Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/761

 

   

 

 

 

 

 

     2023          9            26                                    2023/ШЦТ/761

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Д.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны 6 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны **** тоотод оршин суудаг, /регистрийн дугаар ***/, Ш овогт Б-н Б-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

Шүүгдэгч Б.Б-  нь 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**” баарны гадаа Д.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

           “...Би 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд гэрийнхээ ойролцоо байдаг “***” бааранд ганцаараа ороод 2 шил 0.5 грамм савлагаатай пиво авч ууж байгаад нэмээд 100 грамм цагаан архи захиалж уусан. Тухайн үед би баарны зааланд байсан зурагтын ойролцоо сууж байсан. Намайг утсаар ярьж байхад баарны текний эсрэг талын ширээнд сууж байсан 50 орчим насны танихгүй ах намайг дуугай бай гэж хэлсэн. Би утсаа оролдоод хэсэг сууж байгаад утсаар ярьсан чинь тэр ах дахиад дуугай бай гэж хэлсэн. Би тооцоогоо хийгээд гарч явах гээд боссон чинь тэр ах түрүүлээд гараад явсан. Намайг гарахад гадаа үүдэнд тэр ах зогсож байсан. Тэгээд чи яах гээд байгаа залуу вэ? гэж хэлэхээр нь би яасан юм бэ? Би явж болох уу гэж хэлсэн. Тэр чи яах гээд байгаа бацаан бэ гэж хэлээд хоёр гараа зангидаад миний цээж рүү толгойгоо наахаар нь би тэр ахыг толгойгоороо мөргөх гэж байна гэж бодоод гараараа цээж руу нь түлхээд хоёр гараараа толгой руу нь 3 удаа цохиод та яах гээд байгаа юм бэ? гэж хэлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

            Хохирогч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 20 цагийн орчимд гэрийнхээ хажууд байдаг “***” бааранд ганцаараа ороод 100 грамм архи авч уусан. Текэн дээр сууж байсан чинь текний баруун талын ширээн дээр сууж байсан үл таних залуу намайг дуудаад “манай ширээнд суучих” гэж хэлэхээр нь би “ах нь таньдаг баарны үйлчлүүлэгч, дүү нартайгаа хэдэн үг сольж байна, чи жаахан тавьтиртай бай” гэж хэлсэн. Тэр үед миний тоглосон олон ангит кино зурагтаар гарч байсан. Тэр залуу дахиад намайг дуудаад байхаар нь би “чи их согтсон байна, би согтуу танихгүй хүнтэй харьцмааргүй байна” гэж хэлэхэд тэр залуу миний хажууд ирээд “та битгий худлаа ярь” гэх мэтээр намайг янз бүрээр доромжлоод байсан. Энэ залуутай муудаад яах вэ гадаа ч харанхуй болсон байна, гэртээ харья гэж бодоод гараад явж байсан чинь араас нэг хүн цохих шиг болоод би газарт унасан. Босох гэтэл бааранд байсан залуу миний толгой руу хөлөөрөө өшиглөсөн, хоёр гараараа миний нүүр рүү цохисон. Би хүн байна уу, туслаарай гэж хэлсэн чинь тэр залуу зугтаад яваад өгсөн. Би босоод “***” бааранд ороод намайг саяны залуу гадаа зодсон гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

 

           Гэрч О.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 8 дугаар сарын 01-ний өдөр би “***” караокед ажиллаж байсан. Тухайн 30 гаруй насны залуу 16 цагийн орчимд манай караокед ирж үйлчлүүлсэн. Удалгүй 20 цагийн үед манайхаар үйлчлүүлдэг Б гэж хүн үйлчлүүлж манайхаас 200 грамм цагаан архи авч уусан. Тэгсэн чинь 1 номерын ширээнд суусан залуу гар утсаараа хүнтэй ярьж маргалдаад байсан. Тухайн үед Б ах текэн дээр сууж байхад уг залуу хэрүүл маргаан үүсгэсэн. Тэр ах “би чамтай хэрүүл маргаан үүсгэх бодол алга, би энд нь сууж байгаад авсан архиа ууж дуусгаад гармаар байна” гэж хэлсэн. Гэтэл тэр залуу буцаад ширээндээ суусан. Б 22 цагийн орчимд гараад явсан. Араас нь тэр залуу 20-30 минутын дараа гараад явсан. Удалгүй Б толгой болон нүүрнээс нь цус гарсан ороод ирсэн. Энд сууж байсан залуу намайг зодсон, цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23дахь тал/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн ** дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Д.Б-н биед баруун зүүн духны дэлбэнг хамарсан тархины эдийн голомтлог няцрал, тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, бугалга, тохой, шуунд цус хуралт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

 

Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 66-67 дахь тал/,

 

Хохирогч Д.Б-н “...Эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөг авсан. Цаашид ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна прокурорын яллагдагчид хүлээлгэх хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.Б-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх ба шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогч Д.Б-н “...эмчилгээний зардалд 2.000.000 /хоёр сая/ төгрөг авсан, цаашид ямар нэгэн гомдол, саналгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69 дэх тал/ авагдсан байх тул шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Д.Б-д 2.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар прокурорын гаргасан санал, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.3, 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Ш овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б-д 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ