Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/720

 

     

 

 

 

 

 

 

     2023          9           11                                   2023/ШЦТ/720

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,  

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар   

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Зөөхий овогт Нямаагийн Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, ** дүгээр багийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, З овогт Н-н Г- /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.Г- нь 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Саппорогийн уулзварын замд  “Субару форестор” /Subaru Forestor/ маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.9-т заасан “Гэрлэн дохио нь дараах утгатай байна, г./Улаан гэрэл дохио хөдөлгөөнийг  хориглоно. /анивчихгүй/, 8.18-т заасан “гэрэл буюу зохицуулагчийн хориглосон дохиогоор  жолооч <<Зогс-шугам>> (1.11 тэмдэглэл буюу 5.32 тэмдэг)-ийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл, байхгүй бол тухайн уулзвар, явган хүний гарцын өмнө, бусад газарт тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн  наана, эсвэл энэ дүрмийн 17.5-д заасны дагуу төмөр замын гармын өмнө зогсоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч болох насанд хүрээгүй 14 настай Т.Х-г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Г- нь Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн орчимд “Субару форестор” маркийн **-**  улсын дугаартай автомашиныг худалдаж аваад дүүгийн нэр дээр шилжүүлээд хотоос гаргаж өгөх зорилгоор Саппорогийн уулзварт хойд талаас нь баруун гар тийш эргэх зорилгоор ирсэн. Энэ машиныг манай төрсөн дүү болох Г-т худалдан авсан. Манай дүү хот дотор машин сайн унаж чаддаггүй болохоор би унаад явж байсан. Миний хажууд дүү суугаад арын суудал дээр эхнэр нь суугаад явж байсан. Тухайн машиныг худалдан авах үед бүрэн бүтэн байдлыг нь үзэхэд ямар нэг асуудалгүй, осолд нөлөөлөх хэмжээний эвдрэлгүй байсан. Саппарогийн уулзварт ирэхэд гэрэл дохио улаан өнгөөр асч байсан бөгөөд би ногоон гэрэл асах байх гэж бодоод аяархан урагшилж байхад гэнэт замын баруун талаас явган хүний гарцаар унадаг дугуйтай хүүхэд урдуур ороод ирсэн. Би хараад тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан тул машины урд хэсгээрээ дугуй руу нь мөргөөд зогссон. Би машинаа зогсоогоод бууж очиход дугуйтай хүүхэд газраас босож ирээд явган хүний ногоон гэрэл асаж байна шүү дээ, гэрлээ хардаггүй юм уу гэж хэлсэн. Тэр хүүхэд утсаараа ярьж ахыгаа дуудсан. Ахыг нь ирэхээр нь гэмтэл орж үзүүлэхэд хацар нь гэмтсэн гэж байсан. Би эмчилгээний зардалд 800.000 төгрөг төлсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-9 дэх тал/,

 

            Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,

 

            Насанд хүрээгүй хохирогч  Т.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Саппород хоол идчихээд 10 дугаар хороолол орох зорилгоор найзынхаа унадаг дугуйг унаад ганцаараа явж байсан. Би Саппорогийн уулзварт баруун талаас ирээд уулзварын хойд талын явган хүний гарц дээр ирэхэд явган хүний ногоон гэрэл асч байхаар нь зам руу орох үед гэрэл анивчаад эхэлсэн. Би дугуйгаа унасан чигээрээ зам руу ороод эхний эгнээг туулаад 3 дугаар эгнээнд ороод явж байтал хойноос баруун гар тийш эргэх гэж байсан автомашины жолооч ирээд шууд мөргөсөн. Миний дугуйг зүүн талаас нь мөргөөд би газарт шидэгдэн унасан. Би унахдаа залуураа мөргөсөн байх гэж бодож байна. Машин зогсоод 2 хүн буугаад ирэхээр нь би “тэр гэрлээ хардаггүй юм уу” гэж хэлэхэд анзаарсангүй гэж хэлсэн бөгөөд явган хүний гэрэл ногоон анивчиж байсан. Тухайн үед би хамгаалах малгай болон хамгаалах хэрэгсэлгүй байсан. Машин дотор 3 хүн байсан. Би ахыгаа дуудаад хамт гэмтэл орж үзүүлсэн. Надад хөдөлгөөний дүрмийн мэдлэг байхгүй. Дугуйгаа түрж зам гарах талаар мэдэхгүй. Миний зүүн хацар, толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

 

           Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Би 2023 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гарсан ослын талаар мэдэх зүйл байхгүй. Тухайн өдөр хамт яваагүй. Осол гарсан талаар манай хүүхэд надад хэлсэн. Т.Х-н нь том эгчийн хүүхэд бөгөөд аав, ээж 2 нь бага байхад нь нас барсан учир би асран хамгаалагчаар нь томилогдож өсгөж байгаа. Одоо хамт амьдарч байгаа. Жолоочтой нь би огт уулзаагүй. Гэмтэлд үзүүлэхэд хацар нь цөмөрсөн гэж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед унаж явсан дугуй нь эвдэрсэн зүйлгүй. Дугуйтай нь холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй. Жолооч толгойн зураг авахуулахад нь мөнгө өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

 

           Иргэний хариуцагч Н.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би жолоочийн хажууд суугаад эхнэр арын суудалд суугаад явж байсан. Машиныг худалдан авах үед бүрэн бүтэн байдлыг нь үзэхэд ямар нэгэн асуудалгүй, осолд нөлөөлөх хэмжээний эвдрэлгүй байсан. Саппорогийн уулзварт ирэхэд гэрэл дохио ямар байсныг мэдэхгүй байна. Ах өөрөө гэрлээ хараад аяархан урагшилж байхад гэнэт замын баруун талаас явган хүний гарцаар унадаг дугуйтай хүүхэд урдуур ороод ирсэн. Тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан тул машины урд хэсгээрээ дугуй руу нь мөргөөд зогссон. Дугуйтай хүүхэд цааш газар унаад босоод ирсэн. Унахдаа дугуйны гартаа нүүрээ цохисон гэж бодож байна. Бид нар бууж очоод яаж байна гэмтэл орох уу гэхэд тэр хүүхэд гэрээсээ хүн дуудна гээд утсаар ярихад ах нь ирсэн. Тэгээд гэмтэл орж үзүүлэхэд нүүр нь гэмтсэн гээд оёдол тавьсан. Хөлний зураг авахуулсан. Тархины рентген авахуулахад гайгүй гэж байсан. Дараа нь цагдаа нарт дуудлага өгөөд цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн. Машинд эвдрэл байхгүй тул үнэлгээ  хийлгэхгүй...” гэх мэдүүлэг /хавтастх хэргийн 25 дахь тал/,

 

           Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

           “...Саппорогийн уулзварт ирэхэд гэрэл дохио ямар асч байсныг сайн мэдэхгүй байна. Манай машин гэрэл дохио дээр зогсоод хөдлөх үед гэнэт замын баруун талаас явган хүний гарцаар унадаг дугуйтай хүүхэд урдуур орж ирэхэд жолооч тоормос гишгэсэн боловч тулаад ирчихсэн байсан учир машны урд хэсгээрээ дугуй руу нь мөргөөд зогссон. Дугуйтай хүүхэд цааш газар унаад босоод ирсэн. Намайг харахад газарт гараараа тулчихсан байх шиг байсан. Би бууж очоогүй. Нөгөө хүүхэд гэрлэн дохио руу заагаад юм хэлээд байсан. Ах нь ирээд гэмтэлд очиж үзүүлээд нүүрэнд нь оёдол тавьсан. Хөлний зураг авахуулсан. Тархины рентгенд үзүүлэхэд гайгүй гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал,

 

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Т.Х-н биед зүүн  хоншоорын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь  тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан  хугацаагаар сарниулах тул Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

 

Авто тээврийн Үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 39-42 дахь/,

 

2023 он 8 дугаар сарын 30-ны өдрийн 875 дугаартай мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Одончимэгийн “...Хохирол төлбөрт нийт 800.000 төгрөг авсан, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын “...800.000 төгрөг төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 78-80 дахь тал/,

 

Шүүгдэгч Н.Г-н хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст 61 дэх тал/,

- жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 57 дахь/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст эргийн 54 дэх тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Н.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Н.Г-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Одончимэгийн “...эмчилгээний зардалд нийт 800.000 төгрөг авсан, гомдол саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 83 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгч Н.Ган-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Г- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З овогт Н-н Г-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Н.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Н.Г-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Одончимэгт 800.000 /найман зуун мянган/ төгрөг, Эрүүл мэндийн даатгалын газарт Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасны дагуу 800.000 /найман зуун мянган/ төгрөг тус тус нөхөн төлөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Г- энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ