| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 158/2025/0005/З |
| Дугаар | 221/МА2026/0144 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 221/МА2026/0144
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Зоригтбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч М.Цэцэгмаа
Илтгэсэн: шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Г
Нэхэмжлэгч: П.М-
Хариуцагч: Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 34 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгч П.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Г, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан
Хэргийн индекс: 158/2025/0005/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.М-аас, Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, хурлын даргад тус тус холбогдуулан “Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийг Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах”-аар маргасан.
2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 158/ШШ2025/0034 дүгээр шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.3, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3, 52 дугаар зүйлийн 52.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай /хоёр/ тогтоолыг тус тус хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.2, Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2, 61.3, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг тус тус баримтлан П.М-ыг Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж, эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрын тооцоог хийж олгохыг Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагч Н.Б дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хариуцагчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох буюу дүгнэлтэд нөлөөлж болох хавтаст хэрэгт авагдсан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн болон 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай, 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 1 дугаартай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тус тус тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар. Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/10 дугаар захирамж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай "Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай" хуралдааны тогтоол, шүүхээс үзлэг хийн бэхжүүлэн авсан 23 минут 06 секунтын бичлэг, 05 минут 11 секунтын бичлэг, Н.Бн чат мессежид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч П, Б.О-э нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судалж, нягтлан шалгах, үнэлэх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх, тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасантай нийцүүлэн үнэлээгүйн улмаас шүүх хэргийн бодит байдлыг буруу тогтоож хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.
3.2. Дээрх нотлох баримтуудаар хэргийн бодит болсон нөхцөл байдал буюу Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан ба хуралдаанд ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирсэн.
Анхдугаар хуралдааныг удирдах дарааллын дагуу эхлүүлж шинээр сонгогдсон 21 төлөөлөгч нарын бүрэн эрхийг нийт төлөөлөгч нарын 100 хувийн саналаар баталж энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулснаар тухайн Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх эрхийн хүрээнд хуралдаан цааш үргэлжилж, хурал хаалттай хуралдсан.
...Дээрх байдлаар анхдугаар хуралдаан үргэлжилж байхад П.М-ын хувьд анхдугаар хуралдааныг зохион байгуулж чадахгүй буюу Хуралдааныг удирдахгүй байсан ба түүний өмнөөс Засаг даргад нэр дэвшигч Б.Б хурлыг удирдаж эхэлсэн.
Ингэж байгаад хурлын дарга буюу нэхэмжлэгч П.М- нь "улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэхгүй байх" үндсэн зарчмыг алдагдуулж, мөн хурлыг удирдаж чадахгүй хуралдааныг хаахгүйгээр тамгыг авч 18 цаг 32 минутад хурлыг орхиж зугтаасан буюу улс төржсөн үйлдлийг өөрөө гаргасан. 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдаан 20 цаг 11 минутад дууссан байдаг.
Мөн 2 сарын хугацаанд Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй, мөн төлөөлөгч нарыг удирдаагүй, удирдаж чадаагүй. Энэхүү төлөөлөгч нарыг удирдаагүй, удирдаж чадаагүй, бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй дутагдлаа П.М- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн үйл баримт нотлогддог. Тодруулж хэлбэл, анхны хуралдааныг удирдаж чадаагүйгээс үүдэж Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг солих, чөлөөлөх асуудал /санал/ төлөөлөгч нарын дунд үүсэж үе шаттайгаар яригдаж байсан.
Улмаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх сонгуулийн иргэдийн Төлөөлөгчдийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит II-р хуралдааны хэлэлцэх асуудлыг батлах явцад Хурлын төлөөлөгч Н.Б "намын бүлэг байгуулах болон бүтэц зохион байгуулалт/-ийн асуудал"-ыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах саналыг гаргаж, санал зөрөлдөн хурал үргэлжилж байгаад намын бүлгийн асуудлыг дэг дээр нэмэлтээр оруулах, бүтцийн асуудлыг хэлэлцэх асуудалд оруулах эсэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлөөр оруулахыг 19 төлөөлөгчөөс гараа өргөх байдлаар санал хурааж, улмаар 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч гар өргөснөөр 52.6 хувийн саналаар буюу олонхын саналаар дэмжиж шийдвэрлэсэн.
3.3. Хариуцагч Н.Бн хувьд 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудалд оруулах эсэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн хурлаар оруулах санал"-ыг гаргасан тус Хурлын төлөөлөгч байсан ба тэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж оролцсон байх ба иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь бүрэн эрхийн хүрээнд хуралдаанаар төлөөлөгчийн гаргасан асуудлыг эхлээд Зөвлөлийн хурлаар хэлэлцэх хуульд заасан журмыг хэрэгжүүлж Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд оруулах эсэхийг шийдвэрлэсний дараа гэж шийдвэрлэсэн нь тус өдрийн хурлын тэмдэглэлээр нотлогддог буюу хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Н.Б нар нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй.
3.4. Улмаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай "Хуралдаан зарлах, хэлэлцэх асуудал, илтгэгчийг батлах тухай "захирамжийн 1-р хавсралтаар бүтэц зохион байгуулалт/-ийн асуудлыг хэлэлцэхээр баталсан байдаг ба энэ нь Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1.3-т "... эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шийдвэрлэх хуульд нийцсэн.
Харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл буюу нэхэмжлэгч П.М- нь Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралт " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1.3-т "... шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах" хэмээн журамд заасан үүргээ биелүүлж хариуцагч Н.Бгаас холбогдох баримт материал шаардаагүй ба үүн дээр талууд маргаагүй.
3.5. Тодруулж хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл нь Н.Б болон бусад нэр бүхий төлөөлөгч нараас гаргасан "Бүтцэд өөрчлөлт оруулах" эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудалд оруулахтай холбоотой холбогдох тооцоо, судалгаа, лавлагааг санал гаргасан төлөөлөгчөөс шаардаагүй нь тухайн саналд заавал хуульд заасан тооцоо, судалгаа, лавлагаа шаардагдахгүй байсан болохыг нотолсон зүйл байхад анхан шатны шүүх энэ тогтоогдсон үйл баримтыг буруу тайлбарласан буюу "... төлөөлөгчдийн Хуралд хэлэлцүүлэхээр оруулсан саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах эсэх асуудлыг шийдвэрлэх Зөвлөлийн товийг санал гаргасан төлөөлөгч болон... Зөвлөлийн гишүүн төлөөлөгч нарт мэдэгдэх шаардлагагүй тул хариуцагчийн дээрх тайлбар няцаагдан үгүйсгэгдэж байна гэж хариуцагчийн мэтгэлцэн маргасан үндэслэлийг буруу ойлгож тайлбарласанд гомдолтой байна. Дараагийн тогтоогдож буй үйл баримт нь Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн ИТХ-ын III-р хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн (хагас сайн өдөр 11 цаг 10 минутад /ЗДТГ-т ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 14 төлөөлөгч ирж 66,6 хувийн ирцтэйгээр хуралдааныг Хэлэлцэх 3 асуудлын хүрээнд хурлын дарга П.М- нээж эхлүүлсэн.
3.6. Хэлэлцэх асуудлын хүрээнд урьд шийдвэрлэсэн бүтэц зохион байгуулалт/-ийн асуудал орсон боловч, нэр бүхий төлөөлөгчид бүтцийн асуудлыг ажлын өдрөөр хуралдах саналыг гаргаж, улмаар санал хураалт явуулсан ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулах дээр 18 төлөөлөгчөөс 17 буюу 94,4 хувийн саналаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдахаар болж хурал хэлэлцэх 2 асуудлын хүрээнд үргэлжилж тус өдрийн хурлын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 15 цаг 50 минутад дууссан байна.
Ингээд ээлжит III-р хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 20 минутад ирвэл зохих 21 төлөөлөгчөөс 18 буюу 85,7 хувийн ирцтэйгээр хэлэлцэх 11 асуудлын хүрээнд үргэлжилсэн.
Хэлэлцэх асуудлын хамгийн сүүлийн буюу 11-д /Бүтэц зохион байгуулалт/-ийн асуудал яригдсан ба Хурлын төлөөлөгч Н.Б бүтцийн асуудал дээр Хурлын даргын асуудлыг оруулах саналыг гаргаж холбогдох үндэслэлийг хуралд санал оруулсан төлөөлөгч саналд холбогдох үндэслэлийг тайлбарласан байх ба
1. хурлыг удирдан зохион байгуулах чадамжгүй,
2. төлөөлөгч нарыг ажиллах мэдээ мэдээллээр хангаж чадахгүй байна
3. Анхдугаар хуралдааныг дуусгахгүйгээр тамга авч явсан нь гэх байдлаар тайлбарласан байдаг ба анхан шатны шүүх үүнд дүгнэлт өгөхдөө Зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн хэмээн дүгнэсэн ба үүнтэй санал нийлэхгүй байна.
3.7. Учир нь, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн баталсан байдаг ба Дэгийн 6.5-т Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ", мөн дэгийн 17.1-т Хуралдааны дэгийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө" гэж журамласан ба 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаан тус дэгийн дагуу явагдах учиртай тул хурлын даргыг ажлаас чөлөөлөх цаг үеийн шинжтэй асуудлыг хэлэлцэж, улмаар Хурлын дарга П.М-ыг "Чөлөөлөх, чөлөөлөхгүй" гэсэн 2 томьёоллоор нууц санал хураалт явуулж нийт хуралдаанд ирсэн 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч чөлөөлөх, 9 төлөөлөгч чөлөөлөхгүй буюу 52.6 хувийн саналаар даргыг чөлөөлөхөөр болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг ажлаас чөлөөлөх тогтоолыг уншиж танилцуулсан ба хуралдааныг цааш үргэлжлүүлэхийн тулд хуралд ирсэн хамгийн өндөр настай төлөөлөгч Л.А хурлыг удирдсан. Тогтоолын төслийг 18 төлөөлөгчдөөс 14 төлөөлөгч буюу 77,7 хувийн саналаар баталсан хэргийн бодит нөхцөл байдал хавтаст хэргийн 99-100 талд авагдсан баримтаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогддог.
3.8. Тодруулж хэлбэл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын иргэдийн төлөөлөгч нараас тухайн үеийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг хурлын тогтоолоор баталсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны Дэгд заасан эрхийн хүрээнд хуралд гаргаж, улмаар тус асуудлыг ээлжит III-р хуралдаанаар хэлэлцэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын олонхын санал, сонголтоор П.М-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хурлын нарийн бичиг байсан гэх Б.О-ээс сүүлд гарч ирсэн 1 заалт бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гаргасан болох нь гэрч Т.П болон Б.О-э нарийн мэдүүлгээр тогтоогддог.
3.9. Мөн хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн анхдугаар хуралдааны тэмдэглэл авагдсан тус тэмдэглэл гараад 2024 оны 12 дугаар сарын 30 хүртэл гэхээр 2 сарын хугацаанд тэмдэглэл ёслогдоогүй буюу баталгаажаагүй байгаа нь тухайн үеийн хурлын дарга П.М- нь үүрэгт ажлаа алдаа дутагдалтай хийж байсныг харуулж байх ба тус ёсчлогдоогүй тэмдэглэлийг судлахад
Анхдугаар хуралдаан үргэлжилж байхад П.М-ын хувьд анхдугаар хуралдааныг дэгийн дагуу зохион байгуулж чадахгүй буюу удирдахгүй, түүний өмнөөс Засаг даргад нэр дэвшигч Б.Б хурлыг Хуралдааныг удирдаж эхэлсэн.
Мөн нэхэмжлэгч П.М- нь "улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий, этгээдийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэхгүй байх үндсэн зарчмыг алдагдуулж, мөн хурлыг удирдаж чадахгүй хуралдааныг хаахгүйгээр тамгыг авч 18 цаг 32 минутад хурлыг орхиж зугтаасан хэрэгт авагдсан анхдугаар хурлын тэмдэглэлээс тодорхой харагддаг.
3.10. Харин нэхэмжлэгч нь 2 сарын хугацаанд Хурлын хороо, төлөөлөгчдийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоогоор хангаагүй, мөн төлөөлөгч нарыг удирдаагүй, удирдаж чадаагүй. Энэхүү төлөөлөгч нарыг удирдаагүй, удирдаж чадаагүй, бүрэн эрхээ хэрэгжүүлж ажиллаагүй дутагдлаа 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ИТХ-ын 3-р хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаагаар нотлогддог. Эдгээр нотлогдож буй үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 05 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" тогтоолыг ИТХ гаргасан нь МУЗЗ, НДНТУТХ-ийн 39 дүгээр зүйлийн 39.1.3, 39.1.4 дэх хэсэг болон Баян-агт сумын ИТХ-ын ээлжит 1-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтын 6 дугаар зүйлийн 6.5 болон 8 дугаар зүйлийн 8.2 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн буюу Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг бүрэн эрхийн хүрээнд олонхоороо албан тушаалаас огцруулан шийдвэрлэсэн.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг удирдлага болгон Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0034 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
4.1 “...Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хувьд Баян-Агт сумын ИТХ-ын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн анхдугаар хуралдаанаас эхлүүлэн сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг хөндөж ирсэн (2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 1-р хуралдааны тэмдэглэлд "Н.Б төлөөлөгч ...магадгүй Засаг дарга биш байж болно. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ч байж болно. Одоо би хэлэлцэх асуудалдаа би 2 санал оруулаад явуулъя гэх байдлаар хэлэлцэж ирсэн нь тэмдэглэлд тусгагдсан) буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтын асуудал хэмээх ерөнхий агуулга дор Засаг даргын асуудал, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудлыг Хурлын хэлэлцэх асуудалд оруулах эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх саналыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит II-р хуралдаанаар төлөөлөгч Н.Б гаргаж, улмаар Зөвлөлийн даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай захирамж гарсан дээр маргадаггүй ба энэ үйл баримт бодит байдал дээр болж өнгөрсөн болох нь хэрэгт авагдсан анхдугаар хуралдааны болон II, III-р хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагддаг.
Анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарлан маргасан Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн зохицуулалтыг огт анхаарч үзээгүй, үүнд дүгнэлт өгөөгүйн улмаас хэрэглэх ёсгүй Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг болон Монгол улсын Их хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам"-ын 4.1.3, 4.1.4 дэх хэсгийг буруу хэрэглэсэн.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-т "Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална." хэмээн хуульчилсан ба энэ хуулийн зохицуулалтын дагуу Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нь 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит II-р хуралдааны "Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг шинэчлэн батлах" тухай 01 дугаар тогтоолын 1-р заалтаар Хуралдааны дэгийг хавсралтаар баталсан. /Баян-Аат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэг бүхий эрх зүйн баримт бичиг нь хэрэгт нотлох баримтаар авагдсан/
Хариуцагч Н.Б нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын хуралдаанд Бүтцийн асуудлыг танилцуулж оролцсон ба тэрээр Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.5-т. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ... гэсэнтэй нийцүүлж, холбож тус саналыг хурлын хэлэлцэх асуудалд оруулсан.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар тухайн цаг үеийн шинжтэй асуудлыг хурлаар хэлэлцэх эсэх дээр санал зөрчилдөж байсан хэдий ч Хурлын дэгд захирагдаж буюу олонхын саналаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М-ыг ажлаас чөлөөлөх асуудлыг хурлаар хэлэлцсэн хэргийн бодит нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог.
Монгол Улсын Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь суманд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын" гэж заасны дагуу Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нь тухайн нутаг дэвсгэрийн өөрөө удирдах байгууллага Ийнхүү нутгийн өөрөө удирдах иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Баян-Агт сумын иргэдийн сонголтоор сонгогдож хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг ХАМТЫН удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг ба энэ хүрээнд буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг хамтын шийдвэрээр ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46. 1-т " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна", мөн хуулийн 46.7-т " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно", 48 дугаар зүйлийн 48.1-т "ИТХ хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална хэмээн хууль тогтоогчоос хуульчилсантай бүрэн нийцсэн.
Тодруулж хэлбэл, Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.5-т заасан хоёрдмол утгагүйгээр тодорхой заасан томьёолол буюу цаг үеийн (Бүтэц гэх агуулга дор Засаг дарга эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудал гэх байдлаар явж ирснийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудлыг хуралд хэлэлцэх асуудал болгон тавьсан) шинжтэй асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хэлэлцэж Хурлын дарга П.М-ыг "Чөлөөлөх, чөлөөлөхгүй" гэсэн нууц санал хураалт явуулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд ирсэн нийт 19 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч чөлөөлөх, 9 төлөөлөгч чөлөөлөхгүй буюу 52.6 хувийн саналаар П.М-ыг ажлаас нь чөлөөлсөн тогтоолыг хурлаас гаргасан буюу 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын хуралдаанаар хэлэлцсэн Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг заавал Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх шаардлага байгаагүй, мөн холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа шаардахгүй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх үүнд холбогдох эрх зүйн актыг үнэлэхгүй, дүгнэлт өгөөгүй, хуульд заасан Зөвлөлийн хурлаар заавал оруулах, тооцоо, судалгаа лавлагааг заавал шаардахаар байсан эсэхийг анхаарч үзээгүй нь хуулийг буруу хэрэглэсэн учир дутагдалтай болжээ хэмээн дүгнэж байна.
4.2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах тухайд:
...Нэхэмжлэгч П.М- нь анх шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлдээ Баян-Агт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит III-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай" (П.М-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж, Н. Бг сонгосон) 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах, эгүүлэн ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах" гэж үндсэн нэхэмжлэлийг гаргасан.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж ажилгүй байсан хугацааны цалин хөлс 40,106,000 төгрөгийг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэсэн болно.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж буюу хэрэгт авагдсан Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан 05 дугаартай /хоёр/ тогтоолыг хүчингүй болгож, мөн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших цалин хөлс гаргуулах шаардлагыг ажилгүй байсан цалин олговрыг түүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан үүргийг гүйцэтгэж эхлэх хүртэл тооцож олгохыг хариуцагч Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даалгасан байдлаар шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр "Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй хэмээн үзэж байна.
4.3. Хариуцагчийн шүүх хуралдаанд тайлбарлан мэтгэлцсэн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III-р хуралдаанаас гарсан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" /нэхэмжлэгч П.М-ыг чөлөөлсөн/ 05 дугаартай 1 заалт бүхий тогтоол нь тухайн өдрийн Хурлын олонхын саналаар шийдвэрлэж, тус хуралд уншин сонсгосон, хурлаас төслийг баталсан тогтоол гэх тайлбарт дүгнэлт хийгээгүй тухайд:
Хэрэгт Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" /нэхэмжлэгч П.М-ыг чөлөөлсөн/ 05 дугаартай болон Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай" (П.М-ыг ИТХ-ын даргаас чөлөөлж, Н.Бг сонгосон) 05 дугаартай хууль зүйн үндэслэлийн хувьд ялгаатай бичигдсэн маргаан бүхий 2 тогтоол авагдсан.
Нэхэмжлэгч П.М- нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 4-р хурал дээр ажлаас чөлөөлсөн тогтоолоо гардаж авахыг Н.Бгаас шаардсан энэ үед П.М-ыг чөлөөлсөн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас уншин сонсгосон, баталсан бичгээр гарсан тогтоол олдоогүй тул (ажлын албаны бичиг хэргийн материал буюу тогтоол тушаал захирамжийн бүртгэлийг шүүхэд олдоогүй) түүнийг чөлөөлсөн тогтоолыг нөхөж гаргах шаардлага хариуцагчид үүссэн.
Энэ үед иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга ажлаас гарсан байсан ба хурлын нарийн бичиггүй байсан тул хурлын ажлын албаны мэргэжилтэн Т.П нь нарийн бичгийн урьд ашиглаж байсан /хуучин/ тогтоолын төсөл дээр өөрчлөлт оруулах байдлаар " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай" (П.М-ыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлж, Н.Бг сонгосон) тогтоолын төслийг боловсруулж бланк дээр хэвлэн гаргаж, он, сар, өдрийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, дугаар 05 гэж гараар бичиж, хуралдаан даргалагч Л.А гарын үсэг зурж албажуулан 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр П.М-т гардуулсныг тэрээр нэхэмжлэлд хавсаргаж өгсөн.
Хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу нэхэмжлэгчийн гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэлтэй танилцсан даруй урьд ажиллаж байсан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.О-этэй холбогдож 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар хэлээд П.М-ыг ажлаас чөлөөлөхтэй холбоотой ИТХ-ын бүрэн эрхийн тухай ганц зохицуулалт алга энэ юу болбоо ямар хариуцлагагүй зүйл хийсэн юм бэ, П.М- дарга тогтоолыг эх хувиар авсан байна, хаанаас авсан юм бол, чамаас авсан юм уу гээд түүн лүү сүүлд нөхөж гаргасан гэх 3 заалт бүхий тогтоолын зургийг явуулсныг Б.О-э нь хараад маш их гайхаж би ийм төсөл боловсруулаагүй ээ, миний боловсруулж батлуулсан тогтоол биш, үсгийн фонд нь өөр байна, тухайн өдөр би эхлээд бланк дээр хэвлээгүй бичгийн цаасан дээр хэвлэсэн төсөл гаргахад П.Нэргүйбаатар эгч бланк дээр гарга гэж хэлэхэд нь би бланк дээр гаргаж байсан" гэж хэлэхэд нь хариуцагч Н.Б нь дээрх байдлаар сүүлд нөхөж гаргасан тогтоол гэдгийг санаж, түүнээс уучлалт гуйж 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хурлаас гарсан тогтоолыг ирээд олохгүй байна тэр өдөр бичгээр тогтоол гарсан талаар асуухад тэрээр би өөрийн ажлаас гарахдаа авч ирсэн баримт дотроо үзнэ гэж түүнд хэлсэн байдаг газар Б.О-ийн мэдүүлгээр нотлогддог.
Ингээд хэрэг хянан шийдвэрлэх явцад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлыг урьд хийж байсан Б.О-э нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Бтай утсаар холбогдож 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" тогтоол надад байна би ажлын байрнаас өөрийн хэрэглээний бичиг баримт материалыг үзэхэд дотроос гарч ирлээ санаандгүй /авч явснаа мэдээгүй/ аваад ирсэн байна гэж хэлээд өөрийн фейсбүүк чатаас Н.Бн фейсбүүк чат луу тогтоолын зургийг дарж явуулсныг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.А төлөөлөгчид үзүүлэхэд миний гарын үсэг мөн байна гэж байсан гэсэн тул тус тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр П.М-т үзүүлснээр, П.М- нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас гаргасан баталсан 1 заалт бүхий тогтоолыг нотлох баримтаар хэрэгт авхуулах хүсэлтийг шүүхэд гаргаж улмаар шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн
Хариуцагч иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Б нар шүүгчийн захирамжийн биелэлтийг хангахын тулд Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М-ыг чөлөөлсөн тогтоолын эх хувийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаан болохоос өмнө Б.О-ээс илгээмжээр Улаанбаатар хотоос таньдаг хүний унаанд тавиулж авч тус тогтоолыг шүүхэд хүргүүлсэн
Тодруулж хэлбэл, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар уншин сонсгосон, олонхын саналаар баталж гаргасан тогтоол нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч ирсэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөх тухай" /иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.М-ыг чөлөөлсөн/ 1 заалт бүхий тогтоол болох нь гэрч Б.О-ийн мэдүүлгээр хөтөлбөргүй нотлогддог.
Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн " иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай" (П.М-ыг ИТХ-ын даргаас чөлөөлж, Н.Бг сонгосон) 05 дугаартай 3 заалт бүхий тогтоол нь тухайн хурлаас гараагүй, сүүлд ажлын албаны мэргэжилтэн Т.Паар нөхөж хийлгэсэн тогтоол болох нь гэрч Т.Пын мэдүүлгээр нотлогддог ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөөгүй болно.
Нотлогдож буй үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийвэл нэхэмжлэгч П.М-ын нэхэмжлэлийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III-р хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг чөлөөлөн, сонгох тухай" (П М-ыг ИТХ-ын даргаас чөлөөлж, Н.Бг сонгосон) 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах шаардлагыг ханган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэх хариуцагчийн тайлбарт шүүх дүгнэлт өгөөгүй
Иймд, дээр дурдсан гурван нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасныг удирдлага болгон Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
3. Нэхэмжлэгч П.М-аас Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын дарга нарт холбогдуулан “Баян-Агт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойших хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг гаргуулах”-аар маргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхгүй” гэж заасан байдаг. Гэтэл Н.Б 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэх асуудалд бүтцэд өөрчлөлт оруулах санал гаргасан, уг хурлаар П.М-ыг чөлөөлөх, эсхүл Засаг дарга н.Быг огцруулъя гэх байдлаар тодорхой санал гаргаагүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр П.М- ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдээгүй байхад хэлэлцэх асуудалдаа оруулсан, ... 18 эсхүл 19 төлөөлөгч байсан эсэх нь эргэлзээтэй, ... асуудлыг шийдвэрлэхдээ хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд заавал урьдчилан мэдэгдэх ёстой. Гэтэл хурлын даргыг өөрчлөх бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Булган аймгийн Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь мэдэгдэх, сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй...” гэж тайлбарлан маргасан байна.
4. Маргааны үйл баримтын талаар.
4.1. Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай захирамжаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 29, 30-ны өдрүүдийн 09-18 цагийн хооронд хуралдуулахаар шийдвэрлэж, 29-ний өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар, 30-ны өдөр хэлэлцэх асуудлын жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталжээ.
4.2. Уг захирамжийн 1 дүгээр хавсралтаар Баян-Агт сум байгуулагдсаны 100 жилийн ойн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөний талаар, Баян-Агт сумын логонд өөрчлөлт оруулах тухай, Бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэхээр баталсан боловч Бүтцэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэн илтгэх нь тодорхойгүй байх бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар уг “Бүтцэд өөрчлөлт оруулах тухай” гэх асуудлыг 30-ны өдөр хэлэлцэхээр шийдвэрлэжээ.
5. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй, 48 дугаар зүйлийн 48.1-д Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар батална, 48.2-т Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох, чөлөөлөх тухай тогтоолд тухайн Хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна гэж,
Монгол Улсын Их Хурлын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ажиллах журам”-ын 4.1.3-т иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан эрх бүхий этгээдээс санаачилсан асуудлыг Зөвлөлийн хурлаар урьдчилан хэлэлцэж, шаардлагатай тохиолдолд энэ журмын 4.1.4-т заасан арга хэмжээг авах, 4.1.4-д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Зөвлөлд ирүүлсэн материалыг хянаж, шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдээс тооцоо, судалгаа, лавлагаа, мэдээллийг гаргуулж авах” гэж тус тус заасан.
6. Хуулийн эдгээр зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгчдөд тараах, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.
7. Тухайн тохиолдолд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар дээрх “Бүтцийн асуудал” гэсэн тодорхойгүй асуудлыг хэлэлцүүлэхдээ иргэдийн Төлөөлөгчийн Хурлын дарга П.М-ыг ажлаас чөлөөлөх эсэх талаар хэлэлцэж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, энэ талаар анхан шатны шүүхээс “... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг албан тушаалаас нь огцруулах саналыг албан ёсоор гаргаагүй ба бүтэц зохион байгуулалтын талаар” гэж тодорхойлон тодорхойгүй санал хүргүүлж, түүндээ ямар шалтгаан нөхцөлөөр Хурлын даргыг чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаанаа заагаагүй, ...сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
8. Учир нь хэрэг авагдсан баримтууд, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдолд дурдсан “...(2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит 1-р хуралдааны тэмдэглэлд "Н.Б төлөөлөгч ...магадгүй Засаг дарга биш байж болно. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга ч байж болно. Одоо би хэлэлцэх асуудалдаа би 2 санал оруулаад явуулъя гэх байдлаар хэлэлцэж ирсэн нь тэмдэглэлд тусгагдсан) буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүтэц зохион байгуулалтын асуудал хэмээх ерөнхий агуулга дор Засаг даргын асуудал, эсхүл иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын асуудлыг Хурлын хэлэлцэх асуудалд оруулах эсэх асуудлыг Зөвлөлийн хурлаар оруулж шийдвэрлүүлэх саналыг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит II-р хуралдаанаар төлөөлөгч Н.Б гаргаж, улмаар Зөвлөлийн даргын 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 11 дугаартай захирамж гарсан дээр маргадаггүй...”, “...Н.Б нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хурлын хуралдаанд Бүтцийн асуудлыг танилцуулж оролцсон ба тэрээр Баян-Агт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийн 6.5-т. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, цаг үеийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ... гэсэнтэй нийцүүлж холбож тус саналыг хурлын хэлэлцэх асуудалд оруулсан...” гэх тайлбар зэргээс үзэхэд уг “Бүтцийн асуудал” гэх агуулга дор яг ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байсан төдийгүй уг асуудлын талаар Зөвлөлийн Хуралд тодорхой санал оруулж, холбогдох баримтыг хүргүүлээгүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг томилж, чөлөөлөх тухай асуудал нь цаг үеийн шинжтэй асуудалд хамаарахгүй тул өмгөөлөгчийн гаргасан энэ талаар гомдлыг хүлээж авах боломжгүй.
9. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд Хурлын бүрэн эрх гээд 35.1.2-т “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах” гэж зааснаар Хурлын даргыг чөлөөлөх асуудал нь Хурлаас албан тушаалтныг сонгох, чөлөөлөх бүрэн эрхийн асуудалд хамаарах бөгөөд уг асуудлыг хуульд бүтэц зохион байгуулалт гэж томьёолоогүй.
10. Гэтэл хариуцагчаас “Бүтцийн асуудал” гэх тодорхойгүй нэр томьёогоор хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, улмаар Хурлын даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхдээ нэхэмжлэгчийг Хурлын даргын албан тушаалаас чөлөөлөх болсон үндэслэл, шалтгаан үүнтэй холбоотой тооцоо судалгааг гаргаж төлөөлөгч нарт танилцуулахгүйгээр шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй бөгөөд хариуцагч нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
11. Нэхэмжлэгчийн эс зөвшөөрч маргасан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолыг хариуцагчаас агуулга нь ижил боловч 2 өөр хувилбараар үйлдэж гаргасан байгаа энэ тохиолдолд тухайн тогтоолуудыг өөр өөр захиргааны акт гэж үзэхгүй бөгөөд нэгэнт хууль бус болох нь тогтоогдсон ижил огноо дугаартай 2 тогтоолыг хоёуланг нь хүчингүй болгосон анхан шатны шүүхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, нэхэмжлэгчийн маргаагүй асуудлаар шийдвэр гаргасан гэж буруутгах үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.
12. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанд 18 төлөөлөгч ирц бүртгүүлсэн байх боловч санал хураалтад 19 төлөөлөгчийн санал тоологдсон зэрэг ирц, саналын хуудасны тоо зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 158/ШШ2025/0034 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ М.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН