| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/195 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгч М.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.У-т холбогдох эрүүгийн 2338000000193 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, М.У-,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.У- нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр баг “Булган хошуу” гэх газарт эхнэр Б.Н-г 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бусадтай хардсаны улмаас зодож биед нь баруун зүүн зовхи, хамар, зүүн хацрын цус хуралт бүхий гэмтэл учруулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338000000193 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч М.У- нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг “Булган хошуу” гэх газарт эхнэр Б.Н-г бусадтай хардсаны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн зовхи, хамар, зүүн хацрын цус хуралт” бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.У-ын: “...мэдүүлэг өгөхгүй, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 07-ны 17 цагийн үед гэртээ байхад манай бага охин О- залгаж хэлэхдээ эгч маань боомилсон байдалтай нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаа нартай хамт хэрэг болсон газар дээр очиж үзсэн. Тэгээд л охиныгоо өнгөрснийг харсан. Хэрэг болсон газар дээр очиж охиныгоо харахад хоёр нүд нь цохиулсан байдалтай хөхөрсөн байсныг би харсан. Тэр хажуудах нөхөр нь зодсон байх гэж бодож байна. Тэгэхдээ манай хүргэн талийгч охиныг минь хүнтэй хамт унтаж байхаар нь харлаа гээд зодсон байсан. 5 хоногийн өмнө далайн захад зодсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/,
Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө цагийг нь сайн санахгүй байна. Би амь хохирогчийн амьдардаг газрын ойролцоо байдаг юм. ...Б-ийн хамт М.У-ынд очиход гэр нь эзгүй байхаар нь гэрийнх нь гадуур хайхад амь хохирогч хаваржааны хашаанаас өөрийгөө оосорлосон байхаар нь би Б-т хэлээд бид хоёр буцаж яваад Б-ийнд очоод тэнд байсан хүмүүст хэлэхэд тэр хүмүүс сумын төв рүү мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/,
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө 23 цагийн үед Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр баг “Улаан мод” гэдэг газарт нутгийн дүү М.У-ынд Н.Д-гийн хамт очсон. Тэр үед талийгаач архи уугаагүй. Тэндээ хэсэг талийгаач бид нар бүгд ярьж сууж байгаад ойролцоогоор 02 цагаас 03 цагийн орчимд М.У-, Н.Д- бид гурав урд байрлах Б.М- гэдэг айлд очоод ирье гээд гарсан. М.У- эхнэртээ хэлэхдээ би Б.М-ынд очоод цаашаа төв орж малын тариа энэ тэр юм аваад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд бид гурав тэр айлын гадаа очиход Б.М-ынх унтаж байхаар нь тэр айлыг сэрээгээд бид гурав тэр айлд унтаж амраад өглөө босоод машинаа асаагаад явах гэсэн машины жанамны ремень тасарсан байхаар нь ременээ янзлаад сумын төв рүү явах замдаа би гэртээ буусан. Тэндээсээ тэр хоёр сумын төв орно гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43 тал/,
Гэрч Н.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус багийн иргэн Цогтынд өвс буулгаж өгөөд цааш бид хоёр манай малыг хардаг М.У-ынд очиж тэндээс өвөл муудсан хоёр үхэр ачихаар болоход манай малчин М.У- бид хоёрыг ирлээ гээд цайллагын хоёр шил 0,75 литртэй, 0,5 литрийн Хараа, Цагаан нэртэй архи гаргаж өгөөд бид гурав тэр хоёр шил архийг ууж суусан. Ууж байсан 2 шил архийг дуусгаад М.У-ынхаас бид гурав гараад Б- гэдэг айлд очсон. Тухайн үед цаг шөнийн 02 цаг болж байсан. Тэгээд бид гурав Б-ийнд хоноод өглөө Цогт ахыг гэрт нь буулгаж өгөөд М.У- бид хоёр сумын төв орж ирсэн. Тухайн үед цаг 09 цаг өнгөрч байсан. М.У- миний мотоциклийг аваад охины хамт буцаад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 тал/,
Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны өглөө үүрээр манайд Э, М.У-, Ц нар өглөө 03 цагийн үед манайд машины жанамны ремень тасарчихлаа гэсээр ирсэн. М.У- манайд унтаад Э, Ц хоёр машинаа янзлаад намайг сэрэхэд машинаа янзлаад явсан байсан. Б.О- бид хоёр малыг нь гаргахаар очиход хашаанаасаа амиа хорлосон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/,
Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 4 дүгээр багийн нутаг Булган хошуу гэдэг газар 3 дугаар сарын сүүлээр М.У-ынд очсон. Тэр айл зам дагуу нүүдэллэж явж байхаар нь би тэднийд хоноод өглөө явсан. Миний хажуу талаар М.У-ын бага хүү нь тэгээд амь хохирогч, амь хохирогчийн хажуу талаар М.У- нөхөр нь унтсан. Өглөө үүр цайж байхад миний гар руу хүн нудраад байхаар нь би сэртэл амь хохирогч миний урдаас үгийн зөрүүгүй миний уруул дээр үнссэн. Би гайхаад буцаад орондоо хэвтэж байтал М.У- ах намайг дуудаад бос гэж хэлэхээр нь би орноос босоод хувцсаа өмсөөд би морио тохож эмээллээд шууд явсан. Би морио тохож эмээллээд дээлээ өмсөхөөр гэр рүү ортол Б.Н-н баруун хацар нь шалбарсан, баруун нүд нь хөхөрсөн байсан. Би сүүлд 4 дүгээр сарын 05-нд утсаар залгаад Б.Н-тэй ярихад “намайг манай нөхөр хүн харахааргүй болтол зодсон одоо чамтай ярьж байна гэдгийг мэдэх юм бол дахиад зодуулна” гэж хэлээд утсаа тасалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/,
Арван найман насанд хүрээгүй гэрч У.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай аав, ээж хоёр хэрүүл маргаан хийж гэр бүлийн таарамжгүй харилцаатай болсон байсан. Хэрүүл гарах шалтгаан нь хардалт гэр бүлээс гадуурх харилцаанаас болсон байх гэж бодож байна. 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хөдөө гарч явахдаа “аавыгаа уучлаарай ээжид чинь би гар хүрчихээд ирсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаартай “...1. Амь хохирогч Б.Н-н цогцост хүзүүнд дүүжлэлтийн ором болон баруун зүүн зовхи, хамар, зүүн хацарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүний дүүжлэлтийн гэмтэл нь амьд ахуйд битүү зөөлөн гогцоонд нэг удаа дарагдах үед үүсгэгджээ. Б.Н-н цогцост учирсан хүзүүний дүүжлэлтийн гэмтэл нь нас барахад шууд нөлөөлсөн байна. Харин баруун зүүн зовхи, хамар, зүүн хацрын цус хуралт нь нас барахаас 4-5 хоногийн өмнө мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, үхэлд хүргэхэд нөлөөлөөгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.Н-н цогцост үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч Б.Н- нь дүүжлэлтийн улмаас амьсгал бүтэлтэд орж нас баржээ. Уг шалтгаанаар нас барсан гэдэг дээрх онош болон задлан шинжилгээний тэмдэглэл, задлан шинжилгээний явцад бэхжүүлсэн фото зургийн үзүүлэлтүүдээр батлагдаж байна. Б.Н- нь нас барах үедээ согтолтгүй байжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 70-72 тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 тал/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-19 тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22 тал/,
Шүүгдэгч М.У-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би болсон явдлын талаар өмнө гэрчийн мэдүүлэг дээрээ өгсөн. Одоо нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-, гэрч Б.О-, Б.Н-, Н.Д-, Б.М-, Т.Б-, арван найман насанд хүрээгүй гэрч У.М- нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 62 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-16 тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч М.У- нь 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 4 дүгээр багийн нутаг “Булган хошуу” гэх газарт эхнэр Б.Н-г бусадтай хардсаны улмаас гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун зүүн зовхи, хамар, зүүн хацрын цус хуралт” бүхий гэмтэл учруулан, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Н-н биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч М.У-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч М.У-ын үйлдэл идэвхтэй, хохирогч Б.Н-н бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч М.У-ын хохирогч Б.Н-н эрүүл мэндэд нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.У-ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- нь хохирол нэхэмжлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.У-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 80, 82-85 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.У- нь ... түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч М.У- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх шүүгдэгч М.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас: “...зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг харгалзан шүүгдэгч М.У-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-т оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Эрүүгийн 2338000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-т оногдуулсан торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.У-т оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч М.У-аас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн 2338000000193 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР