Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2020/01319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Д-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг, хариуцагч Д, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэгийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б нь миний төрсөн ах бөгөөд бэр эгч Дтэй 1991 оноос хамт амьдарч эхэлсэн ба 2005 оны 11 сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний хамтран амьдрах хугацаанд 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр охин Г, 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Д нар төрсөн. Охин Г насанд хүрсэн, нөхөр, охины хамт тусдаа амьдардаг.

Ах Б нь 1998 онд Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллахаар явсан бөгөөд одоог хүртэл эх орондоо нэг ч ирээгүй бөгөөд тэндээ ажиллаж амьдарсаар байгаа бөгөөд Д нь 2000 онд Бүгд Найрамдах Солонгос улсад очиж ажиллаж байгаад 2010 онд хүүгийн хамт Монгол руу буцсан. Б нь 2014 онд гэр бүл цуцлуулах өргөдлийг төрсөн дүү Б.Ганцэцэгийн нэр дээр итгэмжлэл явуулсан ба Д нь өргөдлийг аваад гэр бүл цуцлуулах хүсэлтийг хүлээж аваагүй. Тэд 10 жил тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамт амьдрах боломжгүй байгаа гэж төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхийг надад олгосон тул Б, Д нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Б нь хүү Дийг эхнэрийнхээ асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байгаа. Эд хөрөнгө болон үр хүүхдийн ямарваа нэгэн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 1991 онд гэр бүл болж, 2005 онд гэр бүлээ батлуулсан. Энэ хугацаанд 2 хүүхдийн аав, ээж болсон. Том охин Г насанд хүрсэн тусдаа амьдарч байгаа, бага хүү маань надтай амьдардаг. Б бид хоёр 2010 оноос тусдаа амьдарч байна. Бид олон жил тусдаа амьдарснаас болж тус тусын хувийн амьдралаа зохиосон. Нөхрөөс нэхэх зүйл байхгүй. Б нь хүүхдүүдээ маш сайн хардаг тусалдаг тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бага хүүгээ ээжтэйгээ үлдэхийг бид ярилцаж тохирсон хүүхэд өрөө зөвшөөрсөн. Хүүхдүүдийнхээ өмнө хүлээсэн хариуцлага урьдын адил цаашид ч хэвээр байх болно. Дундын эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбарыг хянаад 

             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б нь хариуцагч Дд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд гаргасныг хариуцагч зөвшөөрсөн байна.

 

Төлөөлүүлэгч Бгээс 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Дд холбогдуулан өөрийн нэрийн өмнөөс тус шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл болон тус шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх бүх эрх, хүлээх үүргийг хүлээж оролцохыг зөвшөөрсөн итгэмжлэлийг Б.Ганцэцэгт олгосон, уг итгэмжлэлийн үнэн зөвийг БНСУ-ын Сөүл хот дахь нотариатын үүрэг гүйцэтгэгч Л.Хаш-Эрдэнэ гэрчилж, МУ-ын Элчин сайдын яамны Консулын газар тамга дарж баталгаажуулсан байх тул шүүх Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2-т заасанд үндэслэн Дд холбогдох Бгийн нэхэмжлэлтэй энэ хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчийг оролцуулан хянан хэлэлцсэн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэрлэгч Б, Д нар 2005 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэрлэлтийн Г-30/05 дугаарт бүртгэж, 0029243 тоот гэрчилгээ олгосон байх ба тэдний дундаас 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр охин Г, 2005 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүү Д нар төрсөн болох нь талуудын тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүү Дийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэгчид 2010 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа гэж тайлбарласан бөгөөд гэрлэгчдийн хэн аль нь цаашид хамт амьдрах хүсэлгүй байгаа нь талуудын гаргаж буй тайлбараар тогтоогдож байх тул шүүх гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзлээ. Иймд гэрлэлтийг цуцлав.

 

Зохигчдын дундаас төрсөн насанд хүрээгүй хүү Дийг нэхэмжлэгчийн зөвшөөрөл, хариуцагчийн тайлбар, хүүхдийн саналд тус тус үндэслэн эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй байна.

 

Талууд шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлгийн болоод гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг, мөн шүүх хэдийгээр гэрлэлтийг цуцалж байгаа боловч насанд хүрээгүй хүүхдийн хувьд Б, Д нарын Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б, Днарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2005 оны     сарын ....-ны өдөр төрсөн хүү Д -ийг эх Дийнх нь асрамжид үлдээсүгэй.

 

3. Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх хүүхдийн тэтгэлгийн болоод гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.                

 

4. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах У.Уянгад даалгасугай.  

 

5. Шүүх гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдийн хувьд Б, Д нарын хуульд заасан эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг зохигчдод тайлбарласугай. 

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.               

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа бичгээр гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

  

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА