| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2020/00494/И |
| Дугаар | 142/ШШ2020/00684 |
| Огноо | 2020-05-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2020/00684
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Ч.А /Регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, Ж.Ц /Регистрийн дугаар: /-т холбогдох
3,373,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сарантуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.А миний бие Ж.Ц-ийн хүсэлтээр 3 370 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар барьцаанд цагаан өнгийн 83 27 ОРО маркийн рекстон машин барьцаалж зээлсэн болно. Ингэхдээ зээлийн барьцааны гэрээ байгуулах гэсэн боловч 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нь битүүний урд өдөр байсан бөгөөд ажиллах нотариатч олдоогүй тул барьцаанд тавьсан 83 27 ОРО дугаартай рекстон маркийн машиныг өөрийн нэр дээр шилжүүлж итгэмжлэлээр өгсөн болно. 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зээлдэгч Ж.Ц нь 1 600 000 төгрөг бэлнээр өгсөн. Үүнээс хүүний төлбөр 370 300 төгрөг хасагдаж үндсэн зээд 1 229 700 төгрөг хасагдаж 2 140 300 төгрөг үлдсэн. 2017 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл хүүний төлбөрийг төлж байсан бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл зээл болон хүүний төлбөрт 1 027 344 төгрөг, алданги 205 464 төгрөг, тэмдэгтийн хураамжид төлсөн 68 100 төгрөг, нийт 3 441 208 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Агийн 3,441,208 төгрөгийг гаргуулах шаардлагатай танилцлаа. Миний бие 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,370,000 төгрөгийг сарын 8% хүүтэй зээлж авсан. Зээлийн мөнгийг надад өгөхдөө 83-27 ОРО маркийн Рекстон машиныг Ч.А нэр дээрээ шилжүүлж, барьцаалж байж өгсөн.
Уг зээлсэн мөнгөнөөс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 1,600000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дараа нь 2017 оны 06 дугаар сарын 23-нд 500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-нд 500,000 төгрөг, 5090635438 гэсэн эхнэр Х-ынх дансанд төлсөн.
2018.03.12-нд 164,000 төгрөг, 2018.04.14-нд 120,000 төгрөг, 2018.05.23-нд 164,000 төгрөг, 2018.06.7-нд 168,000 төгрөг, 2018.12.7-нд 300,000 төгрөг, 2018.06.06-нд 115,200 төгрөг, 2019.01.8-нд 168,000 төгрөг, 2019.02.19-нд 24,000 төгрөг нийт 4,040,280 төгрөг төлсөн.
Бидний хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй тул надаас хүү 1,027,344 төгрөг алданги 205,464 төгрөг, үндсэн зээл 2,140,300 төгрөг гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
282-р зүйлийн 282.3-д зааснаар хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байна. Бидний дунд бичгээр гэрээ хийж, хүү алдангаа гэрээгээр тохироогүй болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, бичгийн баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ж.Ц-ээсзээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 2,140,300 төгрөг, хүү 1,027,344 төгрөг, алданги 205,464 төгрөг нийт 3,373,108 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,370,000 төгрөг зээлж авсан талаар маргахгүй байх бөгөөд 2018.03.12-нд 164,000 төгрөг, 2018.04.14-нд 120,000 төгрөг, 2018.05.23-нд 164,000 төгрөг, 2018.06.7-нд 168,000 төгрөг, 2018.12.7-нд 300,000 төгрөг, 2018.06.06-нд 115,200 төгрөг, 2019.01.8-нд 168,000 төгрөг, 2019.02.19-нд 24,000 төгрөг нийт 4,040,280 төгрөг төлсөн. Бидний хооронд бичгээр гэрээ хийж, хүү алдангаа гэрээгээр тохироогүй болно гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Ч.А нь хариуцагч Ж.Ц-эд 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 3,370,000 төгрөгийг бэлнээр өгч зээлдүүлж, зээлийн барьцаанд хариуцагчийн эзэмшлийн 83-27 ОРО улсын дугаартай рекстон маркийн суудлын авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан авсан байх бөгөөд, нийт 3,370,000 төгрөгийг хүлээн авсан болохоо хариуцагч Ж.Цхүлээн зөвшөөрч байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн ХААН банкин дахь 5091220569 тоот дансанд 2018 оны 03 дугаар сарын 12-наас 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 8 удаагийн шилжүүлгээр нийт 1,325,080 төгрөг төлсөн гэж байгаа боловч хариуцагчийн нэхэмжлэгчид мөнгө шилжүүлж байсан гэх 5091220569 тоот дансны эзэмшигч нь Б.А / ИУ73032716 / болох нь ХААН банкны Орхон салбарын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20/404 тоот лавлагаагаар нотлогдож байх тул 1,325,080 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэсгүй байна.
Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг нийт 2,900,000 төгрөгийг төлсөн гэж байгааг хариуцагч хүлээн зөвшөөрч, үнийн дүнгийн талаар талууд маргахгүй байна.
Зохигчид нь 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д зааснаар хүү авах эрхээ алдсан байна. Түүнчлэн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасны дагуу гэрээг бичгээр байгуулж анзын талаар тохиролцоогүй байх тул алданги шаардах эрхгүй байна.
Иймд 3,370,000 төгрөгийн үндсэн зээлээс хариуцагчийн төлсөн 2,900,000 төгрөгийг хасч тооцон нийт 470,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ улсын тэмдэгтийн хураамж 68,100 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байх боловч, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэсэн тул шаардлага гэж үзэхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3-д заасныг баримтлан Ж.Ц-ээс470,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,903,180 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 68,100 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН