Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 181/ШШ2020/01351

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,   

 

Нэхэмжлэгч: Б-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Н-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох болон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.            

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б, хариуцагч Н, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Би Нтай 2016 оны 3 дугаар сараас хамтран амьдарч 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ батлуулж 1119690033 дугаартай гэрчилгээгээр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн. Хамтын амьдралын хугацаанд 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр охин Нгийн Э төрсөн бөгөөд би 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Рхүүтэй юм.

Гэтэл бидний хувийн таарамжгүй харилцаанаас болж, мөн Нгийн гэр бүлээс гадуур бусадтай дотно харилцаа үүсгэсэн, дагавар хүүдээ гар хүрсэн зэргээс шалтгаалаад бид 2018 оны 4 сараас хойш хамтын амьдралаа дуусгавар болгосон. Үүнээс хойш 2 жил гаруй хугацаанд хүү, охин бид гурав Сүхбаатар дүүргийн 10 хороо, 7 хороолол, 11 дүгээр байрны 8 тоотын байрнаас яваад Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай гудамж, 30 байрны 8 тоотод амьдарч байна.

Н нь тусдаа амьдарсан хугацаанд хүүхдэдээ огтоос анхаарал тавиагүй, уулзаагүй, ирээгүй. Бидний хамтын амьдрал дуусгавар болсон, цаашид эргэж нийлэхгүй гэдэг тухайд харилцан ойлголцсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Би мөнгө авах гэж ч юм уу, хүүхдэдээ аав олох гэж энэ хүнтэй суугаагүй. Би том хүүдээ тэтгэлэг тогтоолгох хүсэлгүй байна. Түүний төрсөн эцэг Э.Наранбуянгаас тэтгэлэг авдаг. Харин охин Э.Эийг би өөрийн асран хамгаалалтдаа авч, хуульд заасан тэтгэлэг тогтоолгох шаардлагатай байгаа.

Иймд Н, Б бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, бидний дундаас төрсөн охин Э.Эийг хуульд заасан тэтгэлгийг эцгээс нь гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Миний бие Бтэй ажил хэргийн шугамаар 2014 оны 5 сард анх танилцсан ба 2016 оны 3 cap хүртэл ажил хэргийн харилцаанаас хэтрээгүй болно. Улмаар цаашлан уулзах болж 2016 оны 4 дүгээр сарын эхээр жирэмсэн болсон гэдгээ хэлсэн ба миний хувьд анхны хүүхэдтэй болж их баяр хөөртэйгөөр аав ээждээ энэхүү мэдээг дуулган бөөн баяр болцгоосон. 2016 оны 4 дүгээр сарын 20-нд Бийн хүү Рийн төрсөн өдөр гэдгийг 4 хоногийн өмнө мэдсэн. Өмнө хүнтэй үерхэж байхдаа хүүхэдтэй болж төрүүлсэн гэдгийг нь тэр үед мэдсэн. Эх хүү 2-ыг тусад нь амьдруулах их хүнд шийдвэр байсан тул Б болон хүү Рнартай 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн манайд хамт амьдрахаар болсон.

Бийн ажиллаж байсан “Делта констракшн” ХХК зүгээс шагнал болгож Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай гудамж, 30 дугаар байрны 8 тоот байрны урьдчилгаа болох 30 хувиар шагнасан байсныг хамт амьдрах болсон 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр л мэдсэн. Тухайн байрыг 8 хувийн зээлээр авахад хамтран зээлдэгч хэрэгтэй байсан ба ойр дотны хүмүүс болох дүү, авга ах нь хамтран зээлдэгч болж чадахгүй гэдгийг мэдсэн. Ингээд 2016 оны 5 дугаар сарын 15-нд шагнал болох байрны урьдчилгаа 30 хувийг нь тухайн байгууллагаас 5 сардаа багтаан авахгүй бол хаахаар болж байгаа мэдэгдсэн учир байрны урьдчилгааг алдмааргүй байгаагаа болон яаж энэ боломжоо ашиглах талаар ярилцахад тухайн үед хамтран зээлдэгч болох боломж нь гэр бүл болох буюу гэрлэлтээ батлуулах л байсан болно.

2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хороонд миний ээж Г.Төмөрхуяг болон нөгөө талаас Бийн дүү Амгалан нар гэрчээр оролцож, гэрлэлтээ батлуулсан ба батлуулах үед өмнө амьдрал зохиож гэр бүлээ цуцлуулж байсныг нь мэдсэн. Миний хүүхдийг тээж байгаа болон одоо хамтдаа амьдарч байгааг харгалзан гэрлэлтээ батлуулсан.

Улмаар миний бие өөрийн ажилладаг байгууллагын Төв аймагт баригдаж буй барилга дээр 2016 оны 6 дугаар сарын 10-аас тухайн оны 11 дүгээр cap хүртэл ажиллах томилолт аван, байрлаж ажиллахаар болж 14 хоногтоо 1 өдөр л гэртээ ирдэг байсан. Тухайн үед Б нь миний гэрт амьдардаг байсан болно. 2017  оны 1 дүгээр сарын 27-нд миний охин болох Э.Э төрсөн. Энэ хугацаанд 30 дугаар байрны 8 тоотын 8 хувийн зээл гарч тухайн байрыг Бийн нэр дээр ордер гарсан. Тухайн энэ байранд Бийн ээж болох Болормаа, дүү болох Амгалан нь эхнэрийн хамт амьдрах болсон.

2017 оны 10 сарын дундаас Б нь “ТЭСО” ХХК-д ажилд орсон ба энэ үеэс эхлэн цалин буух үед болон баярын өдрүүдээр гэртээ согтуу ирэх нь ихэссэн. Энэхүү байдал цаашид даамжран хүндэрч байгааг ээж Болормаа нь анзааран Бд архи уухгүй байх талаар анхааруулж байсан. 2018 оны 1 дүгээр сараас гэрт хэрүүл болон согтуугаар ирэх нь давтамжтайгаар нэмэгдсэн.

Бийн хүү болох РЧингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 50 дугаар сургуульд суралцдаг болсон ба хичээлээ тараад өдөр өнжүүлэх бүлэгт явуулдаг байсан. Тухайн үед Рнь сургууль дээрээс 2-3 удаагийн тоглоомын хулгайн хэрэг гарч энэ талаар Бтэй ярилцаж засах талаар ярилцах гэдэг боловч хүүхдээ өмөөрдөг байсан. Улмаар энэ байдал хүндрэн Рнь миний хэтэвчнээс бэлэн мөнгө хулгайлан сургууль руугаа авч явсан байсныг ангийн багшаас нь мэдсэн. Ийм шалтгаанаас хамааран дагавар хүүхэд болох Рийг дахиж ийм юм хийхгүй байхыг ярилцан сануулж, гарыг нь өргүүлж зогсоосон. Хүү Рнь удаа дараа давтамжтайгаар хулгайн хэрэг хийгээд байхад Б нь байнга өмөөрч, засаж залруулахыг хүсэхгүй түүнээс болж хэрүүл маргаан тасрахгүй болж эхэлсэн. 2018 оны 2 дугаар сарын сүүлээр гэр бүлийн хэрүүл маргаан улам ширүүсэж муудалцах нь ихэссэн. 2018 оны 4 дүгээр сард Б нь архидан согтуурч ирээд өөрийн хүү болох Рдөө агсан тавьсан ба тухайн үед бидний охин Э.Э эмээтэйгээ хөдөө байсан.

Ингээд 2018 оны 4 дүгээр сарын дундаас хойш тус тусдаа амьдарч эхэлсэн. 2018 оны 6 дугаар сараас хойш өдийг хүртэл Б нь намайг охин Э.Этэй нэг ч удаа уулзуулж байгаагүй бөгөөд энэ хугацаанд миний бие ээж ааваараа дамжуулан охиндоо анхаарал тавьж байгаа.

Бтэй ярилцсаны дүнд бидний хамтын амьдрал дуусгавар болсон ба цаашид эргэн нийлэхгүй тухай харилцан ойлголцсон тул гэр бүл салгах болон өөрийн охиноо эхийнх нь асрамжид үлдээж, өгөх тэтгэлгийг хуулийн дагуу тогтоохыг зөвшөөрч байна. Цаашид өөрийн охин болох Б.Этэй уулзаж байх боломжийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх талуудын шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад   

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н нь хариуцагч Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Гэрлэгчид 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдөр танилцаж, 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн ба тэдний дундаас 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр охин Э.Э төрсөн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.  

 

Гэрлэгчдийг гэр бүл болох үед Б нь 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн Ргэх дагавар хүүхэдтэй байсан бөгөөд одоо Р, Э.Э нарын аль нь ч насанд хүрээгүй байна.

 

Б, Н нар нь гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсноор дагавар хүү Р, хойт эцэг Н нарын хооронд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т зааснаар дагавар хүүхэд, хойт эцгийн хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг хуулийн дагуу үүссэн байх тул шүүх гэрлэгчдийг 2 хүүхэдтэй гэж үзнэ.

 

Гэрлэгчид зан харилцаа, ахуй амьдралын таарамжгүй байдлын улмаас 2018 оны 4 дүгээр сараас одоог хүртэл тусдаа амьдарч байх бөгөөд гэрлэгчдийн хэн нь ч хамтын амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна.

 

Иймд шүүхээс Н, Б нарт эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзэв.

 

Учир нь, гэрлэгчид хамтын амьдралаа үргэлжлүүлэх ямар ч хүсэлгүй, тэдний хамт амьдрах хугацааны сүүлийн сарууд хэрүүл маргаантай байсны улмаас тэд тусдаа амьдрах шийдэлд хүрсэн, энэ шийдвэрээ өнөөдрийг хүртэл зөв гэж үзсэн хандлагатай, дагавар хүү болох Рийн хүмүүжлийн талаарх хойт эцгийн хандлагаас үүдэлтэй гэрлэгчдийн дунд үл ойлголцох явдал үүсэх тохиолдол олширсон, үүнээс үүдэн гарсан хэрүүл, маргаан нь хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшилд сөргөөр нөлөөлөх хандлага ихэссэн, цаашид ойлголцож хамт амьдрах ямар ч хичээл зүтгэлгүйгээс тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй гэж үзэхээр байгаа тул гэрлэлтийг цуцлах нь зөв гэсэн шийдэлд хүрсэн болно.

 

Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн зөвшөөрөлд үндэслэн эхийнх нь асрамжид үлдээж, охин Э.Эд эцгээс нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Хэдийгээр Р, Н нарын хооронд эцэг, хүүхдийн эрх, үүрэг хуулийн дагуу үүссэн боловч нэхэмжлэгч нь Рийн төрсөн эцгээс тэтгэлэг гаргуулдаг үндэслэлээр хариуцагчаас тэтгэлэг гаргуулахаар шаардаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр энэ асуудлыг хязгаарлаж, хариуцагчаас хүү Рд тэтгэлэг гаргуулах шаардлагагүй гэж дүгнэлээ.

 

Гэрлэгчид гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаагүй гэснийг дурдъя.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Б, Н нарын гэрлэлтийг цуцалсугай.        

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Р,  оны     сарын      -ны өдөр төрсөн охин Нгийн Э нарыг эх Бийнх нь асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин Э.Эийг 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Нгаар нь тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гаргуулан Бд олгосугай.                

 

4. Гэрлэгчдийн хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой маргаангүй гэснийг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах У.Уянгад даалгасугай.  

 

6. Гэрлэлтийг цуцалж байгаа боловч хүүхдүүдийн хувьд Н, Б нарын хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр хадгалагдахыг, хэн нэг нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нөгөөдөө саад хийхгүй байхыг тэдэнд үүрэг болгосугай. 

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 107,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.               

 

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоногийн дараа бичгэн хэлбэрээр гарсан шийдвэрийг талууд 14 хоногийн дотор өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Ө.УЯНГА