Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 142/ШШ2020/00694

 

 

 

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Б.Хишигдаваа, Л.Ариунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Т.З /Регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: оршин суух, “Б ХХК” ХХК /Регистрийн дугаар: 4376803, 99352215/-д холбогдох

“Гэм хорын хохирол 6,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.З, иргэдийн төлөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б ХХК” ХХК-ны жолооч Энхбат нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө тус компаний 03-05 ОРХ дугаартай Бонго-3 маркын автомашинаар ажил гүйцэтгэж, бараа зөөвөрлөж, түгээлт хийж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, машинаа өнхрүүлж асаах зорилгоор уруу газарт зогсоохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зогсоох арга хэмжээг бүрэн аваагүй, бүрэн зогсолт хийгээгүйгээс машин өнхөрч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 23-13 тоот хашаа байшинг мөргөж, хашааны мөргөсөн хэсэг болон дотор нь байрлах байшин үндсэндээ нурсан юм. Гэтэл тус компаний захирал Ч.Мнь зам тээврийн ослын газрыг хамгаалж цагдаагийн байгууллага болон хашаа байшингийн эзэмшигчид мэдэгдэхийн оронд хувийн эрх ашгаа түрүүнд нь тавьж компанийхаа машиныг чирч хэргийн газрыг орхин явах гэж байхад нь тухайн байдлыг харсан танил хүн надруу утсаар залгаж би очсон. Тэгтэл Ч.Мнь “цагдаагийн байгууллагад хандаад хэрэггүй би бүх хохирлыг бүрэн төлнө, энэ машиныг журмын хашаанд хийвэл манай кампаний үйл ажиллагаанд хохирол учирна” гэж гуйхаар нь түүний үгэнд итгэж тээврийн хэрэгслийг өгч явуулсан юм. Гэтэл надтай ямар нэг байдлаар тохиролцох арга хэмжээ авалгүй чи их мөнгө нэхлээ гэдэг шалтгаанаар хохирол барагдуулахаас татгалзаж, цагдаа шүүхийн байгууллагаар заргалдаад олж аваарай гэж илтэд басамжилан дээрэлхсэн хандлага гаргасан. /мессеж нь байгаа/ Мөн осол гаргасан автомашинаа маш хурдан зарж борлуулсан. Иймд тухай асуудлыг цагдаагийн байгууллагад хандан шалгуулахад тус компаний тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай болохыг нотолсон дүгнэлт гарсан бөгөөд гэм хорын хохирлоо иргэний шүүхэд хандаж гаргуулах тухай тайлбарлаж өгсөн. Цагдаагийн байгууллага хэргийг шалгах үед хашаа байшингийн үнэлгээ гаргуулсан боловч тухайн үнэлгээний байгууллага нь байшингийн зөвхөн машин мөргөсөн хэсгийн үнэлсэн. Гэтэл тухайн байшин нь машинд мөргүүлснээс бүхэлдээ эвдэрч ашиглах боломжгүй болсон. Мөн тухайн байшинд байсан суудлын автомашины ачаа, аэр кондейшн зэрэг зүйлс эвдэрсэн. Хохирлоо бүрэн тогтоолгохын тулд байшин болон эвдэрсэн эд зүйлсийн үнэлгээг хийлгэх гэхэд хуулийн байгууллагын тогтоол шийдвэр зайлгүй шаардлагатай гээд үнэлгээ хийхгүй байна. Миний хувьд дээрх эд зүйлсийг нийтэд 6 сая төгрөгөөр үнэлж “Б ХХК” ХХК-ниас нэхэмжилж байгаа. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч шинжээч томилж хохирлын үнэлгээ гаргуулж “Б ХХК” ХХК-иас 6 сая төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б” ХХК-н түгээлтийн жолооч Энхбаяр нь 2019 оны 10 сарын 10-ны өдөр зам тээврийн осолд холбогдон Орхон аймгийн Баян-Өндөр сумын булаг багийн 23-13 тоот айлын хашааг хажуу талаас нь мөргөн 2,5-3 метр орчим газар нураан дотор нь байсан хүн амьдрах ямар ч нөхцөлгүй цемент, запас дугуй, машины ачаа зэрэг эд зүйлс хураасан ойролцоогоор 3*4 метрийн хэмжээтэй дээр үеийн хайрцагны модоор хийсэн гадна болон дотроо ямар ч шавардлага байхгүй амбаарыг /зуны байшин гэх/ мөргөсөн нь үнэн болно. Энэхүү ослын талаар манай жолооч Б ХХК-ны захирал надад утсаар мэдэгдсэн бөгөөд би өөрөө очиж эзэн нь болох Т.Зд болсон явдлын талаар утсаар мэдэгдэж дарухайн ирэхийг хүссэн. Т.Зг ирэнгүүт, ийм юм боллоо хоёулаа зохицож болох юм санал тавихад Т.З зөвшөөрсөн бөгөөд хашааг нь тэр өдөр нь банз шинээр худалдан авч янзалж өгсөн ба LG хөргүүрийн булан хонхойсныг янзлан мөн байшинг яаж үнэлэх, шинээр барьж өгөх талаар асуухад манай эгч мэднэ, эгчээс асуугаад маргааш өглөө нь хариу хэлнэ гэж тохиролцсоны үндсэн дээр машинаа тэндээс чирж авч явсан. Маргааш өглөө нь би өөр лүү нь залган асуухад утсаар хэлэх боломжгүй уулзъя гэхэд нь би булагийн 23-13 тоотод очсон. Хэдэн жилийн хугацаанд хүн амьдарч байгаагүй, цахилгаан монтаж ч үгүй, харин дотроо 4 уут цемент/чулуужсан/, автомашины дугуй, автомашины хаалга, ачаа зэрэг эд зүйлс хураасан амбаараа / зуны байшин гэж нэрлээд байгаа/ 8,0 сая төгрөгөөр үнэлж байна гэхэд нь би 5X8 хэмжээтэй 4 вакум цонхтой, паркетан шалтай, ханан пийшинтэй, пино блокоор барьж гадна дотногүй шавардсан, обой нааж, гадна талыг эмульсдсэн байшин 8,5 сая төгрөгийн өртгөөр боссон, чиний хэлж буй хохирол бодитой биш байна гэхэд тэгвэл 6,0 сая гэсэн. Чамд 3,5 сая төгрөг өгье эсвэл шинээр 14 хоногт байшин барьж өгъе гэтэл надад мөнгө нь хэрэгтэй, байшин бариулахгүй гэж 4,0 сая төгрөг нэхсэн. Хэрэв байшин бариулвал хуучин модон байшинг буулгаж манаачдаа түлээ болгон өгье, мөнгийг нь өгвөл тэр байшинд гар хүрэхгүй шүү гэхэд тэгье хэмээн зөвшөөрөөд маргааш дор хураалгасан. Гэтэл дахин утасдаж энийгээ өөр газарт хураа гэхэд нь би: Чи бид 2 эхнээсээ ингэж тохироогүй, байшингийн хохиролд 3,5 сая төгрөг өгье гэтэл зөвшөөрөөгүй тул цагдаад хандаа, чи эхлээд 8,0 сая төгрөг нэхсэн одоо болохоор 4,0 сая гэж байна. Ингэж болдог юм уу, чи бид 2 тохиролцохгүй юм байна, үнэлгээний газраар үнэлүүлсэн нь чи бид хоёрын маргааныг таслах болно гэсэн. Энэ үед иргэн Т.З шүүх цагдаад хандсан ба цагдаагийн газраас уг модон байшин, хашаа, LG хөргүүрт "Ашид билгүүн" ХХК-аар үнэлгээ хийлгүүлсэн. "Ашид билгүүн" ХХК нь модон байшин, хашаа, LG хөргүүрийн гадна гэмтэл зэргийг 2,407,000 /хоёр сая дөрвөн зуун долоон мянга/ төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгө даатгалын хохирол үнэлгээний "Ашид билгүүн" ХХК-ны үнэлгээгээр хохирлыг барагдуулахад надад татгалзах зүйл байхгүй гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мшүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: Мэргэжлийн байгууллагын шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ болох 3,079,445 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Т.З нь хариуцагч Б ХХК ХХК-д холбогдуулан Гэм хорын хохиролд 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ч.Мнь нэхэмжлэлийн шаардлагаас 3,079,445 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч “Б ХХК” ХХК-ны жолооч н.Энхбат нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өглөө тус компаний 03-05 ОРХ дугаартай Бонго-3 маркийн автомашинаар ажил гүйцэтгэж, бараа зөөвөрлөж, түгээлт хийж байхдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцож, машинаа өнхрүүлж асаах зорилгоор уруу газарт зогсоохдоо тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангаж зогсоох арга хэмжээг бүрэн аваагүй, бүрэн зогсолт хийгээгүйгээс машин өнхөрч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг багийн 23-13 тоот хашаа байшинг мөргөж, хашааны мөргөсөн хэсэг болон дотор нь байрлах байшинг  нураасан гэм хорын хохирлыг нэхэмжлэгчид учруулсан байна.

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар талууд маргахгүй байх бөгөөд нэхэмжлэгч гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хашаа байшинг мөргөж хохирол учруулсан зөрчилдөө 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулж шийтгүүлсэн байна. Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас Зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх явцад Ашид билгүүн ХХК-ийг үнэлгээчнээр томилж үнэлгээ гаргуулсан байх бөгөөд  нэхэмжлэгчийн модон байшин, хашаа, LG хөргүүрийг нийт 2,407,000 төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөөгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Орхон аймаг,Баян-Өндөр сум,Булаг баг,23-13 тоотод байрлах хувийн орон сууцанд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 142/ШЗ 2020/02202 дугаартай захирамжаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №ЭШ/21/71 дугаартай дүгнэлтээр нийт хохирлыг 3,079,445 төгрөгөөр тогтоосон байна.

 Хариуцагч нь нэхэмжлэгчийн мөргөж нураасан хашааг шинээр банз авч засаж янзалж өгсөн байх бөгөөд шүүх шинжээч Д.Отгонцагааны гаргасан дүгнэлтийн дагуу хариуцагчаас гэм хорын хохиролд 3,079,445 төгрөг гаргуулж, 2,920,555 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өөрийн өмчлөлийн хашаа, байшинд учирсан хохирол 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд, шинжээчийн үнэлгээний төлбөр 150,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцоогүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй шинжээчийн үнэлгээний төлбөр 150,000 төгрөгийг гаргуулах боломжгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан “Б ХХК” ХХК-наас 3,079,445 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 2,920,555 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК ХХК-аас 64,221 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Зд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЯМБАСҮРЭН

                       ШҮҮГЧИД                                                   Б.ХИШИГДАВАА

                                                                     Л.АРИУНЦЭЦЭГ