Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2026/0153

 

Н.Б, Б.Ц, Ч.М нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, нэхэмжлэгч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С

Нэхэмжлэгч: Н.Б, Б.Ц, Ч.М

Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн хүчингүй болгож, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Н.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, нэхэмжлэгч Б.Цгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0070/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 57.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бусад тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, нэхэмжлэгч Б.Цгийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.С нар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Хариуцагч захиргааны байгууллага А/243 дугаар захирамжийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр маргаан бүхий газрыг албадан чөлөөлөх ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгч нарын гараашийн хаалга эвдэх, дотор нь байсан эд хогшлыг авах зэрэг ажиллагаа явуулаагүй ба энэ үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар хангалттай нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан А/243 захирамж гарч нэр бүхий нэхэмжлэгч, иргэдийн газар чөлөөлөх ажиллагаа, шүүхээр маргаж байгаа асуудлыг мэдэж байсан. Гэвч захиргааны байгууллага, албан тушаалтан 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/173 дугаар захирамж гаргаж нэхэмжлэгч нарын гараашийг албадан буулгаж, газрын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэн улмаар Баянгол дүүргийн газар зохион байгуулалтын алба 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр (захирамж гарсан өдөр мэдэгдэл өгсөн) мэдэгдэл өгсөн үйл баримт нотлогддог ба энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага дахин шинэ захирамж гаргах хэрэгцээ, шаардлага байхгүй байсан төдийгүй тус захирамжийг гаргаж байгаа талаар урьдчилан мэдэгдэж оролцоог нь хангах ёстой эсэх, нэг байршилд байгаа нэр бүхий нэхэмжлэгч нарын гараашийг 2 тусдаа захирамж гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. маргаан бүхий акт гаргахдаа урьдчилан мэдэгдэж, оролцоог хангаагүй нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөд хүргэсэн байхад шүүх үүнийг от анхаарч үзээгүйд бид гомдолтой байна.

2.2. Захиргааны байгууллага, албан тушаалтан маргаан бүхий А/173 дугаар захирамж гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдээс тайлбар авах, нөхцөл байдлыг тодруулж нотлох баримт цуглуулах замаар сонсох ажиллагаа явуулахгүйгээр шууд захирамж гаргасан нь захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх мөн хуулийн 42.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн захиргааны үйл ажиллагааны  зарчмыг зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг давхар зөрчиж нэхэмжлэгч нарын эрхэнд халдсан нь хууль бус юм

2.3. Шийдвэрийн үндэслэх хэсэгт уг захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч нарын оролцоог хангах эрхийг зөрчсөн, мөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй гэж үзэв..." гэж дүгнэсэн. Шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ Газрын тухай хуулийн 21-р зүйлийн 21.5-д заасан эрхийн дагуу дүүргийн Засаг дарга нь тухайн жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгагдсан газар чөлөөлөх ажиллагааг бодитой хэрэгжүүлэхийн тулд захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэлийг илэрхийлж байна гэж дүгнэсэн нь илтэд үндэслэл муутай.

Шүүхээс дээрх дүгнэлтийг хийхдээ эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглосон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий 7 гарааш нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газарт бус, нийтийн эзэмшлийн зам талбайд байрласан нь нэхэмжлэгч нарыг уг газрыг эзэмших, ашиглах хууль ёсны эрх үүссэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Гэсэн хэдий боловч нэхэмжлэгч нар маргаан бүхий 7 ширхэг гарааш байрлаж буй газрыг 2009 оноос хойш буюу 15 жилийн хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримт нотлогддог. Ийнхүү газрыг эзэмшиж, ашиглахдаа СӨХ-ноос зөвшөөрөл авч ашигласан агуулгатай тайлбараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 477 дугаар захирамжаар СӨХ-нд эзэмшүүлсэн газар, 2011 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн СӨХ-нд газар эзэмшүүлэх гэрээгээр, СӨХ-ны зөвшөөрлөөр газрыг эзэмшиж, ашигласан үйл баримт нотлогдож байхад энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй ба шийдвэр хууль ёсны болж чадаагүй. Тухайн үеийн СӨХ-ийн дарга асан Ц ч энэ талаарх тодорхойлолтоо шүүхэд ирүүлсэн байдаг.

2.4. Түүнчлэн, Иргэний хуулийн 84-р зүйлийн 84.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна..." гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар газар дээр өөрсдийн хөрөнгөөр гарааш барьж байгуулан эзэмшиж, ашиглаж байсан ба мөн хуулийн 86-р зүйлийн 86.2-т заасан дагалдах зүйлд хамаарч байгаа тул хуулийн 87-р зүйлийн 87.1-д заасан салгаж үл болох эрхэд хамаарна гэж нэхэмжлэгч бид нар үзэж байгаа ба гараашийн хана, хаалга, дээвэр, доторх эд хогшил хаана байгааг нь хүртэл мэдэхгүй байгаа тул гомдолтой байна гэх агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг илтэд үгүйсгэснийг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч бид нар Иргэний хуулийн 90-р зүйлд зааснаар гараашийн хувьд шударга эзэмшигч гэж өөрсдийгөө үзэж байгаа төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 3-р зүйлд хуулийн үйлчлэх хүрээг хууль тогтоогч тодорхойлсон ба анхан шатны шүүх тухайн маргааны хүрээнд хэрэглэгдвэл зохих нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглээгүй гэж үзэж гомдол гаргах үндэслэл боллоо.

2.5. Шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүхийн маргаан үргэлжилсэнтэй холбоотой өмнөх А/243 дугаар захирамжийн хэрэгжилт 2023 оны төсвийн жилд багтаан хэрэгжээгүй, газар чөлөөлөхтэй холбоотой батлагдсан төсөв тухайн жилдээ зарцуулагдаагүй нөхцөл байдал тогтоогдож байна..." хариуцагчийн ам тайлбарын дагуу дүгнэжээ. Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нийтийн эзэмшлийн газарт дур мэдэн эзэмшсэн зөрчлийг арилгах үүрэг Засаг даргын бүрэн эрх байж болох боловч өмнө нь Засаг даргын яг энэ асуудлаар гаргасан А/243 дугаар захирал үндэслэлтэй эсэхийг шүүхээр хянуулж байхад дахин үндэслэлийг нь верчили (Нийслэлийн засаг заргын А/277 захирамжийг үндэслэн) иргэд, оршин суугчдын маргаан бүхий 7 гарааш чөлөөлөх акт гаргасан эрх зүйн үндэслэл тодорхойгүй, маргаан дахин гарч үргэлжлэх нөхцөлийг хариуцагч тал өөрсдөө бүрдүүлсэн зөрчлийг анхан шатны шүүх зөвтгөж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2023 онд батлагдсан төсвийг тухайн жилд хэрэгжүүлэх боломжгүй байсан болохоор гэх хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэний дараа тухайн батлагдсан төсвийг захиран зарцуулах бүрэн боломжтой байхад энэ талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй Захиргааны актыг заавал төсөвт тааруулж тохируулж гаргана гэсэн эрх зүйн зохицуулалт огт байхгүй.

2.6. Шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь маргаан бүхий захирамжийн хэрэгжилтийг хангахдаа нэхэмжлэгч нарт мэдэгдэх, оролцоог нь хангах, хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үндэслэлтэй дүгнэлт хийсэн атлаа дүгнэлтийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч маргаан бүхий А/173 актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах ерөнхий болон тусгай зарчмуудыг ноцтой зөрчигдсөн гэж бид үзэж байна. Энэ талаар шүүх хуралдааны явцад ч хэлж байсан. Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байхаас гадна бусдын эрх, хууль ёсны сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зайлшгүй шаардлагатай ба энэ маргааны тухайд захиргааны үйл ажиллагааны энэхүү зарчим алдагдсан гэж бид үзэж байна. Үүнийг нотлох зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний захирамжийг шүүхийн журмаар гаргуулсан боловч энэ талаар анхан шатны шүүхээс үндэслэлтэй дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

2.7. Баянгол дүүргийн 33-р хорооны нутаг дэвсгэрт 88/1 байр гэж байхгүй бөгөөд 88/1 байр нь тус дүүргийн өөр хороонд бүртгэлтэй байхад албадан буулгах гараашийн байршил, нутаг дэвсгэрийг хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан өөрсдөө анхнаасаа буруу тодорхойлсон ба энэ талаар шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж бид үзэж байна. Одоо ч байршил маргаантай байхад шүүх нэхэмжлэгч нарын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн шийдвэрийг гаргалаа /A/173 захирамжид БГД-ийн 33 дугаар хороо 67,88 дугаар байрны дунд байрлах 7 гарааш гэж заасан. Гэтэл 33 дугаар хороонд 88/1 дугаартай байр гэж огт байхгүйг хорооны тодорхойлолт гаргуулж бид шүүхэд нотолсон/. Эсвэл энд байршлын андуурал гараад байна уу гэдэг асуудал ч яригдана. Учир нь Баянгол дүүргийн газар, зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 05-ны нэр хаяг, тодорхойгүй агуулгын хувьд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх агуулгатай учраас тухайн тохиолдолд захиргааны байгууллага маргаан бүхий А/173 дугаар захирамж гаргах, мэдэгдэл өгөх эрх зүйн үндэслэл байгаагүй гэж нэхэмжлэгч бид үзэж энэхүү мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах агуулгатай нэхэмжлэл гаргасан боловч энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч захиргааны байгууллага 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр А/173 дугаар захирамж гаргасан нь эрх зүйн тусдаа үр дагаврыг үүсгэж байгаа бөгөөд энэ захирамжийн хууль зүйн үндэслэлийн талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай, хариуцагч яагаад дахин захиргааны акт гаргаж байгаа, акт гаргах ямар хэрэгцээ шаардлага байсан талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийх замаар хууль ёсны шийдвэр гаргах болов уу гэсэн хүлээлттэй байсан боловч харамсалтай нь шүүх энэ асуудалд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүйгээс гадна өмнөх буюу 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 захирамжийг дурдаж шийдвэрийн үндэслэл болгох шаардлага огт байгаагүй.

2.8. Баянгол дүүргийн Засаг даргын А/173 захирамж хууль зүйн үндэслэлгүй, Баянгол дүүргийн газрын алба газар чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль Захиргааны ерөнхий хууль. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай гэх мэт олон хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчиж нэхэмжлэгч нарын эрхийг хангаагүйг шүүгч нотлох баримтыг шинжлэн судлах явцдаа бүрэн танилцаж ойлгосон гэж бид үзэж байгаа. Тийм ч учраас шүүгч нэг өгүүлбэрээр үүнийг дүгнэсэн атлаа эсрэг шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр үнэн зөв, эргэлзээгүй, салаа утгагүй байх хууль зүйн шаардлагыг огт хангаагүй гэж нэхэмжлэгч нар үзэж байна.

2.9. Шүүгч хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч тал газар чөлөөлөхдөө ажлын бус цагаар буюу 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө 06:40 цагт нэхэмжлэгч нарыг унтаж амарч байхад нь очиж шууд гараашуудын хаалгыг тасдагчаар тайрч газар авч хаясан. мэдэгдэл өгөөгүй /мэдэгдлийг хуурамчаар үйлдсэн/ хамгийн наад зах нь дүүргийн Засаг даргын гаргасан А/173 захирамжийн талаар дээд шатны Засаг даргад гомдол гаргах, хариу авах эрхийг нь гарааш эзэмшигч иргэдэд эдлүүлээгүй, хүч түрэмгийлэн хууль бусаар газар чөлөөлөхдөө гарааш дотор байсан зарим эд зүйлсийг одоо хүртэл буцааж өгөөгүй. хаана байгаа нь тодорхойгүй, нэхээд байхад хариуцах мэдэх хүн байхгүй, хүлээлцсэн баримт юу ч байхгүй байгааг шүүгч мэдэхийн сайнаар мэдэж байсан атлаа бидний эсрэг шийдвэр гаргасанд туйлын гомдолтой. Энэ үйлдлээрээ шүүгч хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль бус газар чөлөөлөлтийг зөвтгөх эрх зүйн үндэслэл огт байхгүй Зөвхөн нэхэмжлэгчид бид бус Нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөлт яг ийм байдлаар хууль бусаар явагдаж иргэдийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж газрын албаныхан эрх мэдлээ хэтрүүлж дур зоргоороо авирлаж байсны нэг тод жишээ юм.

2.10. Шүүхийн шийдвэрийг уншихаар захиргааны акт хууль ёсны, ямар ч маргаан байхгүй, хариуцагч тал хууль ёсны дагуу л ажлаа явуулсан мэт.... нөгөө талдаа хариуцагч тал газар чөлөөлөхдөө иргэдэд урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, мэдэгдэл өгөөгүй нь тогтоогдсон гээд дүгнэчихсэн, ийм хоёрдмол салаа утгатай, дундыг барьж бөөрөнхийлсөн дүгнэлт хийсэн, шүүхийн шийдвэр үнэн бодит, эргэлзээгүй байх шаардлагыг хангаж чадахгүйгээс гадна шүүхийн шийдвэрийн үндэслэл, гаргасан шийдвэр нь хоорондоо зөрчилдөж байна. Түүнчлэн, хуульд зааснаар шүүхийн шийдвэр биелэгдэх үр дагавартай бөгөөд өмнөх болон энэхүү шүүхийн шийдвэр бодит байдалд хэрхэн хэрэгжих, үр дагавар нь ямар байх зэрэг тодорхойгүй нөхцөл байдал байгааг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн онцгой анхаарч өгөөсэй гэж бид хүсч байна.

2.11. Бид шүүхээр үнэн зөвийг л тогтоолгож, өөрсдийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хүссэн. Шаардлагатай нотлох баримтуудаа бид хангалттай гаргаж өгсөн. Мөн шүүхээр хангалттай ажиллагаа хийлгүүлсэн гэж үзэж байгаа.

2.12. Анхан шатны шүүхийн шүүгч А.М нь 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүйгээр бидний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж байсан.

Шүүгч А.М нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлахгүйгээр анхны гаргасан шийдвэрээ хамгаалах гэсэн ядмаг аргаар хариуцагч талд илт давуу байдал олгож хэргийг дахин хэрэгсэхгүй болгож бидний эрх ашгийг удаа дараа зөрчиж хохироож байгаад бид маш их гомдолтой байна.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2026/0051 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            3. “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийг хүчингүй болгох” шаардлагын тухайд:

            3.1. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжаар “...Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, ...Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаар захирамжийг тус тус үндэслэн дүүргийн 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 13, 15, 18, 19, 21, 27, 28, 29, 30, 31, 33, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан 748 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, газар чөлөөлөх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж ажиллахыг Газар зохион байгуулалтын алба, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, хороодын засаг дарга нарт даалгаж шийдвэрлэсэн бөгөөд хавсралтын 43 дугаарт 33 дугаар хороо, 67 дугаар байр, 88/1 дүгээр байрны дунд байрлах 7 ширхэг нэхэмжлэгч нарын гарааш багтсан байна.

Дээрх захирамжийн биелэлтийг хангуулах үүднээс Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх тухай мэдэгдлийг Баянгол дүүргийн 33 дугаар хорооны иргэн Н.Б-д хүргүүлжээ.

3.2. Нэхэмжлэгч Н.Б, Ч.М, Б.Ц нараас Баянгол дүүргийн Засаг дарга, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай “Газрын зөрчил арилгах тухай” захирамжийн хүчингүй болгож, Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах”-аар маргасан.

3.3. Анхан шатны шүүхээс “... 2024 оны төсвийн жилд газар чөлөөлөх ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд холбогдох санхүүжилтийг дахин батлуулах, дүүргийн газар зохион байгуулалтын ажлын төлөвлөгөөнд тусгах, мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А/227 дугаартай захирамжийн хэрэгжилтийг хангах бодит, эрх зүйн шаардлага үүссэн байх тул Баянгол дүүргийн Засаг дарга нь 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/173 дугаартай Газрын зөрчил арилгах тухай захирамжийг гаргасан нь өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл хэрэгссэн буюу давтан шийдсэн асуудал бус, харин хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлсэн захиргааны арга хэмжээ гэж үзэх үндэслэлтэй, ... нэхэмжлэгч нарын эзэмшиж буй гарааш нь нийтийн эзэмшлийн зам, талбайд байрлаж, хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээгүй, зөвшөөрөлгүй баригдсан байсан тул уг захиргааны акт нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, газар ашиглалтыг сайжруулах, авто зам, гудамж, талбайн тохижилтыг зохион байгуулах зэрэг хуульд заасан үүргийг хэрэгжүүлэх зорилготой учир уг үндэслэлээр эдгээр зорилгыг үгүйсгэж шүүхээс хүчингүй болгох үндэслэлгүй...” гэж тус тус дүгнэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

3.4. Учир нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-т “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-т “Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.1-т “Газрын нэгдмэл санг эзэмших, ашиглах, хамгаалах болон газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд Засгийн газар, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дагуу хяналт тавина”, 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.

3.5.  Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд анх Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжаар “...Дүүргийн нутаг дэвсгэрт улс нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, явган зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор дүүргийн 2, 3, 5, 7, 10, 20, 33, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан тоосгон гараашнуудыг чөлөөлж зөрчлийг арилгах, газар чөлөөлөх байршлуудыг баталсан” байна

            3.6. Дээрх Баянгол дүүргийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийг нэхэмжлэгч нараас эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2024/0017 дугаар шийдвэрээр “...нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүй байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг гэж, 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл болох тул хариуцагч захиргааны байгууллагаас маргаан бүхий актыг гаргаснаар нэхэмжлэгчийн хувьд зөрчигдөх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй тул уг маргаан бүхий шийдвэр нь Газрын хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө гэж заасантай нийцжээ...” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2024/0153 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

            3.7. Ийнхүү шүүхийн маргаантай байсны улмаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн биелэлт тухайн ондоо хангагдаагүй, өөрөөр хэлбэл, газар чөлөөлөх ажиллагаа тухайн ондоо багтаж хийгдээгүй ба улмаар 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 23 дугаар “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2024 оны төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын 44 дэх хэсэгт Баянгол дүүргийн 33 дугаар хорооны 67 дугаар байрны зүүн талд байрлах 7 гараашийг тохижилт, бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, ажлыг гүйцэтгэх асуудлыг дүүргийн Засаг даргад үүрэг болгосон.

3.8. Мөн нийслэлийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Газрын зөрчил арилгах тухай арга хэмжээний тухай А/227 дугаартай захирамжаар ... Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 122 дугаар тогтоол, 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл-ийн 9.4.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор зөвшөөрөлгүй болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашаа, хайс, гарааш, хаалтыг чөлөөлөх ...-өөр шийдвэрлэсэн байна.

3.9. Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч нар нь уг гарааш байрлаж байгаа газрыг эзэмших, ашиглах эрхгүй, тус газар нь нийтийн эзэмшлийн зам талбай болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бөгөөд шүүхийн маргаантай байсны улмаас өмнө гарсан 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/243 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, газар чөлөөлөх ажиллагааг хийх боломжгүй байсан тул 2023 оны төсвийн жилд газар чөлөөлөхтэй холбоотой батлагдсан төсөв тухайн жилдээ зарцуулагдаагүй зэргээс шалтгаалан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталсан тогтоолын дагуу маргаан бүхий актыг гаргасан хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарт сэргэх эрх ашиг байхгүй.

3.10. Тодруулбал, өмнө нь гарсан захирамжийн биелэлт хангагдаагүй, уг ажилд зориулан баталсан төсөв татагдсан тул газар чөлөөлөх ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд холбогдох санхүүжилтийг дахин батлуулж, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан эрх хэмжээнийхээ хүрээнд  захирамж гаргасан хариуцагчийн шийдвэр хуульд нийцнэ.

            3.11.  Нэхэмжлэгч нараас “...шинээр захирамж гаргахдаа бидэнд мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй...” гэж тайлбарлан маргасан боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг бүхэлд нь хууль бус гэж үзэх, хүчингүй болгох үндэслэлгүй.

4. “Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдлийг илт хууль бус захиргааны актад тооцуулах” тухай шаардлагын тухайд:

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн 3 харьяаллын бус” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна”, 11.1.1-д “захиргааны акт”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж тус тус хуульчилсан байна.

4.2. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл, захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан шинж бүхий захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэж хүн, хуулийн этгээдээс гаргасан нэхэмжлэлийг харьяалан шийдвэрлэхээр байна.

4.3. Гэтэл Баянгол дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 33/23 дугаартай газар чөлөөлөх мэдэгдэл нь хуульд заасан захиргааны актын шинжүүдийг агуулаагүй, захиргааны акт гэж үзэх боломжгүй юм.

4.4. Тодруулбал уг мэдэгдлийг хүчингүй болсноор нэхэмжлэгч нарын шаардлагад тодорхойлон маргаж буй субьектив эрх сэргэхгүй, дээрх шийдвэр нь маргаан бүхий асуудлаар бие даасан, захирамжилсан шийдвэр биш, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул захиргааны хэргийн шүүх хянах хууль зүйн үндэслэлгүй.  

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 51 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                 ШҮҮГЧ                                               н.хонинхүү

 

            ШҮҮГЧ                                               М.ЦЭЦЭГМАА

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН