Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 102/2020/01632/И |
Дугаар | 001/ХТ2022/00766 |
Огноо | 2022-06-21 |
Маргааны төрөл | Зуучлал, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2022/00766
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1624 дүгээр магадлалтай,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох
24,163,729 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, нарын гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, түүний өмгөөлөгч С.Ялалт, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан Австрали Улсад суралцуулах гэрээний улмаас учирсан хохирол 24,163,729 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.1, 227-р зүйлийн 227.1, 410-р зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 16,794,789 (арван зургаан сая долоон зуун ерэн дөрвөн мянга долоон зуун наян ес) төгрөг гаргуулж ,,,,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 7,368,940 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,769 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 245,719 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1624 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас 6,992,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,171,331 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын “... 245,719 төгрөг” гэснийг “...126,828 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241,924 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1624 дүгээр магадлалын “шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсэг буюу нэхэмжлэлээс хасаж шийдвэрлэсэн хэсгийг” эс зөвшөөрч дараах агуулга, үндэслэлээр гомдол гаргаж байна.
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 16,794,789 төгрөгийг хангасан, харин давж заалдах шатны шүүх 6,992,398 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрээс 9,802,391 төгрөгийг хасаж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан талуудын үндсэн тохиролцоо болсон Австрали Улсад суралцуулах гэрээг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, талуудын тохиролцоог үгүйсгэсэн, хэрэгт цугларсан баримт, болж өнгөрсөн үйл явдалд буруу үнэлэлт дүгнэлт өгч хариуцагч талд илт ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэлээ. Хавтаст хэрэгт авагдаагүй, тодорхой бус асуудлыг магадлалынхаа үндэслэл болгосон байгааг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. 2019.06.17-ны өдрийн Австрали Улсад суралцуулах гэрээ нь агуулгын хувьд дан ганц зуучлалын гэрээ биш юм. Зуучлалын гэрээний нөхцөлөөс гадна олон төрлийн гэрээний харилцаа агуулагдаж байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзсэнгүй. Хариуцагч байгууллагын зүгээс гэрээний 2.1-д заасан зөвлөх үйлчилгээг цогцоор нь хийж гүйцэтгэх үүргийг миний өмнө хүлээсэн. Үүнийхээ хариу болгож “зөвлөх үйлчилгээний төлбөр” гэж 20,000,000 төгрөгийг хүлээн авсан. Зөвлөх үйлчилгээний төлбөр нь бүртгэлийн хураамж, сурах бичгийн төлбөр, эрүүл мэндийн даатгалын төлбөр, визний хураамж, зөвлөх үйлчилгээний хөлс зэргээс бүрдэхээр байх боловч эдгээрийг бүхэлд нь “зөвлөх үйлчилгээний төлбөр” гэж Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу харилцан тохиролцож гэрээндээ тусгасан билээ. Гэрээний 2.4-т “Суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд “зөвлөх үйлчилгээний төлбөр”-ийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэг суутгал, шимтгэлгүйгээр буцаан олгоно. Мөн 5,000,000 төгрөгийн нөхөн олговрыг визний хариу гарснаас хойш хоёр сарын дотор суралцагчид олгоно.” гэж заасан. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу “талууд гэрээг цуцлах нөхцөлд зөвлөх үйлчилгээний төлбөрийг бүхэлд нь ямар нэгэн суутгал, шимтгэлгүй олгохоор харилцан тохиролцсон” гэж үзэх үндэслэл байгааг давж заалдах шатны шүүхээс санаатайгаар хариуцагч талд давуу байдал олгох зорилгоор үл хайхарч, нэхэмжлэгч намайг өөрөө хөөцөлдөж авах боломжтой гэж талуудын тохиролцоонд нийцээгүй дүгнэлтийг хийсэн. Миний хувьд хариуцагч байгууллагатай гэрээг цуцлах болсноос хойш маш удаан хугацааны туршид төлбөр мөнгөө гаргуулан авах боломж нөхцөлийг хайж ирсэн. Гэтэл энэ нь ямар нэгэн бүтэлтэй зүйлд хүргээгүй учир арга буюу шүүхийн байгууллагад хандсан. Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч өөрөө авах боломжтой гэж дүгнэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.
4.2. Хариуцагч байгууллага олон иргэдтэй энэхүү гэрээг байгуулан виз гараагүй бол гэрээний 2.4 дэх заалт хэрэгжихгүй, энэ байгууллага ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй өнгөрч байх боломжийг давж заалдах шатны шүүх олгосон гэж үзэж байна. Гэрээ байгуулж байгаа хүн виз гараагүй нөхцөлд өөрөөсөө гаргасан төлбөрийг буцаан олгох гэрээний нөхцөлийг хожим хэрэгжинэ гэж итгэл үнэмшил төрсний үндсэн дээр төлбөр төлж гэрээ байгуулж байгаа. Би ч мөн яг тэгж бодож хариуцагч байгууллагын стандарт нөхцөл бүхий гэрээг зөвшөөрсөн. Хэрэв үнэхээр энэхүү гэрээний 2.4 дэх заалт хэрэгжихгүй, тухайн хувь хүн өөрөө хөөцөлдөж авах учиртай байдаг бол энэхүү стандарт нөхцөл бүхий гэрээг анхнаас нь зөвшөөрч байгуулахгүй байсан. Хариуцагч байгууллагын гэрээндээ оруулсан 2.4 дэх заалтыг шүүхээс талуудын хүчин төгөлдөр тохиролцоо гэж үнэлдэггүй бол энэ байгууллага иргэдийг луйвардаж, хууран мэхэлж байна гэсэн үг юм. Огт хэрэгжихгүй заалтаар бусдад төлбөрөө буцаан авч болох мэт төөрөгдлийг гэрээ байгуулахаас өмнө нь үүсгэн энэхүү төөрөгдлийг ашиглан гэрээ байгуулж төлбөр мөнгийг нь авч байгаа явдал. Миний өөрийн жишээ бол яг л ийм юм. Хэрэв виз гарахгүй бол төлбөрөө буцаан авах нөхцөл, журмыг нь сонсож харж байж шийдвэрээ гаргасан. Мөнгө авч гэрээ байгуулах үедээ бүх зүйл асуудалгүй, баталгаатай, гэрээндээ заасан гэж тайлбарлаж байсныг би маш сайн санаж байгаа. Харин давж заалдах шатны шүүхийн магадлалаас бүр эсрэгээрээ буюу гэрээний дагуу төлөх төлбөрийг байгууллага үйлчлүүлэгчдээ гэрээгээ үндэслэн тогтоосон хугацаанд төлж барагдуулчхаад ийнхүү төлсөн төлбөрийг цаад тушаасан байгууллагаас гаргуулан авах боломжтой мэт санагдаж байна. Энэ асуудлыг тооцсоны үндсэн дээр гэрээний 2.4-т “Суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд “зөвлөх үйлчилгээний төлбөр”-ийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэг суутгал, шимтгэлгүйгээр буцаан олгоно, мөн 5,000,000 төгрөгийн нөхөн олговрыг визний хариу гарснаас хойш хоёр сарын дотор суралцагчид олгоно.” гэж заасан байдаг болов уу. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс талуудын гэрээний дагуу тохиролцсон тохиролцоог яагаад үнэлж дүгнээгүй талаар, мөн гэрээний тохиролцоог чухам юу гэж үзэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа шууд л нэхэмжлэгчид хамаатай зардлыг өөрөө авах боломжтой гэж шийдвэрлэсэн нь асуудлаа шийдвэрлүүлж буй иргэний хувьд давж заалдах шатны шүүхийн магадлал нь тодорхойгүй, эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгээд байгаа. Давж заалдах шатны шүүх нь тухайн асуудалд хэтэрхий хөнгөн хийсвэр хандсан. Талуудын гэрээний тохиролцоо хууль зөрчсөн юм уу, хүчин төгөлдөр бус юм уу, ямар учраас тухайн маргаанд хэрэглэгдэх боломжгүй болсныг өөрийгөө мэдэх эрхтэй гэж бодож байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1624 дүгээр магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
5.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй тухайд: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн төлсөн 20,000,000 төгрөгөөс 2019.12.04-ний өдөр сургалтын төлбөр болох 4,600 доллар буюу тухайн өдрийн ханшаар 8,795,000 төгрөгийг Аstley English College сургуульд шилжүүлсэн, 2019.12.10-ны өдөр эрүүл мэндийн даатгалын төлбөр 529 доллар буюу тухайн өдрийн ханшаар 1,007,192 төгрөгийг Австралийн эрүүл мэндийн даатгалын компанид төлсөн, 2019.12.10-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн визийг мэдүүлж, визний төлбөр 628.18 доллар буюу тухайн өдрийн ханшаар 1,205,211.09 төгрөгийг Австрали Улсын элчин сайдын яаманд тушаасан нь дансны хуулгын баримтаар тогтоогджээ.” гээд “...Дээрх зардлууд нь хариуцагч байгууллагаар дамжуулан бусдад шилжүүлсэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,тэй холбоотой зардал бөгөөд холбогдох байгууллагаас буцаан гаргуулах боломжтой.” гэж дүгнэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гийн хооронд байгуулсан 2019.06.17-ны өдрийн Австрали улсад суралцуулах гэрээ, Австрали Улсын Дотоод хэргийн яамны 2020.01.10-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т оюутны виз олгохоос татгалзсан хариу, ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн виз мэдүүлэхдээ хавсарган өгсөн 2019.03.20-ны өдрийн болон 2019.02.19-ний өдрийн жимс, ногоо худалдах-худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйд гомдолтой. Учир нь Австрали Улсын Дотоод хэргийн яамны 2020.01.10-ны өдрийн ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т оюутны виз олгохоос татгалзсан хариуд түүний виз мэдүүлэхдээ хавсарган өгсөн 2019.03.20-ны болон 2019.02.19-ний өдрийн жимс ногоо худалдах-худалдан авах гэрээнүүдийг дурдаад Австрали Улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлууд багтсан ба энэ нь 2019.06.17-ны өдрийн Австрали Улсад суралцуулах гэрээний 2.5-д “Суралцагч хуурамч материал өгсөн, өөр улсад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална.” гэж заасан үндэслэл тогтоогдсон атал анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь огт үнэлж чадаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд “Виз олгохоос татгалзсан үндэслэлд Австрали Улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлууд багтсан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нөхөн олговор 5,000,000 төгрөг шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.” гэж дүгнэсэн атлаа хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас зөвлөх үйлчилгээний төлбөрөөс нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т тодорхой хэсгийг буцаан олгож шийдвэрлэж байгаа нь хэргийн гол нотлох баримт болох талуудын хооронд байгуулсан 2019.06.17-ны өдрийн Австрали Улсад суралцуулах гэрээний 2.4, 2.5, 4.3, 4.4 дэх заалтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь огт үнэлсэнгүй гэж үзэж байна.
5.2. Хууль хэрэглээний тухайд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэрийн үндэслэх нь хэсэг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1624 дүгээр магадлалын хянавал хэсэгт “...зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан байна.” гэж дүгнэснээс өөр хуулийн заалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох нь хэсэгт “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаас ... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т олгож, ...” шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна. Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасныг баримтлан шийдвэрлэж байгаа бол шүүх нь зохигчийн хооронд байгуулсан 2019.06.17-ны өдрийн Австрали Улсад суралцуулах гэрээний аль заалт, ямар үүргээ хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, зөрчсөн эсвэл биелүүлээгүй гэдгийг эхлээд дүгнэчихэд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтуудыг хэрэглэн шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь гэрээний үүргээ зөрчөөгүй, харин ч нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь 2019.06.17-ны өдрийн Австрали Улсад суралцуулах гэрээний 4.1, 4.3-т заасан үүргээ зөрчсөн тул гэрээний 2.5-д заасны дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцлах нь хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Анхан болон давж заалдах шатны шүүх нь нотлох баримтыг буруу үнэлсэн, тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэнд маш их гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч тал “хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн тайлбар гаргасан, хариуцагч тал шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангасангүй.
8. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан Австрали Улсад суралцуулах гэрээний улмаас учирсан хохирол 24,163,729 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас 16,794,789 төгрөг гаргуулж, үлдэх 7,368,940 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,992,398 төгрөгийг гаргуулж, үлдэх 17,171,331 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өөрчилсөн.
9. Нэхэмжлэгчээс “... Би 2019.06.17-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,гаар зуучлуулан Австрали Улс руу хэлний бэлтгэлд суралцахаар гэрээ байгуулсан. Тус сангийн зуучлалын хөлс нь 20,000,000 төгрөг бөгөөд үүнд зуучлалын төлбөр, сургалтын төлбөр гэх мэт холбогдох бүх зардлууд багтсан, уг мөнгийг шилжүүлсэн. Хэрэв виз олгохоос татгалзсан тохиолдолд зуучлалын хөлс 20,000,000 төгрөгийг ямар нэгэн шимтгэл суутгалгүйгээр 30 хоногт, мөн нөхөн олговор болгож 5,000,000 төгрөгийг 60 хоногт багтаан буцааж олгохоор гэрээний 2.4 дэх заалтад заасан. 2020.01.13-ны өдөр элчингээс татгалзсан хариу ирсэн, тус сан нийт 2,000,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр төлбөрийг буцааж өгөөгүй. Тус төв нь банкны түүх үүсгэх зорилгоор намайг өөрийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, уг дансаа барьцаалан зээл авах заавар өгсөн. Үүний дагуу 6 сарын хугацаатай хадгаламжийн данс нээлгэж, дансаа барьцаалан зээл авсан... төвийн хариуцлагагүйгээс болж 2 сар гаруй цаг алдаж төлөвлөсөн хугацаандаа визээ мэдүүлж чадаагүй. Үүний улмаас зээлийн дансыг 2 сараар сунгах шаардлагатай болж, надаас 1,163,729 төгрөгийн зардал гарсан. Мөн гэрээний 2.4-т заасан нөхөн олговор 5,000,000 төгрөгийг виз гараагүй тохиолдолд олгохоор заасан... Миний бие тус төвийн захирал ,,,,,,,,,,,,,,,,,тэй анх уулзахад зуучлалын төлбөр болох 20,000,000 төгрөгийг 2020.02.13-ны өдөр шилжүүлье, харин нөхөн олговор болох 5,000,000 төгрөгийг 4, 5 сар гэхэд төлж дуусгая гэдэг санал тавихад нь зөвшөөрсөн боловч төлөөгүй. Иймд үлдэгдэл зуучлалын төлбөр болох 18,000,000 төгрөг, нөхөн олговор 5,000,000 төгрөг, банкинд төлсөн хүү болох 1,163,729 төгрөг, нийт 24,163,729 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч “...20,000,000 төгрөгөөс 2019.06.18-ны өдөр ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т өөрт нь 3,115,000 төгрөг, 2019.12.17-ны өдөр хүртэл манай сангаас 1,885,000 төгрөгийг олгосон. Мөн Австралийн коллежид 8,795,200 төгрөг, эрүүл мэндийн даатгалын төлбөр 1,007,191 төгрөг, визний төлбөрт 1,205,211 төгрөг, нийтдээ 16,007,206 төгрөгийг өөрт нь болон холбогдох байгууллагуудад төлсөн. Гэтэл ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т 2020.01.10-ны өдөр виз олгохоос татгалзсан. Манай байгууллагаас ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т 2,000,000 төгрөгийн буцаан олголтыг өгсөн. Гэрээний 2.4-т “хэрэв суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг ямар нэгэн суутгал шимтгэлгүйгээр буцаан олгоно, мөн 5,000,000 төгрөгийн буцаан олголтыг визний хариу гарснаас хойш 2 сарын дотор суралцагчид олгоно” гэж заасан. Суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй. Иймд 2.5-д зааснаар бид нар ямар нэгэн зөвлөх үйлчилгээний төлбөр буцаан олгох боломжгүй гэж үзэж байна...” гэж маргажээ.
10. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий гэж үзлээ.
11. Учир нь, талуудын хооронд байгуулсан Австрали Улсад суралцуулах гэрээний 2.4-т “Суралцагч 2.5-д зааснаас бусад шалтгаанаар визээ авч чадаагүй тохиолдолд “зөвлөх үйлчилгээний төлбөр”-ийг визний хариу гарснаас хойш ажлын 30 хоногт багтаан ямар нэг суутгал, шимтгэлгүйгээр буцаан олгоно...” гэж, мөн гэрээний 2.5-д “Суралцагч хуурамч материал өгсөн, өөр улсад харласан, визний зөрчил гаргасан, худлаа мэдээлэл өгснөөс үүдэж визээ авч чадаагүй бол зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцална.” гэж тус тус заасан ба “зөвлөх үйлчилгээний төлбөр” гэдэгт сургуулийн бүртгэлийн хураамж, эхний нэг сарын сурах бичгийн төлбөр, 24 долоо хоногийн сургалтын төлбөр, визний хураамж болох зөвлөх үйлчилгээ үзүүлсний хариуд авах хөлс багтаж байна (гэрээний 1.2.3).
12. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг виз мэдүүлэхдээ хуурамч материал өгсөн, худлаа мэдээлэл өгсөн гэж буруутгахааргүй байна. Тодруулбал, нэхэмжлэгчээс виз мэдүүлэхдээ хавсарган өгсөн жимс, ногоо худалдах-худалдан авах гэрээг хуурамч гэх үндэслэлгүй. Түүнчлэн, гэрээний хавсралт 1-д виз мэдүүлэгч 60 сая төгрөгийг 6 сарын дансанд байршуулах шаардлага тавигдсан байх ба ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь виз мэдүүлэх үед энэ шаардлагыг хангах эх үүсвэр байгаагүй, харин зуучлагч буюу хариуцагч үүнийг бүрдүүлэх зорилгоор бусдын мөнгөөр банкинд хадгаламж нээлгэх, түүнийгээ барьцаалж зээл авах зэрэг нөхцөлийг бүрдүүлсэн нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн гэхээсээ илүүтэй хариуцагчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа (гэрээний 3.2-т заасан зөвлөхийн үүргээ зөрчсөн) байх тул нэхэмжлэгчийг гэрээний 2.5-д заасан шалтгаанаар виз авч чадаагүй гэж буруутгах боломжгүй. Энэ тохиолдолд хариуцагч гэрээний 2.4-т заасны дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан төлөх үүрэгтэй.
13. Иймээс шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-ээс гадна 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн ерөнхий заалтыг баримталсныг хууль хэрэглээний хувьд буруутгахааргүй байх тул энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн гомдол (Тодорхойлох хэсгийн 5.2-т заасан) үндэслэлгүй.
14. Мөн “... Австрали Улсын Дотоод хэргийн яамны оюутны виз олгохоос татгалзсан хариуд ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн виз мэдүүлэхдээ хавсарган өгсөн жимс, ногоо худалдах-худалдан авах гэрээнүүдийг дурдаад Австрали Улсад байх нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ, цагаачлалын түүх, бусад хамааралтай нөхцөл байдлууд багтсан ба энэ нь гэрээний 2.5-д заасан үндэслэл тогтоогдсон атал анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь огт үнэлж чадаагүй...” гэх энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 5.1-д заасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Учир нь, Австрали Улсын Дотоод хэргийн яамны хариу нь виз мэдүүлэгчийн эх орондоо байгаа нөхцөл байдал, Австрали Улсад байх боломжит нөхцөл байдал, хөтөлбөрийн ирээдүйд оруулах үнэ цэнэ гэсэн нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн ба эх орондоо байгаа нөхцөл байдлыг үнэлэхдээ “... таны эрхэлдэг бизнесийн ашиг, олдог орлого хангалттай нотлогдохгүй байна, ийм учраас таныг эх орондоо эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нөхцөлд байна...” гэж дүгнэснээс бус “хуурамч материал өгсөн, визний зөрчилтэй, худлаа мэдээлэл өгсөн” тул татгалзсан гэсэн агуулгагүй байна.
15. Харин давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 2.4-ийг огт үнэлж, дүгнэлгүйгээр “... хариуцагч нь ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн төлсөн 20,000,000 төгрөгөөс сургалтын төлбөр 8,795,200 төгрөгийг Astley English College сургуульд шилжүүлсэн, эрүүл мэндийн даатгалын төлбөр 1,007,191.09 төгрөгийг Австрали Улсын эрүүл мэндийн даатгалын компанид төлсөн, мөн визний төлбөр 1,205,211.09 төгрөгийг Австрали Улсын элчин сайдын яаманд тушаасан. Дээрх зардлууд нь хариуцагч байгууллагаар дамжуулан бусдад шилжүүлсэн нэхэмжлэгчтэй холбоотой зардал бөгөөд холбогдох байгууллагаас буцаан гаргуулах боломжтой...” гэж үзэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ. Нэгэнт хариуцагч нь гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрийг ямар нэгэн суутгал, шимтгэлгүйгээр буцаан төлөх үүрэг хүлээж байх тул хариуцагчаас бусдад шилжүүлсэн төлбөрийг “нэхэмжлэгч өөрөө олж авах боломжтой” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй юм. Иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй.
16. Нэхэмжлэлийн шаардлагаас урамшуулал 5,000,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 1,163,729 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн зөвлөх үйлчилгээний төлбөрт шилжүүлсэн 20,000,000 төгрөгөөс визний төлбөрт төлсөн 1,205,211 төгрөг болон хариуцагчаас буцааж төлсөн 2,000,000 төгрөгийг тус тус хасч, үлдэх 16,794,789 төгрөгт холбогдох шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн болно.
17. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1624 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2020/01697 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 172,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 126,828 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ