Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/726

 

 

 

 

 

 

 

    2023          9            11                                    2023/ШЦТ/726

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

/ШЦТ/654НГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

улсын яллагч Г.Энэрэл,

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт М-н С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, Архангай аймгийн Өгий нуур сумын *** ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, ** дугаар байрны ***  тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, М овогт М-н С.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч М.С- нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Кензо” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Б.А-ыг “бааран дотор хүзүү хэсэг рүү цохисон” гэх шалтгаанаар хамар руу нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц-ын өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн *** дугаартай хэргээс:

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.А-н хохирогчоор өгсөн:

“...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 22 цагийн үед найз М-н хамт “***” нэртэй бааранд ороод 2 шил пиво уусан. Бид хоёр гадаа гарч тамхилаад зогсож байхад үл таних 2 залуу ирээд миний хамар тус газарт нэг удаа цохиход би газар унасан. Тэгээд тухайн 2 залуу манай найзтай маргалдаж байсан. Баарны хамгаалагч нар гарч ирээд цагдаа дуудсан... Би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул зарим зүйлийг сайн санахгүй байгаа... Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-26 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.Б-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Бугат-116 чиглэлд цагдаагийн ахмад А-н хамт үүрэг гүйцэтгэж байхад Бугат 10-аас залгаад Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “**” бааранд байгаа хэсэг залуучууд шаардлага эсэргүүцээд байна гэсэн дуудлага ирсэн. Тэгээд Бугат 10-аас цагдаагийн дэд ахлагч Т, цагдаагийн ахмад А бид гурав явж очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 3-4 залуу байсан. А- гэх эрэгтэйн хамарны дээд хэсгээс нь цус гарсан язарсан байдалтай цагдаа Г-тай зууралдаад шаардлагыг нь эсэргүүцээд хэл амаар доромжлоод байж байсан. Би тухайн залууд хууль ёсны шаардлага тавихад эсэргүүцээд байсан тул хүч хэрэглээд автомашинд суулгасан. Тухайн залууг зодсон гэх залууг Бугат-113 чиглэлийн автомашинд суулгаад аваад явах гэсэн боловч Бугат 115-н дугуй хагарсан байсан учраас Бугат 113-н автомашинд суулгах гэсэн боловч А гэх залуу нөгөө хүнтэйгээ зодолдох гээд байсан болохоор тэр 2 хүний дунд нь дэд ахлагч Т-г суулгаад А машины урд суусан. Ингээд явж байхад тухайн 2 хүн хоорондоо маргалдаад А гэх хүн ерөөсөө шаардлага биелүүлэхгүй байсан. Би зам дээр зогсоод хойш хараад тухайн залууг доош дараад Т--т бариулаад суулгаад хэлтсийн байранд ирсэн. Тэгэхэд А гэх залуу миний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцээд намайг хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-32 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Г-н гэрчээр өгсөн:

“...2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр найз А-тай  23 цагийн үед  “*” нэртэй бааранд орсон. Бид хоёр виски хувааж уусан. Тамхи татах гээд гадагш гараад тамхи татаж байхад үл таних залуу үгийн зөрүүгүй манай найз А-ыг нүүрэн тус газарт нь цохиод унагаасан. Би тухайн залуутай маргалдаад зууралдаад байж байтал хамгаалагч нар цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Т-н гэрчээр өгсөн:

“...2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр би Бугат-115 авто эргүүл дээр цагдаагийн дэслэгч Г-н хамт үүрэг гүйцэтгэх хугацаанд “***” бааранд зодоон болоод байна гэх дуудлагад очсон. Баарны шатан дээр зодуулсан гэх А- хамар нь язраад дух нь хавдаад цус гарчихсан байж байсан. Юу болсон талаар А-тай хамт явж байсан хүнээс асуухад бидний яриаг сонсохгүй цаана нь байгаа хүмүүстэй маргалдаад байсан. Ганбаатар бид 2 тухайн зодолдсон гэх хүмүүсийг аваад баарнаас гараад машиндаа суулгах гэтэл манай Бугат 115 машины дугуй хагарсан байсан. Удалгүй цагдаагийн ахмад А- болон цагдаа жолооч, дэд ахлагч Б- нар ирсэн. Б- машинаасаа бууж ирээд тухайн зодуулсан гэх иргэн А-т машинд суу гэж шаардлага тавихад тухайн иргэн шаардлага биелүүлэхгүй орилоод тухайн маргалдсан хүн рүүгээ дайраад байсан. Б- А-т биеийн хүч хэргэлээд машинд суулгасан. Машинд суулгахад А- Ц- руу дайраад байсан болохоор Б- намайг хоорондоо зодолдсон гэх 2 иргэний голд нь суулгасан. Ингээд хэлтэс рүү явж байх хугацаанд машин дотор А- миний урдуур даваад өөрийг нь зодсон гэх иргэн Ц-ыг заамдаад нэгийгээ цохих гээд байсан тул машин барьж явсан дэд ахлагч Б- машинаа зогсоож байгаад сандлаа хойш нь болгож байгаад А-ыг хойш нь татаад чи зүгээр суугаад байж бай, хэлтэс дээр очоод учраа ол гэж хэлэхэд А- Б-н тавьсан шаардлагыг тоохгүй төрийн нохой минь чи чимээгүй бай, нэг машин дотор хэзээ ч зодуулсан зодсон 2 хүнийг хамтад нь авч явдаггүй юм гэж хэлчихээд дахиад Ц- руу дайраад байсан. Тэгэхээр нь Б- А-ыг чи зүгээр байгаач гээд барьж байгаад сандал руу хойш нь түлхэхэд А- чи надтай ингэж харьцахгүй шүү муу дэд ахлагч минь, би чамайг хэлдэг газар чинь хэлнэ гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дэх тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай Б.А-н биед хамрын ясны хугарал, хамрын нурууны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Х-н шинжээчээр өгсөн:

“...Б.А-н биед учирсан хамрын ясны хугарал, хамрын нурууны шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр зовхи, хамрын нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд уг гэмтлүүдийг тусад нь ялгаж гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн бугуй, шилбэ, баруун сарвууны зулгаралт, зулай хуйхны зөөлөн эдийн няцралт гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 110 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 00 цаг 35 минутын үед би найз Алтангэрэлийн хамт “***” бааранд орж 0.5 литрийн архи нэг шил архи, 4 ширхэг пиво аваад хувааж уусан. Тухайн бааранд бүжгийн талбайд гараад бүжиглэж байхад үл таних залуу миний зүүн талын хүзүү рүү нэг удаа цохихоор нь би эргээд хартал баарны хамгаалагч нар намайг барьж аваад, тэр залууг аваад явсан. Алтангэрэлийн хамт би 02 цаг 40 минутын орчимд тухайн баарнаас гараад явж байхад бааранд миний хүзүү рүү цохисон залуу найзуудын хамт зогсож байхаар нь би тэр залуугийн баруун мөрнөөс нь бариад эргүүлээд өөр рүүгээ харуулж байгаад дух хэсэгт нь гараараа нэг удаа цохисон. Намайг цохиход тухайн залуу хойшоо газар унасан. Тэр залуугийн хамт явж байсан найзууд нь над руу дайраад байхаар нь би тухайн залуучуудаас зайгаа бариад арагшаагаа зугтаж байхад баарны хамгаалагч нар ирээд намайг салгасан.  Яг тэр үед намайг цохисон залуу босож ирээд надаас зуураад миний гинжийг таслаад цамц урсан. Баарны хамгаалагч нар намайг бааранд эргэж оруулаад 2 давхарт өрөөнд байлгаж байгаад цагдаад дуудлага өгсөн... Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг болон тэр залууг цагдаагийн хэлтэс рүү аваад явна гэж хэлэхэд тухайн залуу би чамайг ална гэх зүйл яриад орилоод байсан. Би юм бодолгүй цагдаагийн машин дотор орж суухад А- гэх залуу нь машин дотор над руу намайг цохих гээд дайраад байсан. Бид хоёрын голд сууж байсан цагдаа А-ыг бариад болиулаад байсан. Гэтэл А- цагдаа нар руу би энд цагдаа таньдаг, та нар хэн юм гээд агсам тавиад байсан. Жолоочийн хажуу талд сууж байсан цагдаа эргэж хараад А- гэх залуугийн толгой хэсэг рүү цохиод байх шиг байсан. Тэгээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 122-123 дахь тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 71 дэх тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дахь тал/ зэрэг болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч М.Ц- нь 2022 оны 11 дүгээр сарын 26-ны шөнө 02 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” шөнийн цэнгээний газрын гадаа хохирогч Б.А-ыг “бааран дотор хүзүү хэсэг рүү цохисон” гэх шалтгаанаар хамар руу нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дээр дурдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байна.  

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  дүгнэхэд хохирогч Б.А-н эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч М.Ц- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч М.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Ц-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, прокуророос М.Ц-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч М.Ц-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Ц-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Шүүгдэгч М.Ц- хохирогч Б.А-т 2.221.100 /хоёр сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун/ төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх ба хохирогч Б.А- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ц-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

Шүүгдэгч М.Ц- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч М овогт М-н Ц-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч М.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/  төгрөгөөр торгох  ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар М.Ц-т оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч М.Ц- хохирогч Б.А-т 2.221.100 /хоёр сая хоёр зуун хорин нэгэн мянга нэг зуун/ төгрөг төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.А- гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.Ц-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

7.  Шүүгдэгч М.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ