс зардаг цэгийн үүдэнд өөрийн эзэмшлийн Daihatsu Hijet Truck маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээ хөндлөн байрлуулаад нүүрс ачихыг хүлээж байтал миний машины жолооч талаас хар өнгийн Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирж мөргөж, манай машин эргээд төв зам руу хараад зогссон. Тухайн үед жолооч талаас  мөргөсөн учраас миний хөл, өвдөг хэсэгт гэмтэл авсан. Тухайн үед машиндаа ганцаараа сууж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 6805 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***н биед баруун өвдөгний дотор жийргэвч мөгөөрс, урд чагтан холбоос, арын чагтан холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дүгээр тал),

- “Хас үнэлгээ” ХХКомпанийн автомашин техникийн үнэлгээгээр “...2.208.000 төгрөг” гэсэн тайлан, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 36-38 дугаар тал),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяраагийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 775 дугаартай “...жолооч ***нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй. Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй” гэсэн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 50 дугаар тал),

- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Сувд-Эрдэнийн “...2023 оны 5-р сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Зүүн салаа Одонтын 14-р гудамжны замд Приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Daihatsu Hijet Truck маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочтой мөргөлдсөний улмаас *** гэмтсэн хэрэг үйлдэгдсэн байна. Хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс 281.000 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан нь баримтаар тогтоогдож байх тул ***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45, 64 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч ***нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т “Жолоочид дараах зүйлийг хориглоно а/Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчиж, хохирогч ***н биед хүндэвтэр гэмтэл учруулсан нь дээрх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч ***, өмгөөлөгч нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон” болохыг дурдах нь зүйтэй юм.

1.4. Хохирол, хор уршиг.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч ***н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр баримт(хавтаст хэргийн 78-82 дугаар хуудас)-аар 1.679.850 төгрөг, эрх бүхий байгууллагын автомашины үнэлгээгээр тогтоогдсон 2.208.000 төгрөгийг тус тус нэхэмжилснийг шүүгдэгч ***төлж барагдуулсан(хавтаст хэргийн 42, 88-89 дүгээр хуудас) байна.

Шүүх хуралдаанд хохирогч *** “...*** ХХКомпанид хөлсөөр ажиллах гэрээгээр мужаанаар сарын 2.400.000 төгрөгийн цалин авдаг. 03 сар ажилгүй байсан 7.200.000 төгрөг, шатахууны зардал 510.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг, холбогдох тодорхойлолт, дансны хуулгыг гаргаж өгсөн.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хохирогчоос ажилгүй байсан хугацааны цалин, шатахууны зардлыг хангалттай тогтоосон баримтгүй /хэдэн сар ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн эсэх, хөдөлмөрийн чадвараа алдсан эсэхийг тогтоосон акт, ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эмчилгээ хийлгэсэн, хэний  автомашинд шатахуун хийж хаашаа явсан талаарх/ тул гэм хор учруулсны төлбөрийг үндэслэл бүхий тодорхой тооцоо гарган шийдвэрлэх боломжгүй гэж шүүхээс дүгнэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, харин холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу эрх бүхий этгээдийн төлөөлөгчөөс “хохирогч ***н эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардалд 281.000 төгрөгийг зарцуулсан зардал (хавтаст хэргийн 63-64 дугаар хуудас)”-ийг шүүгдэгчээс төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч ***ы энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч  ***д Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасаж, *** аймгийн *** сумаас 06 сарын хугацаагаар гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)-аар ***нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж улмаар авто осол гаргасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулсан), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, *** настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төрийн мэдээллийн сангийн лавлагаа тодорхойлолтоор *** аймгийн *** сум, *** баг *** гудамжны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, эрх бүхий байгууллагын хяналтад *** аймгийн *** сум *** багийн нутаг дэвсгэрээс 06 сарын хугацаагаар гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” зохицуулалтыг заасан нь эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд /дээр дурдсан/ хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчимд нийцэж хангасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхээс татгалзаж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн 2308017600354 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин согтуурсан үедээ нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ыг эрх бүхий байгууллагын хяналтад *** аймгийн *** сум *** багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн 2308017600354 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хохирогч ***н ажилгүй байсан хугацааны цалин, шатахууны зардал/7.710.000 төгрөг/-ыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, тэрээр цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР