| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0182/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/194 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Б.П- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.П-ид холбогдох эрүүгийн 2338001570197 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.П-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.П- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Г.У-ийг байнга буюу 2022 оны 11 дүгээр сар, 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус тус зодсон, мөн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Г.У-ийг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод бусадтай хардаж зодож, биед нь дух, баруун хөмсөг, хоёр хацар, зулайн хуйханд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, уг гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338001570197 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас багалзуурдах, үснээс нь зулгаах, алгадах зэргээр зодсон,
2022 оны 12 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод оршин суух Э.Б-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас хоолойг боох, үснээс нь зулгаах, гуя, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодсон,
2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас хацар руу нь алгадах, үснээс нь зулгаах, толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, хоёр хацар, зулайн хуйханд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П-ийн: “...Мэдүүлэг өгөхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх,
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Г.У-ийн өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр миний хамтран амьдрагч Б.П- манай аавтай хамт Архангай аймаг руу явах гэж байсан юм. Тэгээд тухайн өдөр хотын автобусанд билет бичүүлчихээд оройн 16-17 цагийн үед шиг санагдаж байна. Бид хоёрыг гэртээ байж байхад Б.П- руу эгч П- нь залгаад хүрээд ир гэсэн. Ингэж хэлэхээр нь Б.П- бид хоёр Б.П-ийн төрсөн эгч А-тай нь хамт П-гийн гэр рүү нь явсан. Тухайн үед гэрт нь очиход П-гийн нөхөр Б- нь гэртээ байхгүй байсан. Харин П- нь согтуу байсан. Тэгээд бид хэдийг ороод ирэхэд П- нь орны цаад талаасаа нэг том савтай пиво гаргаж ирээд бид гуравтай хувааж уусан. Ингээд байж байхад нэг их удаагүй П-гийн нөхөр Б- нь ороод ирсэн. Б- ч гэсэн тухайн үед гаднаас согтуу ороод ирсэн. Б-г ороод ирэхээр нь цуг юм ярьж байгаад нэг харсан чинь Б.П- нь эгч А-тайгаа хамт байхгүй болсон байсан. Тэгээд байж байгаад гаднаас А- эгч нь түрүүлээд ороод ирсэн. Харин А-ын ардаас Б.П- ороод ирэхээр нь автобус явах цаг болсон байна чи хаачаад ирж байгаа юм гэж хэлсэн чинь шууд л намайг заамдаж аваад миний зүүн хацар руу нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд Б.П-той барьцалдаад авсан чинь намайг гэрээс үснээс чирч гаргаад толгойноос барьж аваад газар руу 2-3 удаа савсан. Дараа нь миний толгойны зүүн тал руу 1 удаа өшиглөөд баруун талын духнаас хазаад газар хэвтүүлж байгаад миний дээр сууж байгаад багалзуурдаад хоёр хацар руу ээлжилж алгадаад байсан. Ингээд байж байхад П-гээс би ээж рүү залгаад өгөөч гэж хэлсэн чинь миний утсыг хажууд тавьчихаад П-, А-, Б- гурав машинд суугаад яваад өгсөн. Ингээд байж байхад удалгүй цагдаа нар ирээд Б.П-ийг аваад явах болсон. ...Бид хоёр албан ёсны гэр бүлийн хүмүүс биш. Тэгэхдээ дундаасаа 1 хүүхэдтэй. Анх бид хоёр 2021 онд танилцаж байсан. Хамт амьдраад 2 жил болж байна. ...2022 оны 11 дүгээр сард Б-н гэрт бас Б.П- нь намайг архи уусан үедээ өмнөх нөхөртэй маань хардаад намайг багалзуурдаж аваад үснээс зулгаагаад алгадаж байсан. Тухайн үед Б-, П- нар байсан. Дараа нь 2022 оны 12 дугаар сард дахиад Б-н гэрт архи уусан үедээ намайг зодож байсан. Тухайн үед бас Б- байсан. Дараа нь 2023 оны 03 дугаар сард Д- гэдэг Б.П-ийн найзын гэрт нь бас л архи уусан үедээ намайг хардаад багалзуурдаад, үснээс зулгаагаад, намайг алгадаж байсан. Бас хавсраад унагааж байсан. Тухайн үед Д- эхнэртэйгээ байсан. ...Миний нүүр ам хөхөрч, хавдаад, цус болсон байсан. Толгой тархи энд тэндээ овон товон болсон байсан. Бие хаа нэлэнхийдээ хөх болсон байсан. ...Б.П- бид хоёр хоорондоо тохиролцсон байгаа. Надад одоо гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16 тал/,
Гэрч Э.Б-н өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 08-ны орой би 20 цагийн үед ажлаасаа тараад гэртээ 20 цаг 30 минутын үед өөрийн гэр болох 13-...тоотод очиход манай гэрт эхнэр П-, дүү Б.П- эхнэр Г.У-тэй, Б.П-ийн эгч А-нар пиво уугаад сууж байсан. ...Тухайн үед Б.П-, Г.У- хоёр маргалдаад байсан. Яриаг нь сонсож байхад Б.П-ийг нойл ороод ирэхэд Г.У- нь чи хаачаад ирэв гээд уурлаад байх шиг байсан. Тэгээд намайг явахаас өмнө нь лав Б.П- манай гэрийн үүд хэсэгт сууж байхад нь Г.У- очиж хөл рүү нь өшиглөөд толгой руу нь цохиод байх шиг байсан. Ингээд байж байхаар нь П-, А-бид гурав дэлгүүр яваад цагийн дараа гэртээ ирэхэд манай гэрт Б.П-, Г.У- хоёр нь байхгүй болсон байсан. Тэгээд тухайн үедээ яваад өгсөн байх гэж бодоод тоогоогүй унтаад маргааш өглөө нь босоход манай хөрш айлын эгч надад танай хашаан дотор эрэгтэй, эмэгтэй хүмүүс зодолдоод байхаар нь цагдаа дуудаад өгсөн гэж хэлсэн. Тэр эгчийг ингэж хэлэхээр нь би Б.П-, Г.У- хоёр зодолдсон юм байна гэж бодсон. Би тухайн үйл явдлын дараа энэ хоёртой холбоо барьж юу болсон талаар нь асуугаагүй. Хоорондоо салж нийлээд байдаг болохоор нь буцаад нийлсэн байх л гэж бодсон. Тухайн үед ер нь бүгдээрээ л нэлээн согтуу байсан. Хэл яриа нь ихэсч чанга чанга ярьж байсан. ...2022 оны 12 дугаар сард байх манай гэрт Б.П-, Г.У- хоёр маргалдаад байхаар нь би Г.У-ийн ээжийг нь дуудаж өгч байсан. Тухайн үед энэ хоёр хэрүүл уруул хийгээд бие бие рүүгээ сарвалзаад байсан. Миний харж байхад лав Г.У- нь түрүүлээд Б.П-ийг цохих үед Б.П- нь зөрүүлээд алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 тал/,
Гэрч Б.А-ын өгсөн: “...Тэгээд Б-н гэрт очихоор болоод Б.П-, Г.У- бид гурав оройн 17-18 цагийн үед очсон. Очиж явах замдаа дэлгүүрээс бид гурав нэг том пиво авсан байсан. Тэгээд тухайн үед гэрт нь ороход П- нь согтуу ганцаараа байж байсан. Бид гурвыг орсон чинь П- нь нэг пиво гаргаж ирээд бид нартай хамт хувааж уусан. Бас бид нарын авчирсан пивийг бид хэд хувааж уусан. Уугаад сууж байхад Г.У- нь П-тэй хэрэлдэж маргалдаж байснаа гэнэт л Б.П-той маргалдаад унасан. Тухайн үед Б.П- нь гадаа нойл орчихоод эргээд ороод ирэхэд нь Г.У- нь чи хаашаа яваад ирж байгаа юм гээд л хоорондоо маргалдаад байсан. Тухайн үед Г.У- нь нэлээн согтоод тавтиргүй болсон Б.П-той хэрэлдээд хэрүүл маргаан зодоон болох шинжтэй байсан. Тэгээд энэ хоёрыг маргалдаад байхаар нь П-, Б- бид гурав дэлгүүр орж хүнс авах гэж яваад цаг гаруйн дараа буцаад гэрт нь ирсэн чинь Б.П-, Г.У- хоёр байхгүй болсон байсан. Би оройдоо гэртээ хариад ээжээс Б.П-, Г.У- нар ирсэн үү гэж асуухад Г.У- орж ирээд гараад явлаа танай хүүхдийг цагдаад өгсөн гэж хэлээд явсан гэж хэлсэн. Энэ оройдоо би Б.П-, Г.У- хоёрыг цагдаа руу явсан гэдгийг нь мэдсэн. Маргааш өглөө нь Б.П- гэртээ ирэхээр нь юу болсон талаар нь асуухад Г.У- намайг толгой тархи руу цохиод байхаар нь зөрүүлээд нэг удаа алгадсан юм аа л гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 тал/,
Гэрч Б.П-гийн өгсөн: “...Уул нь бид нар зүгээр тухайн үед ажил төрлийнхөө талаар яриад зүгээр сууж байсан. Ингээд байж байхад манай нөхөр Б- гаднаас ороод ирсэн. Орж ирчихээд хүнсээ бэлдье гээд байхаар нь Б- бид хоёр А-ыг аваад Мөрөн сумын 12 дугаар хороонд байдаг Оргил дэлгүүр рүү яваад цаг гаруй болоод ирсэн. Тухайн үед Оргил дэлгүүрт хүн их байсан учраас жаахан удсан. Бид нарыг дэлгүүр явахаас өмнө Б.П-, Г.У- хоёр хоорондоо маргалдаад байсан. Юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна хэрэлдээд байхаар нь л А-, Б- бид гурав яваад өгсөн. Тэгээд цаг гаруйн дараа дэлгүүр яваад ирсэн чинь манай гэрт Г.У-, Б.П- хоёр байхгүй болсон байсан. Тухайн үед би энэ хоёрыг яваад өгсөн юм байх л гэж бодсон. Маргааш өглөө нь харин энэ хоёрыг би цагдаа руу явсан юм байна гэдгийг нь мэдсэн. Тухайн үед Б.П-, Г.У- хоёр хоорондоо зодолдсон юм шиг байна лээ... Хааяа ууж идэхээрээ Б.П- Г.У-ийг зоддог юм шиг байгаа юм. Г.У-тэй ярихаар намайг зодохоор нь би цагдаад өгчихлөө гэж ярьдаг. 2022 оны 12 дугаар сард би Г.У-ийн гэрт амьдардаг байсан. Тухайн үед манай нөхөр Б- нь Улаанбаатар хотод ажилладаг байсан. Тэгээд манайх түлэх түлээгүй болоод Г.У-ийн гэрт би амьдардаг байсан. Тухайн үед намайг гэрт нь байж байхад нэг шөнө гаднаас Б.П- нь халамцуу гаднаас орж ирээд Г.У-ийн хоолойноос нь гараараа бариад газарт унагаасан. Тухайн үед яагаад ингэх болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг унтаж байхад юм дуугараад байхаар нь сэрээд хартал ийм юм болсон байсан. ...Уул нь юм уугаагүй үедээ зүгээр хэрэлдэж бариад байдаггүй. Архи дарс уучихаараа л хааяа хоорондоо хэрэлдээд байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 тал/,
Гэрч Л.Д-ын өгсөн: “...Б.П- нь миний багын найз байгаа юм. Харин Г.У- нь манай найз Б.П-ийн эхнэр нь байгаа юм. 2022 оны 11 дүгээр сард Б-н гэрт Г.У-, Б.П-, би, манай эхнэр Сүнжид бид хэд ууж байхад Г.У-, Б.П- хоёр маргалдаад байсан. Хоорондоо энэ хоёр бие биеийгээ хардаад байсан байх. Угаасаа Г.У- нь Б.П-ийг байнга зоддог. Тухайн үед Г.У- нь Б.П-ийг эхлээд цохиж байгаа харагдсан. Тэгэхэд нь Б.П- нь зөрүүлээд 2-3 удаа алгадаж байсан. Тэгээд тухайн үедээ цагдаа дуудаж байсан шиг санагдаж байна. Энэ хоёр ер нь архи уух болгондоо хоорондоо маргалдаж зодолдож байдаг хоёр байгаа юм. Заримдаа цагдаа дуудаад заримдаа цагдаа дуудаад байдаггүй юм. ...2023 оны 03 дугаар сард Хөх толгойд байдаг манай гэрт бас Б.П-, Г.У-, манай эхнэр Сүнжид бид дөрөв пиво ууж байсан чинь энэ хоёр юунаас болж маргалдсан гэдгийг нь мэдэхгүй байна нойл ороод ирэх хооронд маргалдсан сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,
Гэрч Г.Сүнжидийн өгсөн: “...Б.П- нь манай нөхрийн найз нь байгаа юм. Г.У-ийг би нэг их сайн танихгүй, Б.П-ийн эхнэр байгаа юм. ...Миний санаж байгаагаар 2022 оны 11 дүгээр сард манай нөхөртэй Б.П- нь гэрээс гараад удаагүй буцаад ороод ирсэн чинь Г.У- нь хаачаад ирдэг юм гээд хардаад айлын халуун сав шидээд хагалж байсан. Тэгээд энэ хоёр маргалдаад Б.П- нь Г.У-ийг алгадаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 199 дугаартай: “Г.У-ийн биед дух, баруун хөмсөг, хоёр хацар, зулайн хуйханд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Г.У-ийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 39 тал/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 тал/,
ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа /хх-ийн 63-64 тал/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 74-76 тал/,
Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл /хх-ийн 77-78 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Б.П-ийн гэм буруугаа хүлээж өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг нэг бүрчлэн уншиж танилцууллаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлгээ бүгдийг нь үнэн зөвөөр хэлсэн байгаа. Надад дахиж мэдүүлэг өгөх шаардлага байхгүй. ...Дээрх цаг хугацаанд хардалт сэрдэлтээс голцуу маргаан болж би Г.У-ийн биед халдах болсон байх. Тухайн цаг хугацаанд Г.У- бид хоёр хоёуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.У-ийн мэдүүлэг, гэрч Э.Б-, Б.А-, Б.П-, Л.Д-, Г.С-нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 199 дугаартай дүгнэлт, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, Аюулын зэргийн үнэлгээний маягт, согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай тогтоол, саатуулагдсан хүнийг сулласан тухай тэмдэглэл, ЦЕГ-ын хайлтын системийн Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн лавлагаа, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.П-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Б.П- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас багалзуурдах, үснээс нь зулгаах, алгадах зэргээр зодсон,
2022 оны 12 дугаар сард согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод оршин суух Э.Б-н гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас хоолойг боох, үснээс нь зулгаах, гуя, гэдэс рүү нь өшиглөх зэргээр зодсон,
мөн 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ...тоотод хамтран амьдрагч Г.У-ийг бусадтай хардсаны улмаас хацар руу нь алгадах, үснээс нь зулгаах, толгой руу нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь дух, баруун хөмсөг, хоёр хацар, зулайн хуйханд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.У-ийн биед “дух, баруун хөмсөг, хоёр хацар, зулайн хуйханд цус хуралт, зүүн хацар, дух, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Б.П-ийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Гэр бүлийн хүчирхийллийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагдаж даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хяналтдаа байлгах зорилгоор хохирогчийг шүүмжлэх, доромжлох улмаар зодох зэргээр түүний бие махбодь болон сэтгэл санаанд хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Б.П- нь хохирогч Г.У-ийг гэр бүлийн хүчирхийлэлд байнга байлгаж бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл давтагдаж даамжирсан, байнгын шинжтэй болсон нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.П-ийн үйлдэл идэвхтэй, хохирогч Г.У-ийн бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн”-ийг байнга зодсон; харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; хуваарьт болон дундын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан гэсэн 3 шинжийн аль нэгийг эсхүл хэд хэдэн шинжийг тус бүр байнга үйлдсэн байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.П- нь хохирогч Г.У-тэй хамтран амьдрах хугацаанд буюу 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь энэ гэмт хэргийн дээрх шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.П- нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Г.У-ийн бие махбодид 3 ба түүнээс дээш удаа халдсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.П-ийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч Г.У- нь мөрдөн шалгах ажиллагааны үед 3.000.000 төгрөг нэхэмжилсэн /хх-ийн 13 тал/, шүүгдэгч Б.П- нь хохирогч Г.У-тэй 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр: “...Талууд харилцан тохиролцож эвлэрсэн. Хохирол болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 57 тал/ байгуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-оос 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.У-т олгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.П-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.П-ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Хавтаст хэргийн 52-56, 65, 67-73 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн .... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.П- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр ямар нэгэн маргаан байхгүй. ...Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү” гэв.
Шүүх шүүгдэгч Б.П-ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 7 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.П-ид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ийг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Б.П-ийг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.П-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ид оногдуулсан 10 (арав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-оос 3.000.000 (гурван сая) төгрөгийг гаргуулж хохирогч Г.У- (...)-д олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч Б.П- нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР