Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 1403

 

Р.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/01381 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Р.Б-ийн нэхэмжлэлтэй

Эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2005-2009 онд Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байрны эргүүлийн цагдаагаар ажиллаж байсан. Боловсон хүчний буруутай үйл ажиллагаанаас буюу “эргүүлийн цагдаа” гэсэн тушаалыг эргүүлийн гэсэн үгийг орхиж “цагдаа” гэсэн тушаал гаргаснаас болоод тэтгэвэрт гарах гэхээр хугацаа нь болохгүй болчихоод байгаа юм. Иймд миний 2005-2009 онд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 2005 оны 02 дугаар сарын 21-ны өдрөөс 2009 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилласнаар тогтоолгох тухай хүсэлт гаргагч Боржигон овогт Р-ийн Б-ийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч Р.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн анхан шатны шүүхээс миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон байна. Иймээс Р.Б миний бие нь шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа учир Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд миний энэ асуудлыг шийдэж, гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйг давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулан зөвтгөх боломжтой.

Нэхэмжлэгч Р.Б нь  2005-2009 хүртэл Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эргүүлийн цагдаагаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлт гаргасан ба ийнхүү хүсэлт гаргасан зорилгыг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн Цагдаагийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 86 дугаар зүйлийн 86.2 дах хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал обьектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар, ... тус тус тооцно” гэж заасантай холбоотойгоор 2018 оны 9 дүгээр сард цагдаагийн алба хаагчийн тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрх үүснэ гэж тодорхойлжээ.

            Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2005 оны 02 сарын 22-ны өдрийн б/20 дугаар тушаалаар Р.Б-ийг 2005 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс цагдаагийн ахлагч цолыг сэргээн цагдаагаар томилсон байх боловч тэрээр эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан болох нь гэрч Б.А-ын “...Намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байхад Р.Б нь 2005 онд Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс шилжин ирж, эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажилласан, Эрүүлжүүлэх байрны цагдаа нь ээлжийн ажилтай, эргүүлд гардаг байсан, 2009 он хүртэл Р.Б нь эрүүлжүүлэх байрны цагдаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч Н.Г-ын “...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст ажиллаж байхад Р.Б нь 2005 онд Хан-уул дүүргийн Цагдаагийн хэлтсээс шилжин ирээд эрүүлжүүлэх байрны цагдаа байсан, 2009 он хүртэл Р.Б нь эрүүлжүүлэх байрны цагдаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, Р.Б нь 2005 оны 3 сараас эхлэн 2009 оны 12 дугаар сарыг дуустал  эргүүлийн цагдаа а/ч цолтой ажиллаж цалин хөлс авч байсан талаарх Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн цалингийн нэгтгэл /хх-ийн 33-37/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүх дээрх гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлж байгааг шийдвэртээ тусгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтаар гэрчийн мэдүүлэг үгүйсгэгдсэн гэж  хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийснийг залруулах боломжтой байна.

            Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Р.Б-г Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст 2005 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2009 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл эргүүлийн /эрүүлжүүлэх байрны/ цагдаагаар ажиллаж байсныг тогтоож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.