Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2020/00786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: “А” ХК-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Б-д холбогдох,  

 

Даатгалын хураамж 802,085 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Оюунсайхан, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б болон “А” ХК нар нь Иргэний хуулийн 431.1-т заасныг үндэслэн 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 1 жилийн хугацаатайгаар 1600012566 тоот тээврийн хэрэгслийн гэрээг байгуулж, даатгуулагч Б нь 1,375,000 төгрөгийн даатгалын хураамжийг 11 удаагийн тэнцүү төлөлтөөр 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд даатгагчид хэсэгчлэн төлөхөөр тохиролцож, эрсдэлээ даатгуулсан. Гэрээний хугацаанд 2 удаа нийт 733,168 төгрөгийн нөхөн төлбөр авч байсан. Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 572,915 төгрөгийн даатгалын хураамжийг төлсөн боловч үлдэгдэл 802,085 төгрөгийн даатгалын хураамжийг төлөхгүй байна. Даатгалын гэрээт ажилтны буруутай ажиллагааны улмаас гэрээнд хураамжийн хэмжээ, үлдэгдэл төлбөрийн хэмжээг тодорхой тусгаж өгөөгүй боловч авлагын дансны хуулгаар Б хураамжийн үлдэгдэлтэй болох нь нотлогдоно.

Иймд Бгоос Иргэний хуулийн 431.1-т “Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ”, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “Даатгуулагч даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу даатгалын гэрээний хураамжийн төлбөрийн үлдэгдэл 802,085 төгрөгийг “А” ХК-д гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Бд холбогдуулан даатгалын хураамж 802,085 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн хувийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч Бд гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг нь түүнд мөн өдөр тайлбарлан танилцуулж, шүүх хуралдаан 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болох талаар 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн 95952626 тоот утсаар болон түүний оршин суух хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлж мэдэгдсэн боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгч, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч нэхэмжлэлд тайлбар өгөөгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т нийцнэ гэж үзсэн болно.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Б нь “А” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 2016 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх 1 жилийн хугацаагаар 1600012566 дугаартай “Сонголт-тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г бичгээр байгуулж, өөрийн өмчлөлийн 04-09 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 113,000,000 төгрөгөөр үнэлэн даатгуулж, даатгалын хураамжийг 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 05-ны өдөр буюу 11 удаагийн давтамжаар төлөх, “А” ХХК нь даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол буюу даатгалын нөхөн төлбөрийг олгох үүргийг харилцан хүлээжээ.

 

Зохигчдын хооронд бичгээр байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 432 дугаар зүйлийн 432.3-т заасан сайн дурын даатгалын гэрээний эрх зүйн харилцаанд хамаарч байна.

 

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь даатгалын хураамж 1,375,000 төгрөгөөс 802,085 төгрөгийг төлөгдөөгүй үндэслэлээр хариуцагчаас мөн төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

 

Хэрэгт авагдсан, зохигчдын хооронд хийгдсэн 1600012566 тоот гэрээ нь бичгээр хийх хуулийн шаардлага хангасан байх боловч даатгалын гэрээнд хураамжийн хэмжээг тусгасан байх Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.5-д заасан шаардлагыг хангаагүй байх тул шүүх уг гэрээг хийгээгүйд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, сайн дурын даатгалын гэрээний гол нөхцөл болох даатгалын хураамжийн хэмжээг Даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 14 дүгээр зүйлийн 14.2.5-д зааснаар Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрэмд заасан аргачлалын дагуу даатгагч тогтоодог учир шүүх даатгалын хураамжийг өөрөөр тодорхойлох боломжгүй энэ тохиолдлыг хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал гэж үзнэ.

 

Даатгуулагчийн төлөх ёстой хураамжийн хэмжээ ийнхүү тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т “Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно.” гэж заасны дагуу зохигчдын хооронд даатгалын гэрээ байгуулагдаагүйд тооцох үндэслэлийг бүрдүүлж байх тул шүүх хариуцагчаас 802,085 төгрөгийн хураамж гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

 Нэхэмжлэгчийн зүгээс шаардлагаа нотлох зорилгоор даатгалын хураамж 1,375,000 төгрөгөөс 572,915 төгрөг төлөгдсөн, 802,085 төгрөгийн хураамжийн үлдэгдэлтэй гэх авлагын дансны хуулга гэх баримтыг гаргасан боловч уг баримтыг нэхэмжлэгч тал дангаар үйлдсэн, түүнд тусгагдсан авлагын дүнг юунд үндэслэж, хэрхэн тооцож гаргасан нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж чадаагүй, даатгалын хураамжийн хэмжээг 1,375,000 төгрөг байхаар талууд тохиролцсон гэж үзэх үндэслэл өөр бусад баримтаар тогтоогдоогүй тул шүүх хариуцагчийг мөн хэмжээний хураамж төлөх үүргийг даатгалын гэрээгээр хүлээсэн, хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүх даатгалын хураамжийн хэмжээг гэрээгээр тохироогүй үндэслэлээр даатгалын гэрээг байгуулагдаагүйд тооцсон тул гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх асуудалд дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан үндэслэлгүй тул Бгоос даатгалын хураамж 802,085 төгрөг гаргуулахыг хүссэн “А” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.      

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,668 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА