Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 359

 

 

 

 

 

 

  2020             3              26                                         2020/ДШМ/359

 

 

Э.Б-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мижиддорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1910025310854 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Эрхэс овгийн Э.Б, 19... оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группд байдаг, ам бүл 1, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

Э.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одуунваанчиг” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Г.П-гийн “Оппо” маркийн гар утсыг хулгайлан, авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд Э.Б-д зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Б-д мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж, Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Дээд шатны прокурор Ц.Ариунболд бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан байх тул шийтгэх тогтоолд дараахь үндэслэлээр өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичив.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаар зохицуулсан бөгөөд уг зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн заалтыг “ял оногдуулахгүйгээр тэнсэж” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... шүүгдэгч Э.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар...” гэж өөрчлөлт оруулуулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

            Прокурор Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. ...” гэв.

                                                            ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Э.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одуунваанчиг” шүдний эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Г.П-гийн “Оппо” маркийн гар утсыг хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч Э.Б-ы яллагдагчаар өгсөн “...  миний куртик дээр нэг гар утас байсан. Тэгээд би, эхлээд миний гар утас байх гэж бодоод аваад гарсан. Тэгтэл өөр утас байсан. Тэгээд гайгүй утас болохоор нь өөрөө аваад явчихсан юм. Доторх юмыг нь устгаад кодыг нь тайлуулаад, өөрийнхөө дугаарыг хийгээд барья гэж бодсон. ...” /хх 40/,

хохирогч Г.П-гийн “... камер шүүж үзтэл манай найз Гаадмаа миний утсыг гаргаж ирээд хажуудаа сандал дээр тавьж байгаа нь харагдсан бөгөөд үл таних эрэгтэй хүн миний орсон эмчилгээний өрөөнөөс гарч ирээд сандал дээр байсан гар утсыг аваад куртикээ хагас өмсөөд гарч байгаа нь бичигдсэн байсан. ...” /хх 9/,

гэрч Б.Гаадмаагийн “... манай найзын гар утас дугархаар нь хүн машин гаргах гэж байгаан байх гэж бодоод гар утсыг нь хартал ангийнх нь хүүхэд байсан. Тэгэхээр нь би тухайн үедээ түүртээд гар утсыг нь хажуу талдаа тавиад орхисон байсан. Тэгтэл тухайн эрэгтэй 15-20 минутын дараа гарч ирээд хажуу талаас тайлаад орхисон куртикаа аваад явахдаа дээр нь байсан гар утсыг аваад яваад өгсөн байсан. ...” /хх 14/,

гэрч Б.Цэцэгдарийн “... манайд үйлчлүүлж байсан эгч гар утсаа хулгайд алдлаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлэгт тэр эгчээс гадна 2 хүн үйлчлүүлж байсан бөгөөд сүүлд орж ирсэн охиноос асуухад байхгүй гэж байсан. Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд манай эмнэлэгт үйлчлүүлдэг ах авсан байсан. ...” /хх 16/ гэх мэдүүлгүүд,

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20-22/,

“Ашид-Билгүүн” ХХК-ийн гар утасны үнэлгээ /хх 18/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоороо хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох тул шүүгдэгч Э.Б-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодитой байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Э.Б-ы гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо н нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.  

Дээд шатны прокурор Ц.Ариунболд “... шийтгэх тогтоолд Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн заалтыг “... ял оногдуулахгүйгээр тэнсэж” гэж бичиж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн  байх тул зөвтгөн өөрчлөлт оруулах” гэсэн агуулгатай эсэргүүцэл бичжээ.

            Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “... ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж ...” гэж бичсэн боловч тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Э.Б- өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж ... шийдвэрлэв” гэж тодорхой дүгнэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрт үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй гарсан алдааг залруулах талаар улсын яллагчийн санал, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хүсэлт шүүхэд гаргаж, эсхүл шүүх өөрийн санаачлагаар залруулж болно” гэсэн заалтад дээрх нөхцөл байдал хамаарч байх бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрлэх асуудал биш байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн зохицуулалт нь тусгай ангид заасан зөвхөн хорих ял шийтгэж болох санкцтай зүйл, хэсэгт баримтлах заалт байх тул анхан шатны шүүх “хорих ял оногдуулахгүйгээр” гэхийг “ял оногдуулахгүйгээр” гэж “хорих” гэсэн үгийг орхигдуулан бичсэнээрээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл болохгүй байна.

Харин, прокурор анхан шатны шүүхэд уг асуудлаар санал гарган зөвтгүүлэх нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, дээд шатны прокурор Ц.Ариунболдын бичсэн 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 1 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ