Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/702

 

 

 

 

 

 

 

  

   2023           9           04                                    2023/ШЦТ/702

 

 

                           

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс хөтлөн,

улсын яллагч Э.Намуун,  

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.Билгүүн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,   

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б-ны Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***оны * дүгээр сарын ***-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын *** дугаар багийн *** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 2 дугаар хороо, *** дугаар байрны ** тоотод оршин суудаг гэх, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн *** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Б-ны Г /регистрийн дугаар ****/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Г- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 5 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Энэбишийн хөшөөтэй уулзвар дээр “Lexus-300” /Лексус-300/ маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ ...тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус  тус зөрчсөний улмаас замын хажууд байх хашлага мөргөн онхолдож, улмаар зорчигч Г.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Г- нь согтуурсан үедээ Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Г.Б-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Болсон ослын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

 

          Шүүгдэгч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө 05 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн ** дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ахуй үйлчилгээний урд талын уулзвар дээр дүү Г.Б-н хамт явж байгаад хашлага мөргөж онхолдсон. Би жолоо барьж явсан. Бид хоёр Модны хоёрын “**” нэртэй баарнаас гараад дээшээ өгсөөд 200 метр орчим яваад уулзварын наана хашлага мөргөөд осол гаргасан. Би 200 грамм архи уусан байсан. Урдаасаа хойш чиглэлд явж байгаад Энэбишийн хөшөөний баруун талын төмөр хашлага мөргөөд хөмрөөд уначихсан. Хажууд Г.Б- сууж яваад гар нь гэмтсэн байсан. Миний унаж явсан машин Э.Х гэх хүний нэр дээр байдаг боловч миний өөрийн машин тул хэн нэгнээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4, 13-15 дахь тал/,

           

           Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-12 дахь тал/,

 

            Хохирогч  Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Тэр өдөр машин барьж явсан ах Б.Г- бид хоёр Баянгол дүүргийн Модны 2-ын тэнд байдаг бааранд ороод тэнд хэсэг сууж байгаад гарсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б.Г- ах пиво уугаад байсан. Өглөө үүрээр 5 цаг болж байхад тэндээс гараад Б.Г- ах машинаа унаад би хажууд нь суугаад явсан. Бид хоёр 200 метр орчим яваад замын хажуу талын хашлага мөргөөд онхолдсон. Би урд талын суудал дээр сууж явсан, хамгаалах бүс зүүгээгүй байсан. Онхолдсоны улмаас зүүн талын гар булчин хэсгээрээ хоёр хугарсан байсан. Би жолооны курст сураагүй тул эрүүл байсан ч гэсэн машин бариагүй, Б.Г- ахад битгий машин бариа гэж хэлсэн боловч тоогоогүй.  Миний хувьд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...“Лексус 300” маркийн **-**  улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг. Дүү Б.Г-ийн өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Иймд надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-26 дахь тал/,

 

           Иргэний нэхэмжлэгч С.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

...хохирогч Г.Б- 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.856.000 төгрөг гарсныг Б.Г-оос гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Г.Б-ын биед зүүн атгаал ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Зүүн атгаал ясны хугарал Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн *** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Б.Г- нь АВО системийн В (III) бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Г- 32/ эр” гэсэн хаягтай цуснаас 2,4 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,4 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 50-51 дэх тал/,

 

Хохирогч Г.Б-ын өвчний түүх /хавтаст хэргийн 55-65 дахь тал/,

 

2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 697 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 79 дэх тал/,

 

Шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 76 дахь тал/,

- жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 78 дахь/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч С.С-н “...Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б- нь 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.856.000 төгрөг гарсныг Б.Г-оос гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/ авагдсан байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Г-оос 2.856.000 /хоёр сая найман зуун тавин зургаан мянга/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Мөн хохирогч Г.Б- нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэж мэдүүлсэн /хх-ийн 18-19 дэх тал/ байх тул шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Г-т согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ны Г-ийг согтуурсан үедээ  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Г-т  согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г-т тайлбарласугай.

 

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Г-оос 2.856.000 /хоёр сая найман зуун тавин зургаан мянган/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.Г- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ