Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 151/ШШ2020/00287

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 23 өдөр

 Дугаар 151/ШШ2020/00576

Төв аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Төв аймаг, Баянцагаан сум, 5 дугаар багт оршин суух, Хангай овогт Маргуузын Болдбаатар /РД:АВ73040718/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвд холбогдох,

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Өнө-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Болдбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“М.Болдбаатар миний бие 2002 оны 06 сараас эхлэн Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байна. Миний бие тус суманд сонгуулиар ардчилсан нам ялсан цагаас хойш байнга ажлын байр дээрээ дарамтлуулсаар ирсэн. Би энэ байгууллагад..... дэх жилдээ ажиллаж байна. Намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед удирдлагаас байнга дарамталдаг, намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж ямар ч шийдвэргүйгээр цалин мөнгө хасдаг байсан ч би эр хүн байж хэл ам хийгээд яахав дээ гээд тэвчсээр ирсэн.

Намайг архи уусан гэж ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд ажил тасалсан гэж бичсэн байна. Би тухайн үед ажил таслаагүй, одоо энэ хүмүүс ямар худлаа бичиг баримт бүрдүүлээд намайг гүтгэж байгааг би үнэхээр мэдэхгүй байна. Үнэхээр тэр өдрүүдэд ажил тасалсан гэж үзэж байгаа бол тэр үед нь яагаад тушаал гаргаад надад өгөөгүйд гайхаж байна. Одоо ажлаас халах болохоор ямар ч үндэслэлгүй зүйлээр гүтгэж байна. Миний бие тушаалд бичсэнчлэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Би хүмүүст ажлын шаардлагаар зүй ёсны шаардлага тавьснаас ёс зүйгүй авир гаргасан зүйл байхгүй. Тушаалд ямар учраас намайг ингэж үндэслэлгүйгээр гүтгэж, ажлаас халж байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Манай байгууллагын эрхлэгчийн гаргасан тушаал үндэслэлгүй тул Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн б/07 дугаарыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны 51 хоногийн цалин 1 592 998 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Амарбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч М.Болдбаатарын хувьд 2002 оноос Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар тус маргаан бүхий тушаал гартал ажилласан байдаг. 2018 оны сүүлээр тус төвийн эрхлэгчээр Ж.Наранцэцэг ажиллах болсон. Үүнээс хойш нэхэмжлэгч М.Болдбаатарыг үндэслэлгүйгээр дарамтлах болсон юм. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар цалингийн 20 хувиар торгосон байдаг. Уг тушаалыг гарсан талаар нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулсан зүйл байдаггүй. Үүнээс хойш янз бүрийн шалтаг, шалтгаан ярьж байгаад 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн тушаалыг гаргаж ажлаас халсан. Нэхэмжлэгчийн хувьд тушаалд заасан өдөр ажлын байрандаа байсан. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглээгүй. 2002 оноос хойш тус байгууллагад ажиллахдаа олон тооны сургалтуудад хамрагдаж, бүх шатны шагнал, урамшууллыг авч ажиллаж байсан нь баримтаар харагдаж байна. Нэхэмжлэгчийн хувьд 2019-2020 оны ажлын төлөвлөгөөгөө батлуулаад, эрхлэгчээр гарын үсэг зуруулсан нь хавтаст хэргийн материалд явж байгаа. Мөн шүүхэд гаргаж өгсөн баримтуудад соёлын төвд хэчнээн хүүхдүүдэд сургалт, боловсрол олгож байгаа вэ гэдэг нь нэрсийн дарааллаар, дүрс, зурагтайгаар баримтжуулж авсан ажлууд хийгдсэн байна. Мөн согтуу байсан гэдэг асуудал нь хавтаст хэрэгт нотлох баримтаар ирээгүй. Тэгдэг л гэж ярьдаг. Гэрчийн мэдүүлгээр согтуу ирж байгаагүй, ажилдаа тогтмол ирдэг гэж хэлсэн байдаг. Иймд Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын Б/07 тоот М.Болдбаатарыг үүрэгт ажлаас нь халах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч М.Болдбаатарыг ажилд нь эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны 93 хоногийн цалин 2.576.007 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байсан М.Болдбаатарын өгсөн нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

- Намын харьяалал ярьж ямар нэгэн шалтаг тоочиж цалин хасдаг гэх боловч нэг ч удаа улс төр ярьж заргалдсан мэтгэлцсэн зүйл байхгүй хир их намчирхаж янз бүр болдог вэ талаар байгууллагын хамт олон гэрчлэх байх, хөгжмийн багш хүнтэй ямар улс төр ярьж маргалдах хэрэг байх вэ дээ үнэхээр худлаа ярьж ээ гэж бодож байна. Ажлын байранд ийм тухай ор ярьдаггүй цээрлэдэг. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Алтат 4-р багийн өдөрлөг арга хэмжээ болж,хурал эхлэх болсон М.Болдбаатар байгаагүй бүжгийн багш Б.Хишигжаргалд үүрэг өгч тэр арга хэмжээг явуулсан орой дахин сурагласан согтуу тасарсан гэж дуулдсан. Тухайн үед нь номын санч Д.Баасансүрэн, Ганхуяг нарт үүрэг өгч цагийн бүртгэлд тэмдэглэ, өчигдөр ирээгүй өнөөдөр алга ажил дээр орой болтол сууж цагийг бүртгэ гэсэн үүрэг өгч анхааруулсан. Орой бүр мэдээ авсан би өөрөө давхар анхаарлаа хандуулсан дараагийн 2 өдөр дараалан ирээгүй 3 өдөр дараалан ажил тасалсаныг манай хамт олон 4-р багийн засаг, сумын засаг дарга, сумын бүх шатны дарга нар мэднээ тэд гэрчлэх байх.

  • Өмнөх тооцоо байгаа учир тэр бүр алдаа болгон дээр юм яриагүй ер нь ажилдаа дургүй хүнийг байнга ирээч гэх шаардлага байгаагүй. /сүүлийн үед гуйлгаж ажилд ирэх гээд байгаа мэдрэмж төрдөг болсон. Тайлан мэдээ гээд ажил ихтэй байсан.
  • Өмнөх асуудлуудыг нийлүүлж байгаад засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дараагийн шатны арга хэмжээ ав гэсэн үүрэг өгсөн миний би санал нэг байсан. Засаг даргын зөвлөлийн хурлаар мэдэгдсэн өөрт нь засаг дарга хэлсэн, би хурал дээр хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн байсан. Малын тоонд яваад ирсэн сургуулийн урлагийн үзлэгээр бөөн маргаан дэгдээсэн байсан. Иргэн Б.Нарангэрэл, Н.Мөнхзул багш, бүжгийн багш Б.Хишигжаргал нар мэдээлэл өгсөн өмнөх хурлаас хойш 1 cap болж байсан шууд л халах тушаалаа гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр
  • 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 3 сарын хугацаатай цалингийн 20% арга хэмжээ авсан албан хагчдын хурал хийсэн албан хаагчдын саналыг авсан. Анх ажилд ороход санал бодлыг нь сонсож ажил хийхэд хүндрэлтэй зүйл юу байна гээд судалж ажилласан. Шинэ техник хэрэгсэл иж бүрэн солих хэрэгтэй, депузерийн шингэнүүд байхгүй болсон өөр онц зүйлгүй гэсэн. Хөгжмийн багшийн хүсэлтийг хүлээн авч засаг даргад танилцуулж техник хэрэгсэл комоор нь, компьютер караоке машин проектор, хөгжимчдийн хувцас ком, депузерийн шингэн гээд үгүй дутуу юмгүй хэлсэн бүрийг нь авч өгсөн. Ажлын нөхцөл бололцоогоор хангасан арга хэмжээ авч өгч ажилласан. Ийм арга хэмжээ авч өгөөд байхад улс төрждөг ч гэх шиг, Гэтэл өөрөө ажилдаа ирэхгүй өөр ажилд орно гээд явдаг, ажил хийлгэх гэж нэлээд шахсан эхний хагас жилд жилийн эцсийн тайлан, дугуйлангууд ажиллуулсан байдал арга хэмжээнүүдэд концерт бэлтгэх гээд ажлын шаардлагууд их тавьсан. Түүнийг дарамталсан гэж бодож байгаа юм байх гэх ойлгож байна. Миний бие 40 жил улсад ажил хийж байна. 22 жил багшийн ажил хийсэн муу сурагч байдаг л юм сургаж болдог, ажлаа мэддэггүй хийх дургүй том хүн бол хэцүү өөрийгөө аль түвшинд яваагаа мэддэггүй юм билээ. Надад Наранцэцэгт ажил хийж өгч байгаа мэт араншин гаргах нь үнэхээр гомдолтой. Эхнэр нь олон жил соёлын төвийн эрхлэгч хийж байсан болохоор өөрөө юу ч хийдэггүй байсан юм байна лээ. Ажлын тайлангаа хийж өг гэхээр та чинь одоо тайлангаа хийж чаддаггүй юм уу гэж байх вэ дээ. Миний тэмдэглэлийн дэвтэрт байгаа үе үеийн тэмдэглэлийг хараарай аргаа бараад үе үе тэмдэглэл хөтөлсөн байгаа. Өдөр бүр цаг бүртгээд өдөр бүр түүнийг мөрдөөд байна гэж юу байх вэ. Зөвхөн хааяа болдог арга хэмжээнүүдэд бүртгэхэд л байгаа нь энэ шүү дээ.
  • Одоо шинээр авсан техник хэрэгсэл караоке машин бүгд жигд ажиллаж байгаа яагаа ч үгүй юм билээ албаар жаахан жаахан юмнуудыг нь хөдөлгөөд хаячихсан байсан. Хөгжмийн компани албаар болохгүй зүйлүүдийг нь хөдөлгөчихсөн байна гэсэн ямар санаатай хүн бэ танай багш юу ч мэддэггүй нөхөр байна. Анх хүлээлгэж өгөх гээд очиход би мэднэ надад заах хэрэггүй гээд байсан тэр хөгжмийн ах гэж байна лээ. “Цуурай” ХХК энэ тал дээр гэрч болно байх. Олон удаа техник хэрэгсэлээ чирээд очсон. Шинэ хүүхэд аваад очсон нэг удаа заалгаад л ирээд шууд угсраад техник хэрэгсэлээ одоо хүртэл ажиллуулсаар байна.

Ямар санаатай энэ техник хэрэгсэлийг ажлуулж өгөхгүй хагас жил болов өөрөө ямар санаатай байсан юм бол, өөрөө улс төр яриад байна өөрөө улс төржөөд байсан нөхөр биш байгаа гэх бодол төрж байна. Хөгжмийн багш хүн ямар улс төр яриад байна гайхаж байна. Эндээс хардах сэтгэл төрж байна. Намайг сайн ажиллаж байна гэсэн нэр авчих ви гэж айж байсан юм биш биз надтай түшилдээд байсан нөхөр байна одоо л ойлгож байна. Зан харьцаа маш муутай хэг ёог харьцаатай0 .Нэг арга хэмжээ болж байхад халамцуу хөгжмөө нэг чанга сул болгоод нөгөө өвчин нь хөдлөөд заналтай гэдэг аргагүй болчихоод болдоггүй Лхагва-Очир цагдааг дуудаад манай хөгжмийн багшийг үлээлгээд өгөөч гэж дуудлага өгч байсан. Цагдаа ирээд уулзаад явсаны дараа сайхан ааштай болчихсон байхыг хараад гайхаж суусан. Үлээлгэв үү гэсэн нэг удаа сануулчихлаа дахиад ааш гаргаад байвал дуудаарай гэсэн тэр орой гайгүй өнгөрч хүртэл байсан удаатай. Дуучин олоод яриад Болдбаатар руу явуулна хөгжмийн өнгө өгч бэлдүүлж чадахгүй буцаагаад явуулчихдаг арга хэмжээ болно дуулах хүн байхгүй болж байсан удаа би дээ. Яасан дуулна гэсэн гээд асуухаар Болдоо ах Пүжээ багшруу оч гэсэн гэдэг Пүжээ багш завгүй гээд л дуусаа манай ажил. Сүүлдээ аргаа бараад хотын дуу бичлэгийн студээр фанаграммаа хийлгэж ажлаа явуулдаг болсон.

Дээд байгууллагаас мэргэжилтэн бэлтгэх сургуульд сургах талаар олон удаа бичиг ирсэн боловч явж шалгалт өгч орохыг бодоогүй яв гэхээр явнаа гэсэн яваагүй очоогүй байсан. Явахгүй яасан бэ гэхээр амжсангүй гэж хэлнэ. Тэр үед тамгын дарга дэргэд байсандаа гэрчлэх байх. Хөгжмийн багшаар 17 жил ажиллаж байгаа гэх боловч сайндаа 3 дуу дарна гэж хамт олон нь хэлдэг дуу дарж чадахгүй шинээр авч өгсөн техник хэрэгсэл ажлуулж чадахгүй байсан. Проектороо бусад компьютерт тохируулж чадахгүй,чадахгүй нь яах вэ хүнээс асуугаад сураад авах байх гэж бодох ноо дараа сураагүй байна.Тамгын даргын түр хэрэглүүлж байсан компьютерийг өсгөгчид залгахдаа чихэвч хийдэг рүү нь оруулаад шатааж байсан компьютер маань чарлаад намдахгүй болчихсон байсан.

Надад буцааж өгөхдөө болохоо байчлаа яанаа гэж хэлээгүй таны компьютер ажиллахгүй юм билээ аваарай гэсэн тийм болгосон гэж мэдээгүй. Өрөөндөө ороод асаах гэсэн чарлаад явчихсан юу болов гэсэн Болдбаатар тийм болгосон та мэдээгүй юм уу шар хийлгээд байх чинь билээ гэж бүжгийн багш хэлсэн. Болдбаатарт хэлсэн би яагаа ч үгүй алахын байна гээд байсан юунаас болсныг мэдэхгүй зүгээр ажиллаж байсан. Компьютер, ажлын бүх хийсэн зүйл будаа дахин бүх зүйлийг хийж бөөн ажил удсан. Уучлаарай яанаа гэх мэт юм юу ч байхгүй. Засварт өгөхөд өө чихэвчний юмыг нь шатаасан байна гэж хэлсэн. Өсгөгч залгадагт биш чихэвч залгадагт нь хийсэн байгаа юм. Энэ санаатай юу санамсаргүй тохиолдол уу.

Мэргэжлийн болон ажилдаа сэтгэлтэй хүн бэлтгэх шаардлага олон удаа авсан учир халсан болно. Техник хэрэгсэлээ ажиллуулж чадахгүй хагас жил болсон нь нотлогдох байх өөрийн ашиглаж байсан суурин компьютер хэмхэлсэн,худгийн цэнхэр мотор үгүй хийсэн, хуучин техник хэрэгсэлүүдийг бүх зүйлийн тал хэсгүүдийг бүгдийг ажилгүй болгож орхисон байна.Бүгдийг хөгжим засварын газар авч очиж шалгуулсан. Ажлаа дүгнүүл гэхээр дүгнүүлдэггүй хийсэн ажлын тайлан бичиж өгч нэг удаа ч үзээгүй.хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ 100% биелүүлдэггүй гэхэд бараг болно доо.

Ийм хүнийг яалтай нь билээ, би загнасан хэрэлдсэн аргадсан гуйсан харьцахгүй удаан байж үзсэн урамших болов уу гээд цалинг олон удаа бүтэн бичсэн эхнэртэй нь 3 уул аа тойрч суугаад ярьж үзсэн надад ямар алдаа байгаа болоод энэ хүн дургүй байна вэ гэж ч эрэгцүүлж бодож үзсэн удирдлагын олон арга хэрэглэсэн өөр гарц надад байсангүй.Нэг гэр бүлийн хүмүүс биш хэрэлдэх ч биш хийх ч биш яваад яах вэ Хууль байхад гэж үзэж энэ шийдэлд хүрсэн” гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М.Болдбаатарын ажлын гол зорилго бол Монгол Улсын Соёлын өвийн тухай хууль, төрөөс баримтлах соёлын бодлогийн хүрээнд иргэд, хөдөлмөрчид, залуучууд, хүүхэд багачуудад соёл урлагийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах, уралдаан тэмцээн, концертын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, дугуйлан хэрэгжүүлэх, хүүхэд багачууд, залуучуудын авъяасыг нээн илрүүлэх зорилготой. Ажлын зорилтын хувьд 10 үндсэн зорилтын хүрээнд ажилласан байх ёстой. Энэ хүрээнд биелүүлж, хэрэгжүүлж байгаа ажил байдаггүй. Жил бүр ажлын төлөвлөгөөг батлуулж, биелэлтийг нь тооцуулах ёстой. Нэг ч удаа хийсэн ажлын тайлан гарган өгч, хэрэгжүүлж, биелүүлж, тооцуулж үзээгүй. Сар бүр сургалт, хүмүүжлийн ажлын талаар мэдээ өгөх ёстой. Тухайн үед ажилдаа өглөө, орой ирдэггүй, байнга дуудуулж ажилдаа ирдэг. 3 дугаар багийн өдөрлөг зохион байгуулахад согтуу ирчихээд үймүүлсэн. Иймэрхүү зөрчлүүд олон түмний дунд гаргасан учраас 3 сар хугацаанд сахилгын арга хэмжээ авсан. Түүнээс хойш өөрийн дутагдал дээрээ анхаарах байх гэж бодсон ч хэвэндээ байсан. 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд арга хэмжээ зохион байгуулахад ажилдаа 3 өдөр дараалан ирээгүй учраас давтан зөрчил гэж үзэж ажлаас нь халсан. Ажлаас халахаас сарын өмнө Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулсан. Тэгэхэд М.Болдбаатар ирээгүй. Засаг дарга дараагийн шатны арга хэмжээг ав гэж үүрэг өгсөн. Би тэгээд нэг сарын хугацаанд харсан ба дутагдлаа хүлээн зөвшөөрсөн шинж байхгүй байсан учраас дараагийн арга хэмжээг авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Гол нь М.Болдбаатарыг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм уу гэдэг дээр анхаарал төвлөрч байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн. Өмнө нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр сахилгын арга хэмжээ авч шийтгэл ногдуулсан тушаал байна. Үүний дараа 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Засаг даргын зөвлөлийн хурлаар сахилгын зөрчилтэй асуудлыг нь хэлэлцээд бас л анхааруулах, сануулах арга хэмжээ авсан. Түүний дараа 3 дахь зөрчил болгож 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд удаа дараа 3 өдөр ажил тасалсан. Энэ нөхцөлд сахилгын шат дараалсан арга хэмжээ авах нь байтугай шууд халж болохоор хөдөлмөрийн гэрээ хийчихсэн. Мөн “Хөдөлмөрийн дотоод журам”-д хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцохоор заачихсан байдаг. Энэ байдлуудаас нь харахад ажилд нь эгүүлэн тогтоох хуулийн үндэслэл байхгүй гэсэн байр суурьтай байгаа учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналыг дэмжиж байна” гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Болдбаатар нь хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвд холбогдуулан Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч М.Болдбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн болно. 

М.Болдбаатар нь Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн албан тушаал эрхлэн ажиллаж байсан болох нь:

НДД№А 0283110 дугаартай М.Болдбаатарын Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарын 2 дах бичилтэд Соёлын төвийн хөгжмийн багшаар 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авч ажиллуулав гэсэн бичилт /хх-н 15-р хуудас/

М.Болдбаатар, Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч Ж.Наранцэцэг нар харилцан тохиролцож 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар. Тус гэрээний 1.6 дах хэсэгт хөдөлмөрийн гэрээг талууд 1 жилийн хугацаатайгаар байгуулахаар тохиролцсон байна. /хх-н 8-14-р хуудас/

Соёлын төвийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Наранцэцэгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн хөгжмийн багш М.Болдбаатарын 2019 онд хийх ажлын  төлөвлөгөө /хх-н 27-31-р хуудас/,

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгч Ж.Наранцэцэг, М.Болдбаатар нар нь байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээний хуулбар /хх-н 58-59-р хуудас/,

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн хөгжмийн багш М.Болдбаатарын ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-н 80-81-р хуудас/ зэрэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар М.Болдбаатар нь Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/07, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 тоот тушаалуудаар М.Болдбаатарыг 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 дугаартай тушаалаар архи ууж, ажил таслан 3 сарын хугацаатай 20%-иар сахилгын арга хэмжээ авагдаж, 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 3 өдөр дараалан ажил тасалж сахилгын зөрчил давтан гаргасан, 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон урлагийн үзлэгийн үеэр багш сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж таагүй нөхцөл үүсгэсэн, архи уусан согтуу байсан ба мэргэжлийн бус ажил мэргэжилдээ тэнцэхгүй байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн М.Болдбаатарыг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөгжмийн багшийн үүрэгт ажлаас халжээ. /хх-н 4, 48-р хуудас/

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно. 

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/07, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугааруудтай М.Болдбаатарыг ажлаас халах тухай тушаалуудын доорхи үндэслэлүүдийг авч үзвэл:

1. М.Болдбаатарыг сахилгын зөрчилтэй байх хугацаандаа дахин зөрчил гаргаж 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 3 өдөр дараалан ажил тасалсан гэх үйл баримтын тухайд:   

М.Болдбаатар нь архи ууж, ажил тасалсан гэх шалтгаанаар 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Б/04 тоот тушаалаар 3 сарын хугацаатай 20%-иар сахилгын шийтгэл хүлээлгэсэн боловч түүнд тухайн шийтгэлийг танилцуулсан эсэх нь тодорхойгүй эрхлэгч Ж.Наранцэцэг нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...М.Болдбаатар өөрөө хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд тушаалыг аваагүй гэх боловч хууль тогтоомжоор тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг нь тэмдэглээд явах ёстой миний хувьд журамд зааснаар хийгээгүй нь алдаа болж байна...” гэж тайлбарласан болно.

М.Болдбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 3 өдөр дараалан ажил тасалсан гэж ажил олгогч тушаалдаа дурьджээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д “... Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулжээ.

Гэтэл Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн ажиллагсадын ажилдаа ирсэн, явсан цагийг тухайн байгууллага цахим системээр бүртгэдэг болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, гэрч нарын тайлбар мэдүүлгүүдээр тогтоогдож байна. /хх-н 76-78-р хуудас/

Энэхүү хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан он, сар, өдрийг шүүхийн зүгээс тодруулахад 2019 оны 10 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд  буюу дараалсан ажлын 3 өдөр ажил тасалсан гэж талууд маргадаг.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Соёлын төвийн багш, ажилчдын ирцийг хурууны хээгээр цахим бүртгэлээр бүртгэдэг бөгөөд М.Болдбаатар нь 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өглөө 11:09 цагт ирсэн бүртгэлтэй, харин 2019 оны 10 дугаар сарын 23, 25-ны өдрүүдэд хурууны хээ дарагдаагүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 4.2.2-д “Ажил таслах гэж / ЗДТГ-ын даргаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар орхисон, ажил тасалсан бол/ гэж заасныг үзвэл ажлын 3 өдрөөс дээш гэдгийг ажлын бүтэн 3 хоног + 1 хоног байх тул М.Болдбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш хоног ажил тасалсан ноцтой зөрчил гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн  21 дүгээр зүйл, мөн хуулийн мөн хуулийн 40  дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудын үндсэн гол үзэл санаа нь ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулан, тэрхүү гэрээнд ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлах нөхцөл, ноцтой зөрчил зэргийг тухайлан заасан байх ёстой.

Ажил олгогчийн тушаалд ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг үндэслээгүй байна. Мөн Соёлын төвийн эрхлэгч, М.Болдбаатар нарын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4.2-т Монгол улсын “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ажил олгогч /аймгийн ЗДТГ-ын дарга/-ийн санаачилгаар “хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчил” мөн гэрээний 4.2.2-т ажил таслах, /ЗДТГ-ын даргаас зохих журмын дагуу чөлөө авалгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байраа ажлын 3 өдрөөс дээш хугацаагаар орхисон, ажил тасалсан бол/ гэж тус тус заажээ. /хх-н 8-14-р хуудас/

Дээрх хөдөлмөрийн гэрээний заалтаас үзэхэд ажилтан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарч байна.

Иймээс энэхүү Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч Соёлын төвийн эрхлэгч, ажилтан хоёрын хооронд байгуулсан гэрээний заалт байх ёстой атал өөр байгууллагатай хамааралтай заалт байгаа тул ойлгомжгүй хуульд нийцэхгүй байна.

Дээрхи байдлаас дүгнэхэд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар захиргааны актыг, гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг явуулах, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар Ёс зүйн хэм хэмжээ, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолын хавсралтаар баталсан төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм зэрэг хуульд заасан үүргээ хариуцагч Соёлын төвийн эрхлэгч  биелүүлээгүй, М.Болдбаатарын ажил тасалсан гэх зөрчлийг тухайн байгууллагын эрхлэгч өөрөө илрүүлж тухайлбал 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажил тасалсан гэдгийг илрүүлсэн гэж шүүхэд тайлбарласан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй ажлаас халсан тушаалыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

2. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болсон Урлагийн үзлэгийн үеэр багш сурагчдын дунд ёс зүйгүй ааш авир гаргаж таагүй нөхцөл үүсгэж, архи уусан, мэргэжлийн бус ажил мэргэжилдээ тэнцэхгүй  гэх үйл баримтын тухайд:   

Ажил олгогчоос гаргасан эрх зүйн акт /тушаал/ түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан сахилгын зөрчил буюу ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн үндсэн үзэл санаа болно. Аливаа хууль, дүрэм, журмыг баримталсан үндэслэл бүхий шийдвэр / тушаал / гаргах нь ажил олгогчийн үүрэг болно.

Гэвч ажил олгогч нь М.Болдбаатарыг архи уусан гэсэн холбогдох байгууллагын акт, нотлох баримт байхгүй, мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг нотолсон албан ёсны мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүйгээр 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тушаалыг гаргасан байна.

Иймээс ажил олгогчийн гаргасан тушаал нь Хөдөлмөрийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т зааснаар нийцэхгүй байна.

Иймд ажил олгогчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/07, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/07 дугаартай тушаалууд нь дээрхи хууль, тогтоомжуудад нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч М.Болдбаатарыг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч М.Болдбаатар нь ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхийн зүгээс тодруулахад 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх цалинг нэхэмжилсэн гэж тодруулсан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтыг /хх-н 15-р хуудас/ үндэслэн Хөдөлмөрийн тухй хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-д заасны дагуу ажилтныг албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо: Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7-д зааснаар ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу тодорхойлж ажилгүй байсан хугацааг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх /ажлын 93 өдрөөр/ тооцож нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт бичигдсэнээр тооцож 2019 оны 10, 11, 12 саруудын 657.298+578.674+392.353=1.628.325 : 3 сар = 542.775 : 21.5 = 25.245 төгрөг буюу нэг өдрийн цалин/ 25.245 х 93 хоног = 2 347 785 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна. /хх-н 15-р хуудас/

Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувьд хэмжээгээр сар нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д ‘’ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж’’ заасны дагуу М.Болдбаатарын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүд даалгах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хангай овогт Маргуузын Болдбаатарыг Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн дуу хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 347 785 төгрөгийг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүгээс гаргуулан М.Болдбаатарт олгосугай.  

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч М.Болдбаатарын ажилгүй байсан бүх хугацаанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, холбогдох даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвийн санхүүд даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Баянцагаан сумын Соёлын төвөөс 52 515  төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮВШИНЖАРГАЛ