Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/755

 

 

 

 

 

 

 

    2023           9           25                                    2023/ШЦТ/755

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Э.М-, 

хохирогч Д.Б- /онлайнаар/,

хохирогч Э.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э-н М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 105 дугаар байрны **129 тоотод  оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Шинэ хороолол, *** байрны *** тоотод түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э-н М /регистрийн дугаар ***/.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Э.М- нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан өөрийн “Айфоне 14 Про Макс” загварын гар утсаа “түр хэрэглээд өгье” гэж хэлэн тус газрын ажилтан Д.Б-гаас авч улмаар утсаа оролдож буй мэт дүр эсгэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон барьцаанд тавьсан гар утсаа авч явсан,

 

2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт байхдаа “онлайн тоглоом тоглож мөнгийг нь эргүүлэн өгнө" гэж тус газрын ажилтан Э.Л-т итгүүлэн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 3.000.000  төгрөгийг өөрийн “ХААН” банкны *** дугаарын дансаар,

 

2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа “аппликэйшний зээл чөлөөлүүлнэ” гэж Ж.С-д  итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 3 удаагийн гүйлгээгээр нийт 4.100.000 төгрөгийг “ХААН” банкны ************* дугаартай дансаар,

 

2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд “аппликэйшний зээлээ хаалгаад, буцаагаад мөнгийг чинь өгнө” гэж Б.Т-т итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, гар утсыг нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Банбан” ломбарданд тавиулж, нийт 4 удаагийн гүйлгээгээр 3.700.000 төгрөгийг өөрийн “ХААН” банкны ************* дансаар,

 

2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “ахынхаа **-**  улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаанд тавьж, мөнгө зээлнэ” гэж Э.У-од итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 4.400.000 төгрөгийг “ХААН” банкны ************* дугаартай дансаар,

 

2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээгүүрийн газрын дэргэд А.Б-с “гар утас худалдан авахын тулд Ард аппликэйшний өмнөх зээлээ төлж мөнгө нэмж авна” гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, 2.000.000 төгрөгийг “ХААН” банкны ************* дугаартай дансаар тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.М- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М-гийн өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.У-ын өгсөн: “...Аппликейшний зээл хаачихаад өгье, 100.000 төгрөг нэмж өгнө гэж хэлээд 1.000.000 төгрөг авсан. Дараа нь яасан бэ гэхэд би буруу зээлээ хаачихсан байна, дахиад 1.000.000 төгрөг зээлчих гэж хэлсэн. Тэгээд нийт 2.000.000 төгрөг өгсөн. 10 минут хүлээж байгаад яасан бэ гэхэд 2-3 хоног болох юм байна, хоёулаа нотариат орж гэрээ хийе гэхээр нь би үгүй гэж хэлсэн. Тэгээд машинд 2-3 цаг хамт суусан. Би маргааш нөгөөдрөөс өгнө гэж байгаа бол надад барьцааны зүйл үлдээ гэж хэлэхэд ахынхаа машиныг аваад өгье гэж хэлээд приус машин барьцаанд өгөхөөр болсон. Тэгж байснаа ахынхаа машиныг яаж 2.400.000 төгрөгөөр барьцаанд өгөх вэ, чи надад дахиад 2.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь 2.000.000 дахиад шилжүүлсэн. Ингээд нийт 4.400.000 төрөг өгсөн. Залгахаар утас нь холбогдохгүй байхаар нь машины эзэн рүү залгаад таны машин надад байгаа шүү гэж хэлээд тэр машины эзэнтэй уулзаад учир зүйгээ ололцсон...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б-гийн өгсөн: “...Би энэ эмэгтэйд тоглоомоо болих хэрэгтэй наадах чинь амьдрал биш шүү гэж хэлж байсан. Би өөрөө давхар биетэй, энэ хүний араас хөөцөлдөөд явах зав ч алга. Би төрөх дөхөөд байна, хэдэн төгрөг ч хамаагүй олоод явуулаад өгөөч гэж хэлэхэд за би мэдэж байгаа удахгүй явуулна гээд алга болсон. Мөнгөө өгчих байх гэж би 1 сар хүлээсэн. Тэгээд таг болчихоор нь цагдаад гомдол гаргасан. Би гомдолтой, сэтгэл санааны хохирол нэхэмжилж, хохирлоо барагдуулмаар байна. 4.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Хүү алдангаа нэхэмжилвэл энэ хүн их өрөнд орно төлж ч чадахгүй. Би М-гийн мөнгийг өөрийн цалингаасаа компанидаа төлсөн...” гэх мэдүүлэг,

 

           Мөн хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-гийн хохирогчоор өгсөн:

“...М- гэх эмэгтэй 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт “I phone 14 pro max” гap утсыг 4.000.000 төгрөгөнд барьцаанд тавьсан байсан. Би гар утас барьцаанд тавихад нь байгаагүй, манай зээлийн мэргэжилтэн Л- М-өөс “I phone 14 pro max” гap утсыг 4.000.000 төгрөгийн барьцаанд авч зээлийн гэрээ байгуулж, тус гэрээнд М- гарын үсэг зураагүй байсан. Намайг “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газрын зээлийн мэргэжилтнээр 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ажиллаж байхад Э.М- манай ажил дээр орж ирээд миний гар утсыг өгч байгаач гэж хэлсэн. Би сэйфэнд байгаа гар утсыг М-д авч өгөхөд М- арын өрөөний сандал дээр сууж байгаад гар утсаараа оролдож байсан. Би цэвэрлэгээ хийгээд мөн гаднаас хүн орж ирээд үйлчилж байсан чинь М- гадуур хувцасаа түшлэгтэй сандал дээр үлдээгээд гар утсаа оролдож байгаа дүр эсгээд миний хажуугаар сэмхэн 15 цагийн үед гараад явсан. Би 30-аад минут өнгөрсний дараа М-гийн гар утас руу залгахад М- би гадаа машин дотор хүнтэй уулзаж байна, удахгүй орлоо гээд хэлсэн. Би ахиад 1-2 цагийн дараа М-г орж ирэхгүй болохоор нь яасан бэ гэж залгахад Нисэх рүү явж байна, хүнээс 10 сая төгрөг авахаар болчихлоо, авчихаад буцаад хүрээд ирье гэж хэлсэн. Орой нь мөн би хүнээс мөнгөө авах гээд хүлээж байна, авчихаад яваад очьё гэж хэлээд өөрийнх нь гар утасны дугаар холбогдохгүй болсны дараа өөрөө залгаж ярьсан. Маргааш нь М- хүнээс мөнгөө авчихсан, мөрийтэй тоглодог хүнээр тоглуулж байгаад мөнгөө авчихаад яваад очъё гэж хэлсэн. Тэгээд удаа дараа холбогдоход мөнгөтэй болохоороо яваад очно гэж хэлээд хуурч мэхлээд өөрөө алга болсон. Үндсэн барьцаанд тавьсан 4.000.000 төгрөг болон өдөрт 40.000 төгрөгийн хүү бодогдож явж байгаа тул энэ хохирлыг М-гөөс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Л-ын хохирогчоор өгсөн:

“...М- 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс манай “***” ХХК-иар үйлчлүүлж эхэлсэн. Хэд хэдэн удаа өөрийн гар утсаа 1 сая төгрөгөөр тавьдаг байсан. М- анх гар утсаа ломбарданд барьцаанд тавихдаа гар утсаараа онлайн мөрийтэй тоглоом тоглож болох уу гэж асуухаар нь тухайн үед би зөвшөөрөөд хойд өрөөндөө оруулаад гар утсыг өгдөг байсан. Иймэрхүү байдлаар М- 8 удаа манай ломбарданд гар утсаа барьцаанд тавиад аваад байсан. Би найдвартай зээлдэгч байна гэж бодож итгэл төрж эхэлсэн. М- гар утсаа гуйж аваад гар утсаар мөрийтэй тоглоом тоглоод гар утсаа буцааж аваад байдаг байсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цагийн үед орж ирээд  “I phone 14 pro max” гар утсаа нийт 4.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан. ...дөрвөн сая төгрөгийг 4.000.000 төгрөгөөр тоглоод мөнгөө алдчихлаа гэж надад хэлсэн. Би өөр хүнд бол шууд 3.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. ...Гэтэл М- гар утсаараа мөрийтэй тоглодог, мөнгөө алдангуутаа надаас яг одоо олоод өгье гэдэг байдлаар олон удаа гуйгаад байсан. Надаас авсан мөнгөө буцаагаад өгчих байх гэж бодоод мөнгө өгөөд байсан. Яагаад барьцаагүй мөнгө өгснөө өөрөө сүүлд нь гайхсан.

“***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх компанийн байранд байхдаа өөрийн “ХААН” банкны данснаас М-гийн данс руу нийт 3.000.000 төгрөгийг 5 удаа 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 цагийн орчимд шилжүүлсэн. Би огт тоглоомыг нь хамт тоглоогүй. Би өөрийнхөө мөнгөөр тоглоом тоглоогүй. ...3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68, 72-73 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.С-н хохирогчоор өгсөн:

“...Би гэртээ гурван хүүхдээ харангаа аппликейшний зээл чөлөөлөх ажлыг хааяа хийдэг. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буюу даваа гарагт надруу танихгүй эмэгтэй хүн залгаад аппликейшний зээл чөлөөлүүлнэ гэж ярьсан. Би Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт М- гэх эмэгтэйтэй уулзсан. М- надад хэлэхдээ Ард аппликейшний зээл чөлөөлүүлнэ, 10 минутын дотор зээлийг чинь буцаагаад өгчихнө гэж хэлсэн. М- нь урт үстэй уруулаа улаанаар будсан, хүнд худлаа ярихааргүй нүдэнд дулаахан бүсгүй харагдахаар нь итгээд нөхөр М-н данснаас Б-н Б-н ************* дугаартай данс руу 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цаг 14 минутад 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Шилжүүлж өгсний дараа М- 950.000 төгрөг дутчихлаа, 1.000.000 төгрөгийг над руу хийгээч гэж хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цаг 32 минутад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. М- ахиад миний Ард аппликейшний  пин код нь блок хийгдсэн гээд орой 24 цагийн дараа блок нь гарах юм байна гэж хэлсэн. М- гар утсаараа оролдоод машинд суугаад байсан. Гар утсаа оролдож байгаад фэйсбүүкээр найз руугаа видео дуудлага хийсэн. Найз нь гэх эмэгтэй над руу 1.100.000 төгрөг хийчих, тэгэх юм бол зээлсэн мөнгийг чинь найз нь гаргаад өгье гэж хэлэхээр нь би 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 13 цаг 50 минутад 1.100.000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би М-г дагуулаад “***” хотхонд байрлах гэртээ ирсэн. М- орой 21 цаг өнгөрч байхад эгчээ хоёулаа нойл ороод уулзая гээд ороход би таны өгсөн бүх мөнгөөр чинь мөрийтэй тоглоод алдчихсан гэж надад хэлсэн. М- би буцааж өгнөө гээд гэрээ маягийн юм хийсэн. М- нь өдөрт 500.000 төгрөг хийе гэж хэлсэн. Нийт 4.100.000 төгрөгөөс надад цувуулаад 1.400.000 төгрөгийг буцааж өгсөн байна. 2.700.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-н хохирогчоор өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчим Э.М- над руу залгаад аппликэйшний зээлтэй байна, энийг хаагаад буцаагаад чамд өгчихье гээд 10 дугаар хороололд уулзахаар тохирсон. Бид хоёр уулзаад би өөрийн найз болох Э-н утсыг ломбардад тавиад Э.М-гийн данс руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Э.М- 10-20 минутын дараа надад нэг хүн 1.000.000 төгрөг өгөх ёстой юм, худлаа болчихлоо, найз нь 2.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, чи утсаа тавиад зээлчихээч гэхээр нь би өөрийн гар утсаа ломбардад тавиад Э.М-гийн данс руу ломбардны хүний данснаас шууд шилжүүлүүлсэн. Гэтэл Э.М- 2.000.000 төгрөгөөр зээлээ хаах биш, 1х bet-ийн баккарат гэх мөрийтэй тоглоомыг тоглоод алдсан байсан. М-д яагаад ингээд тоглоод алдаж байгаа юм бэ гэхэд одоо надад дахиж мөнгө олдохгүй, наад 2 утсаа 400.000 төгрөгөөр сунгаад найздаа зээлчих гэхээр нь тэр үед нь шууд сунгуулахад дахиж тоглоод алдсан. 5 хоногийн дараа М-гөөс мөнгөө нэхэхэд одоо дахиад тоглож байж мөнгийг чинь олж чадна гэхээр нь би тухайн үед ломбард руу очоод өөрийнхөө гар утсыг авсан. Тэгээд гар утсаа дахиад 1.000.000 төгрөгөөр тавиад М-гийн данс руу ломбардны хүнээр шилжүүлсэн. Тэрнээс хойш нэмж мөнгө өгөөгүй. М- рүү 4 удаа мөнгө шилжүүлсэн. Одоогоор ломбардны хүүтэй нийлээд 3.700.000 төрөгийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Э-н гэрчээр өгсөн:

“...Манай найз Тамир хүмүүст мөнгө зээлдэг. М-д аппликейшний зээлээ чөлөөлүүлнэ гээд мөнгө өгсөн байсан. Би хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй. 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр би найз Т-тай уулзсан. Т руу М- залгаад ахиад аппликейшний зээл чөлөөлүүлэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Би найз Тамирын хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах *** ломбардны гадаа М- гэх эмэгтэйтэй уулзсан. Тамир нь өөрийнхөө гар утсыг ломбардад тавиад 3.700.000 төгрөгийг М-д дансаар өгсөн. М- яг одоо аппликэйшний зээлээ дараад эргүүлээд зээл авъя гэж хэлсэн. М-г буцаагаад мөнгөө өгөхийг хүлээгээд нилээд удаан хамт суусан...

М- “би өгсөн мөнгөөр чинь мөрийтэй тоглоом тоглоод алдчихлаа гэж хэлсэн. М- машины ард сууж байхдаа хүмүүс рүү мөнгө зээлэх үү гэж асуусан боловч мөнгө зээлэх хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134-135 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Ц-н гэрчээр өгсөн:

“...1 х bet  буюу спорт бооцоо, цахим бооцоот тоглоомын цэнгэлэлт, таталтыг хийж өгдөг. 1 х bet нь олон улсад албан ёсны сайттай. Энэ сайтаар дамжуулан хүмүүс нь гар утас болон интернет орчинд орж бооцоот тоглоом тоглодог. 2022 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн хувийн дансыг 1х bet тоглоом дээр бооцоо тавьж тоглох хүмүүс нь миний дансаар дамжуулан өөрийн хаягаа цэнэглүүлж тоглодог. 1 х bet нь цаанаасаа хамгаалалтын албаараа шалгадаг, тоглох гэж байгаа хүн нь өөрийн гар утсан дээрээ аппликэйшнийг нь татаж авна. Татахгүйгээр үндсэн 1 х bet-ийн сайтаар нь ороод бүртгүүлж болно. Бүртгүүлэхдээ утасны дугаар болон хувийн мэдээллээ бөглөөд бүртгүүлнэ. 1 х bet тоглохын тулд агент буюу зуучлагч руу мөнгө шилжүүлнэ. Зуучлагч буюу агент нь тоглогчийн шилжүүлсэн мөнгийг бүгдийг нь “Mobcash” апплекэйшнаар дамжуулан 1 х bet-ийн аккаунт хаягийг нь цэнэглэж өгнө. Тоглогч нь тоглох мөнгөө өөрөө шийдэж шилжүүлнэ. Мөнгө хожсон тохиолдолд 1 х bet зуучаар дамжуулан мөнгө авдаг. Өмнө нь мөнгө угаалт байдаг байсан. Тоглогч нь зуучлагч руу мөнгө шилжүүлнэ. Шилжүүлсэн мөнгөө өсгөхгүй, ямар нэгэн тоглолт хийхгүйгээр мөнгөө авж болдог байсан, одоо бол болохгүй байгаа. Одоо мөнгөө алдана эсвэл өсгөөд авах боломжтой байгаа.

Тоглогч зөвхөн өөрийн нэр дээрх данснаас мөнгөө шилжүүлдэг. Заримдаа өөр хүний данснаас мөнгө шилжүүлэх тохиолдол байдаг. М- байнгын үйлчлүүлэгч учраас дансыг нь нэг бүрчлэн шалгадаггүй. М- нь өөрийн фэйсбүүк аккаунтаар орж ирээд Б гэх хүний дансыг ашиглаж тоглосон. Дансны хуулгаа харахгүй бол хэзээ яаж тоглосныг нь мэдэхгүй байна. Би өөрийн гар утасны фэйсбүүк аппликейшнээ шалгахад М- нь “MN МN” гэсэн фэйсбүүкээ ашиглан Б-н дансыг ашиглаж цэнэглэлт болон хожсон мөнгөө ************* дугаарыг ашиглаж 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 547.500 төгрөг хожсон мөнгө авч байсан байна. Анх энэ дансыг ашиглахдаа М- нь өөрийн фэйсбүүк хаягнаасаа цалин нь орсон, Б-н мөнгөтэй холилдоод байна гээд чат бичсэн байна. Шинэ данс нээчихлээ гээд ************* дугаарын дансыг явуулж байсан. Би тоглогч нарын мөнгөнөөс ашиг авахгүйгээр бүх мөнгийг нь 1х bet-рүү шилүүлж өгдөг. Сардаа нэг цэнэглэлтийн 5%, таталтын 2%-ийг нь тооцож авдаг. Гэхдээ бүрэн авч чаддаггүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-112 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.У-ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Mn Mn” гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй цагийн хугацаатай 1.000.000 төгрөг зээлээч, 1.100.000 төгрөг болгож өгье гэж чат бичихээр нь зөвшөөрч гэрийнхээ гадаа уулзсан. Тэр эмэгтэй надад зээлээ хаагаад мөнгийг чинь хүүтэй нь өгье гэж хэлээд 1.000.000 төгрөгийг “ХААН” банкны Б- гэх эзэмшигчтэй ************* дугаартай данс руу шилжүүлсэн боловч буруу зээлээ хаачихсан байна, дахиад 1.000.000 төгрөг зээлээч гэхээр нь ************* дугаарын тоот данс руу дахин 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл тэр эмэгтэй аппликейшнаас мөнгө зээлэх гэсэн чинь болохгүй байна, 2-3 хоногийн дараа зээлжих эрх нь үүсэх юм байна, тэгээд мөнгийг чинь аваад өгье гээд байхаар нь чи анх ярьж байхдаа хүнээс ч хамаагүй зээлээд өгнө гэж хэлсэн шүү дээ, хүнээс зээлээд өг гэж хэлсэн чинь надад одоо мөнгө зээлэх хүн олдохгүй, би чамд маргааш өгье гэж гуйгаад суугаад байхаар нь би зөвшөөрөөгүй. Тэр хүн гуйж байгаад надад дахиад 1.000.000 төгрөг өгчих, би мөрийтэй тоглоод мөнгийг чинь олоод өгье гээд байхаар нь дахиад 300.000 төгрөг зээлсэн боловч тэр хүн алдсан бөгөөд мөнгийг чинь маргааш яг олоод өгье гээд гуйгаад байхаар нь үнэхээр маргааш өгнө гэж байгаа бол барьцаанд нь юм үлдээ гэсэн чинь ахынхаа машиныг барьцаанд нь өгөхөөр болж тохирсон. Тэгээд би тэр эмэгтэйг дагуулаад “ТЭЦ 3”-ийн ойролцоо байх машины зогсоол дээр очсон, нөгөө эмэгтэй энд зогсож байгаарай гээд зогсож байсан газраа намайг үлдээгээд машинаас буугаад **-**  улсын дугаартай “приус 20” маркийн машин дээр очоод түлхүүрийг нь аваад дотор нь байсан хүнийг таксинд суулгаад явуулсан. Нөгөө эмэгтэй буцаж ирээд манай ах руу таксины мөнгө гэж 100.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь 5063372764 дугаарын “ХААН” банкны данс руу 100.000 төгрөг шилжүүлээд, машины түлхүүрийг авах гэсэн боловч тэр эмэгтэй “би ахынхаа 10 орчим сая төгрөгийн үнэтэй машиныг 2.400.000 төгрөгөөр өгч явуулмааргүй байна. Надад нэмээд 2.000.000 төгрөг өг гээд байхаар нь Б- гэх эзэмшигчтэй ************* гэх данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.А-н гэрчээр өгсөн:

“...“Тоёота приус 20” маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийг 2018 онд Монголд орж ирэхээр нь бэлэн мөнгөөр худалдаж авч байгаад 2019 онд мөнгөний хэрэг гараад банк бусад тавьж зээл авч байсан. Одоо эзэмшигчээр нь Бичил глобус явдаг юм. 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Э.М- нь над руу холбогдоод машины хэрэг гараад байна, таны өдрийн орлого хэд вэ гэхээр нь би өдөртөө 100.000 олдог гэсэн чинь орлогыг чинь өгөөд машиныг чинь нэг хоног ашиглаад өгье гэхээр нь би зөвшөөрхөд надад 100.000 төгрөг дансаар өгөөд орой 21 цагийн үед манай гэрийн гадаа Э.М-  өөрөө ирээд авч явсан. 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр над руу У- гэдэг хүн залгаад таны нэр дээр байдаг машин уу, над дээр 4.400.000 төгрөгийн барьцаанд хүн тавьсан, та ирж уулзаач гэж хэлэхээр нь учир байдлаа хэлээд байж байгаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 189 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б-н хохирогчоор өгсөн:

“...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө миний гар утас руу танихгүй эмэгтэй хүн залгаад “I phone 14 pro max” авах гэсэн юм, гэхдээ бэлэн төлөлт хийж чадахгүй байна. Аппликейшний  зээлээ хаагаад эргүүлээд зээл аваад мөнгийг нь өгье гэж хэлсэн. Өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис клонк дээр найз Д-н хамт очсон. Саарал урт пальтотой, цэнхэр өнгийн өмдтэй, цагаан өнгийн кеттэй, урт задгай тавьсан үстэй, уруулаа улаан өнгөөр тод будсан эмэгтэй хүн ирээд, би гар утас авах эмэгтэй байна гэж хэлсэн. Би өөрийн зарах гэж байгаа “I phone 14 pro max” гар утсаа тухайн танихгүй эмэгтэйд үзүүлсэн. Нөгөө эмэгтэй үзэж байгаад авья гээд гар утасны аппликейшний зээлээ надад харуулсан. Гар утсан дээр нь “Ард аппликейшний 4.500.000 төгрөгийн эрх үүссэн байсныг харсан. Тухайн эмэгтэй нь надад 1.900.000 төгрөгийн зээл байгаа тэрийгээ хаачихвал 4.000.000 төгрөгийн зээл бэлэн гарна гэж надад итгүүлсэн. Тэгэхээр нь би өөрийн “Голомт” банкны данснаас “ХААН” банкны Баатарчулууны Б- гэсэн ************* дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би тухайн эмэгтэйгээс дансны эзэмшигч нь яагаад өөр байгаа юм бэ гэж асуухад миний данс цалингийн зээлтэй байгаа данс руугаа хийвэл шууд татагдах гээд байна гэж хэлсэн. Аппликейшний төлөлтөө хийсэн үү гэхэд хийсэн, эрх баталгаажихыг хүлээж байна гэж хэлсэн. Хэр удах вэ гэж асуухад 50-60 минут болно гээд тухайн эмэгтэй нь автомашины хойд талын суудал дээр гар утсаар оролдоод сууж байсан. Хэсэг хугацааны дараа тухайн эмэгтэй зээл бүтэхгүй байна гээд Ард аппликешний оператортой холбогдоод лавлаж асуухад шалгагдаж байгаа гэдэг хариу өгсөн учраас итгээд хүлээгээд байсан. Удаад байсан учраас чи өөр юманд мөнгөө хийсэн юм биш үү гэж асуухад үгүй гээд байсан. Тухайн эмэгтэй нь гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод алдсан гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад ирсэн...

Гомдолтой байна, 2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 204-205 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд М.Д-ий гэрчээр өгсөн:

“...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө манай найз Б-ий гар утас руу танихгүй эмэгтэй хүн залгаад “I phone 14 pro max” авах гэсэн юм гэж ярьсан байсан. Өдөр 15 цагийн үед би Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Петровис клонк дээр найз Билгүүний хамт очсон. Саарал урт пальтотой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн кеттэй, урт задгай тавьсан үстэй, уруулаа улаан өнгөөр тод будсан эмэгтэй хүн ирсэн. Би гар утас авах эмэгтэй байна гэж хэлэхээр нь “I phone 14 pro max” гар утсаа тухайн танихгүй эмэгтэйд үзүүлсэн. Нөгөө эмэгтэй үзэж байгаад авья гээд гар утасны аппликейшний  зээлээ надад харуулсан. Тухайн эмэгтэй надад 1.900.000 төгрөгийн зээл байгаа, тэрийгээ хаачихвал 4.000.000 төгрөгийн зээл бэлэн гарна гээд Б бид хоёрт итгүүлсэн. Тэгэхээр нь манай найз Б нь өөрийн Голомт банкны данснаас “ХААН” банкны Баатарчулууны Б- гэсэн ************* дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж өгсөн.

Б тухайн эмэгтэйгээс дансны эзэмшигч нь яагаад өөр байгаа юм бэ гэж асуухад миний данс цалингийн зээлтэй байгаа, данс руу хийвэл шууд татагдах гээд байна гэж хэлсэн. Аппликейшний төлөлтөө хийсэн үү гэхэд хийсэн гээд эрх баталгаажихыг хүлээж байна, 50-60 минут болно гээд тухайн эмэгтэй нь автомашины хойд талын суудал дээр гар утсаараа оролдоод сууж байсан... Тухайн эмэгтэй нь зээл бүтэхгүй байна гээд Ард аппликейшний оператортой холбогдоод лавлаж асуухад шалгагдаж байгаа гэдэг хариу өгсөн учраас бид хоёр итгээд хүлээгээд байсан. Удаад байсан учраас чи өөр юманд мөнгөө хийсэн юм биш үү гэхэд үгүй  гээд байсан. Тухайн эмэгтэй гар утсаараа мөрийтэй тоглоом тоглоод алдсан гэдгээ хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 208-209 дэх тал/,

 

“***” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /1 дүгээр хавтаст хэргийн 31 дэх тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 43-44, 101-104 дэх тал/,

 

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 45-46, 105-108 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.М-гийн яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 01 дүгээр сараас эхлээд өөрийн гар утсаа ломбарданд барьцаанд тавиад аваад яваад байсан. 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “***” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт тавьсан байсан өөрийн “I phone 14 pro max” гар утсаа ломбарднаас 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр авч яваад буцаад өгч чадаагүй, 4.000.000 төгрөгөнд барьцаанд тавьсан байж байгаад мөрийтэй тоглоом тоглоод алдсан.

Би тухайн ломбардны ажилтанд гадаа хүнтэй уулзчихаад ороод ирье гэж хэлсэн. Би хүнээс 10.000.000 төгрөг авах байсан, тэр бүтэхгүй болоод өөр ломбарданд гар утсаа 3.000.000 төгрөгөнд тавиад алдсан. Л- нь өөрийнхөө данснаас шууд 1x bet-ийн данс руу 1.000.000 төгрөгийг цувруулж хийж цэнэглэж өгсөн. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр аппликэйшний  зээл хаана гэх фэйсбүүк зар харж байгаад нэг эгчтэй холбогдсон. С- гэдэг эгчтэй Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаад аппликэйшний зээл чөлөөлүүлээд нийт 4.100.000 төгрөгийг Б-н дансаар шилжүүлж авсан. С- эгчээс мөнгө аваад хажууд нь гар утсаар мөрийтэй тоглоод алдсан. С- эгч намайг дагуулаад гэртээ очиход худлаа ярьсан гэдгээ хэлж чадахгүй гэрт нь суугаад байсан. Би мөнгөө алдсан гэдгээ хэлсэн. Нөхөр нь ирээд манай нагац ах руу ярьсан. Манай ах бид нарт ямар ч хамаагүй, наад хүнээ цагдаад нь өг гээд утсаа тасалсан. Би 4 дүгээр сард ойр ойрхон хүмүүсээс мөнгө авчихсан байсан. Тэр мөнгөнүүдийг цагдаа шүүх гэхээс нь өмнө нь төлөөд барагдуулчихая гээд С- эгчээс зээл чөлөөлүүлнэ гээд 4.100.000 төгрөгийг аваад гар утсаар мөрийтэй тоглоод алдсан. Өөр зүйлд зарцуулсан зүйл байхгүй.

Б-н “ХААН” банкны кодыг ашиглаж байгаад дансыг 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шинээр нээсэн. **** дугаарын данснаас 4.000.000 төгрөгийг би М гэдэг хүнээс авсан. М нь Сонгинохайрхан дүүрэгт надад өргөдөл гаргаад тэр хэрэг хаагдсан. *********** дугаарын данс буюу Н гэдэг найзаасаа 950.000 төгрөг аваад буцаагаад өгсөн. Т гэдэг найзаасаа 500.000 төгрөг авсан буцаагаад өгсөн, ******** дугаарын данснаас 1x bet мөрийтэй тоглоомын данснаас хожсон мөнгө нь орлого гэсэн утгатай Б-н данс руу Цэнгэл гэсэн хүнээс ордог. 1.030.000 төгрөг, 2.060.000 төгрөг, 300.000 төгрөг, 3.600.000 төгрөг, 547.500 төгрөг, 400.000 төгрөг, 200.000 төгрөг, 1.339.000 төгрөг, 1.642.500 төгрөг, 6.180.000 төгрөг, 1.133.000 төгрөг, 1.030.000 төгрөг, 3.399.000 төгрөг, 500.000 төгрөг, 700.000 төгрөг, 600.000 төгрөг, 450.000 төгрөгийн орлого орсон.

Нийт 59.392.200 төгрөгийн орлого, зарлага Б-н дансаар орж гарсан. Би 1x bet мөрийтэй тоглоомноос 25.898.500 төгрөгийг хожсон боловч, эргэж тоглоод алдчихаад байдаг. 59.392.200 төгрөгийн орлого болоод байгаа нь 1x bet мөрийтэй тоглоомын данснаас таталт хийгээд орлогдсон мөнгөө буцаагаад алдаад байхаар их мөнгөний гүйлгээ хийсэн юм шиг харагдаж байна.

Б гэдэг хүнээс зээл аваад гэрээний хугацаа дууссан учраас иргэний хэргийн шүүхэд 15.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргаад одоо миний бүх данс битүүмжлэгдсэн. Би ломбарданд гар утсаа тавихдаа өөрийн **** дугаарын дансаар 4.000.000 төгрөгийг авсан. Т-с 3.700.000 төгрөг, Б-с 2.000.000 төгрөг, С-эс 4.100.000 төгрөг авахдаа Б-н дансыг ашигласан. Л-аас авсан мөнгөө дандаа 1x bet агентийн данс руу шилжүүлсэн.

2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр аппликэйшний зээлээ хаагаад мөнгийг нь буцаагаад өгнө гээд Т гэдэг залуугаас нийт 3.400.000 төгрөг аваад 1х bet мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан...

...2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Э.У- гэх хүнээс 1.000.000 төгрөг зээлээд мөрийтэй тоглосон. Дараа нь нэмээд 1.300.000 төгрөг зээлээд дахиж тоглоод алдсан. Тэгээд би У-од зээлсэн мөнгөө алдсан гэж хэлсэн чинь барьцаанд заавал ямар нэгэн автомашин үлдээ гээд байхаар нь би Амарсанаа ахынхаа **-**  улсын дугаартай “Тоёота приус 20” маркийн автомашиныг барьцаанд тавиад У-од машин барьцаанд тавьж байгаа болохоор нэмж 2.100.000 төгрөг зээлчих гэж хэлээд авсан. Дахиад тоглоод алдсан. Мөнгөө нэхэхээр нь мөнгөтэй болоод өгнө гэж хэлээд хойшлуулсан чинь намайг цагдаад өгсөн байсан...”

...2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ байхдаа аппликэйшний  зээл хаана гээд фэйсбүүк зар харж байсан. Зарын дагуу залгаад би аппликэйшний 1.000.000 төгрөгийн зээлтэй байгаа, зээлээ хаагаад мөнгийг чинь гаргаад өгье болох уу гэхэд нь болно  гэж хэлсэн. Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Петровис клонкийн дэргэд уулзахад хоёр залуу байсан. Би гар утасны аппликэйшний зээл харуулсан. Нөгөө хоёр залуу над руу 1.000.000 төгрөг шилжүүлэхээр нь би зээлээ хаах гэж үзсэн чинь болоогүй учраас 1x bet-ийн данс руу шилжүүлээд тоглож өсгөөд гар утсыг нь худалдаад авчихна гэж бодсон боловч мөнгөө алдсан. Би нөгөө хоёр залуугаас зээлийн данс нь болохгүй байна. Ахиад 1.000.000 төгрөг шилжүүлчих гэхэд над руу дахиад 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би авсан 1.000.000 төгрөгөө 1x bet данс руу шилжүүлээд тоглоод алдсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-56, 80-82, 119-121, 145-147, 185-186, 225-226 дахь тал/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 233 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 232 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журмыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэргийн үйл баримт болон  цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд:

шүүгдэгч Э.М- үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг буюу үргэлжилсэн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.М- залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож, шүүгдэгчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болон түүний хувийн байдал  зэргийг тал бүрээс нь харгалзан шүүхээс шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд  тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хуульчилсан.

 

Хавтаст хэрэгт хохирогч Д.Б-гийн “...Үндсэн барьцаанд тавьсан 4.000.000 төгрөгийг М-гөөс гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 11-14 дэх тал/, хохирогч Э.Л-ын “... 3.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 66-68, 72-73 дахь тал/, хохирогч Ж.С-н “....Нийт 4.100.000 төгрөгөөс М- нь надад цувуулаад 1.400.000 төгрөгийг буцааж өгсөн байна. Иймд 2.700.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дахь тал/, хохирогч Б.Т-н “...ломбардны хүүтэй нийлээд 3.700.000 төрөгийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал/, хохирогч Э.У-ын “...4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/ нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дэх тал/,  хохирогч А.Б-ий “...2.000.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 204-205 дахь тал/ гэх мэдүүлэг тус тус авагдсан байх тул шүүгдэгч Э.М-гөөс нийт 19.300.000 /арван есэн сая гурван зуун мянган/  төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч А.Б-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Б.Т-т 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг, хохирогч Э.Л-т 3.000.000 /гурван сая/ төгрөг, Э.У-од 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/, хохирогч Ж.С-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн хохирогч Э.Т “...М-рүү 4 удаа мөнгө шилжүүлсэн. Одоогоор ломбардны хүүтэй нийлээд 3.700.000 төрөгийн хохиролтой байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 131-132 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул хохирогч Э.Т-г ломбардны хүү болох 300.000 төгрөгийг энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.М-гөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээв.

 

Энэ хэргийн улмаас шүүгдэгч Э.М- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсаныг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:          

 

1. Шүүгдэгч Б овогт Э-н М-г үргэлжилсэн үйлдлээр

хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720/ долоон зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.М-д урьд авсан Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.М-гөөс нийт 19.300.000 /арван есөн сая гурван зуун мянган/  төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Б-д 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг, хохирогч А.Б-нд 2.000.000 /хоёр сая/ төгрөг, хохирогч Б.Т-т 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянган/ төгрөг, хохирогч Э.Л-т 3.000.000 /гурван сая/ төгрөг, Э.У-од 4.400.000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/, хохирогч Ж.С-д 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Б.Т гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.М-гөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/  ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Э.М- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ