| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намжилцэрэнгийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 170/2023/0133/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/136 |
| Огноо | 2023-11-01 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/136
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал
Улсын яллагч Б.*******
Шүүгдэгч П.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.*******д холбогдох 2323000000147 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, халх, ******* боловсролтой, мэргэжилгүй, малчин, *******, эхнэр 4 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын ******* багийн ******* тоот оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ялаар шийтгэгдэж байсан. ******* овогт гийн *******, регистрийн дугаар: //
Холбогдсон хэргийн талаар: Прокуророос шүүгдэгч П.*******д холбогдсон 2323000000147 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарна гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Ч.д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч Ч.д шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нэг. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:
Шүүгдэгч П.******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг дэвсгэрт “” гэх газарт бэлчээрээс Ч.гийн өмчлөлийн үхэр сүргээс хоёр эвэр доошоо унжуу сартай хар зүсмийн үнээг нууцаар авсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Дээрх үнээгээ алдсан талаараа мэдүүлсэн хохирогч Ч.гийн “...Манай үхэр 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багийн нутаг н “Тай улаан” гэх газарт ...байхаар тэр өдрөө очиж үхрээ бүртгээд ...гэр рүү явсан. ...14-ний өдөр ...н “Тай улаан” гэх газарт очоод үхрээ бүртгэхэд сартай хар зүсмийн хоёр эвэр нь доош унжуу нас гүйцсэн үнээ алга болсон байсан. ...тэр өдрөөс хойш би үнээгээ хайгаад олохгүй байхаар 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ...хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Д. гэх цагдаад хэлсэн. ... Д. цагдаа удалгүй над руу залгаад Агтын аманд танай үхрийг оллоо гэхээр нь Агьтын аманд байх нэг хашаанд очиход миний алдсан сартай хар зүсмийн үхрийг нядлаад арьсыг нь уутанд хийчихсэн толгойн арьсыг нь мөн өвчөөд арьстай нь хамт хийчихсэн... Миний алдсан үхэр сартай хар зүсмийн үхэр байсан учир би үнээнийхээ арьсыг хараад мөн байна гэдгийг нь мэдсэн...” гэсэн мэдүүлгээр,
Гэрч С.гийн “...Манай бага хүү ******* надад 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би нэг үхэр аваад ирлээ гэхээр нь би хүүгээсээ чи юун үхэр аваад ирэв гэхэд манай хүү ******* би хүнээс авсан... хариулж харж байгаарай гэхээр нь би харж хариулж байгаад ...2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүү *******г утсаар дуудаж нөгөө үхрийг төхөөрч махыг нь зарж төлбөрийг нь олохгүй бол дүү чинь сургуульд явах боллоо гэж хэлээд хүү аймгийн төвөөс ирсэн. ******* бид хоёр хамжиж төхөөрөөд махыг нь ******* аймгийн төв рүү авч явсан. ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гэртээ ирээд миний хүрэн морь унаж явсан тэр шөнө үхэр тууж ирсэн байсан...” гэсэн мэдүүлгээр болон хэргийн газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.*******гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ч.д 1.600.000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний төвийн хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “...1 тооны гүйцсэн сувай үнээ 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас авсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолсон энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Ч.гийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсч үйлдэж хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь мал хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тэрээр 1 тооны бод буюу үхэр хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн обьектив шинжийг тус тус хангаж байна.
Шүүгдэгч П.******* өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ сайн дураар гаргаж илэрхийлсэн бөгөөд түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан албадсан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч П.******* нь хохирогч Ч.д 1.600.000 /нэг зургаан зуун мянган/ төгрөгийн хохирол нөхөн төлсөн болох нь хохирогчийн “хохирол төлбөрөө бүрэн барагдуулж дууссан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч П.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч П.******* нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ шүүх хуралдааны үед ч илэрхийлж байна.
Шүүгдэгч П.*******д прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд шүүгдэгч П.*******г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорилгод нийцүүлэн П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж, түүнд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ” авах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн дээрх хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдэхдээ С.ийн өмчлөлийн хязаалан насны морийг ашигласан нь тогтоогдсон бөгөөд уг морь 900.000 /есөн зуун/ төгрөгийн үнэтэй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морь нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4-д заасан “тээврийн хэрэгсэл, уналгад” гэсэн ойлголтод хамаарч байх тул морины үнэ 900.000 төгрөгийг шүүгдэгч П.*******гээс гаргуулан улсын орлого болгож, 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилсэн 07 дугаартай Улаан өнгийн Мустанг маркийн улсын дугааргүй мотоциклыг /тээврийн хэрэгсэл/ прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч П.******* тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5,1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******г 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч П.*******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******д тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хяналт тавьж ажиллахыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч П.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 900.00 төгрөгийг шүүгдэгч П.*******гээс гаргуулж улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч П.*******гийн хөрөнгөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Улаан өнгийн Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикл /тээврийн хэрэгсэл/ битүүмжилсэн 07 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7,8 дахь хэсэгт зааснаар оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ДЭЛГЭРМАА