Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/703

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          9          04                                       2023/ШЦТ/703

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч П.Итгэлт,

хохирогч Н.Н,

шүүгдэгч Х.Н-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос З овогт Х-н Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Өлгий суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оператор механик мэргэжилтэй, “***” дэлгүүрт лифтчин ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**/, З овогт Х-н Н-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8 цаг 16 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Номин” их дэлгүүрийн урд замд “Тоёота Акуа” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Х.Н-ын “...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн, зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Н-ийн “...Тухайн өдөр би 8 цаг 30 минутаас ажилтай байсан. Би ажил руугаа алхаж явдаг. Гэрлэн дохио хүлээгээд зогсож байтал гэнэт нэг машин огцом эргэж орж ирээд намайг мөргөсөн. Нэг мэдэхэд би газарт хэвтэж байсан. Миний ухаан орж гараад байсан. Одоо биеийн байдлын хувьд босож суухад толгой, дагз хэсэгт хатгаж, нүд харанхуйлдаг. Ослоос болж нүдний хараа муудсан. Осолд орсноос хойш аймхай болсон, өвдөг рүү хатгаж өвддөг, хөл бадаарч өвддөг болсон. Эмчилгээний зардалд нийт 5.700.000 төгрөгийн зардал гарсан. Би 7, 8 дугаар сард ажилгүй байсан хугацааны цалин мөн намайг сахисан эгчийн сахиурын цалинг нэхэмжилж байна. Шүүгдэгч 1.800.000 төгрөг төлсөн. Бодит зардал баримтаар 7.757.120 төгрөг нэхэмжилж байна. Цаашид 5 жилийн эмчилгээний зардалд 35.000.000 төгрөг болох тул нийт 44.573.810 төгрөгийг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг,

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хавтаст хэргийн 4-5 дахь тал/,

  • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн
    1.  дэх тал/,  
  • Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл

/хавтаст хэргийн 10 дахь тал/,

  • Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 14-16

дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Н-ийн хохирогчоор өгсөн: “...Тэр өдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 30-ны өглөө 08 цаг 16 минутын  орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Номин” их дэлгүүрийн замын урд талд ганцаараа зүүнээсээ баруун чиглэлд явган явж байсан. Тэгээд “Номин” дэлгүүрийн баруун талын урд талын уулзвар дээр гарцаар гарах гээд зогсож байтал жижиг суудлын улаан өнгөтэй автомашин хойноосоо урагшаа чигт ирээд зүүн rap тийш эргэж байгаа бололтой байсан. Тэгээд явган хүний гэрэл асаагүй гарцны наана зогсож байтал тэр машин явган хүний гарцан дээр зүүн гар тийш эргээд чигээрээ над руу ирж байхаар нь би хажуу тийшээ зайлсхийгээд зогстол намайг машины зүүн урд хэсгээр мөргөөд гэрэл дохионы шонг мөргөөд зогссон байх. Би мөргүүлсэнээс болоод юу болсоныг мэдэхгүй байна. Ямар ч байсан маш хүчтэй мөргөөд би газар шидэгдээд унасан. Яагаад намайг мөргөсөн эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгээд удалгүй түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж үзүүлсэн. Би гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Гадуур хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Сувилалд яваад 8 хоноод ирж байна. Эмчилгээний зардалд ойролцоогоор 5.000.000 төгрөг болсон байх гэж бодож байна. Биеийн байдлын хувьд толгойн дагзны ар хэсгээр хатгаж өвдөөд, босохоор нүд бүрэлзээд толгой эргээд байгаа. Өдөр жаахан суухаар нүдний ухархай руу хатгаад нүд чилээд  бүрэлзээд байгаа, юмнаас их цочдог, юмаа мартаж санадаг болсон. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Д-н иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...“Тоёота Акуа” маркийн **-**  улсын дугаартай авто машиныг би “**” Банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр ээждээ авч өгсөн машин юм. Зээлийг нь ээж төлдөг. Иймд хохирлын мөнгө нэхэмжлэхгүй. Ямар нэгэн гомдол, санал байхгүй. Нийт 6.360.000 төгрөгийн хохирол гарсаныг ээжээс нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дахь тал/,

 

- Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай ...Н.Н-ийн  биед зүүн тойг ясны хугарал, зүүн өвдөгний урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн 5, 5 дугаар хурууны угийн шивнүүрийн сэлтэрсэн хугарал бүсэлхийн 4, 5, ууцны  5 дугаар нугалмын жийргэвчийн цүлхийлт, дух, зүүн ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий  хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

-  2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 945 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

 

  • Хохирлын баримтууд хавтаст хэргийн 63-70 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Н-ийн яллагдагчаар өгсөн:

...Болсон ослын талаар өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй...

...2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр гэрээсээ “Тоёота  Акуа” маркийн **-**  улсын дугаартай автомашиныг унаад явсан. Манай ажлын байр 3, 4 дүгээр хороололд байдаг “Номин их” дэлгүүр юм. Би ажил руугаа явж байсан. Тэгээд Баянгол дүүргийн 18 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талын замаар урагшаа яваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийж эргэтэл тоормос гишгэх гэтэл гишгээд зогсохгүй байсан. Тэгээд явган хүн зам гарах гээд зогсож байхад очоод мөргөөд цаад талд байсан гэрэл дохионы шонг мөн мөргөөд зогссон. Би хойноос урагшаа чиглэлд яваад замын баруун гар талд буцаж эргэх буюу зүүн гар тийш эргэх байрлалд машинаа зогсоогоод буцаж эргэх гэрэл дохио ассан үед нь зүүн гар тийш эргэх гээд хөдлөөд тэгээд тоормос гишгэсэн боловч машин зогсоогүй. Зам хөндлөн гарах гэж байсан хүн зүүнээс баруун чиглэлд явган хүний гарцны наад талд нь зогсоод гэрэл дохио хүлээж байсан. Би машин дотроо ганцаараа явж байсан. Машинд мөргүүлсэн хүн ганцаараа зам гарах гээд зогсож байсан шиг санаж байна, сандраад юу болоод байгааг ч мэдээгүй байсан. Уг машиныг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр худалдаж авсанаас хойш би өөрөө унаж байгаа. “Эрхэт Зоос” ББСБ-ын нэр дээр барьцаанд байдаг. Лизенгээр худалдан авч байсан. Би 2014 онд жолооны курс төгсөөд машин барьж байгаа. Машин барьж осол гаргах хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Миний өөрийн буруутай үйлдэлээс болоод зам хөндлөн гарах гээд зогсож байсан хүнийг мөргөж эрүүл мэндэд нь хохирол учруулснаа ойлгож байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 58 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 77 дахь тал/, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д-н мэдүүлэг /хавтаст хэргийн  87 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8 цаг 16 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Номин” их дэлгүүрийн урд замд “Тоёота Акуа” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.Н-ийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7118 дугаартай дугаартай дүгнэлт, 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 945 дугаартай мөрдөгчийн магадлагаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Х.Н- нь B ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй жолооч болох нь Цагдаагийн Ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 57 дахь тал/ болох нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.13, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т "жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг хамааруулна гэж тус тус заажээ.

 

Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана”, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан байх ба шүүгдэгч Х.Н- нь 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 8 цаг 16 минутын орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо, “Номин” их дэлгүүрийн урд замд “Тоёота Акуа” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Н-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргасан байна.

 

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Х.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Х.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргав.

 

Шүүгдэгч Х.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирогч Н.Н-т нийт 1.816.690 төгрөг төлж барагдуулсан байх боловч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  90 /ер/ хоногийн хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Н.Н-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Н.Н- шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр “Хохирол төлбөрт нийт 44.573.810 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс эмчилгээний зардал 7.757.120 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал нь 35.000.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч Х.Н- 1.816.690 төгрөг төлсөн...” гэж мэдүүлэв.

 

Мөн хохирогч Н.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хуралдаанд бичгээр гаргасан хүсэлтдээ: 4.022.090 төгрөгийн нотлох баримт гаргаж хохиролд тооцож нэхэмжилсэн ба сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 320000 төгрөг, 2023 оны 7, 8 дугаар сарын нийт 3.600.000 төгрөгийн цалин болон сахиурын 1 сарын хугацаанд авах байсан цалин 372.000 төгрөг, эмчилгээний зардалд 239720 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 35.000.000 төгрөг тус тус нэхэмжлэв. Шүүх хохирогчоос гарган өгсөн баримтын хүрээнд 4.022.090 төгрөгийг, сэргээн засах эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 320000 төгрөг, эмчилгээний зардалд 239720 төгрөг, сахиурын 1 сарын хугацаанд авах байсан цалин 372.000 төгрөг буюу нийт 4.953.810 төгрөгийг шүүгдэгч Х.Н-ээс гаргуулж, шүүгдэгчээс хохиролд урьд төлсөн 1.816.690 төгрөгийг хасч тооцон нийт 3.137.120 /гурван сая нэг зуун гучин долоон мянга нэг зуун хорин/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Н-т олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн хохирогч Н.Н-ийг энэхүү гэмт хэргийн улмаас өөрт учирсан 2023 оны 7, 8 дугаар сарын нийт 3.600.000 төгрөгийн цалин, цаашид гарах эмчилгээний зардалд 35.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Н-ээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурван/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З овогт Х-н Н-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Х.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 3.137.120 /гурван сая нэг зуун гучин долоон мянга нэг зуун хорин/ төгрөгийг шүүгдэгч Х.Н-ээс гаргуулж, хохирогч Н.Н-т олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Н.Н- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Х.Н-ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Х.Н- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ