Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/759

 

 

 

 

 

 

 

      2023         9           26                                     2023/ШЦТ/759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

шүүгдэгч А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

     

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх,  ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороо, Хувьсгалчдын *** тоотод оршин суудаг, урьд 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, /регистрийн дугаар ****/, Б овогт А-н Х.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч А.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд хохирогч Н.Э-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А-н өгсөн “...мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв. 

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Э-н хохирогчоор өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн үед ах О, найз Х нарын хамт “**” нэртэй бааранд ороод хүн тус бүрийн 2 ширхэг пиво авч уугаад ганцаараа гарч тамхи татах гээд баарны гадаа зогсож байгаад 6 хүний наад талд зогсож байсан хүнээс “уучлаарай ахаа гал байна уу” гэхэд цаана нь хамт тамхилаж байсан 2 охин “чамайг ахаа гээд хэлчихлээ” гэж хэлэхэд миний асуусан хүн надад байхгүй гэж хэлсэн. Тэгээд баар руу орох гэж байхад хамт тамхилаад зогсож байсан 6 хүний нэг нь ирээд миний ар дагз руу гараа атгаж байгаад цохисон. Тэгээд баар руу ороход хажуугаар гарч явахаар нь би “ахаа та намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэхэд “би чамайг цохисон юм уу” гэж хэлээд намайг чирээд баарнаас гаргасан. Тэгээд баарны баруун талд харанхуй газар аваачаад заамдаж байгаад намайг анх цохисон залуу нь толгой руу цохиод би өөрийгөө хамгаалахын тулд толгойгоо тэврээд авсан байсан болохоор намайг хэн нь яаж цохиод байсныг би мэдэхгүй байна. Тэгэхэд нэг хүн бид нарын дундуур ороод намайг зодож байсан хүнийг аваад явсан. Тэгээд би цагдаа дуудаад утсаа барьж байхад намайг заамдаж аваад зодсон залуу ирээд миний утастай байсан гар руу өшиглөхөд утасны дэлгэц нь хагарсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Х-н гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 04 цагийн үед ах О, найз Э нарын хамт бааранд ороод пиво авч уусан. Э- ганцаараа гарч тамхи татах гээд баарнаас гарсан. Тэгээд удалгүй гаднаас орж ирэхдээ баарны гадна үл таних залуу миний дагз руу гараа атгаж байгаад цохичихлоо гэж хэлсэн. Бааранд байхад Э- бид хоёрын хажуугаар үл таних хүмүүс гарч явах үед Э- “ахаа та намайг яагаад цохиж байгаа юм бэ” гэж хэлэхэд үл таних /махлаг, шардуу царайтай, 160-165 см өндөртэй, 80-85 кг жинтэй/ залуу “би чамайг цохисон юм уу” гэж хэлээд Э-ы хувцаснаас чирээд баарнаас гарахад би хамт гарсан. Тэгээд баарны баруун талд харанхуй газар аваачин заамдаж байгаад үл таних махлаг залуу нь гараа атгаж байгаад Э-ы толгой руу цохиход Э- тухайн залууг тэврээд авсан. Гэтэл Э-ыг түлхэж байгаад нүүр рүү нь 2-3 удаа өшиглөөд, бороохой шиг юмаар толгой руу нь нэг удаа цохисон. Э-ы нүүр, толгой хэсэг рүү нилээн хэдэн удаа цохиод байсан. Яг хэдэн удаа гэдгийг нь санахгүй байна. Тэгээд үл таних залуучуудын нэг хүн нь Э-, үл таних махлаг залуу хоёрын дундуур ороод салгаад үл таних махлаг залууг аваад явсан. Э- цагдаа дуудаад утсаа барьж байхад Э-ыг заамдаж аваад зодсон залуу ирээд Э-ы утсаа барьсан байсан гар руу өшиглөхөд Э-ы утасны дэлгэц хагарсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.М-нийн гэрчээр өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 1 цагийн үед бааранд найз Х-ийн хамт ороод 0,75 литрийн архи, хүн тус бүрийн 2 ширхэг пиво авч уусан. Бааранд бүжиглэж байгаад манай найз Х- үл таних залуутай мөрлөлцөж муудалцаад баарнаас гарсан. Х- 2  удаа баруун гараараа үл таних залуугийн зүүн хацар руу нь алгадсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай “Н.Э-ы биед дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын үзүүр, хүзүү, нуруу, баруун гуянд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 2023.05.02-03-нд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Х-н яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 5 дугаар сарын 03-ны шөнө 1 цагийн үед “Лаав” нэртэй бааранд найз М-нийн хамт ороод архи уусан. Тэгээд бааранд бүжиглэж байгаад үл таних залуутай муудалцаж, мөрлөлцсөн. Муудалцаад баарнаас гарч 2 удаа баруун гараараа зүүн хацар руу нь алгадсан. Тэгээд цагдаа нар намайг ирээд аваад явсан...

Би хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулна, гэм буруутай үйлдэл хийсэндээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтаст  хэргийн 44-45 дахь тал/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 26-31 дэх тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дэх тал/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэлээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл:

Шүүгдэгч А.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” нэртэй бааранд хохирогч Н.Э-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хэргийн үйл баримт болон цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн  хууль зүйн дүгнэлт хийхэд хохирогч Н.Э-ы эрүүл мэндэд гэмтэл учирсан нь хохирогчийн мэдүүлэг, гэрч Д.Х, Г.М-н нарын мэдүүлэг, тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчид учирсан хөнгөн гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч А.Х нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай ба шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Х нь хохирогч Н.Э-ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба прокуророос А.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч А.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол хор уршгийн шинж чанар буюу хохирогчийн зөрчигдсөн эрх бүрэн сэргээгүй байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар:

 “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Н.Э-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “…Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ... Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус  хуульчилжээ.

 

Хэрэгт хохирогч Н.Э- “...Цагдаагийн газар гаргасан өргөдөл гомдлоо татах хүсэлтэй байна. Гомдолгүй...” гэх хүсэлт авагдсан байх тул шүүгдэгч А.Х-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Х- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.4.2, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                   

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Б овогт А-н Х-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч А.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарласугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч А.Х- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ