Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/687

 

 

 

 

   2023          8          28                                   2023/ШЦТ/687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч П.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт   П-н Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай  хэргийг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай  дунд  боловсролтой, засварчин мэргэжилтэй, “***” ХХК-д механик засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт *** оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн **  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял  оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, М овогт   П Г /регистрийн дугаар: ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүдэгч П.Г нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** давхарт байрлах “М” ресторанаас Т.Зулхүүгийн эзэмшлийн “Самсунг Эс-22  ултра” загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Ц.М-н эзэмшлийн “Самсунг-а 52” загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Н.А-ын эзэмшлийн “Ай Фоне 11 про” загварын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Б.М-н эзэмшлийн “Рэд мажик 6 про” загварын 1.600.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

“...Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй....” гэв.

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Т.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө манай байгууллага Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** сургуулийн 15 дугаар давхарт байрлах “М” ресторанд шинэ жилээ тэмдэглэсэн. Шинэ жил тэмдэглэж байх явцдаа манай ажлын 4 хүн утсаа ширээн дээр тавиад буцаад ирэхэд ширээн дээр утаснууд байхгүй болчихсон байсан тул рестораны хамгаалалтын албанд мэдэгдэхэд цагдаад өгсөн. Удалгүй 2 цагдаа ирж хяналтын камер шүүсэн. Тэгээд би гэр рүүгээ явчихсан. Цагдаа нар над руу залгаад хэлтэс дээр хүрээд ир гэхээр нь яваад очиход миний “Самсунг Эс-22” маркийн гар утас болон манай ажлын хүний “Айфоне 11 про макс” маркийн гар утсыг олсон гээд өгсөн. Нөгөө залуу би 2 ширхэг утас авсан, өөр утас аваагүй гэж байгаад 2 давхарт гараад би 4 гар утас авсан гэж хэлэхэд цагдаа тухайн гар утас хулгайлсан гэх хүнийг дагуулаад үлдсэн 2 утсыг олохоор явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дахь тал/,

 

Хохирогч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ *** сургуулийн байранд явагдаж байсан бөгөөд тамхины өрөө орчихоод эргээд ирэхэд ширээн дээр байсан утас байхгүй болохоор нь утас алга болчихлоо гэтэл хажуу талын ширээн дээр сууж байсан ажлын газрын нэг ахын эхнэр ногоон өмдтэй саарал цамцтай хүн аваад гарсан гэж хэлсэн. Тэгээд гар утас алга болчихлоо гээд бужигналдаад байж байтал манай ажлын хүмүүсээс З, М, А бидний утас алга болсон байсан тул тэр газрын зохион байгуулагчийг нь дуудаад камер шүүлгэхэд 11 цаг 38 минутад манай шинэ жил болж байсан газарт гаднаас намхан саарал малгайтай цамцаа юүдэнгээр нь дараад өмсчихсөн, ногоон өмдтэй хүн ширээ хэсэж сууж босож явахдаа утаснуудыг аваад явсан байсан. Тухайн бичлэгийг үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

Хохирогч Н.А-ынн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ *** сургуулийн байранд явагдаж байсан. ...Тэр үед би гадаа ажлынхаа газрын ахыг машинд суулгаж өгч байсан. Тэгээд буцаж ороод тэр хавиар асуутал ажлын газрын нэг ахын эхнэр нь ногоон өмдтэй, саарал цамцтай хүн аваад гарсан гэж хэлсэн. ...Зохион байгуулагчийг нь дуудаад камер шүүлгэхэд 11 цаг 38 минутад манай шинэ жил болж байсан газарт гаднаас орж ирж ширээ хэсэж байсан хүн сууж босож явахдаа утаснуудыг аваад явсан байсан. Тухайн бичлэгийг үзээд цагдаагийн байгуулагад дуудлага өгсөн... Надад ямар нэгэн гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

 

Хохирогч Б.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...23 цагийн үед эхнэр Зулхүүгийн хамт шинэ жил тараад гарах гэсэн чинь миний ширээн дээр байсан гар утас байхгүй байхаар нь цагдаа дуудаад явсан. Тухайн шөнийн 02-03 цагийн үед дуудлага өгсөн цагдаа руу залгахад А, З, М нарын гар утас хамт алдагдсан байсан. Гар утас хулгайлсан гэх залуу 2022 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 7 цагийн үед миний гар утсыг цагдаа дээр авчирч өгсөн. Би гар утсаа хүлээн авсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд: “...“Самсунг  Эс-22 Ультра” загварын гар утсыг 1.500.000 төгрөг, “Рэд мэжик 6 про” загварын гар утсыг 1.600.000 төгрөг, “Самсунг а52” загварын гар утсыг 450.000 төгрөг, “Айфоне 11 про” загварын гар утсыг 1.000.000 төгрөг...” гэжээ. /хавтаст хэргийн 67-71 дэх тал/,

 

Шүүгдэгч П.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө *** сургуульд байрлах ** дээр буюу ажлын байран дээрээ ганцаараа байж байсан бөгөөд 15 давхарт байрлах тамхины өрөө рүү орсон, тухайн давхарт байрлах “М” ресторанд нэг байгууллагын шинэ жил болж байсан. Би үүдний ширээний хажуугаар гарч байтал 4 ширхэг гар утас ширээн дээр байж байхаар нь шууд аваад ажил руугаа орчихсон. Тэгээд би гэртээ хариад байж байтал манай ажлын Д утсаар залгаад чи 15 давхарт байдаг ресторанаас гар утаснууд аваад явчихсан юмуу эргүүлээд өг, цагдаа ирсэн байна гэхээр нь нөгөө гар утаснуудыг эзэнд нь эргүүлэн  аваачиж өгсөн. Би уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн. Миний зээлнүүд нэхэгдээд тухайн гар утаснуудыг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 101 дэх тал/,

 

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 211 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн105 53 дахь тал/, гэрч М.Э-н мэдүүлэг /хавтаст хэргийн 115-116 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.Г 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” ресторанаас Т.З-н эзэмшлийн “Самсунг Эс-22  ултра” загварын 1.500.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Ц.М-н эзэмшлийн “Самсунг-а 52” загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Н.А-ын  эзэмшлийн “Ай Фоне 11 про” загварын 1.000.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг, Б.М-н эзэмшлийн “Рэд мажик 6 про” загварын 1.600.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 4.550.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Т.З, М, Н.А, Б.Б нарын өгсөн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайланд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1-д “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заажээ.

 

“Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч П.Г нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө “М” ресторанаас Т.З, Ц.М, Н.А Б.М-н нарын 4 ширхэг гар утсыг хулгайлсан нь нотлогдон тогтоогдсон бөгөөд түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Гыг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэргийн шүүгдэгч нь “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Гад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна, иймд шүүгдэгчийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг биет байдлаар нөхөн төлсөн, түүний холбогдогдсон гэмт хэрэгт нь нийгмийн аюулын хэр хэмжээний хувьд хөнгөн гэмт хэрэг, мөн эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч П.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэрэгт хохирогч Т.З-н “...гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул надад гомдол, санал байхгүй...” гэх /хх-ийн 14-15 дахь тал/, хохирогч Ц.М-н “...Би гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол саналгүй...” гэх /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, хохирогч Н.А-ынн “...Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх /хавтаст хэргийн 24-25 дахь тал/, хохирогч Б.М-н “...Би гар утсаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч П.Гыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

         Энэ хэргийн улмаас шүүгдэгч П.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт П-н Г-г “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч П.Гад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч П.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ