Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/725

 

 

 

 

 

 

 

     2023          9            11                                    2023/ШЦТ/725

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Зурхайч овогт Энхтөрийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн *** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай боловч Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, “***” хотхоны *** тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, З овогт Н-н С-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.С- нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны урд замд “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч Ж.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С- мэдүүлэхдээ: “...Би  тухайн өдөр ажлынхаа үүднээс машинаа жолоодоод баруун дараад огцом эргэсэн. Тухайн үед хүн байгаагүй. Харин хажууд байсан машиныг шүргэх гээд байсан. Цааш огцом хаазлахад нэг эмээ гараад ирсэн юм, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

  • Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хавтаст хэргийн

5-6 дахь тал/,

 

  • Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/хавтаст хэргийн 7-11 дэх тал/,

 

           - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Ц-н хохирогчоор өгсөн:

            “...Би 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн үед гэрээсээ гараад өрхийн эмнэлэг орж эм бичүүлж авчихаад буцаад гэр рүүгээ алхаж явсаар зам хөндлөн гарах үед баруунаас зүүн тийш чиглэлээр цагаан өнгийн машин цаанаас ирж байгаа харагдсан. Би зүүнээс баруун тийш зам хөндлөн гарах үед миний хоёр хөлийг машин дайраад унагаасан. Миний хөл хугарч, жолооч залуу гарч ирээд миний хөлийг кардонан цаасаар боож өгөөд машиндаа суулгасан. Тэр үед түргэн дуудсан боловч ирээгүй тул шууд гэмтлийн эмнэлэгт хүргүүлж үзүүлсэн. Хоёр хөл хугарсан гээд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад хэвтрийн дэглэм  сайн барьсан. Нуруугаар өвдөөд байгаа. Жолоочийн зүгээс хохирол барагдуулаад өгчихвөл өөр гомдолгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,

 

-  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Өлзийбатын иргэний хариуцагчаар өгсөн:

“...2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед байгууллагын ажилтан С-аар автомашин жолоодуулан өөрөө жолоочийн хажуу талын урд суудалд сууж 25 дугаар эмийн сангийн хойд талд байрлах ажлын гаднаас Зайсан орохоор хөдөлж уулзвараар зүүн гар тийш эргэх үед явган зорчигч замын зүүн талаас баруун тийш машины урдуур зам хөндлөн гарч дуусаагүй байхад нь баруун талын урд дугуйгаар тэр эмээгийн хөлийг дайрсан. Машинаас буухад 80 орчим насны эмэгтэй зам дээр бөгсөөрөө хагас суусан байдалтай, баруун хөлнөөс нь цус гараад хөл нь хугарчихсан байхаар нь юмаар чиг барьж боогоод машиндаа суулгаж шууд Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгч үзүүлэхэд баруун хөлийн шилбэний яс хугарч, зүүн хөлийн шилбэний яс цуурсан байна гээд хэвтүүлэхээр болсон. С- бид хоёр Гэмтлийн эмнэлгээс шууд ослын газарт очиход замын цагдаа ирчихсэн байсан ба үзлэг хэмжилт хийсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь  тал/,

 

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гантуяагийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Гэмт хэргийн улмаас Ж.Ц-н эмчилгээнд нийт 1.576.730 төгрөгийн зардал гарсан тул Э.С-аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн “Ж.Ц-н биед баруун шагайн гадна, дотор халхавчаар ясны ил хугарал, мултрал, зүүн шагайн гадна, дотор хавчаар ясны хугарал, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх шагайн гадна, дотор хавчаар ясны ил хугарал, мултрал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги их хэмжээгээр алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

- Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн  шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-39 дэх тал/,

 

  • Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.С-ын яллагдагчаар өгсөн:

...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө ослын талаар дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

Шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн:

“...Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 12 цагийн үед байгууллагын эзэмшлийн “Тоёота эстима” маркийн **-**  улсын дугаартай автомашиныг жолоодон 25 дугаар эмийн сангийн зүүн талын байрнууд дундаас хөдөлсөн. Тэгээд байран дундах дөрвөн замын уулзвараар баруунаас зүүн тийш явж байгаад урагшаа эргэхдээ зүүн гар талд машин тулаад ирчихсэн машиныг мөргөхгүй гээд толиндоо хараад явах үед урдуур явган зорчигч баруунаас зүүн тийш зам хөндлөн гарч байгааг хараагүй. Машины баруун талын урд дугуйгаар хөлийг нь дайрсан байсан. Намайг машинаас буух үед баруун талын урд дугуйны хажууд 80 орчим насны эмэгтэй хүн баруун тийшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь өндийлгөөд зам дээр суулгаад хөлийг нь харахад баруун хөлнөөс нь цус гарчихсан хугарсан байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирэхгүй болохоор нь хөлийг нь хатуу цаасаар боож машиндаа өргөж суулгаад Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд үзүүлэхэд хоёр хөл нь хоёулаа шилбэний хэсгээр хугарсан байна гээд хэвтэн эмчлүүлэхээр болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83 дахь тал/,

 

-Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50 дахь тал/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.С- нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 32 дугаар байрны урд замд “Тоёота Приус” маркийн **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 19.1-т заасан “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч явган зорчигч Ж.Ц-н мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ж.Ц-н мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 6148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, Баянгол дүүргийн Техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-39 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Э.С- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар /хавтаст хэргийн 64/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Э.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудаар мөн шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал болон улсын яллагчийн санлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Мөн Зам тээврийн ослын хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд шүүгдэгч Э.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч Э.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ.

 

Хохирогч Ж.Ц- “...Э.С- хохирол төлбөрт нийт 3.050.00 төгрөг төлсөн...” гэх тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Э.С-ыг хохирогч Ж.Ц-д 3.050.00 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хавтаст хэрэгт иргэний нэхэмжлэгч Д.Г-н “...Гэмт хэргийн улмаас Ж.Ц-н эмчилгээнд нийт 1.576.730 төгрөгийн зардал гарсан тул Э.С-аас гаргуулж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дэх тал/ авагдсан байх тул гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.С-аас 1.576.730 /нэг сая таван зуун далан зургаан мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

         Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.С- цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

1. Шүүгдэгч З овогт Э-н С-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Э.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус зааснаар Э.С-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд “оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Э.С- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт дахин хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1, 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.С-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Э.С- нь хохирогч Ж.Ц-д 3.050.000 /гурван сая тавин мянган/ төгрөг төлснийг дурдаж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Э.С-аас 1.576.730 /нэг сая таван зуун далан зургаан мянга долоон зуун гучин/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Э.С- нь энэ хэргийн улмаас нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ